Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 908

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Ганзориг,

Өсвөр насны шүүгдэгч Ц...., түүний хууль ёсны төлөөлөгч Н...., өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1808029271100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Р.Гандийн нэрэмжит Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ...дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Ц.... нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар цэцэрлэгийн хашаан дотор Г....ыг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүдэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Насанд хүрээгүй хохирогч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим найз охин болох ...ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 9 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар цэцэрлэгийн хашаанд сууж байтал зүс таних ... нь цэцэрлэгийн хашааны гадна талд саарал өнгийн машин дотроос ...аа нааш ир гэж дуудахаар нь би очоогүй юм. Тэгтэл тэр ... шууд машинаасаа бууж цэцэрлэгийн хашаанд орж ирээд миний зүүн талын нүд рүү гараараа 3-4 удаа цохиод би манараад, тэгтэл манай найз охин урдуур ороод боль гэтэл манай найз охиныг бас цохих гэж далайсан гэхдээ цохиогүй. Тэгээд бид 2-ыг пизда гэж хараагаад байсан бөгөөд цаанаас нь машинаас ...ийг хүмүүс дуудаад яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,

 

            2. Өсвөр насны шүүгдэгч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 163 дугаар цэцэрлэгийн хажууд манай хуучин нэг сургуульд сурч байсан хүүхэд болох ... гэгч нь найз охин болох ...ийнхээ хамтаар сууж байхаар нь би ...ыг хочоор нь буюу “Кита” гээд дуудтал ... ирээгүй юм. Тэгэхээр нь би машинаас ганцаараа буугаад ... дээр явж очоод “чи их том болжээ, намайг зайл гэдэг хэн юм бэ” гэж хэлээд ...ын нүүр лүү нь 1 удаа цохиход ... нүүрээ гараараа дарахаар нь би дахиад нүүр лүү нь гараараа 3 удаа цохисон юм. Тэгээд хажуунаас ... боль гээд байсан бөгөөд машинаас бас манай найзуудын нэг нь болиоч ээ гээд орилсон. ...” гэх мэдүүлэг /хх 46-48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3. гэрч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ...тай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар цэцэрлэгийн хашаан дотор сууж байтал манай сургуульд хуучин сурч байсан ... гэх хүүхэд машинтай ирээд машинаас ганцаараа бууж ирээд ...ыг чи яагаад дуудаад байхад ирдэггүй юм бэ гэж хэлээд нүүр рүү нь 2-3 удаа цохисон юм. Тэгээд цохичихоод ... машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед ...ын нүд хөхрөөд хавдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х/,

 

4. Гэрч З....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай хүү ... нь төлөв даруухан зантай, хүний үгийг маш сайн хүлээж авдаг, хүнд их тусархуу, гадуур тэнээд байдаггүй, өрөвчхөн сэтгэлтэй хүү байгаа юм. Миний хүү байнга над дээр ирж миний биеийг асууж, бас гэрт ирж миний ойр зуурын ажилд тусалдаг юм. Өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт орж байсан асуудал байхгүй. Би анх удаагаа ...ийг хэрэгт холбогдсон гэж сонсож байна. ... нь гэртээ ээж болон дүүгийнхээ хамтаар амьдардаг юм. Би цаашид байнга ...д анхаарал тавьж байх болно ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,

 

   5. Гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... хөдөө ажил хийж байгаад ирсэн бөгөөд энэ асуудлаа шийдүүлчихээд буцаад ажилдаа явах юм. ... өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, хүнд тусархуу, төлөв даруухан зантай, архи дарс хэрэглэж байгаагүй хүүхэд байгаа юм. Одоо ... маш их гэмшиж байгаа.  ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,

 

  6. Гэрч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... нь 2001 оны 12 сарын 02-нд Улаанбаатар хотод манай ууган хүү болж төрсөн. ... 76-р сургуульд сурч байгаад 2017 онд 9-р ангиа төгсөөд сургуулиас гарч коллежид сурсан. Манай хүү ... нь өмнө нь хэрэг төвөгт холбогдож байсан асуудал байхгүй, байнга л гэртээ дүүгээ харж байдаг, надад байнга тусалдаг юм. Манай хүүгийн эцэг нь 2010 онд өнгөрчихсөн юм. ... нь гадуур тэнээд архи дарс хэрэглэж байсан асуудал байхгүй, хүмүүстэй маргалдаад байдаггүй, маш их тусархуу төлөв томоотой зантай хүүхэд байгаа юм. Одоо хэрэг хийсэндээ маш их гэмшиж байгаа юм. Манай хүү багаасаа зовлон үзсэн дуу цөөтэй, хүнд худлаа хэлж чаддаггүй, маш тайван хүүхэд байгаа юм.  ...” гэх мэдүүлэг /хх 224-25 х/,

 

            7. Шинжээчийн 7529 тоот дүгнэлт

1.Г....ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой,

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 27 х/,

 

  1. Шинжээч эмч Т.Сэлэнгийн “... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 ба 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хүний гараар үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 30 х/,

 

  1. Ц....ийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 49 х/
  2.  Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50, 73 х/
  3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 72 х/
  4. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 74 х/
  5. Хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 75-81/
  6. Эвлэрсэн тухай баримт /хх 82 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Ц.... нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар цэцэрлэгийн хашаан дотор сууж байсан Г....ыг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар түүний нүдэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Г....ын “... ... шууд машинаасаа бууж цэцэрлэгийн хашаанд орж ирээд миний зүүн талын нүд рүү гараараа 3-4 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,

            - Өсвөр насны шүүгдэгч Ц....ийн “... би ...ыг хочоор нь буюу “Кита” гээд дуудтал ... ирээгүй юм. Тэгэхээр нь би машинаас ганцаараа буугаад ... дээр явж очоод “чи их том болжээ, намайг зайл гэдэг хэн юм бэ” гэж хэлээд ...ын нүүр лүү нь 1 удаа цохиход ... нүүрээ гараараа дарахаар нь би дахиад нүүр лүү нь гараараа 3 удаа цохисон юм. ...” гэх мэдүүлэг /хх 46-48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Гэрч Э....ийн “... ... гэх хүүхэд машинтай ирээд машинаас ганцаараа бууж ирээд ...ыг чи яагаад дуудаад байхад ирдэггүй юм бэ гэж хэлээд нүүр рүү нь 2-3 удаа цохисон юм. Тухайн үед ...ын нүд хөхрөөд хавдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х/,

            Шинжээчийн 7529 тоот дүгнэлт

1.Г....ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой,

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 27 х/,

             Шинжээч эмч Т.Сэлэнгийн “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 ба 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хүний гараар үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 30 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Ц....ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

            Өсвөр насны шүүгдэгч Ц....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Г....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Ц.... түүний нүдэн тус газар цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 27 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.

  

Өсвөр насны шүүгдэгч Ц.... өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч Ц....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.... хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болох нь эвлэрлийн гэрээ /хх 82 х/-ээр тогтоогдсон тул Ц....ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Ц....д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд өсвөр насны шүүгдэгч болох нь түүний нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдсон, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшсэн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэсэн.       

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт ...ын ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц....ийг 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц....д мэдэгдсүгэй.  

 

4. Ц....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ