Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

          Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

         Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Ж-ийн Б-д холбогдох эрүүгийн 1835002480159 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-14 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 1 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жил 1 сар хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 75 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жил 4 сар хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 75 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн 4 жил хорих ял, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, РД: ОВ83031312, Б ургийн овогтой Ж-гийн Б.     

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-18 тоотод оршин суух, хохирогч С.Ж-гийн гэрт нэвтэрч мөнгөн хазаар хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-18 тоотод оршин суух хохирогч С.Ж-гийн гэрийн тооноор нэвтрэн орж, 3.200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газраас илрүүлсэн гутлын ул мөрийг шинжлэх зорилгоор Ж.Б-ын өмсөж байсан хос пүүз болон хулгайлагдсан гэх мөнгөн хазаарыг тус тус Ж.Б-аас хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан  тэмдэглэл, хураан авсан мөнгөн хазаарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  

          хохирогч С.Ж-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд айлд очиж цай уухаар Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 13-18 тоот хашаанд байх гэрээ цоожилчихоод гарч явсан. Тэгээд би нутгийн танил Б-ийн гэрт очоод юм ярьж суунгаа Б болон тэдний гэрт байсан нэг хөгшний хамт 0.5 литрийн “Соёрхол” нэртэй 2 шил архи хувааж уучихаад 00 цагийн орчимд тэдний гэрээс гараад өөрийнхөө гэр рүү явсан. Гэртээ очоод унтаж амраад өглөө 07 цагийн орчимд сэрэхэд миний орны толгойн дээд талд байх эмээлэн дээр байсан мөнгөн хазаар алга болчихсон байхаар нь гэрээсээ гараад хүү Б-ийн гэрт орж “Манай гэрээс хазаар хулгайлагдсан байна” гэж хэлэхэд хүү Б манай гэрт орж харчихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар манай гэрт ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Манай гэрээс төмөр амгаатай, загасан хээ бүхий шар гуулин төөлөгтэй, хазаарын гох, хоншоор, хошуувчны хэсгүүдэд хаан, хатан сүйх хээний дүрстэй, хазаарын салгалдарга нь мөнгөн горхи, бугуйвчилж хийсэн мөнгөн цагирагтай, шар цоохор өнгийн ременэн жолоотой зэрэг содон шинж тэмдэг бүхий мөнгөн хазаар алдагдсан. Уг мөнгөн хазаарыг миний хүү Б 2014 оны  08 дугаар сарын эхээр надад бэлэглэж байсан юм. Тухайн хазаарыг хүү Б 1995 онд таван бодын үнээр худалдан авч байсан. Манай гэрээс мөнгөн хазаарнаас өөр ямар нэгэн эд зүйл хулгайлагдаагүй байна. Уг алдагдсан хазаар миний гэрийн хойморт байх эмээлэн дээр тавиатай байхыг би өчигдөр буюу 2018 оны 07 сарын 09-ний өдөр хамгийн сүүлд харсан. Би 2018 оны 07 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гэртээ ганцаараа хоносон. Надад одоогийн байдлаар хардаж, сэжиглэж байгаа хүн байхгүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

           хохирогч С.Ж-гийн дахин өгсөн: “Манай хүү Б-ийн төрсөн охин Э нь Ж.Б-ыг манай хашааны гадна талаар явж байсныг харсан байсан. Ж.Б-ын төрсөн ахынх, манайхтай хөрш айлууд юм. Намайг шөнө гэртээ ирэхэд хазаар байсан. Би шөлтэй хоол хийж идчихээд унтчихсан. Маргааш өглөө нь босоход тогоотой хоолноос идчихсэн, хазаар алга болчихсон байсан. Би Б-ыг танина. Урьд нь манай хашаан дотроос мотоцикль хулгайлж ял шийтгүүлж байсан хүн юм. Б урьд өмнө манай гэрт ирж, хонож байгаагүй. Хазаар хулгайлсан хүн манай гэрийн тооноор орж ирсэн бололтой байсан. Тооноос өлгөсөн байсан ялааны хор тасраад уначихсан байсан. Би Цагдаагийн байгууллагад хандаж, миний хазаарыг олоод буцаагаад өгсөн тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,  

гэрч Ж.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 07 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сум 10 дугаар баг 13-018 тоот хашаанд байх гэртээ унтаж байтал аав Ж намайг дуудаж сэрээгээд “Манай гэрт хулгай орсон байна. Мөнгөн хазаар алга болчихсон байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад аавын гэр лүү орж харахад гэрийнх нь хойморт байх эмээлэн дээр байсан мөнгөн хазаар алга болчихсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар манай хашаанд ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Би аав Ж-гийн гэрээс алдагдсан мөнгөн хазаарыг 1995 оны 06 сарын орчимд Ховд аймгийн Мянгат сумын харъяат О нэртэй хүнээс таван бодын үнээр авч байсан. Уг мөнгөн хазаарыг 4 жилийн өмнө буюу 2014 оны 08 сарын эхээр би аав Ж-дээ бэлэглэсэн юм. Мөнгөн хазаар нь төмөр амгаатай, загасан хээ бүхий шар гуулин төөлөгтэй, хазаарын гох, хоншоор, хошуувчны хэсгүүдэд хаан, хатан сүйх хээний дүрстэй, хазаарын салгалдарга нь мөнгөн горхи бугуйвчилж хийсэн мөнгөн цагирагтай, шар цоохор өнгийн ременэн жолоотой зэрэг содон шинж тэмдэгтэй байсан. Би 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд аав Ж-гийн гэрт ороход мөнгөн хазаар эмээл дээр нь тавиатай байсан юм. Одоо миний санаж буйгаар 2018 оны 07 сарын 10-ны шөнийн 02 цагийн орчимд орондоо хэвтэж байтал хашааны хаалга дуугарах чимээ гарахаар нь “Гаднаас хүн орж ирж байгаа юм байх даа” гэж бодоод цонхоороо харахад ямар нэгэн хүн хашаа руу орж ирж мэдэгдээгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

          насанд хүрээгүй гэрч Б.Э хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бид нарыг унтаж байтал манай гэрт авга өвөө Ж орж ирээд “Хазаар алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд өвөө Ж-г гарсны дараа би аав Б-д 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ойролцоогоор 12-13 цагийн орчимд  эгч У бид 2 дэлгүүр ороод бид хоёр хамт явж байтал Ж.Б-г удамжаар зүүн зүг рүү алхаад явж байсан талаар хэлсэн. Удалгүй манай өвөөгийн гэрт цагдаа нар ирсэн. Манай гэрийн хажууд Ж.Б-ын төрсөн ах нь байдаг тул би Ж.Б-ыг таньдаг болсон юм. Би өвөөгийн гэрт ороход тооноос дүүжилсэн байсан ялааны хор газарт шалан дээр унасан байдалтай, тогоонд байсан хоолыг нь идчихсэн байсан. У эгч Б-ыг харсан эсэхийг мэдэхгүй байна. Б надтай тааралдахдаа хар бараан өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн гуталтай, хар өнгийн пудболкатай явж байсан. Манай өвөө Ж-д мөнгөөр тоноглосон хазаар байдаг бөгөөд уг хазаарыг манай аав Б бэлэглэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

          Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 18/47 дугаартай, мөр судлалын шинжилгээ хийсэн: 1.Шинжилгээнд ирүүлсэн материалууд нь шинжилгээнд тэнцэнэ.2. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад хэргийн мөрүүдтэй тохироргүй байна. 3. Хэргийн газраас 1 ширхэг гутлын улны мөр бэхжүүлэн авсан тул нэг хүний гутлын улны мөр байна. 4. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн, Ж.Б-с хураан авсан баруун хөлийн  гутлын  улны дардастай тохирч байна. 5. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн, Ж.Б-с хураан авсан баруун хөлийн  гутлын  улны дардастай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт,

           шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зах дээр явж байгаад архи уусан бөгөөд хэнтэй архи уусан болохоо одоо санахгүй байна. Би тэр өдөр болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Мөнгөөр тоноглосон хазаар миний амьдардаг пудболд байсныг цагдаа нар хурааж авсан. Би Ж-г таних бөгөөд би “Өндөр мод” гэх нэртэй газар Ж-гийн өвөлжөөнд очиж хөрөл хатгаж өгч байсан юм. Ж-гийн гэр манай төрсөн ах Б-гийн гэрийн хажуу талд амьдардаг бөгөөд хэнтэй хамт амьдардаг талаар би мэдэхгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би согтуу байсан учраас Ж-гийн гэрээс яагаад хазаар хулгайлсан болохоо санахгүй байна. Би Ж-гийн гэрт тооноор нь орсон бөгөөд намайг тэдний гэрт ороход хүн байсан эсэхийг санахгүй байна. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон үйл явдлыг бүрэн гүйцэт санахгүй байна. Надаас хураан авсан 1 хос пүүз нь миний пүүз мөн. Би тухайн пүүзийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өмсөж явсан. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би биеийн тамирын өмдтэй, саарал өнгийн пудболкатай, пүүзтэй явсан. Миний хулгайлсан хазаар мөнгөн хазаар байсан. Би ганцаараа 64 айлын орон сууцны пудболд амьдардаг бөгөөд нийгмийн халамжийн судалгаанд хамрагдаагүй, цалингүй, ажилгүй, орлогогүй ядуу хүн юм. Хоол олдохоор идчихээд, хүнээс мөнгө гуйгаад амьдардаг. Хааяа ахынхаа гэрээр очиж хоол унд иддэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,   

               шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би хийсэн хэргээ хүлээж байна. Согтуугаар Ж-гийн гэрт орж, мөнгөн хазаар авсан нь миний буруу. Хазаарыг буцааж өгсөн. Миний амьдрал байдлыг харгалзан үзээд надад тэнсэн харгалзах ял оноож өгнө үү ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.  

                Хохирогч С.Ж нь монгол гэрт амьдардаг байх бөгөөд  тэрээр 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн орой 22 цагийн үед айлд очихоор гарч явахдаа гэрийн хаалгаа цоожлоод явсан, буцаад шөнийн 00 цагийн үед гэртээ ирээд унтсан, өглөө босоод харахад мөнгөн хазаар алга болсон байсан.  Хазаар хулгайлсан хүн манай гэрийн тооноор орж ирсэн бололтой байсан, тооноос өлгөсөн байсан ялааны хор тасраад уначихсан байсан ” гэж  мэдүүлсэн, түүнчлэн шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтад “ би Ж-гийн гэрт тооноор орсон” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч С.Ж-гийн гэрт тооноор нэвтэрч мөнгөн хазаар хулгайлсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.                  

                Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.Б-ын хохирогч С.Ж-гийн гэрээс мөнгөн хазаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

               Хулгайлах гэмт хэргийг “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Ж.Б нь хохирогч С.Ж-гийн  амьдардаг монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл /мөнгөн хазаар/ хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

               Иймд шүүгдэгч Ж.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч Ж.Б-ын хулгайлсан мөнгөн хазаар /хуучны цэвэр мөнгөн тоноглолтой/-ын зах зээлийн дундаж үнэ 2018 оны 7 дугаар сарын байдлаар 3.200.000 / гурван сая хоёр зуун мянга / төгрөг болох нь хэрэгт авагдсан Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн УВ/01/450 дугаартай Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолтоор нотлогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас гурван сая хоёр зуун мянган төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.

                2. Шүүгдэгч Ж.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

               Шүүгдэгч Ж.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Ж.Б-ын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч С.С-ын мөрдөн байцаалтад өгсөн : “Б нь миний найз, ганцаараа тэнүүчилж амьдардаг, амьдрах орон гэр байхгүй тул орцны пудболд амьдардаг ганц бие хүн юм. Архи дарс уугаагүй байхдаа энгийн, даруухан, ажилсаг зантай бөгөөд архи уухаараа хулгайлах гэмт хэрэг, зөрчил үйлддэг. Өөр ямар нэг муухай зан ааш байдаггүй. Хүнтэй зөв боловсон харьцдаг, ажилласаг хүн юм. Эрхэлсэн ажилгүй, орлогогүй, хоол олдохоор идчихдэг, хүнээс мөнгө төгрөг гуйдаг, заримдаа ганц нэг удаа хар ажил хийдэг, түүгээр олсон мөнгөөрөө хоол, архи авч хэрэглэдэг, сольж өмсөх хувцас цөөхөнтэй, амьжиргааны түвшин доогуур ядуу амьдралтай, ямар ч эд хөрөнгөгүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,   

            гэрч Н.Н-ийн өгсөн: “Б нь миний хадам дүү юм. Би Б-ын ахтай 1994 онд гэрлэсэн ба түүнээс хойш буюу Б-ыг хүүхэд байх цагаас нь мэддэг болсон юм. Б хүүхэд байхдаа сэргэлэн цовоо, гарын ур дүйтэй, ажилсаг хүүхэд байсан. Б хүнтэй гэрлэж байгаагүй, ганц бие хүн бөгөөд манай хадам аавын гэрт Б амьдарч байгаад гэрээ дотроос нь шатаачихсан. Түүний дараа өөрөө Нийгмийн халамжаас бичиг баримт хөөцөлдөж байгаад 800.000 төгрөг авсан ба надад 650.000 төгрөг авч ирж өгөхөөр нь нөхөр Батхуяг бид хоёр гэр худалдаж авч өгсөн. Тэгээд нөхөр бид хоёрыг хот яваад ирэх хойгуур тухайн гэрийг зарчихсан байсан. Одоо гэр оронгүй, тэнэмэл амьдралтай байдаг. Б хулгай хийгээд байдаг бөгөөд олон удаа хулгайлах гэмт хэрэг хийж ял шийтгүүлж байсан юм. Б даруухан, ажилсаг зан ааштай хүн бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг. Архинд донтсон, маш их хэмжээгээр хэрэглэдэг. Одоо хаагуур юу хийж амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Хааяа манай гэрээр ирдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

               Шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг тоотод оршин суудаггүй, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй, өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа тэнүүчилж амьдардаг болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Улаангом сумын 10-р багийн Засаг даргын 2018.08.20-ны өдрийн 1622 тоот тодорхойлолт, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018.07.31-ний өдрийн 407 тоот тодорхойлолтоор тус тус нотлогдсон.

              Шүүгдэгч Ж.Б урьд нь удаа дараа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг  үйлдэж, шүүхээс  ял шийтгүүлж байсан байх бөгөөд хамгийн сүүлд  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан дараа дээрхи гэмт хэргийг үйлдсэн байгааг  дурдах нь зүйтэй байна.

           Хохирогч С.Ж-гийн гэрээс хулгайлагдсан мөнгөн хазаарыг эрх бүхий цагдаагийн албан хаагч Ж.Б-с хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн нь эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Б-с гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

 

               Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч Ж.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

                Шүүгдэгч Ж.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Б-ын эзэмшлийн 1 хос гутал /пүүз/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Ж.Б-т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.                  

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                1. Шүүгдэгч Б ургийн овогтой Ж-гийн Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

                  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

                 4. Шүүгдэгч Ж.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

                    5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Б-ын эзэмшлийн 1 хос гутал /пүүз/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АЛТАН