Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 903

 

       Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч М.Сансарсайхан,

Шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт ...ын ...т холбогдох 1808031960953 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, “Хар бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Боржгин овогт ...ын ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

          Шүүгдэгч  С.... нь 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын гадна зогсоолд байрлуулсан иргэн Б....ийн эзэмшлийн 19-14 УНХ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийг үзүүртэй зүйлээр зурж гэмтээн бусдад 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын гадна зогсоолд өөрийн 19-14 УНХ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн машинаа байрлуулж орхиод өглөө 09:40 минутын орчим гараад машин дээрээ очтол урд буфер, машины баруун, зүүн талыг нь зурчихсан байсан, өчигдөр гарч байсан 2 харуулыг сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг /хх 15-17 х/,

 

         2. Шүүгдэгч С....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед 19-14 УНХ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн машины жолоочийн талын хойд, ард, урд буфер, жолоочийн эсрэг талын хойд хэсгийг жижиг чулуугаар зурсан, ... эзэн нь машинаа зөв байрлуулахгүй миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй намайг үл хүндэтгэж, надтай хэрэлдэж, хэл амаар доромжилсноос болоод би тэгсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 80-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3. Гэрч Э....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.... нь миний эгч ...гийн төрсөн хүү бөгөөд нагац эгч нь би юм. Манайхаас өөр хамаатны айл Улаанбаатар хотод байхгүй, бусад хамаатнууд нь Архангай аймагт байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 75 х/,

 

                        4. “Кости-Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 18 х/

                      5. Гэрэл зургийн үзүүлэлт /хх 19 х/

                      6. Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 21 х/

          7. Хувийн байдлын талаарх баримтууд /хх 24-36 х/

         8. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54 х/

          9. Ял шийтгэлийн тэмдэглэл /хх 57 х/

          10. Хохирол төлсөн баримт  /хх 90 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

          Шүүхийн дүгнэлтийн хэсэг:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Хохирогч Б....ийн “... Залуус хорооллын гадна зогсоолд өөрийн 19-14 УНХ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн машинаа байрлуулж орхичоод өглөө 09:40 минутын орчим гараад машин дээрээ очтол урд буфер, машины баруун, зүүн талыг нь зурчихсан байсан, өчигдөр гарч байсан 2 харуулыг сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг /хх 15-17 х/,

         Шүүгдэгч С....ын “... машины жолоочийн талын хойд, ард, урд буфер, жолоочийн эсрэг талын хойд хэсгийг жижиг чулуугаар зурсан, ... машины эзэн миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй намайг үл хүндэтгэж, надтай хэрэлдэж, хэл амаар доромжилсноос болоод би тэгсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 80-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр шүүгдэгч С.... нь Б....ийн эд хөрөнгө болох зогсоолд байсан автомашиныг ирмэгтэй зүйлээр зурж гэмтээсэн болох нь тогтоогдсон хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардсан, уг хохирлын хэмжээ бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж Эрүүгийн хуульд тус тус хуульчилсан.

 

          “Кости-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18 х/-аар “урд буфер, хойд буфер, зүүн урд крыло, баруун урд крыло, баруун хойд крыло, баруун урд хаалгануудад бага хэмжээний эвдрэл /гүн зурагдсан/ үүсч эдгээрийг засварлах шууд зардал нь 170,000 төгрөгөөр тогтоогдсон.

          Харин шууд бус зардал болох: 2 буфер, 3 крыло, хаалга будах зардал 400,000 т, 600 гр будаг, туслах материал, лак 120,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ..., эд хөрөнгө, ... -д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж  зохицуулснаас үзэхэд “Бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх” гэмт хэргийн хохиролд хүний эд хөрөнгөнд буюу автомашинд шууд учирсан үр дагавар болох уг автомашины “урд буфер, хойд буфер, зүүн урд крыло, баруун урд крыло, баруун хойд крыло, баруун урд хаалгануудад учирсан бага хэмжээний эвдрэлүүд орох бөгөөд үнэлгээ нь нийт 170,000 төгрөгөөр тогтоогдсон.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэснээс үзэхэд хаалга будах будаг болон бусад туслах материал, хаалга будах зардлын 520,000 төгрөг нь дээрх гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

 

          Прокуророос хэргийг зүйлчлэхдээ бусдын эд хөрөнгөнд учирсан хор уршгийн дүнгээр нь буюу 520,000 төгрөгөөр уг гэмт хэргийн хохирлыг тогтоож ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаардсан бөгөөд С....ын бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол 170,000 төгрөгөөр тогтоогдсон учраас уг гэмт хэргийн объектив талын заавал байх шинж болох хохирол Эрүүгийн хуулиар тогтоогдсон хэмжээнд хүрэхгүй учраас түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С....т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

           Шууд хохирлоор гарах зардалгүй учир нь эд хөрөнгийн үнэлгээгээр солих эд ангиуд тогтоогдоогүй шууд бус хохирлын үнэлгээнд будаг болон засварлах зардлууд ороод 520,000 төгрөгөөр тогтоогдсоныг С.... төлсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 90 х/-аар тогтоогдсон тул иргэний журмаар хэлэлцэх хохиролгүй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, С....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С....т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. С....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 520,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. С....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

    

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ