Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 893

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Ш....,

Шүүгдэгч Ч.... тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт ...ын ..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүн овогт ...гийн ... нарт холбогдох 1808028310903 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан 2 дугаар баг, ...газар оршин суух бүртгэлтэй, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, урьд

        1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

        2. Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

        3. Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

        4. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж биечлэн эдэлж байсан, Тайж овогтой ...ын ... /....

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гүн овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

 

1. Ш.... нь Э....тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян- ...тоотод оршин суух иргэн Ц....ийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох цахилгаан зуух, битүү чанагч, будаа агшаагч сав, хонины мах, цахилгааны утас, бугуйн цаг, бугуйвч, ноосон цамц, футболк зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 327,000 төгрөгийн хохирол учруулсан,

         2. Ш...., Ч.... нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ...тоотод оршин суух Л....ийн монгол гэрийн ханын ширийг хугалан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох будаа агшаагч, цахилгааны уртасгагч залгуур, хонины мах, эрэгтэй, эмэгтэй пүүзэн гутал, сувинер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 322.000 төгрөгийн хохирол учруулан, дээрх хулгайлах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлээр бусад нийт 649.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  1. Хохирогч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би тухайн өдөр 08 цаг өнгөрч байхад гэрийнхээ хаалгыг цоожлоод аав ээжийнхээ хамт эмээгээ төмөр замын эмнэлгээс гаргаж авахаар явсан. ...Тэгээд би эмээгээ эмнэлгээс гаргаж аваад Баянхошууны шүдний хувийн эмнэлэг орж шүдээ янзлуулчихаад манай арын хашаанд байдаг аавынхаа гэрт орж байж байгаад гэртээ орж иртэл манай хашааны гадаа цагдаа нар ирчихсэн байсан, манай монгол гэрийн төмөр даруулга төмрийг хөшиж мултлаад эвдсэн гэрийн хаалга онгорхой дэлгэсэн байсан. ... би алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 16-17 х/,

 

          2. Хохирогч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ... ах над руу залгаж танай гэрт хулгайч орчихсон байхад ах нь бариад авлаа гэж хэлсэн. ... Хашаан дотроо яваад ортол хашааны явган хүн ордог хаалганы хажууд хашаа налаад 35-40 орчим насны туранхай, улаан хантааз өмссөн ногоон өнгийн шуудайтай зүйл барьчихсан согтуу эрэгтэй хүн сууж байсан юм. ... Манай гэр дотор хаяаны хажууд ухаалаг будаа агшаагч, ууттай мах, зааны сувенир зэргийг бөөгнүүлээд тавьчихсан байсан, цагдаа улаан хантаазтай ногоон шуудай барьсан залууг наад шуудайн дотор чинь юу байгаа юм гэж асуугаад шуудайн дотор байсан зүйлийг нь гаргуулж үзтэл манай нөхөр бид хоёрын пүүз, цахилгааны уртасгагч залгуур дотор нь байхаар нь цагдаад би манай гэрт байсан нөхөр бид хоёрын гутал, уртасгагч залгуур байна гэж хэлтэл цагдаа гэр дотор байсан будаа агшаагч, мах зааны сувениртэй нийлүүлж аваад надад хүлээлгэж өгчихөөд уг хоёр хүнийг машиндаа суулгаад аваад явсан юм. ... Тухайн алдагдсан эд зүйлс маань бүгд гэр дотор байсан эд зүйлс юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 87-88 х/,

 

           3. Шүүгдэгч Ш....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ханын материалын эцэс дээр явж байгаад танил ... гэгчтэй тааралдаж уулзаад нэг шил архи хувааж уучихаад "Дүүхээ" төврүү доош гудамж уруудаад хамт явж байгаад эзэнгүй айл байхаар нь ...ийг чи наанаа байж бай би энэ айлын хашаан дотор ороод төмөрт тушаачихаар хог байна уу үзчихээд ирье, энэ айл байшин нураасан юм шиг байна гэж хэлээд уг айлын хашааруу орж хашаан дотор нь төмөрт тушаачихаар хог байгаа эсэхийг хайж үзэхэд байхгүй болохоор хашаан дотор цоожтой байсан модон амбаартай монгол гэрийн цэнхэр өнгөтэй үүдний амбаарын хаалгыг нь хөлөерөө жийж байгаад доороос нь татаж байгаад шургаж ортол монгол гэрийн хаалга нь цоожтой байхаар нь амбаар дотор монгол гэрийн хаалганы зүүн ханын ширийг доороос нь татаж хугалж байгаад хаяагаар нь шургаж гэрлүү дотогш орж будаа агшаагч, уртасгагч залгуур, хөргөгчин дотор нь байсан ууттай мах, эрэгтэй, эмэгтэй хоёр ширхэг хар, улаан өнгийн хос пүүз, зэргийг авч гарах гээд бэлдэж тавиад будаа агшаагчаа хаяаагаар нь түлхэж гаргаад өөрөө араас нь гарах гээд байж байтал хашаан дотор эрэгтэй хүн дугарах чимээ гарч гэрийн эзэн орж ирж байгаа юм шиг байхаар нь би уг айлын угаалтуурын ард орж доошоо сууж нуугдсан юм. Тэгтэл гэрийн эзэн цагдаатай хамт орж ирээд намайг угаалтуурын ард байхыг хараад гараад ир гэж дуудаад цагдаа намайг дагуулаад уг айлаас аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 120-121, 2 хх 26-27 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4. Шүүгдэгч Ч....ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 06 сард Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 29-32 тоот айлд орж эд зүйл авсан, ... 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцэс дээр шил лааз түүж яваад ...тэй тааралдаж нэг шил архи хувааж уучихаад Дүүхээ төвийн хажуугаар бид хоёр хамт явж байсан чинь ... надад ... ахаа энд эзэнгүй айл байна хоёулаа хамт оръё гэхээр нь би яах юм бэ гэж хэлсэн чинь ... эзэнгүй айлын хашааруу яваад орчихсон юм. Би тэгэхээр нь хашаанд нь яваад ортол ... тухайн айлын монгол гэрийн амбаарын хаалгыг нь доороос нь татаад эвдээд орчихсон намайг гэр дотроос ороод ир гээд дуудаад байхаар нь би уг айлын амбаарын хаалганых нь доогуур шургаж гэрт нь ороод барьж явсан шуудайн дотроо ямар ч байсан эд зүйлс хийсэн ямар эд зүйлс хийж авснаа санахгүй байна. ...тухайн үед би нилээн согтолттой байсан болохоор цаашид юу болсон талаар санахгүй байна, нэг мэдсэн чинь цагдаад баригдсан байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 20-21 х/,

 

5. Гэрч Г....ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олон нийтийн цагдаа О....тай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаянуулын ...тоот хашаанаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ногоон өнгийн шуудай үүрчихсэн, цагаан өнгийн самсунг нэртэй цахилгаан зуух барьсан гарч ирэхээр нь очиж шалгахад уг хоёр этгээд нь уг тоотын монгол гэрийн хаалгыг эвдэж хулгай хийж эд зүйл хулгайлсан болохыг олж тогтоож Ачит-10 буюу хэлтэс дээр хүлээлгэж өгсөн юм. ... Би Э...., Ш.... нарыг Зүүнбаянуулын ...тоотоос шуудай үүрчихсэн, цахилгаан зуух барьчихсан гарч ирэхэд нь хашааны гадаа гудамжинд байхад нь барьсан. ... цагаан өнгийн самсунг загварын хоол халаагч цахилгаан зуух, саарал өнгийн битүү чанагч, хар өнгийн цахилгааны утас, эрэгтэй, эмэгтэй хүний хувцас зэрэг эд зүйлс авч явж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 20-21 х/

6. Гэрч Л....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн байрны хонгилд байрлах гурилын үйлдвэр дээрээ ажлаа хийгээд байж байтал өдөр цайны цаг болоод манайхан цайндаа гарч яваад би ганцаараа үлдсэн. Тэгээд би манай ажлын хүмүүс ирж байгааг камераар хартал манай ажлын газрын ... гэх эмэгтэйн монгол гэрийн амбаарын хаалгыг доороос нь хөшиж татаад онгойлгосон байсан. Би тэгэхээр нь гайхаад камер луу хараад байтал ...ийн монгол гэрийн амбаарын дотор талаас доогуур нь улаан хантааз өмссөн саравчтай малгайтай эрэгтэй хүн шургаж гарч ирж байгаа харагдахаар нь би ажлаасаа гарч ...ийн хашаа руу гүйж очсон чинь миний өөдөөс нөгөө улаан хантааз өмссөн шуудай барьсан туранхай, нэг нүд нь жижиг 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирж өөдөөс тулахаар нь бариад авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 90-91 х/,

7. Гэрч Э....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Ачит-10-aac 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоотод орсон хулгайчийг барьчихсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад гэрийн эзэн болох ... гэх эмэгтэй гэрийн эзэнтэй хамт ажилладаг ах нь гэх 35-40 орчим насны эрэгтэй хүн мөн улаан хантааз өмссөн, ногоон шуудайтай зүйл барьсан 40 орчим насны туранхай эрэгтэй хүн гурав зогсож байсан. ... ногоон өнгийн шуудайтай эд зүйлийг хараад наад дотор чинь юу байгаа юм гэж асуутал шуудайны амыг нээж үзүүлэхээр нь хартал дотор нь эрэгтэй, эмэгтэй хүний хос пүүз гутал, цахилгааны уртасгагч залгуур харагдаж байсан. ... Гэрийн эзэн эмэгтэй надад гэр дотор хүн байх шиг байна гэж хэлэхээр нь гэрийн эзэнтэй гэр лүү дотогш хамт яваад ортол нүүр гарын угаалтуурын ард хар өмдтэй, дээгүүрээ яагаан цамцтай, халамцуу 35-40 насны эрэгтэй хүн нуугдаад сууж байхаар нь би дуудаж уулзаад биеийн байцаалтыг нь шалгахад ...а овогтой ... гэж байсан. Намайг гэр рүү дотогш ороход гэрийн хаяагааар авч гарах гэж байсан бололтой бор өнгийн ухаалаг будаа агшаагч, 2-3 кг ууттай мах, зааны сувенир зэргийг бөөгнүүлээд тавьчихсан байхаар нь би гэрийн гадаа хашаан дотор зогсож байсан ... гэх залууг дуудаж барьж явсан шуудайн доторх эд зүйлсийг нь гаргуулахад эрэгтэй, эмэгтэй хүний улаан, хар өнгийн хоёр ширхэг хос пүүзэн гутал, цахилгааны уртасгагч залгуур хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 93-94 х/,

8. Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ачит-115 дугаар чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э....ы хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Ачит-10-aac 13 цагийн үед Сонгинхайрхан дүүргийн 6 дугаар Тоосгоны ...тоотод хулгайч орсон байна хулгайчыг барьчихсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгаж хашаан дотор нь орж дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй манай офицер ... уулзаж гэрийн эзэнтэй монгол гэр лүү нь орсон юм. Би улаан хантаазтай өөрийгөө ... гэх залууг хашааны явган хүн ордог хаалганы хажууд хараад байж байсан юм. Удалгүй уг айлаас манай офицер ... хулгай хийсэн гэх хар хувцастай нэг нүд нь бага зэрэг хавдаж хөхөрсөн залууг авч гарч ирээд бид хоёр ..., Бөтмөнх нарыг Ачит-10-т хүлээлгэн өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 95-96 х/,

9. Гэрч Ш....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ...а овогтой ... нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1981 онд айлын 11 хүүхдээс доороосоо 10 дахь хүүхэд нь болж төрсөн юм. Бага байхдаа ... цэцэрлэг, сургуульд сураагүй аав, ээж ах, эгч дүү нарын хамт амьдарч байсан юм. Манай ээж маань 1997 онд нас бараад бид нар Завхан аймгаас Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо буюу Баянхошуунд ирсэн юм. Тэр үед ... 16 настай байсан гэртээ ажилгүй байж байгаад миний мэдэхээр 2003 оноос архи уудаг нь мэдэгддэг болсон тэрнээс хойш одоог хүртэл тасралтгүй архи ууж байгаа. ... нь огт эхнэр хүүхэдгүй юм. Манай аав маань 2012 онд нас барснаас хойш ... ах дүү нарынхаа гэрээр байж байгаад гадуур тэнэмэл болсон юм. ... хувиараа хүнтэй хамт машин засварын ажил хийж байгаад 2-3 хоног ажилчихаад хаяаад яваад өгдөг тогтсон ажил хийж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 27-28 х/,

10. Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ...тэй одоогоос 8 жилийн өмнө Хархорин захын урд руу байдаг ноосны үйлдвэрт хамт ажиллаж байгаад танилцаж найзалсан юм. ... ааш зангийн хувьд даруухан дөлгөөхөн хүнтэй нийтэч залуу, тухайн үед ... архины зүйл хэрэглэдэггүй байсан юм. Харин ... саяханаас 1 жилийн өмнөөс аав нь нас бараад архи их ууж гадуур тэнэдэг болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 101-102 х/,

11. Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Ш....тэй 2008 оны 04 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Шүүхийн шийдвэрийн харъяа хорих 433-р ангид ял эдэлж байгаад танилцаж байсан. Бид хоёр тэрнээс хойш найзалж байгаа. Ш.... нь ааш зангийн хувьд хүнтэй нийтэч, дажгүй маргалдаж муудаад байдаггүй сайн залуу байгаа юм. Тэмцээн уралдаан болохоор идвхитэй оролцдог шагай сайн харавдаг залуу. Ш....ийн аав, ээж нь байдаггүй нас барчихсан ах, дүү олонтой боловч ах дүү нар нь тоодгүй юм. Ш.... шоронгоос гарч ирээд ах дүү нар нь тоохгүй болохоор очих газар байхгүй тэнэмэл амьдралаар амьдрах болсон юм. Ш....ийн ах дүү нарын ихэнх нь Завхан аймагт байдаг гэж сонссон, би ах дүү нарын харж байгаагүй ...ийн нэг ах нь ТҮК-д хогны машин барьдаг гэж сонсож байсан. ...ийн нэг муу зан гэвэл архи их уудаг, архи уучихаараа гэмт хэрэгт холбогдчихдог архи уухгүй бол ажилд сайн хүнд тусархуу нийтэч зантай залуу байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 103 х/,

12. Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн хүү болох ... нь 1979 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд айлын 7 хүүхдээс дээрээсээ 3 дахь хүү болж төрсөн. Миний хүү ... бага байхаасаа мал, маллаж өссөн юм. 1986 онд сумынхаа бага сургуульд 1 дүгээр ангид орж суралцаж байгаад 1988 онд хатгаа аваад бие нь өвдөөд бид нар зөөж чадахгүй сургуулиас нь гаргасан юм. Тэгээд манайх гэр бүлээрээ 2004 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн, манай хүү ... хар ажилд маш сайн. ...” гэх мэдүүлэг /1 хх 104-105 х/,

13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-6, 76-77 х/

14. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 7-9,  68-69, 78-80 х/

15. “Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /1 хх 31-32, 110-111, 113-114 х/

16. Ш....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 138 х/

17. Ш....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 141 х/

18. Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 144-164 х/

19. Ч....ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 185, 187 х/

20. Ч....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 186 х/

21. Ч....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 188 х/

22. Ч....ийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх 191 х/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

            Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

                       1. Ш.... нь Э....тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян- ...тоотод оршин суух иргэн Ц....ийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох цахилгаан зуух, битүү чанагч, будаа агшаагч сав, хонины мах, цахилгааны утас, бугуйн цаг, бугуйвч, ноосон цамц, футболк зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 327,000 төгрөгийн хохирол,

        2. Ш...., Ч.... нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ...тоотод оршин суух Л....ийн монгол гэрийн ханын ширийг хугалан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох будаа агшаагч, цахилгааны уртасгагч залгуур, хонины мах, эрэгтэй, эмэгтэй пүүзэн гутал, сувинер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 322,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь , дээрх хулгайлах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлээр бусад нийт 649.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

                      - Хохирогч Ц....ийн “... гэртээ орж иртэл манай хашааны гадаа цагдаа нар ирчихсэн, манай монгол гэрийн төмөр даруулга төмрийг хөшиж мултлаад эвдсэн гэрийн хаалга онгорхой дэлгэсэн байсан. ... би алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 16-17 х/,

          - Хохирогч Л....ийн “... Манай гэр дотор хаяаны хажууд ухаалаг будаа агшаагч, ууттай мах, зааны сувенир зэргийг бөөгнүүлээд тавьчихсан байсан, цагдаа улаан хантаазтай ногоон шуудай барьсан залууг наад шуудайн дотор чинь юу байгаа юм гэж асуугаад шуудайн дотор байсан зүйлийг нь гаргуулж үзтэл манай нөхөр бид хоёрын пүүз, цахилгааны уртасгагч залгуур дотор нь байхаар нь цагдаад би манай гэрт байсан нөхөр бид хоёрын гутал, уртасгагч залгуур байна гэж хэлтэл цагдаа гэр дотор байсан будаа агшаагч, мах зааны сувениртэй нийлүүлж аваад надад хүлээлгэж өгчихөөд уг хоёр хүнийг машиндаа суулгаад аваад явсан юм. ...Тухайн алдагдсан эд зүйлс маань бүгд гэр дотор байсан эд зүйлс юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 87-88 х/,

          - Шүүгдэгч Ш....ийн “... 06 сард Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 32 тоот айлд орж эд зүйл авсан, ... 08 сарын 04-ний өдөр монгол гэрийн цэнхэр өнгөтэй үүдний амбаарын хаалгыг нь хөлөөрөө жийж байгаад доороос нь татаж байгаад шургаж ортол монгол гэрийн хаалга цоожтой байхаар нь амбаар дотор монгол гэрийн хаалганы зүүн ханын ширийг доороос нь татаж хугалж байгаад хаяаагаар нь шургаж гэрлүү дотогш орж будаа агшаагч, уртасгагч залгуур, хөргөгчин дотор нь байсан ууттай мах, эрэгтэй, эмэгтэй хоёр ширхэг хар, улаан өнгийн хос пүүз, зэргийг авч гарах гээд бэлдэж тавиад будаа агшаагчаа хаяаагаар нь түлхэж гаргаад өөрөө араас нь гарах гээд байж байтал хашаан дотор эрэгтэй хүн дуугарах чимээ гарч гэрийн эзэн орж ирж байгаа юм шиг байхаар нь би уг айлын угаалтуурын ард орж доошоо сууж нуугдсан юм. Тэгтэл гэрийн эзэн цагдаатай хамт орж ирээд намайг угаалтуурын ард байхыг хараад ир гэж дуудаад цагдаа намайг дагуулаад уг айлаас аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 120-121, 2 хх 26-27 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч Ч....ийн “... Би тэгэхээр нь хашаанд нь яваад ортол ... тухайн айлын монгол гэрийн амбаарын хаалгыг доороос нь татаад эвдээд орчихсон намайг гэр дотроос ороод ир гээд дуудаад байхаар нь би уг айлын амбаарын хаалганы доогуур шургаж гэрт ороод барьж явсан шуудайн дотроо ямар ч байсан эд зүйлс хийсэн ямар эд зүйлс хийж авснаа санахгүй байна. ...тухайн үед би нилээн согтолттой байсан болохоор цаашид юу болсон талаар санахгүй байна, нэг мэдсэн чинь цагдаад баригдсан байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 20-21 х/,

- Гэрч Г....ийн “... би 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олон нийтийн цагдаа О....тай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаянуулын ...тоот хашаанаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ногоон өнгийн шуудай үүрчихсэн, цагаан өнгийн самсунг нэртэй цахилгаан зуух барьсан ... саарал өнгийн битүү чанагч, хар өнгийн цахилгааны утас, эрэгтэй, эмэгтэй хүний хувцас зэрэг эд зүйлс авч явж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 20-21 х/,

- Гэрч Л....ын “... монгол гэрийн амбаарын хаалгыг доороос нь хөшиж татаад онгойлгосон байсан. Би тэгэхээр нь гайхаад камер луу хараад байтал ...ийн монгол гэрийн амбаарын дотор талаас доогуур нь улаан хантааз өмссөн саравчтай малгайтай эрэгтэй хүн шургаж гарч ирж байгаа харагдахаар би ажлаасаа гарч ...ийн хашаа руу гүйж очсон чинь миний өөдөөс нөгөө улаан хантааз өмссөн шуудай барьсан туранхай, нэг нүд нь жижиг 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирж өөдөөс тулахаар нь бариад авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 90-91 х/,

- Гэрч Э....ы “... Намайг гэр рүү дотогш ороход гэрийн хаяаагаар авч гарах гэж байсан бололтой бор өнгийн ухаалаг будаа агшаагч, 2-3 кг ууттай мах, зааны сувенир зэргийг бөөгнүүлээд тавьчихсан байхаар нь би гэрийн гадаа хашаан дотор зогсож байсан ... гэх залууг дуудаж барьж явсан шуудан доторх эд зүйлсийг нь гаргуулахад эрэгтэй, эмэгтэй хүний улаан, хар өнгийн хоёр ширхэг хос пүүзэн гутал, цахилгааны уртасгагч залгуур хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 93-94 х/,

- Гэрч М....ын “...манай офицер ... уулзаж гэрийн эзэнтэй монгол гэрлүү нь орсон юм. Би улаан хантаазтай өөрийгөө ... гэх залууг хашааны явган хүн ордог хаалганы хажууд хараад байж байсан юм. Удалгүй уг айлаас манай офицер ... хулгай хийсэн гэх хар хувцастай нэг нүд нь бага зэрэг хавдаж хөхөрсөн залууг авч гарч ирээд бид хоёр ..., Бөтмөнх нарыг Ачит-10-т хүлээлгэн өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 95-96 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Ш...., Ч.... нарын Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэл болон бусад нөхцөл байдлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн Ц...., Л.... нарын эзэмшлийн монгол гэрээс Ш...., Ч.... нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл түүний улмаас учирсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ш...., Ч.... нар Ц...., Л.... нарын монгол гэрээс эд хөрөнгийг нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авснаар уг гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч нарын нэвтэрсэн обьектууд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, хулгайн эд зүйлийг аваад гарч яваад баригдсан зэрэг нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул уг гэмт хэргийг төгс үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тэдгээрийн үйлдэлд тохирсон.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

                        Шүүгдэгч Ш...., Ч.... нар хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр лүү нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш...., Ч.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

         Шүүгдэгч нар хулгайлсан эд зүйлсээ тоо ёсоор нь буцаан өгсөн, харин хохирогч Л....ийн монгол гэрээс хулгай хийхдээ хаалга, унийг эвдэлсний буюу шууд бус хохиролд 108,000 төгрөг нэхэмжилснээс 55,000 төгрөгийг Ч.... төлсөн болох нь хохирол төлсөн баримт /2 хх 45 х/-аар нотлогдон тогтоогдсон, харин шүүгдэгч Ш.... дээрх төлбөрөөс төлөөгүй тул үлдэгдэл 53,000 төгрөгийг түүнээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч нар хулгайлсэн эд зүйлсээ авч яваад баригдаж буцаан өгснийг өөрийн сайн дураар хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй тул энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг  Эрүүгйин хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ш.... нь хувийн байдлын хувьд урьд 4 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, шүүгдэгч нар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн давтамж, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ш....өд 03 жилийн хугацаагаар хорих ял, Ч....өд 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их биш зэргийг харглзан уг хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно.

 

            Өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ч....өд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оноож өгнө үү? гэсэн асуудлын талаар.

Шүүгдэгч Ч.... нь хувийн байдлын хувьд ам бүл ганцаар амьдардаг, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хулгайн эд зүйлээ үйлдэл дээрээ баригдсаны улмаас буцаан өгсөн тул өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-т заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй гэж шүүх үзсэн тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

          Шүүгдэгч Ч.... 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүртэл нийт 73 хоног,  Ч.... 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хүртэл нийт 6 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, Ш...., Ч.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Тайж овогт ...ын ..., Гүн овогт ...гийн ... нарыг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш....ийг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч....ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.       

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ш...., Ч.... нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ш....ийн урьдчилан цагдан хоригдсон 73 хоногийг, Ч....ийн урьдчилан цагдан хоригдсон 06 хоногуудийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

  5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш....өөс 53,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоотод оршин суух ЙО91091401 регистрийн дугаартай Л....т олгосугай.

 

  6. Ш...., Ч.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш...., Ч.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ