Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 508

 

                                                                И.З-д холбогдох эрүүгийн  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлалтай И.З-д холбогдох эрүүгийн 2021000990128 дугаартай хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Дорнод аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж байсан Х овогт И-ны З.

И.З нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед согтуурсан үедээ Дорнод аймгийн Дашбалбар сумын 0 дүгээр багийн нутагт байх Л.О-ын гэрт Д.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цээжний зүүн ар талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.З-ыг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч болон хохирогч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дорнод аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 23 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.З, хохирогч Д.А нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.З гаргасан гомдолдоо: ”Шийтгэх тогтоол болон магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын 0 дүгээр багийн нутаг Мардай гэх газарт байх О ах түүний дүү С бид гурвыг унтаж байхад гэрч Е хохирогч Д.А нар орж ирсэн. Тэгээд тэр 2 төрсөн өдөр тэмдэглэсэн юм. Та хоёр босоод ир гэсэн. Тэгээд бид 4 тэр хоёрын авчирсан архийг ууцгаасан. Тэр үед Д.А нь Ет, О ах нарт үг хаяж байгаад унтаад өгсөн. Түүний дараа О ах Е бид гурав дахин 2-3 шил архи уусан. О ах согтоод унтсан Е бид 2 үлдээд архи ууж байсныг мэддэг юм. Тэгээд би согтчихсон байсан ямар ч байсан Д.А-ийн цээжний хэсэгт байсан шархыг фудволкоороо дарж хүн хутгалчихлаа эмч, цагдаа дуудаарай гэж байсан. Тэгээд Е С  хоёр Д.А авч сумын эмнэлэг рүү авч явсан. Хохирогч Д.А бид хоёр огт биенээ танихгүй өс хонзон ямар нэг юм байгаагүй. Согтуугаар биенээ буруу ойлголцсоноос ийм хэрэг болсон байх намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ. 

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх И.З-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүхэд И.З нь би хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгосон байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэнгүй гэж гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхэд хохирол төлөгдөөгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед бусдын гэрт шүүгдэгч И.З нь согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.А цээжний зүүн ар талд нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтын хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх хөдөлбөргүй тогтоож, хэргийн нөхцөл байдлын талаар хэргийн  бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн уг хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, ялын тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх юм.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч И.З-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН