Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 926

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Х....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт ...ын ...өд холбогдох 1808035021043 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгин овогт ...ын .../.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Х....нь Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороонд байрлах цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Д....гийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Шүүгдэгч Х....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би хорооны цагдаагийн байранд очсон чинь ... ах байцаагчийн өрөөнд орж ирээд над руу хараад чи ахыгаа дуудчихсан юм биш үү гэж асуухаар нь би та манайхаас юм авчихсан юм биш үү гээд асуухад үгүй гэхээр нь авчихсан л байна лээ шүү дээ гэж хэлээд та ер нь намайг үнсэнэ гээд байдаг одоо үнсэх үү гэсэн чинь тэгье гээд духан дээр үнссэн. Миний уур хүрээд өөрийн мэдэлгүй гар утас барьсан байсан гараараа ... ахыг цохичихсон байна лээ. Би бол яг нарийн сайн санахгүй байгаа юм аа. Цохисны дараа харахад баруун хөмсөгнөөс цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 65 х/,

2. Шүүгдэгч Х....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх гараашинд байсан юмаа алдчихаад хорооны цагдаад мэдэгдээд, цагдаа авч ирэхэд ... “би аваагүй, чи балай юм уу? өрөөл татанхай минь” гээд байсан. Би тэгээд бичлэг хийгээд цагдаад аваачиж өгсөн. “CD” дээр ч гэсэн бичиж авсан. Мэдүүлэг өгч байхад ... орж ирсэн. Өмнөх өдөр нь нүүхдээ намайг гэр рүүгээ оруулахгүй байсан. Би “бүтэн жил амьдарчихаад гарахдаа түлхүүрээ аятайхан хүлээлгээд өгчих” гэж ...д хэлсэн чинь “битгий солиороод бай, нүүхээрээ чамд хэлнэ” гэж хэлсэн. Намайг юм хэлэхээр дандаа “би мэдэж байна” гэдэг байсан. Өмнөх өдөр нь таарахдаа намайг гэрийн үүдэнд дуудсан. “Явж байгаа нь хүртэл хөөрхөн, үнсье” гээд хэл амаар доромжлоод байсан. Маргааш нь би цагдаа дээр очиход дахиад намайг үнсье гээд байхаар нь арай доромжлоод байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд уур хүрээд цохичихсон ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

3. Хохирогч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Уг өдөр нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байсан. Ер нь бол би энэ ...гэх залуугийн өвлийн байшин, хашааг нь нэг жилийн хугацаатай сарын 100,000 төгрөгөөр хөлсөлж суудаг байсан, хугацаа дуусаад нүүсэн юмаа. Өмнө нь би мэдүүлэгтээ хэлсэнчлэн 1 жилийн хугацаанд хашаа байшинг нь хөлсөлж суусандаа ...гэх залууд баярлаж явдаг байсан. Өмнө нь би тэр залууд баярлаад үнсэнэ талархана гэж хэлж байсныг маань л мушгиад ч юм уу, өдөөд ч юм уу тэр хорооны байранд байхад л ...намайг та үнсэх үү, одоо намайг үнсэх үү гэхээр нь би тэгье гэж хэлээд баруун хацар дээр нь үнссэн. Ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл огт байхгүй, удаагүй гэнэт л миний баруун нүд рүү гараараа цохих шиг болсон чинь миний хөмсөгнөөс цус гоожоод эхэлсэн. Нэлээд их буюу 200 грамм цус алдсан. Тухайн үед хэсгийн байцаагч болон бас нэг өөр бор цагдаа байсан бөгөөд ...ийг чи яаж байгаа юм бэ гээд салгаад авсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

 

4. Гэрч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... ......д үнсүүлнэ, ахаа та яагаад тэгэж байдаг юм бэ? гэх зэргээр энгийн яриа өрнүүлж байсан. ......д ойртож байгаад үнсүүлнэ гэсээр байгаад үнсүүлж байсан. Би ...д гаргасан гомдол мэдээллийг хүлээж авсан хуудсаа гаргаж байхад ..., ...г цохисон байсан. Би ...ийг холдуулаад харахад ...гийн баруун нүдний дээд хэсэг хөмсөг хавьцаанаас нь цус гоожиж байсан. Би цусыг тогтоохоор хамт байсан сонсогчдоо тусал гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 15-17 х/,

 

5. Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би илтгэх хуудас бичих зуурт хэсгийн байцаагч тэр хүнээс мэдүүлэг авч байсан. Нэрийг нь ...гэдэг хүн байсан. Тэр хүн хашаагаа түрээслүүлээд эд зүйлээ алдсан талаар ярьж байсан. Хэсгийн байцаагч холбогдогч болох хүнийг дуудаж ярилцаж байх зуур ...нь холбогдогчид үнсүүлнэ гэж яриад үнсүүлээд суух зуурт нь толгойн тус газарт нь цохисон. Тэр хоёрыг салгаад хартал баруун хөмсөг дээрээс нь цус урсаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,

 

   6. Гэрч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гомдол гаргаж байсан иргэн ......г одоо духан дээр үнсээч гэж хэлсэн ... үнсээгүй байж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болох шинжгүй  байсан. ...дахин нэг үнсүүлий гэж гуйгаад үнсүүлсэн тэр зууртаа ...гийн толгойруу цохисон Бид юу болов гээд босоод салгаад хартал ...гийн хөмсөг задарсан байдалтай цус гарч байсан. ...ийг хартал гартаа барьсан гар утсаараа цохисон байсан .  ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

 

   7. Гэрч Ө....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гомдол гаргаж байсан иргэн ......г одоо духан дээр үнсээч гэж хэлсэн ... үнсээгүй байж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болох шинжгүй байсан. ...дахин нэг үнсүүлий гэж гуйгаад үнсүүлсэн тэр зууртаа ...гийн толгойруу цохисон. Бид юу болов гээд босоод салгаад хартал ...гийн хөмсөг задарсан байдалтай цус гарч байсан ...ийг хартал гартаа барьсан гар утсаараа цохисон.  ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,

 

8. Шинжээчийн 9070 тоот дүгнэлт

1.Д....гийн биед баруун хөмсөг, баруун нүдний зовхинд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлеөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/,

 

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын 722 дугаар дүгнэлт:

            1.Х....нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2.Х....нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.Х....нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Х....нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

5.Х....нь хэрэг харуцах чадвартай байна. гэх дүгнэлт /хх 37-39 х/,

 

  1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50 х/

11. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 44 х/

12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 х/

13. Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 48 х/

14. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 49 х/

15. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 51 х/

16. Хохирогчийн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй тухай бичгээр гаргасан

хүсэлт /хх 57 х/  

17. Х....ийн эрүүл мэндийн талаарх мэдрэлийн эмчийн тодорхойлолт

/хх 52 х/ зэрэг болно.

 

            Нотлох баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х....нь Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороонд байрлах цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Д....г хөлсөлж байсан байрнаас нүүхдээ гэрийн эд зүйл авч явсан” гэх асуудлаар гомдол гарган шалгуулж байх үедээ “түүнийг өөрийг нь үнслээ гэх асуудлаар” шалтаглан нүүрэн тус газарт нь гар утсаар цохиж эрүүл мэндэд нь  “баруун хөмсөг, баруун нүдний зовхинд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д....гийн “... удаагүй гэнэт л миний баруун нүд рүү гараараа цохих шиг болсон чинь миний хөмсөгнөөс цус гоожоод эхэлсэн. Нэлээд их буюу 200 грамм цус алдсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

            - Шүүгдэгч Х....ийн “... ... ах байцаагчийн өрөөнд орж ирээд над руу хараад чи ахыгаа дуудчихсан юм биш үү гэж асуухаар нь би та манайхаас юм авчихсан юм биш үү гээд асуухад үгүй гэхээр нь авчихсан л байна лээ шүү дээ гэж хэлээд та ер нь намайг үнсэнэ гээд байдаг одоо үнсэх үү? гэсэн чинь тэгье гээд духан дээр үнссэн. Миний уур хүрээд өөрийн мэдэлгүй гар утас барьсан байсан гараараа ... ахыг цохичихсон...” гэх мэдүүлэг /хх 65 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Ч....ийн “... ..., ...г цохисон байсан. Би ...ийг холдуулаад харахад ...гийн баруун нүдний дээд хэсэг хөмсөг хавьцаанаас нь цус гоожиж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-17 х/,

- Гэрч Г....ын “... ...нь хэрэгт холбогдогчид үнсүүлнэ гэж яриад үнсүүлээд суух зуурт нь толгойн тус газарт нь цохисон. Тэр хоёрыг салгаад хартал баруун хөмсөг дээрээс нь цус урсаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,

   - Гэрч Т....ын “... хартал ...гийн хөмсөг задарсан байдалтай цус гарч байсан. ...ийг хартал гартаа барьсан гар утсаараа цохисон байсан .  ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

   - Гэрч Ө....ийн “... Бид юу болов гээд босоод салгаад хартал ...гийн хөмсөг задарсан байдалтай цус гарч байсан ...ийг хартал гартаа барьсан гар утсаараа цохисон.  ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,

- Шинжээчийн 9070 тоот дүгнэлт

            1.Д....гийн биед баруун хөмсөг, баруун нүдний зовхинд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлеөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүгдэгч Х....ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч Х....нь хохирогч Д....гийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 31 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

Шүүгдэгч Х....нь “үнслээ гэх” асуудлаар шалтаглан гартаа байсан гар утсаар хүний нүүрэн тус газар цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Д.... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний бичгээр гаргасан  хүсэлт /хх 57 х/-ээр тогтоогдсон тул Х....ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Х....өд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа, тархины цус харвалтын улмаас мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.          

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржгин овогт ...ын ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ийг 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Х....өд үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х....өд мэдэгдсүгэй.

 

          5.Х....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ