Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

             Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

            Хэлмэрч: Ж.С.

           Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой Ц.Г-д холбогдох эрүүгийн 18350026000154 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1,Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 13-19а тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсгээр 6 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1дэх хэсгүүдэд зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлж өршөөгдсөн, мөн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж ялаа эдэлсэн, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоног баривчлах ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, РД:…........., Т ургийн овогтой Ц.Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах хохирогч Ц.Ө-ын гэрээс iphone 7” загварын гар утас хулгайлж 1227000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

            мөн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 1-02 тоот байшинд нэвтэрч хохирогч У.Б-ийн 42 размерын цаа бугын арьсан гутал /1 хос / хулгайлж, 756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

             мөн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 13-19 тоот хашаанд байрлах хохирогч У.Бийн гэрээс 4.5x1.5 хэмжээтэй, улаан шар өнгийн хээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 1.6x2.4 хэмжээтэй, ногоон өнгийн хээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 2x1.3 хэмжээтэй шар улаан өнгийн хивс 1 ширхэгийг тус тус хулгайлж, 369000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 1-02 тоотод байрлах байшинд нэвтэрч хохирогч Ц.Ө-ын “iphone 7” загварын гар утас хулгайлсан гэмт хэрэг,

мөн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 13-19 тоот хашаанд байрлах хохирогч У.Бийн монгол гэрт нэвтэрч 4.5x1.5 хэмжээтэй, улаан шар өнгийн хээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 1.6x2.4 хэмжээтэй, ногоон өнгийн хээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 2x1.3 хэмжээтэй шар улаан өнгийн хивс 1 ширхэгийг хулгайлсан гэмт хэрэг,

            мөн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 1-02 тоот хашаанд байрлах байшинд нэвтэрч хохирогч У.Б-ийн цаа бугын арьсан гутал /1хос/ хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

хохирогч Ц.Ө-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 4-ний өдөр миний iphone 7 маркийн гар утас алга болсныг мэдээд би өөрийн төрсөн ах Ц.Г рүү чат бичиж “чи яагаад миний гар утас хулгайлсан юм” гэхэд ах Гээс “би согтуу, муу байсан” гэх хариу өгсөн. Тэгээд над руу чатаар гар утас зарсан хүний зургийг мөнгөн дүнтэй нь явуулсан байсан. Би тухайн хүний зургаар нь хайж олж уулзаад тэр хүнээс Г ах гар утас хэзээ зарсан талаар асуухад “энэ утсыг барьж ирчихээд 100.000 төгрөгөөр худалдана гээд, сүүлдээ 60.000 төгрөгөөр худалдана, авчих гээд байхаар нь би авчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд би 60.000 төгрөгийг тэр Зоригоо гэх залууд өгөөд өөрийнхөө Iphone 7 маркийн гар утсыг буцааж авсан. Г ах Тээврийн хорооны 6-р баг 13-19 тоот хашаанд байрлах аавын гэрт ганцаараа амьдардаг. 2015 оноос хойш манайд хааяа ирж хонож өнжөөд явдаг юм. Би тусдаа гарсан, эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Г ах өмнө нь зөндөө олон удаа хулгай хийж байсан учир бид түүнээс болгоомжилдог, хамт амьдардаггүй, манай эхнэр дургүйцээд Ц.Г ахыг гэртээ байлгахгүй гэж хэлсэн. Г ах ганц бие, Увс аймгийн Улаангом сумын 6-р багт бүртгэлтэй байдаг. Г 2018 оны 05 дугаар сарын эхээр надаас манай гэрийн цоожны кодыг асуугаад байсан болохоор би эхнэрээсээ нууцаар хаалганы цоожны нууц кодыг хэлсэн. Г нь урьд өмнө манай гэрээс хулгай хийж байсан тул гэрийн цоожийг нууцлаад хэлдэггүй байсан. Г бид нартай байнга амьдардаггүй, гадуур хүмүүстэй архи ууж явдаг, заримдаа грүппынхээ мөнгийг зээлээр аваад Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотоор хэсээд явчихдаг. Мөнгө дуусахаар Улаангом суманд ирдэг юм шиг байна лээ. Манайд хааяа ирж хэд хонодог, заримдаа цайны цагаар ирээд цай уучихаад гараад явчихдаг. Тухайн үед би Ц.Г-д цоожны кодыг хэлээгүй байсан бол манай гэр лүү орж хулгай хийхгүй байсан. Би ах Гэд цоожны код хэлсэн талаараа эхнэр Б-т сүүлд хэлсэн. Ц.Г нь аавтай хамт амьдарч байхдаа гэр орноосоо эд зүйл хулгайлаад зарж борлуулаад мөнгийг нь хэрэглэдэг байсан. Манай аав Ц нас барсны дараа үлдсэн шинэвтэр гэрийг мөн зарчихсан байсан. Түүнээс хойш би уурлаад манайд ирэхээр нь би гэрээсээ хөөдөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14х/,

гэрч У.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 05 дугаар сард хэдний өдөр болохыг сайн санахгүй байна, манай нөхөр Ц.Ө над руу гар утсаар яриад “миний гар утсыг харсан уу?” гэхэд би хараагүй гэж хэлсэн. Манай нөхөр Ц.Ө тухайн үед өөрийн гар утсаа гэрт хувцасны тавилганы дээд хэсэгт байсан цагаан сарын дээлний доор  хийчихсэн байсан гэж хэлсэн. Тэгээд Ө Г ахтай утсаар чатаар холбогдоод харилцаад байсан. Түүний дараа Г ах манай нөхөр Ө-ын фасебоок хаяг руу өөрийн хаягаас мессенжерээр Өын гар утас зарсан гэх хүний зураг, 60000 төгрөг гэсэн мессеж явуулсан байсан ба түүнийг харахад Ө энэ хаана ажилладаг ямар хүн билээ гээд надаас асуусан, би тухайн зургийг харахад манай ангийн хүүхдийн аав З гэх үсчинээр ажилладаг залуугийн зураг байсан. Тэгээд манай нөхөр З гэх залуутай уулзаж, түүнд  60.000 төгрөг өгөөд гар утсаа авсан. Iphone 7 маркийн гар утсыг манай нөхөр Ц.Ө-ын хүргэн ах Б Америкаас явуулж байсан. Г ахыг амьдрах газар байхгүй болохоор 2015 оноос хойш гэртээ амьдруулж байсан юм. Сүүлд буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш манай гэрт ирээгүй байсан. Манай гэр кодтой цоожтой байсан ба түүнийг Ц.Г ах мэддэг, гэр бүлийн хүмүүс мэддэг, өөр хүн мэддэггүй байсан. Манай хадам ах Ц.Г 2014 онд манай гэрээс миний эзэмшлийн зурагт хулгайлж зарсан байсан ба баригдаж цагдаагийн байгууллагад шалгагдаж 2 жил хорих ялаар шийтгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

хохирогч У.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим хадам эгч болон хүүхдүүдийн хамт Тээврийн хороонд байх өөрийн монгол гэртээ очоод хүүхдүүдээ агаарлуулаад тэнд хоол хийж идээд 20 цагийн орчим өөрийн төрлийн Улаака гэх дүүтэйгээ хамт байшиндаа ирэхэд манай байшингийн ертөнцийн зүгээр урагшаа харсан цонх нээлттэй, торон халхавчийг нь задлаад хаячихсан байсан. Мөн цааш нь харахад унтлагын өрөөний цонх бас нээлттэй байсан. Гэрийн дотор эмх цэгцтэй байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаагийн алба хаагчид ирэхээс өмнө эд зүйлээ бүртгэж үзэхэд 2018 оны 02 дугаар сард нөхөртөө авч өгсөн цаа бугын арьсан гутал байхгүй байсан. Тухайн гутлыг би 850.000 төгрөгөөр авсан ба манай нөхөрт багадаад хөлийг холгоод байхаар нь би өөрөө өмсөж байсан, миний гутал юм. Тухайн гутлыг хамгийн сүүлд 4 сард өмссөн. Гэрээс гутлаас өөр хулгайлагдсан зүйл байхгүй байсан. Хулгайд алдагдсан гэх цаа бугын арьсан гуталны түрийний дотор тал нь бор өнгөтэй, шилбэнээс дотогш цагаан өнгийн нэхий дотортой, бор цоохор өнгөтэй, улны шаглаа буюу оёдол нь хол зайтай, бугын эвэр бүхий дүрслэлтэй, бор өнгийн түрийний эмжээртэй гутал байсан. Уг гутал нь 42 размер боловч өмсгөл жижигтэй гутал байсан. Өөр онцлог содон шинж тэмдэг байхгүй. Надад гомдол санал хүсэлт байхгүй, хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. Би хадам ах Ц.Г-ийг сэжиглэж байна. 2015 онд шоронгоос гарч ирснээс хойш манай гэрт амьдарч байгаад 2018 оны 05 дугаар сарын 01-нээс хойш манай гэрээс гарч явснаас хойш дахин ирээгүй, бид нартай хамт амьдраагүй, гадуур амьдардаг. Энэ хүн хулгайлсан байж болзошгүй урд өмнө хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117х/,

хохирогч У.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой Ц ахын гэрт орчихоод манай гэрт хүн ирнэ гэхээр нь гэрээс ороод хөнжлийн даавуу, дэвсгэр даавуу авчихая гэж ярилцаад манай нөхөр Ө гэртээ ороход гэрийн хананы дотор талд өлгөсөн байсан 5 метр урттай 1,7 метр өндөртэй шаргал өнгөтэй хивс, ойролцоогоор 2,5 метр урттай, мөн 1,7 метр ногоон цоохор, шар цоохор 2 ширхэг, нийтдээ 3 ширхэг хивс алга болсон байсан. Гэрийн хаалганы цоожны цүүг муруйлгаад эвдэж орсон байсан гэж хэлсэн. Би хэзээ аваад явчихдаг юм бол гэхэд гэр барих үед байсан юм гэж хэлсэн. Ө гэр лүү орохдоо хамаатны Билгүүн гэх хүүхэдтэй хамт орсон ба гэр барих үед Билгүүнтэй хамт засаж, барьсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163х/,

гэрч Ц.Ө-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед манай эхнэр У.Б бид нар тээврийн хороо 13-19а тоот хашаандаа очоод гэртээ орсон, тэгтэл манай эхнэр Б хивс байхгүй байна гэж хэлсэн.  Намайг гэр барьж байх үед хивс харагдаж байсан ба гэрт хивс байрлуулах зэрэг гэрийн ажлыг манай эхнэр хийдэг байсан. Тухайн гэр монгол цоожтой байсан ба бид нарыг очиход цоожийг нь мушгиж, цүүгээр нь хаалгыг онгойлгосон байсан. Тэгээд эхнэр бид хоёр хивсийг тоолж үзэхэд 5x1.7 метр хэмжээтэй Эрдэнэт монгол хивс улаан өнгөтэй, шоо хэлбэрийн дүрстэй, 2.5x1x5 метрийн хэмжээтэй алхан хээтэй ногоон өнгийн Эрдэнэт хивс ширхэг, 2.5x1x5 метрийн хэмжээтэй алхан хээтэй шар өнгийн Эрдэнэт хивс 1 ширхэг нийт 3 ширхэг хивс алга болсон байсан. Тухайн хивсийг 2013 онд У.Б бид хоёр гэрлэж байх үед манай эхнэрийн талын ах дүү нар эхнэрт бэлэг болгож өгч байсан юм. У.Бийн эзэмшлийн хивс байсан. Тэгээд бид хоёр манай төрсөн ах Ц.Г-ийг авсан гэж таамаглал дэвшүүлээд олж уулзахаар болсон. Манай төрсөн ах Г нь манай гэрээс миний гар утсыг хулгайлж байсан, урьд өмнө манай гэрээс зурагт хулгайлаад цагдаагийн байгууллагаар шалгагдаж шийтгэл авч байсан учраас Г-ийг авсан гэж бодсон. Уг хашаанд манай аавын гэр, манай гэр 2 хамт байдаг. Эхнэр бид хоёр 7 дугаар сарын 1-ний өдөр хашаандаа очиж гэртээ цэвэрлэгээ хийсэн ба тэр үед хивснүүд хананд өлгөөтэй байсан гэж эхнэр хэлсэн, би тухайн үед анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172х/,

 

гэрч Б.З-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 05 дугаар сард байх, би ажил дээрээ байхад манай ажлын газар нэг үл таних хэлгүй хүн орж ирээд надад, iphone 7 маркийн гар утсыг үзүүлээд газраас олж авсан гэж газар луу заагаад байсан болохоор нь би газраас олж авсан юм шиг байна гэж бодсон. Би тэр хүнтэй сайн ойлголцохгүй байсан, харин манай ажлын Г ойлголцоод ярилцаад хүний халааснаас авсан юм биш биздээ гээд халаас руу гараа хийж үйлдэл хийж үзүүлэхэд үгүй гээд толгой сэгсрээд, газар луу заагаад байсан. Г надад “газраас олж авсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд хэдэд өгөх гээд байгаа нь мэдэгдэхгүй, арван хуруугаараа дохиод байсан, би 100.000 төгрөг гэж бодоод тийм мөнгө байхгүй 60.000 төгрөгөөр авъя гэж гээд хуруугаараа заасан. Тэгтэл тэр хүн толгой сэгсрээд арван хуруугаар заахаар нь би гараад яв гээд гараараа дохьсон. Тэгтэл надад 60.000 төгрөгөөр ав гэсэн тул худалдаж авсан. Би тухайн утсыг хулгайн гар утас гэж мэдээгүй, олж авсан юм байх гэж бодоод худалдаад авчихвал нэлээд үнэ хүрэх байх гэж бодсон юм. 3-4 хоногийн дараа Нархан цэцэрлэгийн үүдэнд үл таних залуу дуудахаар нь очиж уулзахад “манай ах гэрт байсан гар утас таньд өгсөн байна” гэж хэлээд чатаар явуулсан мессежүүдийг надад уншуулсан, тухайн гар утсанд байсан мессежийг би уншихад миний зураг 60.000 гээд биччихсэн байсан. Тэгээд би хулгайн гэж мэдээгүй, надад олж авсан гэж хэлсэн, ав ав гэж хэлээд би 60.000 төгрөгийг бэлнээр тэр танихгүй залуугаас аваад гар утсыг нь буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

гэрч Ж.Г-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 05 дугаар сарын эхээр манай ажил дээр З, Н бид гурав ажлаа хийгээд байж байтал гаднаас хэлгүй Ц.Г нь iрhоnе 7 маркийн гар утас бариад орж ирсэн. Орж ирээд З ахыг дохиогоор 100.000 төгрөгөөр авчих гэсэн ба би урьд өмнө хэлгүй айлд амьдарч байсан учраас дохио зангаагаар бага зэрэг мэддэг тул Ц.Г-тэй харилцаж ярилцахад тухайн утсыг 100.000 төгрөгөөр авчих, мөнгөний хэрэг байна гэсэн. Чи хаанаас олж авсан юм, хулгайлсан юм биш биздээ гэхэд би зах дээр уначихсан байсныг олж ирсэн, хулгай хийгээгүй гэж хэлсэн. Зоригоо ах тухайн гар утсыг Ц.Г-ээс 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Ц.Г манай ажлын газар ганцаараа орж ирсэн ба согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай архи бага зэрэг үнэртэж байсан. Тэгэхээр нь би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж бодсон. Хулгайн гар утас биш биздээ гэхэд надад захаас олж авсан гэхээр нь би энэ тухай З ахад хэлээд З ах мөнгөөр худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/

гэрч Б.Н-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 05 дугаар сарын эхээр манай ажил дээр манай нөхөр З болон ажилтан Г бид гурав ажиллаад байж байтал гаднаас хэлгүй Ц.Г гэгч залуу  орж ирсэн. Тэгээд нэг iphone 7 маркийн гар утас зарна гээд дохиогоор харилцаад байсан. Би тэр үед үс засаж байсан.Г ойлголцоод ярихад зарах гэж байгаа гэнэ гэхэд би “хулгайн юм бишүү” гэхэд үгүй ээ газар луу зааж байна, газраас олж авсан, захаас олж авсан гэж хэлээд байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр З хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг асуухад 100.000 төгрөгөөр зарна гэж байна гэж Г хэлсэн ба Г гэх залуу 10 хуруугаараа заагаад байсан. Манай нөхөр З тухайн гар утсыг хулгайлж авсан уу? гэж үйлдлээр үзүүлэхэд үгүй гэж толгой сэгсрээд байсан, тэгээд З 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн залуу мөнгөө авчихаад манай ажлын газраас гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

 

насанд хүрээгүй гэрч Б.Б-ий хэрэг бүртгэлтэд өгсөн: “ ...2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр байх, би нагац ах Өын хашаанд байгаа баруун талын гэрийг Ө ах, Гантогтох бид гурав шинэчилж барьсан юм. Хашаан дотор байхдаа би зүүн талд байх Ө ахын гэрийн хаалгаар харахад гэрт хивс хананд өлгөсөн байсан. Би гэрлүү ороогүй гаднаас хаалгаар харсан юм. Хананд өлгөсөн хивс байсан. Би шар өнгийн хивс байсныг харсан. Ямар брендийн хивс байсныг мэдэхгүй байна. Тухайн хивсийг гэрийн дотор талын хананд тогтоосон байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 173-р х/,  

иргэний нэхэмжлэгч Ж.С-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 20-ны үед байх, өглөө 7-8 цагийн орчим нөхөр О, бага хүү Ганзоригийн хамтаар гэртээ байхад зүс таних нэг залуу манай хашаа даваад орж ирсэн. Тухайн залуу шар царайтай, зүс таних залуу байсан ба тэрээр буцаж хашаан хаалгаар гарч гаднаас цааны арьсан бор өнгөтэй үстэй гутал авч ирсэн. Тэр хэлгүй учраас цаасан дээр бичиж харьцсан юм. Энэ гутал 50.000 төгрөгөөр аваад байж бай, би Өмнөговь сумын баяр үзчихээд буцаж ирээд мөнгөөр нь авна гэж хэлээд тухайн гутлыг үзүүлээд, гутлын түрийнд байсан 5 ширхэг ноосон оймсыг гаргаж тоолоод үзүүлээд буцаагаад хийгээд өгсөн. Би тухайн үед мөнгө хэрэгтэй байгаа юм байна гэж бодоод буцаж ирээд авчих байх гээд 50.000 /тавин мянга/ төгрөг өгсөн. Буцаж ирээд надаас гутал авахдаа 60.000 болгоод өгнө гэж хэлсэн. Би тухайн гутлыг барьцаа болгоод авч үлдсэн байсан. Тэр залуу ирэхгүй байсан ба тухайн гутлыг худалдаж авч байхад хулгайн гутал биш биздээ гэж цаасан дээр бичиж асуухад миний гутал гэж хэлсэн. Тухайн гутал ч эрэгтэй загварын гутал байсан. Би 50000 төгрөгөө нэхэмжилж байна”  гэх мэдүүлэг /хх-ийн 121-122х/,

гэрч Б.Огийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед гэртээ өөрийн эхнэр Ж.С, төрсөн хүү Г нарын хамтаар байтал өглөө 07-08 цагийн орчимд хэлгүй, шар царайтай залуу хашаа давж орж ирээд удалгүй буцаж хашааны хаалгаар гараад буцаж гэрт орж ирэхдээ 1 хос цааны арьсан бор өнгөтэй гутал авч орж ирсэн. Яах гээд байгааг нь мэдэхгүй болохоор цаасаар харьцсан. Цаасаар бичиж харьцахад та нар 50.000 төгрөг өгчих, би Өмнөговь сумын баярт явчихаад буцаж ирээд энэ гутлыг мөнгийг нь өгөөд авна хадгалж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн гутал юм биш биз гэхэд энэ миний гутал гэсэн ба тухайн гутал нь эрэгтэй хүний өмсдөг, эрэгтэй загварын гутал байсан юм. Би авмааргүй байна гэхэд авчих, буцаж гутал авахдаа 60.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр Ж.С 50.000 төгрөг өгөөд нөгөө гутлыг нь авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124х/,  

гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 07 сарын 19-ний өдөр өөрийн бэр эгч Бийн хамт тэдний гэрт очиж хоол унд хийж идээд байж байгаад 20 цагийн орчим Б эгчтэй хамт байшин руу нь явсан. Бид хоёр Б эгчийн гэрт очоод Б эгч хаалгаа онгойлгож гэрлүү нь ороход унтлагын өрөө болон зочны өрөөний цонх нээлттэй байсан. Тэгээд Б эгч эд зүйлээ бүртгэж үзэхэд хувцасны шкафанд нь байсан цаа бугын арьсан гутал байхгүй байсан. Б эгч цагдаа дуудаад удалгүй хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 125-р х/,

гэрч Ц.Ө-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 20-нд манай гэрээс цааны арьсан гутал хулгайлагдсан талаар Улаанбаатар хотод байхдаа мэдсэн ба түүнийг манай төрсөн ах Ц.Г хулгайлсан гэж бодсон. Тухайн цааны арьсан гутлыг манай эхнэр У.Б 800.000 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сард худалдаж авч надад бэлэглэсэн. Би тухайн цааны арьсан гутлыг нэг өдөр өмсөөд хөл бариад, холгохоор нь өөрийн эхнэр У.Бт өгсөн ба эхнэрийн өмсөж хэрэглэж байсан гутал юм. Тухайн цааны арьсан гутлыг зарах гэсэн боловч авах хүн олдохгүй болохоор нь зараагүй, Б өмсөж хэрэглэж байсан, түүний гутал  юм. Тухайн гутлын гадна талын хэсэг нь цаа бугын арьсаар хийсэн, бор саарал өнгийн үстэй, түрийний доод хэсэгт цагаан өнгийн нэхий дотортой, түрийний хэсэгт хөх өнгийн дотортой, гутлын улны хэсэгт нь хар өнгийн хатуу хуванцар материалаар хийсэн гутал байсан”  гэх мэдүүлэг / хх-ийн 126-р х /,

иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 01-02-ны өдөр ойролцоогоор 10 цагийн орчимд өдөр Нгийн гэрт ороход Н, нөхөр Гийн хамт, мөн шар царайтай танихгүй залуу нар байсан. Тэгээд тэд “энэ залуу энэ улаан хивсийг 40.000 төгрөгөөр зарна гэж байна гэхээр нь би ямар учиртай болохыг асуухад Н цагдаа дээр мотоциклио журамлуулсан, яаралтай авмаар байна гэж бичиж үзүүлсэн гэсэн тэгэхээр нь би өөрт байсан 20.000 төгрөг өгөөд, дахиад 20.000 төгрөгийг үдээс хойш гэрт байхад манай гэрт хэлгүй шар залуу ороод ирсэн. Би хүнээс 20.000 төгрөг авчихсан байсан ба түүнийгээ тэр залууд өгөөд явуулсан. Тухайн хивсийг би дэвсэж хэрэглээгүй, ороосон хэвээр хадгалж байсан. Ямар учиртайг нь мэдэхгүй, монгол хивс байсан. Би хулгайн хивс гэж мэдээгүй, тухайн хэлгүй залуу манай найз Эрдэнэтээс явуулсан дахиж явуулна гэсэн гэжд хэлсэн байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 166-167х/,

иргэний нэхэмжлэгч С.Н-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 02-ны үдээс хойш манай гэрт хэлгүй Г ганцаараа орж ирсэн ба тэр улаан өнгийн ороосон хивс авч орж ирээд энийг зарна гэж хэлсэн. Тэгэхээр бид нарт мөнгө байхгүй авахгүй гэхэд манай найз Эрдэнэтээс явуулсан юм, дахиад бас байгаа гэж хэлсэн. Тэгээд би авахгүй, мөнгө байхгүй гэж хэлээд байж байтал манай хажуу айлын Буяа эгч орж ирээд тухайн хивсийг сонирхоод худалдаж авахаар болсон. Бид нараас ямар учиртай хивс болохыг асуухаар нь би цаасан дээр харилцсан, Эрдэнэтээс хивс манай найз явуулсан гэж хэлсэн ба бас дахиад байгаа талаар хэлэхэд Буяа эгч тухайн хивсийг авна гээд Буяа эгчийн гэрлүү орж байсан юм. Тэгээд манай гэрт ороод байж байгаад гараад удалгүй буцаж ирснээ ногоон, шар өнгийн хоёр хивс аваад ирсэн. Тэгэхээр нь бид нар авахгүй гэж хэлсэн. Маргааш нь Г дахиад авч ирсэн, бид нар мөнгө байхгүй, хагас сайн өдөр банк ажиллахгүй байгаа тул авч чадахгүй гэж хэлж байсан. Маргааш дахиад л бариад гүйгээд ирэхээр нь хулгайн хивс байсан бол цагдаа нар барьчихна, ингээд ил бариад гүйгээд баймааргүй юм гэж бодоод ногоон өнгийн хивс, жижиг шар хивсийг хоёуланг нь 60.000 төгрөгөөр авсан юм. Би өөрийн төрсөн охин М-тэй хамт Увс аймаг дахь төрийн банкны төв салбараас очиж мөнгө аваад тухайн хоёр хивсийг худалдаж авсан. Би мөнгөө эхлээд 20.000 төгрөг, дараа нь 30.000 төгрөг өгсөн. 07 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш надаас ирээд 10.000 төгрөг аваад түүгээрээ архи авч уусан гэсэн” гэх мэдүүлэг/ хх-ийн 169-170 х/,

гэрч Ц.Г-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Ө ах 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр манай гэр барьж янзалсан. Түүний дараа Билгүүн, Ө бид гурав Өын аавынх нь гэрийг янзлахаар орсон. Хашаа руу ороод Өын аавынх нь гэрийн дээвэр, туурга, бүрээсийг буулгаж, гэрийн модыг янзлаад буцаагаад гэрээ барьсан. Ойролцоогоор 17 цагийн үед дуусаад Ө-ын гэрийг янзлах гэсэн боловч цаг оройтоод ажилтай байгаад чадаагүй. Өын гэр лүү шагайж үзэхэд гэрийн хананд хивс өлгөсөн,  гэрийн зүүн талд нэг тавилгатай байсан. Тухайн хивс нь ногоон, шар өнгийн хивснүүд байсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 174-175х/,

гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын эхний өдрүүдэд, яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна, ойролцоогоор 07 дугаар сарын 02-ны өдөр хэлгүй Г манай гэрт ногоон өнгийн хивс, шар өнгийн хивс авчирсан. Тэр надад “би найртай, манай ахын найртай мөнгө хэрэгтэй гэж хэлсэн”, түүнээс би хэдээр зарах юм гэхэд нэгийг нь 50.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Би хулгайн юмуу гэж дохиогоор асуухад үгүй тийм байхгүй, Эрдэнэтээс манай найз явуулсан дахиад нэг байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрийгээ бас өгчих гэхэд үгүй тэр хивсийг би найранд өгөх гэж байгаа гэж хэлсэн. Би бэлэн 20.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл мөнгийг яаж өгөх юм гэж ярилцаад манай эхнэр төрийн банкнаас зээл аваад Хас банкны данс руу мөнгийг нь шилжүүлээд Хас банкны АТМ-ээс очиж мөнгө авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178-р х/,

 

  насанд хүрээгүй гэрч Б.М--ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт хэлгүй Г ганцаараа улаан өнгийн ороосон хивс авч орж ирээд энийг зарна гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт манай ээж Н, аав Б бид гурав байсан. Бид нарт мөнгө байхгүй болохоор авахгүй гэхэд манай найз Эрдэнэтээс явуулсан юм, дахиад бас байгаа гэж бичгээр надтай харилцсан. Тэгээд би авахгүй гэж хэлээд мөнгө байхгүй гэж байхад манай хажуу талын Буяа эгч орж ирээд Буяа эгч тухайн хивсийг сонирхоод худалдаж авахаар болсон. Бид нараас ямар учиртай хивс болохыг асуухаар нь цаасан дээр Эрдэнэтээс хивс манай найз явуулсан гэж бичсэн ба бас дахиад байгаа талаар хэлэхэд Буяа эгч тухайн хивсийг авна гээд Буяа эгчийн гэрлүү орж байсан юм. Тэгээд манай гэрт ороод байж байгаад гараад удалгүй буцаж ирснээ ногоон, шар өнгийн хоёр хивс аваад ирсэн. Тэгэхээр нь аав, ээж авахгүй гэж хэлсэн. Тухайн хивсийг хэлгүй Г хоноод маргааш нь дахиад авч ирсэн бид нар мөнгө байхгүй, хагас сайн өдөр банк ажиллахгүй байгаа тул авч чадахгүй гэж хэлж байсан. Маргааш дахиад л бариад гүйгээд ирэхээр нь манай аав, ээж нар хоорондоо ярилцаж байгаад авахаар болсон юм. Ногоон өнгийн хивс, жижиг шар хивсийг хоёуланг нь 100.000 төгрөгөөр авсан юм. Би өөрийн ээж Нн хамтаар хамт Увс аймаг дахь төрийн банкны төв салбараас очиж мөнгө аваад тухайн хоёр хивсийг худалдаж авсан” гэх мэдүүлэг / 179-180х/,

  шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 07 дугаар сарын сүүлээр Б-ийн байшин руу хойд талын цонх нь онгорхой сул байхаар нь би байшин руу цонхоор орсон. Цонхоор ороход орой 19 цаг 30 минут болж байсан байх. Намайг унтлагын өрөө рүү ороход цааны арьсан гутал хувцасны шкабны доод талд байсан. Би өөрийн ягаан өнгийн цамц, хар өнгийн өмдийг өмсөөд өөрийн өмсөж байсан хувцсаа, цаа бугын арьсан гуталтай хамт авч гарсан. Би байшингаас гараад цааны арьсан гутлыг авч яваад тээврийн хороонд хашаан дотор хаячихаад би өөрөө айлын байшинд хоносон. Өглөө нь цааны арьсан 1 хос гутлыг аваад С гэх хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Мөн би 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн Ц.Ө-ын байшин руу цоожны кодоор хаалгыг онгойлгож орсон. Би кодыг мэдэж байсан юм. Ороод унтлагын өрөөнөөс Айпон 7 маркийн гар утсыг хувцасны шкабны дээд талд байхад авсан. Гар утас авахдаа бага хэмжээний архи уусан байсан. Гар утсыг аваад гэрээс гараад үс засдаг газар очоод 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн ба үнийг нь буулгаад 60.000 төгрөгөөр эрэгтэй хүнд зарсан. Зарсан мөнгөөрөө хоол идэж, өөртөө хэрэглэсэн. Мөн 2018 оны 07 дугаар сарын 02-ны шөнө 23 цагт Улаангом сумын 6-р баг 13-19 тоот хашаанд байрлах У.Б-ийн гэрээс 1 ширхэг том хивс хулгайлаад түүнийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эмээд 40.000 төгрөгөөр зарсан. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өглөө 06 цагаас 2 ширхэг хивс У.Бийн гэрээс хулгайлаад 2 хивсийг 50.000 төгрөгөөр зарсан. Гэрийн хаалганы монгол цоожийг эвдээд онгойлгосон. Хивс зарсан хүмүүсийг би сайн танихгүй. 2 ширхэг хивс зарсан Н гэгчийг танина” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

  Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ц.Ө-тай төрсөн ах дүүс байх бөгөөд тэрээр Улаангом сумын 6 дугаар баг 13-19а тоот хашаанд байрлах аавынхаа гэрт ганцаараа амьдардаг гэх боловч дүү Ц.Өын гэрт ирж хонож өнждөг байсан, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш тэднийхээр ирэхгүй байгаа болон Өын байшингийн болон гэрийн цоожны түлхүүрийг Ц.Г эзэмшдэггүй байсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ц.Өын амьдардаг байшинд 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүнгүй байх үед нь хаалганы цоожийг кодоор тайлан онгойлгон орж “Iphone7” маркийн гар утас, мөн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ц.Ө-ын байшинд хүнгүй байх үед байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 размерын цаа бугын арьсан хос гутал /1 ширхэг/, мөн Тээврийн хороо 13-19а тоот хашаанд байрлах Ц.Ө-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн орж 4.5x1.5 хэмжээтэй, улаан шар өнгийн хээтэй, эрдэнэт хивс 1 ширхэг, 1.6x2.4 хэмжээтэй ногоон өнгийн хээтэй, эрдэнэт хивс 1 ширхэг, 2x1.3 хэмжээтэй шар улаан өнгийн хивс 1 ширхэгийг тус тус авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

          Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ц.Ө-ын амьдардаг байшин болон гэрт өмчлөгч, эзэмшигч нь байхгүй эзэнгүй үед хаалганы кодыг тайлах, цонхоор нь нэвтрэх, гэрийнх нь цоожийг эвдэн орох зэрэг хууль бус аргаар нэвтэрч “iphone 7” маркийн гар утас, цаа бугын арьсан гутал, 3 ширхэг хивс хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ц.Г-ийн хулгайлсан “iphone 7” маркийн гар утас 1.227.000 /Нэг сая хоёр зуун хорин долоон мянга/ төгрөгийн, цаа бугын арьсан гутал 756.000 төгрөгийн, 4.5x1.5 хэмжээтэй, улаан шар өнгийн хээтэй, эрдэнэт хивс 177.000 төгрөгийн, 1.6x2.4 хэмжээтэй ногоон өнгийн хээтэй, эрдэнэт хивс 116.000 төгрөгийн, 2x1.3 хэмжээтэй шар улаан өнгийн хивс 76.000 төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн УВ/01/447 дугаартай, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 7 сарын 16, 26, 30-ны өдрийн УВ/01/447, УВ/01/457, УВ/01/460 дугаар “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт”-оор /хх-ийн 28, 129, 186 тал/ тус тус нотлогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас 2.352,000 /хоёр сая гурван зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Г нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй буюу хэлгүй дүлий өвчтэй байх тул хэлмэрч томилж, хэлмэрчээр Ж.С-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагад нийсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Г нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба хэрэг хариуцах чадвартай болох нь Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэц мэдрэлийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар “Ц.Г нь оюуны хөнгөн зэргийн хомсдолтой. Ц.Г нь эхээс гарахын төрөлхийн оюуны хөнгөн хомсдолтой болон хэлгүй дүлий өвчтэй. Уг өвчин нь хөнгөн хэлбэрийн шатанд байгаа. Ц.Г нь болсон явдлыг зөв тусгаж мэдүүлэг өгч чадна. /дохио зангаагаар орчуулагчийн тусламжтай мэдүүлэг өгнө/ Ц.Г нь хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлтээр нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн Хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 2.352.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шалгах ажиллагааны шатанд хулгайд алдагдсан цаа бугын арьсан гутал, 3 ширхэг хивсийг иргэний нэхэмжлэгч Ж.С, Д.Б, С.Н нараас хураан авч, хохирогчид У.Б-т хүлээлгэн өгсөн, мөн хохирогч  Ц.Ө нь өөрийн эзэмшлийн гар утсыг Зоригоо гэх хүнээс 60.000 төгрөгөөр буцааж авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэргийн 107-113, 150, 154-159 дэх талд авагдсан эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогджээ.

Хохирогч Ц.Ө-ын “...би өөрийн гар утсыг Зоригоогоос 60.000 төгрөгөөр худалдаж авсан, энэ мөнгийг нэхэмжилж байна”, иргэний нэхэмжлэгч Ж.С-ийн “...Тухайн гутлыг авахдаа өгсөн 50.000 төгрөгийг нэхэмжилж байна”, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн “...надад энэ улаан хивсийг 40.000 төгрөгөөр зарна, цагдаа дээр мотоциклио журамлуулсан гэхээр нь авсан. Надад 40.000 төгрөгийн хохирол учирсан”, иргэний нэхэмжлэгч С.Нгийн “...ногоон өнгийн хивс, шар жижиг хивсийг хоёуланг нь 60.000 төгрөгөөр авсан, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Ц.Ө-д 60.000, иргэний нэхэмжлэгч Ж.С-д 50.000, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 40.000, иргэний нэхэмжлэгч С.Н-д 60.000 төгрөгийн бодит хохирол тус тус учирсан байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Г-ээс 60.000 төгрөг гаргуулж, Ц.Ө-д, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.С-д, 40.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д, 60.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Н-д тус тус олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Ц.Гийн хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Ц.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Г нь манай төрсөн дүү бөгөөд 1983 онд тус аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн ба багадаа хэлд орж байгаад эмний хордлогоос болоод хэлгүй болсон. Багаасаа юм яриж чаддаггүй болсон. Анх аав, ээж гэж хэлж байсан гэдэг юм. Эмч нь нэг бол хараагүй, нэг бол хэлгүй болно гэж хэлсэн ба хэлгүй болсон талаар манай аав хэлж байсан. Манай дүү Ц.Г-ийг Улаанбаатар хотод байрлах 29-р сургуульд манай ах дүү нар явуулж дотуур байранд амьдруулсан ба дотуур байрнаасаа оргож, траншенд хонож, хулгай хийж, ор сураггүй дэмий тэнсэнээс болоод 2 жил сургаад буцааж Увс аймагт байрлах гэртээ авч ирсэн. Эрдэнэт, Дархан хотын хэлгүй хүүхдүүдтэй хамт оргоод алга болчихдог байсан. Бага байхдаа ээж хаалга цоожлоод мөнгөө тоолж байхад булааж аваад гэрийн тооноор гараад явчихдаг байсан. Маш хурдан хөдөлгөөнтэй ихэвчлэн гэрээсээ хулгайлах гэмт хэрэг хийдэг. Өөр бусад хүмүүсийн зүйлийг хулгайлвал болохгүй, цагдаад шалгагдана гэдгийг мэддэг. Манай аавын гэрээс маш олон зүйл хулгайлж байсан. Би нөхөртэйгээ хамт Улаангом суманд ирэхэд хүүхдийн мөнгө, манай нөхрийн түрийвчинд байсан мөнгөнөөс авчихсан байсан. Эзэмшсэн мэргэжил, боловсрол байхгүй. Зан байдлын хувьд ууртай уцаартай, хоёр нүүртэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин зан ааштай болчихдог. Эрүүл байх үедээ тайван, гэхдээ хүнтэй ууралж харьцдаг. Өөрийн доороо 1 дүүтэй. Ам бүл 1, ганцаараа амьдардаг. Манай төрсөн дүү Ц.Ө-ын гэрт амьдарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

гэрч Б.Б-ий хэрэг бүртгэлтэд өгсөн: “Манай нагац ах энгийн үедээ зүгээр сайхан зан харилцаатай ааштай хүн байсан юм. Хамт гэр орны ажил төрөл хийж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ах дүү, гэр орноосоо эд зүйл хулгайлдаг, түүнийгээ зарж борлуулж олсон мөнгөөрөө өөрөө хэрэглээд мөнгө нь дуусахаараа гэртээ ирдэг гэж би боддог. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ хулгайлах гэмт хэрэг үйлддэг ихэвчлэн өөрийн амьдарч байсан газар, гэр орон, ах дүү нараасаа эд зүйл хулгайлдаг өөр бусад хүнээс эд зүйл хулгайлвал цагдаагийн байгууллагад шалгагдана гэдгийг мэддэг байх. Энгийн үедээ даруухан, дөлгөөхөн зан ааштай, ажилсаг, эв дүй ур чадвар сайтай. Хэлгүй учраас дохиогоор хоорондоо харилцдаг. Надтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарч байгаагүй. Биед өвддөг зүйл байдаг эсэхийг мэдэхгүй, цэргийн албанд явж байгаагүй байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг. Урьд өмнө олон удаа ял шийтгэл эдэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

          Мөн шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 13-19 тоотод оршин суух бүртгэлтэй, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж 409-ээс доош оноотой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа тэнүүчилж амьдардаг болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Улаангом сумын 6-р багийн Засаг даргын 2018.08.14-ны өдрийн 1179 тоот тодорхойлолт, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018.07.31-ний өдрийн 406 тоот тодорхойлолтоор тус тус нотлогдсон.

Шүүгдэгч Ц.Г урьд нь удаа дараа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсан байх бөгөөд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсгээр 6 сар баривчлах ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1, 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж 2006.12.29-ний өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан, Увс аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дэх хэсгээр 3 сар 1 хоног баривчлах ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дэх хэсгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ялаа эдэлж дууссан дараа дээрхи гэмт хэргийг үйлдсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогтой Ц.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гэд хоёр жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ээс 60.000 /жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Ө-д, 50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.С-д, 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д, 60.000 /жаран мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлжгч С.Н-д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Л.АЛТАН