Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 03

 

 Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаярыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Арвайхээр  сумын 8-р баг, 26-р гудамж, 03 тоотод оршин суугч М.Батжаргалын нэхэмжлэлтэй, тус  сумын Иргэний бүртгэл хариуцсан ажилтан улсын бүртгэгч Г.Шагдарсүрэнд холбогдуулан гаргасан иргэний үнэмлэхийн он, сар, өдрийг үнэн зөвөөр бүртгэж, олгохыг даалгах тухай“”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч М.Батжаргал нэхэмжлэлийнхээ талаар шүүхэд бичгээр  гаргасан тайлбартаа: Миний иргэний үнэмлэхэнд миний төрсөн он, сар, өдрийг 1964 оны 06 дугаар сарын 12-нд төрсөн гэж буруу бичигдсэн байдаг.

Би 1961 оны 06 дугаар сарын 27-нд төрсөн билээ.Цэрэгт явсаны дараа бичиг баримт ирэхэд цэргийн үнэмлэх 1961 онд төрсөнөөр бичигдэж ирсэн нь Гучин-Ус сумаас, иргэний үнэмлэх 1964 онд төрсөнөөр Хайрхандулаан сумаас бичигдэж ирсэн.Одоо харин Иргэний бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад үнэн зөв бичигдсэн гарч байгаа тул үнэн зөв болгож бичиж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд өөрийн биеээр  оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Арвайхээр сумын Иргэний бүртгэлийн ажилтан улсын бүртгэгч Г.Шагдарсүрэн шүүхэд нэхэмжлэлийн талаар бичгээр гаргасан тайлбартаа:Тухайн иргэн маань 1988 онд Монгол улсад регистр олгож эхлэхэд одоогийн цахим үнэмлэх дээрх регистр авч 20 гаруй жил явсан байтлаа одоо гэнэт регистр буруу олгогдсон гэсэн нь учир дутагдалтай тул манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүх уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар М.Батжаргалын нэхэмжлэлтэй, тус  сумын Иргэний бүртгэл хариуцсан ажилтан улсын бүртгэгч Г.Шагдарсүрэнд холбогдуулан гаргасан иргэний үнэмлэхийн он, сар, өдрийг үнэн зөвөөр бүртгэж, олгохыг даалгах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч  М.Батжаргалд иргэний үнэмлэх олгож бичилт хийхдээ тухайн үед сум хариуцан ажиллаж байсан иргэний бүртгэлийн ажилтануудаас болж буруу бүртгэл, бичилт хийсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00/000237 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд Балжирын Мижиг, Онхорын Нацагням нарын гэр бүлд Мижиг овогтой Батжаргал нь 1961 оны 07 дугаар сарын 27-нд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 02 бүртгэлийн төрөлтийн бүртгэлд байгаа тул лавлагаа олгов гэжээ. 

Мөн эх С.Нацагнямын Олон хүүхэдтэй эхийн хувийн хэргийн 208 дугаартай Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын АДХГЗ-наас 1962 оны 07 дугаар сарын 03-нд олгосон дэвтэрт Мижигийн Батжаргалыг 1961 оны 07 дугаар сарын 27-нд төрснөөр бүртгэжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 -т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.3, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснуудыг баримтлан Боржигон овогт Мижигийн Батжаргалд 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1964 оны 05 дугаар сарын 12-нд төрснөөр бүртгэж олгосон Монгол улсын иргэний үнэмлэхийг хүчингүй болгож,  1961 оны 07 дугаар сарын 27-нд төрснөөр бүртгэж, иргэний үнэмлэх олгохыг  Арвайхээр сум хариуцсан Улсын бүртгэлийн ажилтан улсын бүртгэгч  Г.Шагдарсүрэнд  даалгасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснуудыг баримтлан нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ц.НЭРГҮЙ