| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0141/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ариунаа,
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Ц.Х-д холбогдох эрүүгийн 1835002950172 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:.............., Б ургийн овогтой Ц.Х.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Б-ын: “Би Ц овогтой Х гэдэг хүнийг танихгүй бид хоёрын дунд садан төрлийн холбоо байхгүй юм. Би Улаангом сумын 10-р багийн нутагт оршин суудаг юм. Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн 62-63 УВХ улсын дугаартай “Аксент” маркийн автомашинаар таксинд явж байгаад Улаангом сумын 3-р багт байрлах төв таксины зогсоол дээрээс Г, Я гэх 2 хүнийг таксинд авч явах гэж байтал хажуунаас Х гэгч орж ирээд “Хамт явна” гээд дайраад байсан. Тэгээд арай хийж Х гэгчийг үлдээгээд Г, Я хоёрыг эмнэлэг дээр хүргэж өгчихөөд хариу буцаад төв таксины зогсоол дээр ирээд байж байтал нөгөө Х гэх согтуу залуу над руу ирээд бид хоёр ярилцаж байгаад Х нь манай хадам талын Э гэх эмэгтэйн нөхрийнх нь хамаатан гэхээр нь би Э-ы гэрт Х гэгчийг хүргэж өгсөн юм. Э-ы гэр нь Улаангом сумын 7-р багт байрлах “Гэрэл” спорт заалны хажууд байдаг бөгөөд Х гэгчийг хүргэж өгөхөд “Таксины мөнгө байхгүй” гээд би Эы гэрт Хыг дагуулж ороход Э “Согтуу хүн гэртээ хонуулахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хыг өрөвдөөд өөрийн гэртээ авч ирээд ундаа задалж өгөөд дахин Эы гэрт хүргэж буулгачихаад таксинд яваад төв таксины зогсоол дээр зогсож байтал нөгөө Х гэгч ганцаараа миний машин дээр ирээд “Миний утсыг чи хулгайлж авлаа” гээд надруу дайраад байсан. Х надтай Г-д байхаар нь би түүнийг цагдаагийн газарт дагуулж очоод цагдаад хүлээлгэж өгсөн. Тэгээд Х-ын утар руу залгахад дуудаж байхаар нь миний машин дотор байж магадгүй гэж бодоод машиныхаа хажууд ирээд дахин залгахад Х миний машины арын суудалд сууж явахдаа шалавч дээр гар утсаа унагаачихсан байсан. Тэгээд би цагдаагийн газраас гараад явж байтал миний араас нөгөө Х гэгч гарч ирээд “Хүнийг ямар их цагдаад өгдөг хүн бэ” гээд гараараа миний хамар, нүдний хэсэгт 2-3 удаа цохиход миний нүд хавдаж хамарнаас цус гарсан. Тэгээд би гэрлүүгээ харих гэтэл Х намайг дагаж манай гэрт очоод надаас өөрийнхөө гар утсыг аваад зугатаачихсан юм. Х гэгч “Чи намайг цагдаагийн газар луу авч ирж дуудлага өглөө” гэж хэлээд цагдаагийн газраас гарч ирэхдээ намайг гараараа цохиж надад гэмтэл учруулсан. Намайг Х гэгч зодож байхад бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед Х гэгч нилээн согтуу байсан ба би эрүүл байсан. Би тухайн үед болсон үйл явдлыг бүгдийг нь тодорхой санаж байна. Х бид хоёрын хооронд урьдны өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд өмнө нь Хтай хэрэлдэж маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. Одоо миний биеийн байдал дунд зэрэг байгаа ба миний толгой, шилэн хүзүү, нүд өвдөөд байгаа. Надад нэхэмжлэх хохирол байхгүй. Х намайг зодсонд гомдолтой байна. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцсан бөгөөд дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08х/,
хохирогч Д.Б-ын дахин өгсөн: “Би 2018 оны 08 сарын 13-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахдаа “Х гэдэг хүн намайг зодсон” гэж гомдол гаргасан. Мөн 2018 оны 08 сарын 18-ны өдөр хохирогчоор байцаалт өгөхдөө мөн “Х гэдэг хүн намайг зодсон” гэж байцаалт өгсөн. Би тухайн үед намайг цохьсон хүнийг танихгүй байсан бөгөөд тэр хүнийг хамаатны айлаас нь асуухад намайг зодсон хүний нэрийг “Х гэдэг” гэж надад худал хэлсэн байна лээ. Тэгээд би “Х гэдэг хүн намайг зодсон” гэж өргөдөл дээр бичсэн. Дараа нь намайг зодсон хүнтэй уулзхад Х гэдэг хүн байсан байна лээ. Би тухайн үед нэрийг нь буруу хэлсэн байсан. Надтай Х ирж уулзаад уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн бөгөөд Х миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоо Хаас нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 09х/,
гэрч Н.Э-ы өгсөн: “Х нь манай хадам талын хүн байгаа юм. Манайх Улаангом сумын 7-р багийн нутагт байдаг юм. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Х “Бөхмөрөн сумаас эмнэлэгт үзүүлэхээр ирлээ” гээд манай гэрт ирээд цай, хоол идэж уугаад орой 18 цагийн үед “Айлд очоод ирье” гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд орой 23 цагийн орчим ирээд дахин “Хүнтэй уулзана” гээд гараад явсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй Х шөнө дунд Б гээд хүнтэй согтуу ирэхээр нь би тэр хоёрыг “Согтуу хүн оруулахгүй” гэж хэлээд гэрээс гаргасан юм. Тэр хоёр манай гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа дахин манай гэрт согтуу орж ирээд хоорондоо марГд, их юм яриад унтуулж амруулахгүй байхаар нь Б, Х хоёрыг “Согтуу хүмүүс хонуулахгүй” гээд хөөчихсөн юм. Түүнээс хойш тэр хоёр дахин ирээгүй. Х, Б хоёр манай гэрт 2018.08.12-ны шөнө 2 удаа ирсэн бөгөөд ирэхдээ хоёулахнаа ирээд явсан, өөр хүнтэй ирээгүй. Х, Б хоёр манай гэрт 2 удаа ирэхдээ тэдний биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин тэр хоёр сүүлд ирэхдээ Бын зүүн талын нүд орчим нь хөхөрчихсөн байсан бөгөөд “Х зодлоо” гэж хэлж байсан. Х, Б хоёр эхний удаа манайд ирэхдээ хоорондоо хэрэлдэж, маргалдаж зодолдоогүй. Харин 2 дахь удаагаа ирэхдээ хоорондоо Г-д байсан. Тухайн үед Бын зүүн нүд хөхөрч хавдсан байсан ба Х-ы биед ил харагдах гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,
шүүгдэгч Ц.Х-ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хохирогч Б-ыг танихгүй бөгөөд 2018 оны 08 сарын 11-ний өдөр Улаангомд согтуу явж байгаад таксинд тааралдаж танилцсан байсан. Би 2018 оны 08 сарын 11-ний өдөр Бөхмөрөн сумаас манай хүргэний хөл бэртсэн тул эмчид үзүүлэхээр Улаангом орж ирсэн. Тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэг дээр эмчид үзүүлэх гээд эмнэлгийн гадна эмч нарыг хүлээж байх хугацаандаа хүргэний машин дотор айлд аваачиж өгөх гээд хийчихсэн байсан 5 литр нэрмэл архийг ам цангаад байхаар нь ганцаараа уучихсан юм. Нэрмэл архи уугаад би нилээн согтсон байсан бөгөөд түүнээс хойш би өөрийнхөө мөнгөөр архи авч уусан байсан. Тэгээд би Э эгчийнд очиж хоол идээд 23 цаг өнгөрч байхад тэдний гэрээс гарч яваад “Их наяд” цогоцолборын гадна талын саравчинд танихгүй нэг залуутай хамт нэг шил “Ерөөл” гэдэг нэртэй 0,5 граммын архи авч хувааж уусан юм. Тухайн үед би нилээн согтсон байсан бөгөөд Э эгчийнд очих гээд “Их наяд”-ын урд талын таксины зогсоол дээрээс таксинд суугаад тэднийд очиход Э эгч намайг “Согтуу байна, хонуулахгүй” гээд загнахаар нь буцаж гарч хүргүүлж ирсэн таксиндаа суусан. Тухайн үед хохирогч Б такси бариад явж байсан бөгөөд би Бтай хамт Бын гэрт оччихоод буцаад Э эгчийн гэрийн гадна ирээд би уг таксинаас буугаад үлдсэн юм. Таксинаас буугаад би өөрийнхөө гар утсыг байхгүй байсныг мэдээд уг таксинд гар утсаа унагаагаад явуулчихлаа гэж бодоод анх таксинд суусан “Их наяд”-ын урд талын таксины зогсоол дээр очиход миний суусан такси тэнд зогсож байхаар нь би жолоочоос нь гар утсаа нэхсэн. Тэгээд бид хоёр Г-д аймгийн Цагдаагийн газар дээр ирсэн бөгөөд миний гар утас Бын машины дотор байсныг цагдаа гаргаж ирж надад өгсөн. Тэгэхээр нь би Бд “Чи хүний гар утас өөрөө авчихаад яагаад намайг цагдаад өгч байгаа юм бэ” гээд миний уур хүрээд Быг хоёр удаа нүүр орчим газарт нь баруун гараараа цохьчихсон юм. Намайг Б-ыг цохиж байхад бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд Б намайг дахин цагдаад өгнө гэсэн. Быг өөр ямар нэгэн хүн зодоогүй зөвхөн би л зодсон юм. Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Бын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Би Баас уучлалт гуйсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно. Би Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р багт оршин суудаг бөгөөд хувийн мал аж ахуй эрхэлж амьдардаг юм. Би 700 толгой малтай, малынхаа ашиг шимээр амьдардаг юм. Миний эхнэр Урнаа өндөр насны тэтгэвэрт байдаг. Би өөрийн эзэмшлийн 2 машинтай. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна. Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №545 дугаартай: “Үзүүлэгч Д.Б-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи хавантай зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийн нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд шшссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Д.Б-ын биед урьд нь бэртэл гэмтэл байхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Х-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи хавантай зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Ц.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Х нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р /Хар алтат/ багт эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Бөхмөрөн сумын Хар алтат багийн засаг даргын 2018.09.06-ны өдрийн 215 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Х-ы зан байдлын талаар гэрч Д.Ц-ийн өгсөн: “Би Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн бөгөөд Хтай хар багаасаа ах, дүү нар шиг хамт өссөн хүмүүс юм. Х нь маш их төлөв даруухан зантай, ажилсаг хөдөлмөрч, багаасаа их сэргэлэн цовоо, хүнд тусархаг, шулуун шударга зантай, хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
гэрч Х.О-ын өгсөн: “Би Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн бөгөөд Хы гэр манайхтай айл хөрш байсан юм. Бид багаасаа нэг нэгнийгээ мэддэг тул би Хы зан байдлыг мэднэ. Х их даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархаг, шулуун шударга зантай, хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг хүн юм. Одоо Увс аймгийн Бөхмөрөн суманд өөрийн хувийн мал аж ахуй эрхэлж амьдардаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.Х анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/-аар нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Хы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Б нь шүүгдэгч Ц.Хаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Х энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Ц.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Х энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АЛТАН