Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 898

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Э.Энхбат /томилолтоор/

Шүүгдэгч Н.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргад овогт ...ын ...-д холбогдох 1808016930968  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхэд, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы ... тоотод оршин суух, урьд

  Увс аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Таргад овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Н.... нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Баянголын ...тоотод оршин суух хадам аав Б....ийн хашаа, байшинг харж /хариуцаж/ байхдаа хашаанд байсан төмөр труба, лантуу, лийст төмөр, 12 шил архи зэрэг 1.999.600 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сард манай хүү нас бараад Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум руу буяны ажилд явсан. Явахдаа том охин ...ын нөхөр ...од хашаа харж байгаарай гэж хэлээд гэртээ үлдээгээд явсан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай хөрш ... гэдэг хүн над руу утасдаад танай хашаанаас машинтай хүмүүс төмөр ачаад байна, эд зүйлс чинь алдагдаад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа гэртээ ирээд үзэхэд манай хашаанаас газар хагалдаг флүүк, турба төмөрнүүд, лист төмөр, хашааны шонгийн турба төмөр, авдарт байсан 12 шил архи байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х/,

 

            2. Шүүгдэгч Н....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... эхнэрийн дүү ... нас бараад ажил явдалд нь хадам аав ..., эхнэр ... нар оролцохоор явсан. Тэгээд хадам аав Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд ...тоот гэрээ надаар харуулсан. Тэгээд би хадам аавын хашаанд хураалттай байсан газар тариалангийн плүк 1 ширхэг, шонгийн бүдүүн турба 9 ширхэг, нарийн цагаан турба 1 ширхэг, гүүр тавьдаг бүдүүн турба 1 ширхэг, жижиг лист төмөр 20 ширхэг, Хараа Ерөөл, Сүлд нэртэй 12 ширхэг архи байсныг зараад мөнгөөр нь архи уусан. Төмөр авна гэсэн зарын дагуу залгаад хашаанд байсан турба төмөрийг зарсан. Төмөр зарсан хүнээ танихгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3. Гэрч Ч....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2018 оны 02 дугаар сард миний төрсөн дүү нас бараад би аавтай цуг Баянхонгор аймаг руу явсан. Тэгээд манай нөхөр ... Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын ...тоот аавын хашаа байшинг харж үлдсэн. Ажил явдлаа дуусгаад 2018 оны 03 дугаар сард ирэхэд аавын хашаанд байсан төмөр алга болсон байсан. Аав ...оос асуухад дүү ... нь ирээд аваад явсан гэж байсан. Тэгээд аав ...г шалгуулах гээд цагдаад өргөдөл өгөхөд манай нөхөр согтуудаа хашаанд байсан төмрийг зарсан гэж хэлсэн байсан. Хаана, хэнд зарсныг нь асуухад хэнд зарснаа мэдэхгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 53 х/,

 

   4. Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай дээд айлын ... ахын хүүхэд нас бараад ... ах хөдөө явсан. ... ах явахдаа чи манай гэрийг анзаарч байгаарай гэж байсан юм. Тэгээд нэг орой ... ахын хашаанаас ачааны цэнхэр өнгийн машин дээр төмөр ачсан, би гэртээ ажилтай байсан учраас очиж чадаагүй. Харин маргааш нь ... ахын хүргэн гэх залуу дээр очоод өчигдөр орой танай хашаанаас юун төмөр ачсан бэ гэхэд хүргэн гэх хүн нь би мэдэж байна, миний танидаг хүмүүс ирээд явсан гэхээр нь тайвшраад гэртээ орсон. ... ах Баянхонгор аймгаас 2018 оны 03 дугаар сарын эхээр ирээд уулзсан чинь манай хүргэн хашаанд байсан төмрийг зарсан байна гэж хэлсэн.  ...” гэх мэдүүлэг /хх 59 х/,

 

5.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний аав ... нь үг дуу цөөтэй, даруухан, ажилсаг хүн. ...” гэх мэдүүлэг /хх 55-56 х/,

  1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/
  1. “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн “... эд зүйлийн үнэлгээ нийт 1,999,600 

төгрөгөөр тогтоогдсон тухай” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 62-65 х/

  1. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 72-73 х/
  2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 77 х/
  3.  Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 79-81 х/
  4.  Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа  /хх 69-70 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Н.... нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Баянголын ...тоотод байрлах Б....ийн хашаа, байшинг харж /хариуцаж/ байхдаа уг хашаанд байсан төмөр труба, лантуу, лийст төмөр, 12 шил архи зэрэг 1,999,600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг завшсан болох нь:

- Хохирогч Б....ийн “... манай хөрш ... гэдэг хүн над руу утасдаад танай хашаанаас машинтай хүмүүс төмөр ачаад байна, эд зүйлс чинь алдагдаад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа гэртээ ирээд үзэхэд манай хашаанаас газар хагалдаг флүүк, труба төмөрнүүд, лист төмөр, хашааны шонгийн труба төмөр, авдарт байсан 12 шил архи байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х/,

            - Шүүгдэгч Н....ын “... би хадам аавын хашаанд хураалттай байсан газар тариалангийн плүүк 1 ширхэг, шонгийн бүдүүн турба 9 ширхэг, нарийн цагаан труба 1 ширхэг, гүүр тавьдаг бүдүүн труба 1 ширхэг, жижиг лист төмөр 20 ширхэг, Хараа Ерөөл, Сүлд нэртэй 12 ширхэг архи байсныг зараад мөнгөөр нь архи уусан. Төмөр авна гэсэн зарын дагуу залгаад хашаанд байсан труба төмрүүдийг зарсан ...” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Ч....ын “... ирэхэд аавын хашаанд байсан төмөр алга болсон байсан. ... манай нөхөр согтуудаа хашаанд байсан төмрийг зарсан гэж хэлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 53 х/,

   - Гэрч Х....ын “... нэг орой ... ахын хашаанаас ачааны цэнхэр өнгийн машин дээр төмөр ачсан, би гэртээ ажилтай байсан учраас очиж чадаагүй. Харин маргааш нь ... ахын хүргэн гэх залуу дээр очоод өчигдөр орой танай хашаанаас юун төмөр ачсан бэ гэхэд хүргэн гэх хүн нь би мэдэж байна, миний танидаг хүмүүс ирээд явсан гэхээр нь тайвшраад гэртээ орсон. ...” гэх мэдүүлэг /хх 59 х/

  - “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн “... эд зүйлийн үнэлгээ нийт 1,999,600 

төгрөгөөр тогтоогдсон тухай” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 62-65 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Н....ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн нөхцөл байдал, түүнд оногдуулах ял шийтгэл, бусад нөхцөл байдлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой бөгөөд Н....ын хадам аав Б....ийн хөдөө явахдаа түүнд хариуцуулаад үлдээсэн хөрөнгийг бусдад зарсан, өөрөө хэрэглэсэн үйлдэл, түүний улмаас үүдэн гарах хор уршиг хоёр шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

Завших гэмт хэрэг нь бусдын өмчийн эд хөрөнгийг хууль ёсоор итгэмжлэн хариуцаж байсан этгээд хууль бусаар авч захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Н.... нь хадам аавын түүнд итгэн харж хандаж байхыг захиж үлдээсэн төмөр, труба, лийст төмөр зэрэг хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад зарж борлуулсан, мөн архийг өөртөө хэрэглэсний улмаас 1,999,600 төгрөгийн хохирол учирсан нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль тогтоогчийн тайлбараар 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэсэн бөгөөд шүүгдэгч Н....ын энэ гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол 1,999,600 төгрөгөөр тогтоогдсон нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.

            Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

            Шүүгдэгч Н....ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зарсан, өөртөө хэрэглэсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Н.... нь хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан этгээд болох нь тогтоогдсон.    

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй, гомдол саналгүй  болох нь хохирогчийн бичгээр гаргаж өгсөн баримт /хх 102 х/-аар тогтоогдсон тул Н....ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

           Н....ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд тогтмол орлого байхгүй, хөдөлмөр эрхлэх боломжтой, урьд шүүхээр 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Таргад овогт ...ын ...ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н....-д мэдэгдсүгэй.  

 

4. Н....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ