Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00481

 

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2016/01141 дүгээр шийдвэртэй,            

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарт холбогдох,

“Зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 967 799,72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Г.Дуламжавын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хас банктай 1300010862 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийн холимог зориулалттай, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай 1300013066 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 2,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хас банктай 1300014820 дугаартай зээлий гэрээ байгуулж 26 500 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус авсан. Дээрх зээлүүдийн барьцаанд Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-8 тоот 27,7 м.кв орон сууц, Төв аймаг Зуунмод сум, 3 дугаар баг, нисэх БЗ-4 тоотод байрлах 70 м.кв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 м.кв талбайтай гарааш, Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 м.кв талбайтай гараашийн газар, Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 24 дүгээр байрны зүүн талын 3 тоот 24 м.кв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум, 1 дүгээр баг, 9 дүгээр зөрлөг 5-1 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, гал тогооны болон зочны өрөөний ком тавилга зэрэг тус тус хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачлага гаргахгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.2.10, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж зээл төлөхгүй, өнөө маргааш гэж аргацааж, зээлийг төлөхгүй байх хандлагыг байнга гаргасаар байна. Зээлдэгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дээрх зээлүүдийг 34-116 хоногоор төлөлгүй хугацаа хэтрүүлж байгаа ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдалтай байна. Үүнд 1300010862 гэрээний хувьд үндсэн зээл 18 126 312,54 төгрөг, зээлийн хүү 816 200,63 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8 646,51 төгрөг, нийт 18 951 159,68 төгрөг, 1300013066 гэрээний хувьд үндсэн зээл 9 166 048,54 төгрөг, зээлийн хүү 405 013,79 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2 470,82 төгрөг, нийт 9 573 533,15 төгрөг, 1300014820 гэрээний хувьд үндсэн зээл 25 763 888,89 төгрөг, зээлийн хүү 2 649 843 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 29 375 төгрөг, нийт 28 443 106,89 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Иймд 1300010862, 1300013066, 1300014820 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.6, 5.1.7, 5.1.9, 5.2 дахь заалтуудыг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж байгаа ба зээлийн гэрээний 4.1, 4.2, 4.6-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 56 967 799,72 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 996 төгрөгийн хамт Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан. Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, 17 дугаар байр 1-8 тоотод байрлах 27,7 м.кв орон сууц, Төв аймаг Зуунмод сум, 3 дугаар баг, нисэх БЗ-4 тоотод байрлах 70 м.кв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 м.кв талбайтай гарааш, Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 м.кв талбайтай гараашийн газар, Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 24 дүгээр байрны зүүн талйн 3 тоот 24 м.кв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум, 1 дүгээр баг, 9 дүгээр зөрлөг, 5-1 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, гал тогооны болон зочны өрөөний ком тавилга болон бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Дуламжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хас банкнаас анх 40 000 000 төгрөгийг 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан энэ мөнгөө 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаандаа төлж байсан. Дээрх мөнгөнөөс 18 126 312 төгрөг үлдсэн байсан. Хүү нь сарын 2 хувийн хүүтэй энэ зээл 2017 оны 10 дугаар сард зээлийн тохиролцсон хугацаа дуусна. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хас банкнаас 15 000 000 төгрөгийг 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авч 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлж байсан. Одоо үлдэгдэл 9 166 048 төгрөг үлдсэн. Энэ зээл нь 25,2 хувийн хүүтэй ба сараар тооцвол сарын 2,1 хувийн хүүтэй юм. Энэ зээлийн тохиролцсон хугацаа 2018 оны 03 дугаар сард дуусна. Дараагийн зээлийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 26 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Энэ зээлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 3 жилийн мөнгө болох дунджаар бодоход 4 000 000 орчим төгрөг төлдөг байсан. Энэ зээлийн хугацаа 2019 оны 09 дүгээр сард дуусах байсан. Зээлээ хугацаанд төлөөд явж байтал миний том охин 25 настай Д.Дуламсүрэн 2015 оны 11 дүгээр сараас эхлэн маш хүндээр өвдсөн. Онош нь уушигны артерын даралт ихсэх өвчин гэсэн оноштойгоор уушигны бүх судас нарийссан, зүрхний бүх судас томорсон гэсэн оноштойгоор гэнэт амьсгалын дутагдалд орж эрчимтэй эмчлэгдэх шаардлагатай болж бид бизнесийн олсон ашгаа охины эмчилгээний төлбөрт зарцуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн.

2015 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын эхэн хүртэл сахиуртай Төв аймгаас Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Манайх хоёр охинтой том охин маань залуу хүн тул бид түүнийгээ хөл дээр нь эхний ээлжинд босгож авах зорилгоор бүх хөрөнгөө түүнд харамгүй зарцуулж эхэлсэн. Дараагийн охин маань одоо 12 дугаар ангид суралцдаг. Энэ үед аав, ээж бид хоёр охиндоо анхаарал тавьж чадахгүй болсон. Охиноо сахихын хажуугаар эмнэлэг рүү байнга хоол цай зөөж явсаар бидний бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон. Тухайн үед бид нар зөвхөн шинжилгээнд гэхэд 3 000 000- 4 000 000 төгрөгөөр Гранд, Гялс төвд шинжилгээ өгч байсан. Энэ эмнэлгээс гараад хүүхэд маань өөрөө явж чадахгүй тэргэнцэртэй байсан учир 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс Өвөр Монголын Сурна гэдэг эмч дээр зүү эмчилгээ хийлгэх болсон. Үүний зардал нь 7 хоногт 1 500 000-2 500 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан. Энэ маягаар 7-8 удаа зүү тавиулж зүүнд 15 000 000-16 000 000 төгрөг гарч байсан. Одоогоор Өвөр Монгол болон Тайваны эм уудаг сардаа 2 500 000-3 000 000 төгрөг гардаг. Гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч бид банкинд өр зээлтэй учир гадаадад явж эмчлүүлж чадаагүй юм. Манай гэр бүлд хүнд өвчин гэнэт тохиолдож, санхүүгийн хүндэрсэн байдлыг харгалзан үзэж дээрх 3 зээлийн төлөгдөөгүй саруудын мөнгийг нөхөн төлж цаашид гэрээнүүдийг тохиролцсон хугацаа дуусах хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2016/01141 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар нэхэмжлэгч Хас банк, хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1300010862, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1300013066, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1300014820 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө тус тус цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас 1300010862 тоот зээлийн гэрээний үүрэгт 18 951 159.68 төгрөг, 1300013066 тоот зээлийн гэрээний үүрэгт 9 573 533.15 төгрөг, 1300014820 тоот зээлийн гэрээний үүрэгт 28 443 106.89 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 1300010862 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газраас, 1300013066 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын эзэмшлийн 000426652 тоот эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших гарашийг, 2 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гал тогооны ком, 2 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн зочны өрөөний тавилгаар, 1300014820 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байр зүүн талд 3 тоотод орших 10 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гарааш, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002883 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гарааш, С.Дэмбэрэлдуламын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001211 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-1 тоотод орших 5 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001212 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-3 тоотод орших 5 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын эзэмшлийн 000426652 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талын 4 тоот гараш, Г.Дуламжавын эзэмшлийн 000610349 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талд орших гарашаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас 2880 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод нөхөн олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 723 879 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас тэмдэгтийн хураамж 726 759 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2016/01141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Г.Дуламжав, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Г.Дуламжав нь Хас банкнаас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 40 000 000 төгрөгийг 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авснаас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд төлж энэ мөнгөнөөс 18 126 312 төгрөг үлдсэн байна. Зээлийн хугацаа 2017 оны 10 дугаар сард дуусна. Том охин минь өвдөж эрчимт эмчилгээ шаардлагатай болж банкны төлбөрийг тодорхой хугацаагаар хойш тавьсан. Шүүхээс шаардлагаа нотолсон баримтаа өгөөгүй гэж дүгнэсэн боловч тухайн үед Монголд эмчлэгдэж байсан бүх баримтаа гадаад руу шинжилгээ оношилгоо хийлгэхээр явуулчихсан байсан ба нэхэмжлэгч тал охин маань өвдсөнийг хүлээн зөвшөөрч байгаа ба энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан зээлүүдийн хугацаа дуусаагүй байгаа тул 3-н зээлийн хугацаа хэтэрсэн хоногуудын мөнгийг бүгдийг нь төлөөд цаашид зээлүүдээ хэвийн үргэлжлүүлэхийг л нэхэмжлэгчээс хүссэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал гэж заасан. Мөн хуулийн 219.1, 219.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Энэ хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасан. Банкны зүгээс нэг зээлээ дуусаагүй байхад дараагийн зээлийг өгсөн тул банк өөртөө эрсдэлтэй алхмыг бий болгосон гэж үзэж байна. Иймд зээлийг цаашид эцсийн хугацаа хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, бидний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хас банкнаас олгосон итгэмжлэлийн дагуу тус банкны Зуун мод салбар нь хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нартай байгуулсан гурван зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас нийт 56 967 799 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь Хас банкны Зуун мод салбартай 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1300010862 тоот зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1300013066 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1300014820 тоот зээлийн гэрээ байгуулж, 26 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй тус тус зээлж авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байх ба эдгээр гэрээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэх баримтыг зээлдэгч нарын төлөлт хийсэн дансны хуулгын баримтуудтай харьцуулж дүгнээгүйгээс  зээлдэгч нарын үүргийн зөрчил, гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэх талаар бодитой дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  зээлдэгч нарын биелүүлэх үүргийн хэмжээг мөн оны 08 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаагаар тодорхойлжээ. Зээлийн гэрээ тус бүрийн дагуу зээлдэгчийн төлөлт хийсэн болон хугацаа хэтрүүлсэн байдал, биелүүлээгүй үүргийн хэмжээ зэрэг ач холбогдол бүхий байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-д зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг цуцлахаар заасан ба гэрээний уг тохиролцоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, 225.4 -т нийцэх ёстой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч нарт шаардах хуудас хүргүүлэхдээ 2014 оны зэээлийн гэрээний дагуу төлбөр хийх хугацааг 39 хоногоор хэтрүүлж 3 186 532 төгрөг төлөөгүй, 2015 оны зээлийн гэрээний хугацааг 69 хоног хэтрүүлж 1 588 028 төгрөг төлөөгүй, 2016 оны гэрээний хугацааг 28 хоног хэтрүүлж 1 789 910 төгрөг төлөөгүй болохыг сануулсан байх ба үүнээс өөр үүргийн зөрчлийг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна. Үүргийн зөрчлийг хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоох бол шүүх баримтыг харьцуулан, бүх талаас нь үнэлж, гэрээ тус бүрээр эрх зүйн дүгнэлтийг шийдвэрт тусгах ёстой.

Шүүх 10 000 000 орчим төгрөгийн төлбөр төлөгдөөгүй учир ялимгүй зөрчил гэж үзэхгүй гэж дүгнэхдээ уг үүргийн хэмжээг ямар баримтад үндэслэж тогтоосон, энэ нь аль гэрээний зөрчил болох, зээлийн гэрээ тус бүрийн дагуу биелүүлбэл зохих үүргийг гүйцэтгээгүй үүргийн хэмжээтэй харьцуулж дүгнээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2016/01141 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА