Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 907

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Н....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...ад холбогдох 1808037431069 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, нэг нүд хараагүйн улмаас группт байдаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын .../.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Н....нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б....ыг шалтгаангүйгээр толгойн тус газар нь чулуугаар цохиж тархи доргилт, дээд уруулын баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, дагзанд шарх, баруун бугалга, баруун, зүүн дал, цээжний зүүн ар хэсэг, зүүн ташаа өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч Б....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн хэрэг болсон өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн орчимд шиг санаж байна. ...ын эхнэрийг эмнэлэгт эргэнэ гээд гэрт нь ороход ...согтуу байсан бөгөөд ороод хоол цай хийчихээд хамт Цамбагаравын эмнэлэгт очиж эргэчихээд, явахдаа нэг шил архи дэлгүүрээс худалдаж авчихаад хөлсний машинд явж байхдаа нөгөө архиа задалсан боловч уухгүй байж байгаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоот ...ын гэрийн нь үүдэнд ирээд машин дотор нөгөө архинаасаа бид 2 нэг хийж уучихаад /жижиг нэг удаагийн аяганд/, би буугаад гэрлүүгээ алхсан чинь араас ...чулуугаар миний толгой руу цохичихсон. Тэгж цохингуут миний толгойноос цус гарсан. ...намайг үлдсэн архийг нь аваад буучихлаа гэж бодсон юм байна лээ. Түүнээс биш бид 2 хоорондоо ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг толгой руу нэг удаа цохисноос болоод би шууд урагшаа газар руу нүүрээрээ унасан. Ингэж унахдаа би уруулаа язалчихсан, бас босоод ирсэн чинь намайг толгой, нуруу руу учир зүггүй л гараараа цохисон. Бас зүүн бөгс, ташаа руу хөлөөрөө өшиглөөд байсан. Өөрөөр хэлбэл шүүх эмнэлгийн 9563 тоот дүгнэлт дээр дурьдагдсан гэмтлүүдийг ...надад учруулсан. Миний хувьд ...ад зодуулсандаа гомдолгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл гээд байх зүйл байхгүй ээ. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6-8 х/,

 

            2. Шүүгдэгч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн хэрэг болсон өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн өглөөгүүр шиг санаж байна. Миний хааяа уулзаад байгаа хүүхэн болох Сосорбурамыг бид нар хөлсний жижиг тэргээр ..., ... бид нар Цамбагаравын орчимд байх хувийн нэг эмнэлэгт очиж эргэчихээд манай гэрийн үүдэнд ирээд 1 шил 0.75 литрийн архи гаргаад ..., ... бид 3 хувааж ууцгаасан. Тэгээд би нилээд согтчихсон. Ямар ч байсан нөгөө машин бол бид нарыг буулгаад явчихсан. Архи дуусах дөхөөд ирэхэд ..., ... 2 гараад явж байсныг санаж байгаа. Би ямар ч байсан нөгөө хоёрыг нийлээд архи аваад гараад явчихлаа гээд уурлаж байснаа санаад байна. Тэгээд л би юу ч санахгүй байна. Ямар ч байсан намайг цагдаа аваад явж байсныг санаад байгаа юм. Миний хувьд ...ыг зодож байснаа санахгүй байгаа юм. Би нилээд согтчихсон байсан болохоор үнэхээр юу ч санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 66-69 х/,

 

            3. Шүүгдэгч Н....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хамт машинд архи уучихаад ... буугаад явсан, би архи аваад явчихлаа гэж бодоод араас нь чулуу аваад шидсэн, бас цохиж, өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4. Шинжээчийн 9653 тоот дүгнэлт

1.Б....ы биед тархи доргилт, дээд уруулын баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, дагзанд шарх, баруун бугалга, баруун, зүүн дал, цээжний зүүн гар хэсэг, зүүн ташаа өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдпоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 16 х/

 

5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21 х/

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56 х/

7.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 54 х/

8.Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 55 х/

9.Хохирогч Б....ы “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай” баримт /хх 60, 93 х/

10. Тэтгэвэр олголтын дэвтэрийн хуулбар, Н....ын ХААН банкин дахь дансны хуулга /хх 57-59 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Н....нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б....ыг “ууж байсан архи аваад явлаа” гэсэн шалтгаанаар газраас чулуу авч араас нь шидэх, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож толгойн тус газарт нь тархи доргилт, дээд уруулын баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, дагзанд шарх, баруун бугалга, баруун, зүүн дал, цээжний зүүн ар хэсэг, зүүн ташаа өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б....ы “... ...намайг үлдсэн архийг нь аваад буучихлаа гэж бодсон юм байна лээ. ... Намайг толгой руу нэг удаа цохисноос болоод би шууд урагшаа газар руу нүүрээрээ унасан. Ингэж унахдаа би уруулаа язалчихсан, бас босоод ирсэн чинь намайг толгой, нурууруу учир зүггүй л гараараа цохисон. Бас зүүн бөгс, ташааруу хөлөөрөө өшиглөөд байсан. Өөрөөр хэлбэл шүүх эмнэлгийн 9563 тоот дүгнэлт дээр дурьдагдсан гэмтлүүдийг ...надад учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 6-8 х/,

           - Шүүгдэгч Н....ын “... Бид хамт машинд архи уучихаад ... буугаад явсан, би архи аваад явчихлаа гэж бодоод ардаас нь чулуу аваад шидсэн, бас цохиж, өшиглөсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шинжээчийн 9653 тоот дүгнэлт    

1.Б....ы биед тархи доргилт, дээд уруулын баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, дагзанд шарх, баруун бугалга, баруун, зүүн дал, цээжний зүүн гар хэсэг, зүүн ташаа өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдпоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 16 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

           Н....ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч Н....нь хохирогч Б....ыг чулуугаар болон гар, хөлөөрөө цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 16 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Н....өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Б.... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 6-8 х/, бичгээр гаргасан баримт /хх 93 х/ зэргээр тогтоогдсон тул Н....ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Н....ад холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нэг нүд хараагүйн улмаас 60 хувийн группт байдаг, хөдөлмөрийн чадвар бүрэн алдагдаагүй, хөдөлмөр эрхлэх боломжтой зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.   

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н....ад мэдэгдсүгэй.  

 

          4.Н....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

         5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ