| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/04486/И |
| Дугаар | 210/МА2022/01742 |
| Огноо | 2022-09-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/01742
| 2022 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2022/01742 |
“ТБК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03354 дугаар шийдвэртэй,
“ТБК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ш.Г-эд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,814,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ш.Г- нь “ТБК” ХХК-тай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 1,600,000 төгрөгийг сарын 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёото приус 10 маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.
1.2. Ззэлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн ззэл 1,600,000 төгрөг, хүү 2,344,550 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 4,744,550 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ш.Г-ээс үүрэг гүйцэтгэх хугацааг 1,069 хоног хэтрүүлсэн, зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй.
1.3. Фидуцийн гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд хариуцагч авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
1.4. Мөн Ш.Г- нь зээл авах үед оршин сууж байсан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 36 дугаар байр 06 тоот хаягтаа байхгүй байснаас түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг төлсөн, энэ нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.5. Иймд Ш.Г-ээс нийт 4,814,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
2.1. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Да хүрээ захын иргэнээс 00-00 УНЧ дугаартай автомашиныг 4,500,000 төгрөгөөр авсан. 2,0 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдэх мөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн. Зээлийн гэрээнээс гадна фидуцийн гэрээ байгуулсан.
2.2. Тухайн үед эмээлтэд барилгын ажил авч ажиллаж байсан хэдий ч ажиллуулсан газар цалин өгөөгүйгээс зээлийн гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон.
2.3. 2019 оны дундуур машинтайгаа явж байхад хажуугаас гэнэт машин орж ирэхэд осол гаргахгүй гээд хашлага мөргөсөн. Тухайн үедээ яаралтай ажилтай байсан тул Модерн Номадсын зогсоол дээр машинаа байрлуулж орхисон. Дараа нь машинаа авах гээд очиход байхгүй байсан тул машин журамлах газар руу залгаж лавлахад бүртгэгдээгүй гэсэн тул цагдаагаар эрэн сурвалжлуулахад н.Ууганбаяр гэх дэслэгч машиныг саатуулсан гэсэн.
2.4. Гэвч тэр хүн олдоогүй тул “ТБК” ХХК-аас над руу холбогдож “хугацаа чинь 5 сараар хэтэрсэн тул машиныг чинь хураалаа” гэж хэлэхэд нь зөвшөөрч “машинаа танайх ав” гэж хэлсэн. Дахин компаниас холбогдоогүй тул машиныг очиж аваад зээлийн төлбөрт тооцоод гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж бодсон.
2.5. 3 жил холбоогүй байж зээл, хүү алданги нэхэмжилж байгаа нь тухайн байгууллагын ажилчдын буруу. Би хөлөндөө хагалгаа хийлгэж 2 жил гаруй хэвтэрт байсан, цалин орлогогүй, эмчилгээнд явдаг. “ТБК” ХХК нь автомашиныг өмчлөлдөө авсан тул зөрүү мөнгийг надад өгөх ёстой гэж бодож байсан. Тус компанийн хуулийн зөвлөх А.Тэмүүжин, н.Баярмагнай менежер нар хэд хэдэн удаа хариуцагчтай холбогдсон нь тэдний бичсэн мессэжээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Г-эд холбогдох 4,814,750 төгрөг гаргуулах туахй “ТБК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Хариуцагч Ш.Г- нь зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй шалтгааныг хөлөндөө хагалгаа хийлгэж 2 жил гаруй хугацаанд хэвтэрт байж, орлогогүй байсан гэж тайлбарладаг боловч энэ нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй.
4.2. “Зээлийн гэрээ” болон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ний үндсэн зарчимд хариуцагч тал барьцаа хөрөнгийг осол гаргаж, устаж үгүй болгосон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэрэг шалтгаан нөхцөлийн талаар зээлдүүлэгчид тухай бүр мэдэгдэх үүрэгтэй гэтэл хариуцагч Ш.Г-ээс барьцааны тээврийн хэрэгслээр осол гаргасан болон зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон шалтгаан нөхцөлийн талаар зээлдүүлэгчид мэдэгдэлгүй, зээлийн гэрээнд бүртгүүлсэн оршин суух хаягтаа амьдардаггүй, холбоо барих утасны дугаарууд холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй алга болсон тул манай байгууллагаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжпуулах тухай хүсэлт гаргаж хаана амьдарч байгааг 2022 оны 06 дугаар сард олж тогтоосон.
4.3. Тус компанийн өмчлөлд бүртгэлтэй 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “АПЛТ” ХХК-ийн Нарны зам дагуу байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд 2019 онд 11 дүгээр сард осол гаргаж журамлагдан өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаа тухай 2022 оны 05 дугаар сард олж мэдсэн.
4.4. Хариуцагч Ш.Г-ийн оршин суух хаяг тодорхой болсон даруйд барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл журмын хашаанд журамлагдсан байгаа тухай мэдэгдэж, зогсоолын төлбөрийг төлж барагдуулан барьцаа хөрөнгийг хүлээлгэн өгөхийг шаардсан боловч биелүүлэхээс татгалзсан.
4.5. Манай компанийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашааны удирдах албан тушаалтантай уулзахад 3 жилийн зогсоолын төлбөрт 3,500,000 төгрөгийн төлбөр тооцогдсон, тухайн төлбөрийг төлж барагдуулан тээврийн хэрэгслийг авах боломжтой тухай мэдэгдсэн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна.
Учир нь 0000 УНЧ улсын дугаартай “Приус-10” маркийн тээврийн хэрэгслийн одоогийн зах зээлийн үнэлгээ 2,5 - 3,0 сая төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь хариуцагчийн буруутай үйлдлээс үүссэн нөхцөл байдал гэж үзэж байна. Хариуцагч Ш.Г-ээс барьцаа тээврийн хэрэгслээр осол гаргасан даруйдаа манай компанид мэдэгдэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээнд тусгагдсан оршин суух хаягтай амьдрахгүй, холбоо барих утасны дугаарууд холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байснаас үүдэн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон.
4.6. Мөн талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар шаардах нэхэмжлэгчийн эрхэд нөлөөлөх учиргүй. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй буюу боломжгүй нөхцөлд зээлдүүлэгч нь үндсэн харилцаа болох зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад буюу фидуцын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулж, фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн гэрээний дагуу хариуцагч Ш.Г-ээс үндсэн зээл 1,600,000 төгрөг, хүү 2,344,550 төгрөг, алданги 800,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 згрөг, нийт 4,814,750 төгрөгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч “ТБК” ХХК нь хариуцагч Ш.Г-эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4,814,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. “ТБК” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ш.Г-тэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,600,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй талаар маргаангүй байна.
5. Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,600,000 төгрөгийг, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар сарын 4 хувийн хүүгээр тооцож шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Ш.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 2,368,000 /1,600,000+768,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБК” ХХК-д олгохоор байхад анхан шатны шүүх Иргэний хуульд заасан фидуцийн гэрээний зохицуулалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу болсныг залруулна.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа сунгаагүй тохиолдолд зээлийн хүү шаардах эрхгүй тул зээлийн хүүд шаардсан 1,476,550 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
6. “ТБК” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.4 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанд өмчлөх эрхгүй, мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулах эрхийг хуулиар олгосон тул фидуцийн гэрээг байгуулах эрхгүй гэж дүгнэнэ.
Иймд талуудын хооронд үүссэн фидуцийн гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан байхад анхан шатны шүүх буруу дүгнэж, фидуцийн гэрээний зүйлийн эзэмшлийг шаардах эрхтэй гэж тайлбарласан нь буруу юм.
7. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэнэ гэж зааснаас үзвэл энэ гэрээнд талууд алданги тохиролцох боломжгүй болно. Иймд алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих үндэслэлтэй.
8. Хариуцагч Ш.Г-ийн оршин суугаа газар тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ын өдрийн 102/ШШ2021/01475 дугаар шийдвэр гаргаж түүнийг эрэн сурвалжилсан байх ба улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн байна. Үүнийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03354 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Ш.Г-ээс 2,438,200 төгрөг гаргуулж “ТБК” ХХК-д олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Ш.Г-ээс 2,446,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ш.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 53,961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТБК” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА