Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/01841

 

 

 

 

 

 

 

 

2026         05           27                                           312/ШШ2026/01841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхсаруул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** тоотод байрлах хаягтай “******* *******” ХХК /РД:*******, утас: *******, 88113468/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** гэх хаягт байрлах “******* *******” ХХК /РД:*******, Утас: *******, *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “59,100,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-нд холбогдуулан 59,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Үүнд: “... “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 13,200,000 төгрөгийн үнэтэй тариалалтын өмнөх хөрс боловсруулалтад ашигладаг ургамал хамгааллын бодисыг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 26,200,000 төгрөгийн тарианы болон рапсны тарималын хог ургамлын эсрэг бодис, нийт 39,400,000 төгрөгийн бодисыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч явсан … хариуцагч нь элдэв шалтаг тоочин гэрээний үүргээ биелүүлэхгүй, худал ярьж, төлбөр төлөхөөс зайлсхийж, одоо огт утсаа авахгүй байх тул бодисын төлбөр 39,400,000 төгрөг,  хугацаа хэтэрсэн алданги 19,700,000 төгрөг, нийт 59,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

2. Хариуцагч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... манай компани 2024 оны намар 136,238.49 тонн будаа хурааж 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-нд хүнсний улаан буудай худалдах-худалдан авах АСТ241112-0547 тоот гэрээ байгуулан тушаасан билээ. Уг улаан буудайны үнэ болох 143,050,414.5 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл тухайн газар гэрээний хугацаанд олговол зохих мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх хүсэлтэй байна. Надад тохиолдсон гарцаагүй байдал болон дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж алданги тооцохгүйгээр үндсэн нэхэмжлэлийг төлөх боломжоор хангаж өгнө үү …” гэжээ. 

3. Нэхэмжлэгчээс “******* *******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар худалдах-худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаар худалдах-худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “******* *******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч компанийн төлөөлөгч Б. иргэний үнэмлэхний хуулбар,

Хариуцагчаас “******* *******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас хариуцагч компанийн улаан буудай нийлүүлсэн төлбөрийн үлдэгдлийн талаарх мэдээлэл, Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мөн хариуцагч компанийн нийт эзэмшиж буй талбайн хэмжээ, улаанбуудай, рапс тариалсан тариалалтын тоон мэдээ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн, “Улаанбаатар *******” ХХК-иас баримт гаргуулах тухай хүсэлтээс нэхэмжлэгч татгалзсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “ ... манай компани “******* *******” ХХК-тай тарианы болон рапс тарималын хог ургамлын эсрэг бодис нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 39,400,000 төгрөгийн бодис нийлүүлсэн. Гэтэл худалдан авагч гэрээний үүргээ биелүүлэхгүй биднийг хохироож байна. Иймд гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болон алданги нийт 59,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч “******* *******” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... Гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх хүсэлтээ байна. Гэтэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь манай компанийн нийлүүлсэн будааний үнэ 143,050,414.5 төгрөгийг өгөхгүй байгаа учир төлбөрийг цаг хугацаанд нь төлөх боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, үндсэн төлбөрийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү ...” гэж үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 13,200,000 төгрөгийн үнэтэй тариалалтын өмнөх хөрс боловсруулалтад ашигладаг ургамал хамгааллын бодис, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 26,200,000 төгрөгийн тарианы болон рапсны тарималын хог ургамлын эсрэг бодис, нийт 39,400,000 төгрөгийн бодис нийлүүлсэн бөгөөд хариуцагч “******* *******” ХХК нь уг бодисыг зарлагын баримтад гарын үсэг зурж хүлээн авсан байна.

4.2. Хариуцагч “******* *******” ХХК нь гэрээнд заасан хугацаанд бодисын үнийг төлөөгүй, зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай гэрээнд хариуцагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

5. Шүүхээс хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал Б.Энхбаярт хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч Б.Энхбаяр нь товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

6. Хариуцагч тал нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан, бодис хүлээн авсан, бодисын хэмжээ болон үнийн талаар маргаагүй бөгөөд зөвхөн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх алдангийг төлөхгүй гэж маргасан.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худадах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 06 дугаар 20-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч “******* *******” ХХК нь тариалалтын өмнөх хөрс боловсруулалтад ашигладаг ургамал хамгааллын бодис, тарианы болон рапсны тарималын хог ургамлын эсрэг бодис худалдан авсан боловч, бодисын үнэ 39,400,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч нийлүүлсэн будааний төлбөр хугацаандаа төлөгдөөгүй үндэслэлээр алданги төлөхөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас ирүүлсэн албан бичгээр “Хангард *******” ХХК нь нийлүүлсэн будааны үнийг бүрэн хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч дараах 3 үндсэн тохиолдолд алдангиас чөлөөлөгдөнө. Үүнд: Давагдашгүй хүчин зүйл, үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйлдэл, гэрээнд тусгасан нөхцөл, харин санхүүгийн хүндрэлтэй байдал болон бусад байгууллагаас нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр аваагүй шалтгаан нь алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.

9. Иймд хариуцагч “******* *******” ХХ-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 39,400,000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн алданги 19,700,000 төгрөг, нийт 59,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,450 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-аас 453,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “******* *******” ХХК-иас 59,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас 453,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ЭНХСАРУУЛ