Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

            Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,         

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,        

       Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З ургийн овогтой Б.М-д холбогдох эрүүгийн 1835002530162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дэглий цагаан” нисэх буудлын жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 12-20 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:...............-, З ургийн овогтой Б.М.

       Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн нутагт 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70-26 УВХ улсын дугаартай УАЗ 22-06 загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.а, 9.2 дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч /бага насны/ Б.Пгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  1. Шүүгдэгч Б.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн нутагт 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70-26 УВХ улсын дугаартай УАЗ 22-06 загварын автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч /бага насны/ Б.П-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

                   Хохирогчийн хууль ёсныт төлөөлөгч О.Б-гийн өгсөн: “Би Улаанбаатар хотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай том хүү Бямбасүрэн /10 настай, эрэгтэй/, бага хүү П /2 настай, эрэгтэй/, охин А /7 настай, эмэгтэй/ нар нь зуны амралтаараа Увс аймагт байх эмээгийнхээ гэр лүү 2018 оны 07-р сарын 02-ны үеэр явцгаасан юм. Би 2018 оны 07-р сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байтал манай хадам ах Мундагбаатар над руу гар утсаар залгаад “Танай хүү П нь машинд дайруулчихлаа, одоо аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байна, эмч нар үзээд яаралтай Улаанбаатар хот руу явах хэрэгтэй гэж байна” гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө П-г манай хадам ээж Ч болон манай хүүг мөргөсөн гэх жолоочийн эхнэр нар нь аваад Улаангом сумаас шөнийн 23:00 цагийн онгоцоор нисэж Улаанбаатар хотод 02:40 цагт буусан юм. Манай хүү П нь Улаанбаатар хотод ирээд шууд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. П-г гэмтлийн эмнэлгийн компьютерын томографд үзүүлэхэд аарцаг яс хугарсан, элэг урагдалттай, төмсөг хавдартай цус хуралттай, бөөр доргисон гэж гарсан юм. Тухайн үед би гар утас дээрээ П-гийн биеийн гадна талынх нь харагдах шархны зургыг нь дарж авсан ба уг зураг нь одоо надад байгаа юм. П нь Улаангом сумаас Улаанбаатар хотод ирэхэд шанаа нь зулгарсан, зүүн гарын булчин нь хавдсан, аарцаг хэсгээр гадна талдаа шалбарсан, хэвлийн хэсгээр гэдсэн дээгүүр нь хөндлөн байрлалтай өргөн хэмжээний зулгарч шалбарсан байсан юм. Уг шалбарсан хэсэг автомашины дугуйны гарсан мөрнөөс үүссэн гэмтэл байсан. Тэгээд манай хүү П нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвд 7 хоног хэвтэн эмчгуүлсэн бөгөөд эмч нар П-г “Хагалгаа хийх шаардлаггүй, бага насны хүүхдэд яс байхгүй учраас хагалгаа хийж болохгүй, хүүхдийг өөрөөр нь эдгэртэл доод талдаа 3 сар гэртээ гам барих хэрэгтэй” гэж хэлсэн юм. Тэр өдрөөс хойш манай хүү П нь Улаанбаатар хотын Сэргээн засах килиник эмнэлэгт 10 хоног хэвтүүлэн эмчүүлсэн бөгөөд одоогоор Улаанбаатар хотод гэртээ гам барьж байгаа юм. Одоогоор Пгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд гэрээр асаргаанд байгаа. П-г ээж нь болох Ганчимэг ажлаасаа цалингүй чөлөө аваад гэрээр асарч байна. Одоогийн байдлаар манай гэр бүлийн зүгээс хүү П-гийн эм тариа болон бусад зардалд ойролцоогоор 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зардлыг төлж барагдуулсан юм. Уг зардалд ямар нэгэн баримт байхгүй. Уг 6.000.000 төгрөгийн зардалд дараах зардлууд орж байгаа юм. Үүнд: Эм тариа эмнэлгийн зардал, гаднаас хоол унд авсан, такси унааны зардал, П-г лам шашины байгууллагаар явж үзүүлсэн, П-гийн ээж Г.П-г харах 2018 оны 07-р сарын 09-ний өдрөөс 2018 оны 10-р сарын 09-ний өдөр хүртэл цалингүй 3 сарын чөлөөний мөнгө 1 сарын цалин 650.000 төгрөгөөр тооцоход нийт 1.950.000 төгрөг, Пгийн эмчлүүлэх, асархад би өөрийн ажлын газраас 2018 оны 07-р сард цалингүй чөлөө авсан бөгөөд уг хугацааны мөнгө болох 550.000 төгрөг, Улаанбаатар хотоос Улаангом суманд ирэх зардал, сэтгэл санааны зардал гэх мэт зүйлүүд байна. Уг зардлуудад ямар нэгэн баримт байхгүй бөгөөд тухайн үед П-г эмчлүүлэхэд, анхаарал хандуулаад гарсан зардлын баримтуудыг цуглуулаагүй болно. Манай хүү П-г мөргөсөн жолоочийн эхнэр нь хүүг маань Улаангом сумаас Улаанбаатар хот руу онгоцоор авч ирсэн, мөн эмнэлэгт компьютерын оношлогоо хийлгэсэн, ламд үзүүлсэн, мөн эм тариа авч өгсөн зардалд нийт 900.000 гаруй төгрөг төлсөн байх. Яг сайн мэдэхгүй байна. Уг мөнгө нь миний нэхэмжилсэн 6.000.000 төгрөгт орохгүй юм. Би одоогийн байдлаар П-гийн эмчилгээний зардал бусад зардалд учирсан 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн П-г цаашид эмчлүүлэхэд ямар зардал гарахыг мэдэхгүй байгаа тул миний хүү П-г дайрсан жолоочоос цаашид П-д анхаарал хандуулж, тухай бүрт нь гарсан зардлыг төлж барагдуулж байхыг хүсч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

                  Хохирогчийн хууль ёсныт төлөөлөгч О.Б-гийн дахин өгсөн: “Надад учирсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн хохирлыг М нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулсан тул надад цаашид Маас нэхэмжлэх зүйл байхгүй, Мад ямар нэгэн гомдолгүй болно. М нь манай хүү П-гийн эмчилгээ эм тарианы болон бусад гарсан зардалд нийт 2.126.800 төгрөг төлсөн байсан юм. Би өмнөх мэдүүлэгтээ өөрийн баримжаалсан тоогоор 900.000 төгрөг төлсөн байх гэж ойлгож байсан бөгөөд би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Мтай уулзаж ярилцахад нийт 2.126.800 төгрөгийн зардал гаргасан байсан юм. М нь миний хүү П-гийн эмчилгээний зардал болон бусад учирсан зардалд нийт 8.126.800 төгрөг төлсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

                  гэрч А.Б-ийн өгсөн “Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17:00 цагийн үед ажлынхаа жолооч Мын хамтаар 70-26 УВХ улсын дугаартай Пургон маркийн автомашинтай нисэхээс Улаангом сумын төв рүү хүн авахаар орж ирсэн. Тэгээд М бид хоёр Улаангом сумын 10-р баг Тээврийн хорооны гэр хорооллоор гудмаар зүүн гар тийш эргэхэд жолооч талын талд буюу зүүн талд бага насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд машинаас 5 орчим метрийн зайтай зогсож байсан. Би тухайн үед автомашины ар талын суудал дээр сууж явсан юм. Тэгээд зүүн гар талд хүүхэд харагдаад удаагүй байтал бүдэгхэн чимээ гарах шиг болохоор нь жолооч зогсоод машинаас буусан. Би араас нь машинаас буухад жолооч машины ар талд бага насны эрэгтэй хүүхдийг тэвэрчихсэн нөгөө хүүхэд нь уйлж байсан. Тэгээд замын хажуу талд зогсож байсан бага насны хоёр хүүхдээс тухайн мөргүүлсэн хуүхдийн гэрийг нь заалгаад М явсан бөгөөд араас нь би тухайн айлд очиход эмээгийнх нь гэх айл байсан ба эмээ нь ганцаараа байсан юм. Тэгээд М ах машинтай хүн дуудаад нөгөө хүүхдийг эмээгийнх нь хамт нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. М ах бид хоёр машинаа цоожлоод хэрэг гарсан гэх газарт үлдээчихээд араас нь такси бариад нэгдсэн эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед гэр хороолол дунд явж байсан болохоор М ах удаан явж байсан юм. Би тухайн автомашинд дайрагдсан гэх хүүхдийг анзаарч хараагүй. Машины зүүн талд л эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд байсан юм. Би тэр хүүхдийг машинд дайрагдахыг мэдээгүй бөгөөд гэнэт л нэг бүдэг чимээ гарах шиг болохоор нь М машинаас буугаад хартал хүүхэд дайрагдсан байсан. Тухайн үед М ах эрүүл байсан бөгөөд бид хоёр албаны ажилтай явж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, 

 

                   гэрч О.Ц-ийн өгсөн “Би 2018 оны 07 дугаар сярын 09-ний өдөр 17 цаг 30 орчим минутын үед ажлаа тараад гэртээ ирээд байж байтал манай нөхөр М над руу утсаар залгаад “Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад эмнэлэг дээр очиход манай нөхрийг цагдаа дагуулаад явсан байсан. Харин тэнд манай нөхөртэй хамт ажилладаг А гэх залуу байсан бөгөөд би юу болсныг А-гаас асуухад “Замын осол болчихсон юм шиг байна” гэж хэлсэн. Осолд орсон гэх бага насны хүүхэд нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирж эмчлүүлж байсан. Тэгээд би гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд хүүхдийн эрүүл мэндийг анхаарах, эмчлүүлэх нь дээр гэж ярилцаад тухайн осолд орсон гэх хүүхдийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой Улаангом сумаас Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явахаар болоод тухайн хүүхдийн эмээ нь гэх Ч-ийн хамт 22:00 цагийн онгоцоор Улаанбаатар хот руу хүүхдийг аваад явсан юм. Би тухайн хүүхдийг Улаанбаатар хот руу авч очиж Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж эхэлсэн бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрүүд хүртэл өдөр бүр эмнэлэг дээр харж эмчилгээ эм тарианы зардлыг нь төлж өгсөн. Тухайн үеийн холбогдох зардлын баримтууд нь байгаа. Би Улаанбаатар хотоос 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаангом суманд ирсэн юм. Би осол болсноос хойш П-гийн эрүүл мэндэд анхаарч чадах чинээгээрээ эмчилгээний зардал бусад зардлыг төлж өгсөн бөгөөд би байнга П-г эргэж тойрч ар гэрийнхнийх нь хүсэлтүүдийг нь зөвшөөрч ярилцаж ламд үзүүлэх болон бусад зардлыг гаргасан юм. Нөхөр бид хоёрын зүгээс П-д учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулж байгаа боловч ар гэрийнхнийх нь зүгээс нөхөр бид хоёр луу уурлах, загинах зэргээр сэтгэл санааны хувьд дарамт учруулж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,   

                   

                  

                   насанд хүрээгүй гэрч Д.Өын өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын 10-р багийн нутаг Тээврийн хороонд эмээгийнхээ гэрт очсон юм. Би 17:00 цагийн үед тээврийн хорооны гудманд хамаатны А, П нарын хамт нагац эмээ Чийн гэрлүү явж байсан юм. Тухайн үед П нь А бид хоёрын урд талд гараад явж байсан. Тэгтэл гудамжнаас саарал өнгийн Пургон маркийн машин зүүн тийш гарч эргээд П-г машиныхаа урд талаараа мөргөж унагаад Пгийн дээгүүр машинаараа гараад зогссон юм. Тэр үед А бид хоёр гүйгээд очиход П нь машины ар тал дээр газарт хэвтэж байсан бөгөөд уг машины жолооч ах машинаасаа буугаад П-г газраас өргөж босгоод тэврээд А бид хоёроор Ч эмээгийн гэрийг нь заалгасан юм. Тэр жолооч ах П-г манай эмээгийн гэрт тэвэрч ирээд эмээд өгөөд машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан юм. А, П бид гурав гудмаар хойшоогоо арын гудамд байх Ч эмээгийн гэр лүү явж байсан юм. П нь А бид хоёрын урд талд 1 метр орчим зайтай явсан юм. А бид хоёр тухайн машинаас 1 орчим метрийн хол зайтай явсан бөгөөд тэр машин бид хоёрыг мөргөөгүй юм. Тэр машин нь гудамж дундуур хурдтай гарч ирээд гудмаар зүүн эргэхдээ П-г мөргөөд дайрчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

                   насанд хүрээгүй гэрч Б.А-гийн өгсөн: “Би 2018 оны 07-р сарын 09-ний өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна Тээврийн хорооны гудманд өөрийн хамаатны дүү П /2 настай, эрэгтэй/, хамаатан Ө /6 настай, эрэгтэй/ нарын хамт Улаангом сумын 10-р багийн нутаг Тээврийн хороонд байх эмээ Эрдэнчимэгийн гэр лүү явж байсан юм. Тухайн үед П нь Ө бид хоёрын урд талд гараад явж байсан. Тэгтэл гудамнаас саарал өнгий Пургон маркийн машин гарч ирээд зүүн тийш гарч эргэхдээ Пг машиныхаа урд талаараа мөргөж унагаад Пгийн дээгүүр машинаараа гараад зогссон юм. Тэгээд Ө бид хоёр гүйгээд очиход П нь машины ар талд хэвтэж байсан. Тэр үед машины жолооч гэх хүн машинаасаа буугаад Пг газраас өргөж босгоод тэврээд Ө бид хоёроор манай Ч эмээгийн гэрийг нь заалгасан. Тэр жолооч ах Пг манай эмээгийн гэрт тэвэрч ирээд эмээд өгөөд машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан юм. Тухайн үед Ө, П бид гурав гудмаар хойшоогоо арын гудамд байх Ч эмээгийн гэр лүү явж байсан юм. П нь Ө бид хоёрын урд талд 1 метр орчмын зайтай явсан юм. Ө бид хоёр тухайн машинаас 1 орчим метрийн хол зайтай явсан бөгөөд тэр машин бид хоёрыг мөргөөгүй юм. Тэр машин нь гудамж дундуур хурдтай гарч ирээд гудмаар зүүн эргэхдээ П-г мөргөж дайрчихсан юм. П бид хоёрын урд талд алхаж явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

                   гэрч Д.А-гийн өгсөн: “Би “Дэглий цагаан” нисэх буудалд техникчээр ажилладаг юм. 2018 оны 07-р сарын 09-ний өдөр 16:00 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна гэртээ байж байтал манай ажлын жолооч М над руу утсаар залгаад “Таван Од”-ын доод талын тойрог дээр яаралтай хүрээд ирээч” гэсэн. Тэгээд би гэрээсээ өөрийн 45-55 УНГ улсын дугаартай Гранд маркийн машинтайгаа ганцаараа “Таван Од”-ын доод талын тойрог дээр яваад очиход М-ын 70-26 УВХ улсын дугаартай автомашин  гудамжны эхэнд улаан байшингийн хажууд зүүн талруугаа толгойг нь харуулан зогссон байсан. Уг машинаас 60 орчим метрийн зайнд нэг танихгүй эмээ бага насны эрэгтэй хүүхэд тэвэрчихсэн уйлаад сууж байсан бөгөөд хүүхэд нь мөн адил уйлж байсан юм. Би явж очоод М-тай уулзахад М надад “Энэ эмээг хүүхдийнх нь хамт нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмээг уйлж байсан хүүхдийнх хамт машинд суулгасан. Мөн тэнд байсан бага насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхдийг машиндаа суулгаад нэгдсэн эмнэлг рүү явч явсан. Харин М болон манай ажлын Б нар машин дээрээ үлдсэн юм. Би уйлж байсан хүүхдийг эмнэлэгт авч ирэхэд эмээ нь гэх хүн тэврээд яаралтай түргэн тусламжийн тасаг руу аваад орсон юм. Тэгээд удалгүй М, Б хоёр таксигаар нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед М надад “Би энэ хүүхдийг мөргөсөн эсэхээ мэдэхгүй байна” гэж хэлсэн. Харин Б “Хүүхэд мөргөөгүй” гэж хэлж байсан юм. М  машинаараа хүүхэд мөргөсөн гэдгээ мэдээгүй юм шиг байн лээ. Тэгж байтал Мын эхнэр болон хүүхдийн ар гэрийнхэн нь нэгдсэн эмнэлэг дээр ирцгээсэн юм. Тэгээд би эмнэлэг дээрээс явсан юм. Тухайн хүүхдийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн цус нөж болсон зуйл байгаагүй бөгөөд хувцастай байсан тул гадна талаас нь ямар нэгэн зүйл харагдаагүй юм. Тухайн хүүхэд нь 2 орчим насны эрэгтэй хүүхэд байсан бөгөөд уйлаад байсан. Намайг тухайн хэрэг гарсан гэх газарт очиход М-ын машин нь гудамжны дээд талд зүүн тийшээ эргэж зогссон байдалтай байсан ба машины хажууд нэг эмээ хүүхэд тэвэрчихсэн сууж байсан бөгөөд тэврүүлсэн хүүхэд уйлж байсан. М надад “Би хүүхэд шүргэчих шиг боллоо” гэж хэлж байсан юм. М нь гудамжаар зүүн тийш эргэхдээ хүүхэд мөргөсөн юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

 

                   гэрч Л.Э-гийн өгсөн: “М “Дэглий цагаан” нисэх буудалд жолооч ажилтай бөгөөд 3 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Манай байгууллагын жолооч М  2018 оны 07-р сарын 09-ний өдөр нисэх буудлын засварын ажил хийхээр Улаангом сумаас засварчид ажилчдыг цуглуулж байгаад зам тээврийн осол гаргасан байсан юм. 70-26 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Дэглий цагаан” нисэх буудлын нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Манай байгууллагын зүгээс М-аас нэхэмжлэх зүйл байхгүй. М  албан үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осол гаргасан байдаг бөгөөд манай байгууллагын 70-26 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй юм. М нь манай байгууллагад 3 дахь жилдээ жолоочоор ажиллаж байна. М хүлээсэн ажилдаа хариуцлагатай, хамт олонтойгоо эвтэй, удирдлагын шийдвэрийг дагаж мөрддөг, ажилласаг, хичээнгүй, даруу төлөв зантай, аливаа зүйлд эв дүйтэй, сэтэглээсээ ханддаг, урьд өмнө нь байгууллагын дүрэм, дотоод журам зөрчиж үзээгүй, ажилдаа сайн ханддаг, ажлын ачаалал даадаг ажилчин юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,

                   шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би “Дэглий цагаан” нисэх буудалд жолооч ажилтай юм. Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17:00 цагийн үед албаны 70-26 УВХ улсын дугаартай Пургон маркийн автомашинтай хажуу талдаа хамт ажилладаг аюулгүй байдлын шалгагч ажилтай Бийн хамт Улаангом сумын төвөөс хүн авахаар нисэх буудлаас ирсэн юм. Б бид хоёр Улаангом сумын 10-р баг Тээврийн хороонд байх цахилгаанчин Быг авах гээд очиход гэртээ байгаагүй. Тэгээд Бын гэрийн гаднаас Б бид хоёр машинтайгаа хөдлөөд “Таван Од” зочид буудлын урд талаар доош явсан хар замын доод хэсэгт гэр хорооллын эхээр зүүн тийш эргэхэд бага насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд миний машинаас 6 орчим метрт жолооч талд машинаас хол зогсож байсан. Тэгээд би зүүн гар тийш эргэхдээ тэр хоёр хүүхдээс холуур эргэхэд гэнэт миний машины ар талын хэсэгт чимээ гархаар нь би машинаа зогсоогоод машинаас буугаад харахад замын хажууд зогсож байсан хоёр хүүхдээс өөр бага насны 3 орчим настай эрэгтэй хүүхэд миний машины ар талд 2 орчим метрийн зайнд доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би гүйж очиход тэр хүүхэд гараараа газар тулаад уйлаад өндийхөөр нь би тухайн хүүхдийг тэвэрч аваад замын хажуу талд зогсож байсан хоёр хүүхдээс “Энэ хүүхдийн гэр хаана байдаг юм” гэж асуугаад тэр хоёр хүүхдээр гэрийг нь заалгаад хэрэг гарсан газраас 150 орчим метрийн зайнд байх хүүхдийн эмээгийнх нь гэрт очсон. Тэдний гэрт очиход хүүхдийн эмээ нь гэртээ ганцаараа байсан. Тэгээд би эмээд нь “Би танай хүүхдийг мөргөчихлөө, одоо эмнэлэг рүү яаралтай явъя” гэж хэлээд би танил А руу утасаар залгаад тухайн газарт дуудсан. А удалгүй ирээд би хүүхдийг эмээгийнх нь хамт нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Би тухайн хүүхдийг эмнэлэг рүү явуулсаны дараа хэрэг гарсан гэх газарт машинаа цоожилчихоод Бийн хамт такси бариад нэгдсэн эмнэлэг рүү араас нь очсон юм. Тэгээд уг хүүхдэд нэгдсэн эмнэлгийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тухайн осол болох үед замын нөхцөл байдлын хувьд хэвийн байсан бөгөөд үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би гудамжаар зүүн эргэхэд машины зүүн талд бага насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд л харагдсан өөр хүүхэд байгаагүй. Би 20 орчим километр цагийн хурдтайгаар гэр хороолол дунд машиныхаа 2 дугаар араагаар зөөлөн яваад гудмаар зүүн гар тийш эргэсэн юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зуйл хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд Б бид хоёр албаны ажлаар Улаангом сумын төвөөс хүмүүс авахаар нисэх буудлаас орж ирсэн юм. Би П-д учирсан хохиролд нийт 8.126.800 /найман сая нэг зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийг төлж барагдуулсан. Хохирол бүрэн арилсан. Хохирол төлсөн баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Тухайн үед хохирогч П миний машины урд хэсэгт ерөөсөө байгаагүй учраас би дуут дохио хэрэглэх шаардлагагүй байсан. Хэрвээ тэр хүүхэд байсан бол би дуут дохио хэрэглэж машинаа зогсоох арга хэмжээ авах байсан. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гудамжинд байлгаж байсан асран хамгаалагч нарынх нь буруутай үйлдэл байна гэж үзэж байна. Мэдээж бага насны хүүхдийн буруу гэж байхгүй, би санамсар болгоомжгүйгээр ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,

                   шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “” гэх мэдүүлэг,

 

                   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8730 дугаартай: “Пгийн биед сүүж ясны хугарал, ууцны 1,2-р нугалам, зүүн умдаг ясны хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний 4-р сегмент урагдал, баруун бөөрний дээд булчирхайн цус хуралт, давсаг шулуун гэдэсний салстын цус хуралт, хэвлийн урд хана, баруун, зүүн гуя, гадна бэлэг эрхтний зөөлөн эдийн няцрал, хууларсан шарх, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /хх-ийн 41/,

 

                  Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Э-ын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 16 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “УАЗ-2206 маркийн 70-26 УВХ улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.М нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 6.1-д зааснаар “Дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хэрэглэж болно”, 6.1.а-д “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Б.М нь МУ-ын ЗХД-ийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна гэж үзэж дүгнэлтийг гаргав. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй. Б.М /үнэмлэхний дугаар 119996, BСД/ жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байна” гэжээ /хх-ийн 45-р тал/,  

 

                   Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Д-ын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 22 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Явган зорчигч Б.П-гийн харгалзан дэмжигч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Явган зорчигч Б.Пгийн харгалзан дэмжигч нь МУ-ын ЗХД-ийн 3.3 дахь хэсэгт заасан “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.П-гийн харгалзан дэмжигч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн байна. Жолооч Б.М нь МУ-ын ЗХД-ийн 9.2, 6.1.а дахь хэсгүүдийг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болж байна. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй болно” гэжээ /хх-ийн 49-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.         

                               

      Б.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс бага насны хохирогч Б.Пгийн биед хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8730 дугаартай дүгнэлт, Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Э-ын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 16 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

 

                   Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Дэглий цагаан” нисэх буудлын 70-26 УВХ улсын дугаартай УАЗ 22-06 загварын автомашин жолоодож явсан ба уг автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болох нь Гэмтлийн №53 тоот акт, гэрч Дэглий цагаан” нисэх буудлын дарга Л.Э-гийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.М нь “В, С, Д” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь 119996 дугаартай жолооны үнэмлэхээр нотлогдож байна.

                            

                  Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Б.Пгийн биед сүүж ясны хугарал, ууцны 1,2-р нугалам, зүүн умдаг ясны хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний 4-р сегмент урагдал, баруун бөөрний дээд булчирхайн цус хуралт, давсаг шулуун гэдэсний салстын цус хуралт, хэвлийн урд хана, баруун, зүүн гуя, гадна бэлэг эрхтний зөөлөн эдийн няцрал, хууларсан шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан, уг гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний болон бусад зардалд 8.126.800 төгрөг өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь  шүүгдэгч Б.Маас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тодорхойлолт /нотариатаар гэрчлүүлсэн/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

        

                  2. Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Б.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

                  Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багт эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, “Дэглий цагаан” нисэх буудалд жолоочоор ажилладаг болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Улаангом сумын 11-р багийн засаг даргын 2018.08.10-ны өдрийн 949 тоот Тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.

               

                  Шүүгдэгч Б.М-ын зан байдлын талаар гэрч О.О-ийн өгсөн: “М нь манай эгч Ц-тэй гэр бүл болсноос хойш буюу 2004 оноос хойш би М-ыг мэднэ. М нь зан аашийн хувьд төлөв, даруу, хүнд тусархаг, ах дүү хамаатнууддаа халамжтай, өөрийн болон ах дүүгийн хүүхдүүдэд суралцах боловсрох нөхцлийг бүрдүүлж байдаг, ах дүүгийн оюутан хүүхдүүдэд тэдний ном, бичиг хэрэг болон амьжиргаанд зориулан тогтмол мөнгө шилжүүлж байдаг бөгөөд өөрийн болон хамаатнуудынхаа хүүхдийн сургууль, эрдэм номонд онцгой анхаарал тавьж тусалж дэмжиж байдаг юм. М одоогоор эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд “Дэглий цагаан” нисэх буудлын жолоочоор ажилладаг юм. Харин эхнэр Ц нь “Хаан банк”-ны Увс салбарт эдийн засагч ажилтай юм. М нь эд хөрөнгийн хувьд Улаангом сумын 11-р багт хашаа байшинд амьдардаг бөгөөд өөр ямар нэгэн эд хөрөнгө байгаа эсэхийг нь би мэдэхгүй байна. М эрүүл мэндийн хувьд эрүүл, саруул хүн бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, гарын дүйтэй, аливаа зүйлийг эвийг нь олоод хийчихдэг хүн юм. М миний хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,

 

                   гэрч Ж.Г-ийн өгсөн: “Би Мыг 2000 оноос хойш танина. М зан аашийн хувьд төлөв даруу, аливаа зүйлд буурь суурьтай ханддаг, сэтгэлээсээ, ажилсаг хөдөлмөрч, хийхгүй зүйл байхгүй бүхий л зүйлд эв дүй сайтай, амьдралын ухаан сайтай хүн юм. М нь одоогоор “Дэглий цагаан” нисэх буудалд жолоочоор ажиллаж байгаа бөгөөд Улаангом сумын нутагт эхнэр 2 хүүдийн хамтаар амьдардаг юм. М-ын эхнэр нь “Хаан банк”-нд эдийн засагчаар ажилладаг. М эхнэр, хүүхдүүддээ халамжтай, ах дүү нартаа тусархаг, хүнд дандаа тусалж явдаг юм. М урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй бөгөөд элдэв хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчгүй, эрүүл чийрэг, ямар бол ямар ч ажил хийчихдэг хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

 

                   гэрч О.Ц-ийн дахин өгсөн “Би Мтай 2004 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан юм. М бид хоёр 2004 онд Увс аймгийн Өлгий суманд амьдарч байгаад 2005 оноос хойш одоог хүртэл Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 12-20 тоотод 2 хүүхдийн хамт амьдарч байна. М “Дэглий цагаан” нисэх буудалд жолоочоор ажиллаж байгаа бөгөөд урьд өмнө нь хувийн компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Манай том охин Ану нь 13 настай ахлах 3-р сургуульд суралцдаг одоо 8-р ангид орно, бага охин Уяхан нь 11 настай, ахлах 3-р сургуульд суралцдаг одоо 6-р ангид орно. М 2 охиныгоо өөрөө асарч хүмүүжүүлж ирсэн, надаас илүү хүүхдүүддээ анхаарал халамж байнга тавьж байдаг юм. Би өөрөө “Хаан банк”-ны Увс салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажилладаг юм. М зан аашийн хувьд аливаа зүйлд сэтгэлээрээ, эвээр ханддаг, даруу төлөв зантай, нийтэч, танил ихтэй, найз нөхөд ихтэй, хүнтэй зөв боловсон харилцдаг хүн бөгөөд өмнө нь Бээжингийн их сургуульд суралцаж байсан Хятад хэлтэй хүн юм. М ямар нэгэн архаг хууч өвчингүй, бие эрүүл мэндийн хувьд эрүүл хүн юм. М нь аливаа зүйлд сэтгэл их гаргадаг бөгөөд эв дүй сайтай, хүнд тусархаг, хэлэх зүйлээ хэлчихдэг, гэр бүлдээ халамжтай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/ зэрэг хэрэгт авагджээ.

                           

                    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.126.800 төгрөг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                  Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.М-ын 119996 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч З ургийн овогтой Б.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.М-ын 119996 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.АЛТАН