| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0163/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 173
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Иш ноён овогт Б.Э холбогдох 1828000000148 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас хойш 28 километрт буюу хот хоорондын засмал дээр ******* УБЧ улсын дугаартай Тоёота прадо маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.А , Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Л.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн орчим би хамтран ажилладаг ******* ХХК-ын захирал Б.А болон түүний дүү Б.Э нарын хамт Өмнөговь аймаг руу явсан бөгөөд Б.А гийн компани замын тендерт оролцох гээд намайг хамт явья гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт явж байсан. Тэгээд 06 цагийн үед бид нар замдаа зогсож нойроо сэргээчихээд хөдлөөд удаагүй явж байтал гэнэт л машин хоёр тийшээ холбирч байгаад онхолдсон түүнээс хойш би болсон асуудлыг сайн санахгүй байгаа бөгөөд нэг сэргэхэд эмнэлэгт хэвтсэн байсан... Осол яг яагаад гарах болсон талаар би хэлж мэдэхгүй. Гэхдээ би сүүлд нь Б.Э өөс юу болсон талаар асуухад замд нь чулуу тээглэснээс болоод жолооны хүрдээ буруу дарсан юм шиг байна лээ...Тухайн үед миний толгойны хуйх зүсэгдэж, хүзүүний 1 дүгээр үед хугарсан, зүүн эгэм хугарсан гэж эмч нар хэлсэн. Гэхдээ эмчилгээгээ сайн хийлгэсэн учираас одоо биеийн байдал сайн байгаа...Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч Б.Э ийн хэргийг хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэжээ. /хх-12-13/,
Хохирогч Б.Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн төрсөн эгчийн хүү болох Б.Э , танил эгч Л.А нарын хамт Өмнөговь аймагт тавигдах авто замын тендерт оролцох зорилгоор *******УБЧ улсын дугаартай тоёота прадо загварын автомашинтай Улаанбаатар хотоос Өмнөговь аймагруу гарсан бөгөөд манай дүү Б.Э машин бариад явж байсан харин би унтчихсан байсан бөгөөд гэнэт л машин хоёр талруугаар хүчтэй савалж байгаад онхолдчихсон. Яг юунаас болж осол гарах болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна....Осол гарах үед би унтчихсан явж байсан учираас яг юу болсныг мэдээгүй. Гэхдээ би сүүлд нь дүү Б.Э өөс юу болсон талаар асуухад гэнэт дугуйн доогуур нь нэг юм ороод жолооны хүрдийг нь булаах шиг болсон гэж надад хэлсэн...Уг автомашин нь миний охин болох Б.О ын автомашин байгаа юм...Б.Э нь миний төрсөн эгчийн хүү бөгөөд уг осол нь санамсар болгоомжгүйгээс болсон учираас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Уг хэсгийг хамгийн хөнгөн байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж” гэжээ. /хх-15-16/,
Гэрч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Б.А нь миний ээж харин Б.Э нь манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд бөгөөд бид хоёр үеэлүүд байгаа юм... Ээж үеэл хоёр маань 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг руу авто замын тендерт оролцох ажил гарсан учраас миний автомашиныг аваад явсан тэгээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр осолд орсон гэдгийг нь олж сонссон...Уг автомашиныг манай ээж надад авч өгсөн бөгөөд Б.Э тэй садан төрлийн холбоотой учираас надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... Миний машин 2018 оны тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орсон, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байсан гэж үзэж байна” гэжээ. /хх-23-24/,
Шүүгдэгч Б.Э ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 цагийн үед би Л.А , Б.А нартай хамтаар Прадо маркийн ******* УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу гарсан, явж байх замд шөнө 02 цаг 30 минутын үед Б.А би ядраад байна чи машин жолоодоод яв гэсэн тэгэхээр нь би машиныг жолоодож яваад өглөөний 06 цагийн үед ******* сумаас цааш байсан газарт осол гаргасан, жолоочийн хажуу талын суудалд Л.А эгч, арын суудалд Б.А нар унтаж явж байсан. Л.А эгчийн талын дугуй донслох шиг болоод хажуу талын эсрэг урсгал руу шарваад орсон жолоогоо буцааж эгнээ рүүгээ оруулах гэж байгаад сандарсандаа хэтэрхий дарсан чинь шарвасан тэгээд л машин эргэлдчихсэн, машин гурав эргэсэн байх яг эргэж байхад юу болоод байгааг анзаараагүй. Машин эргээд зогссон би эргээд харахад Б.А эгч суудлын ар тал руу орсон байсан, Б.А эгч Л.А эгчийг шалга гэж хэлсэн Л.А эгчийг харахад түүний толгойноос нь цус гарч байсан тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг хайж байгаад олоод хамгийн түрүүнд 103 дугаарын утас руу залгаад осол болсон талаар хэлсэн тэгсэн тэр өөдөөс хаана явж байгааг асуухаар нь би явсан км-ээ хэлэхэд тэр та ******* сумын нутагт байгаа юм байна гэж хэлээд надад ******* сумын эмчийн утасны дугаарыг өгсөн тэр дугаар руу нь залгаж осол болсон талаар хэлсэн би ******* сумын цагдаагийн угасны дугаарыг авсан би авсан дугаар луу осол болсон талаар хэлсэн. Тэгж байтал эмнэлэг нь түрүүлж ирсэн дараа нь ******* сумын цагдаа ирсэн” гэжээ. /хх-37-38/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10/,
Гэрч Б.Э ийн мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч Л.А ийн мэдүүлэг /хх-19/,
Гэрч Б.Б.А гийн мэдүүлэг /хх-20-22/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-35/,
Л.А ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-43-44/,
Б.Б.А гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-46/,
Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-47/,
Банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-49-57/,
Б.Э ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-59-69, 79/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Э өд холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Э өд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас хойш 28 километрт буюу хот хоорондын засмал дээр ******* УБЧ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.А , Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын дараах заалтуудыг зөрчсөн нь Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний 38 дугаартай “Өмнөговь аймгийн ******* сумаас хойш Улаанбаатар хот явах хатуу хучилттай авто замын 28 дахь километрт ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэн явсан ******* УБЧ улсын дугаартай Тоёота Прадо маркийн авто машины жолооч Бямбаа овогтой Б.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн зам тээврийн осолд үзэгдэх орчин нөлөөлөөгүй. Уг осол болоход зам замын байгууламж нөлөөлөөгүй” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хх-30/ тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 511 дугаартай “Л.А ийн биед зүүн эгэм ясны хугарал, зүүн шуу ясны цуурал, баруун орбитын дотор ханын хугарал, тархины доргилт, хуйхны шарх, баруун зулайн хуйхны цус хуралт, зүүн дзэд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, зүүн мөр, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр /хх-26/ хохирогч Л.А ийн бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны 510 дугаартай “Б.Б.А гийн биед сээрний 6-р нугаламын хугарал, тархины доргилт, зүүн дух, зулайн хуйхны цус хуралт, баруун бугалганы цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацар, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр /хх-26/ хохирогч Б.Б.А гийн бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.
Хэрэг гарах үед Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан согтуурал шалгасан тэмдэглэлээр /Б.Э ийг драгер багажаар үлээлгэж шалгахад согтолтын хувь нь 00% гарсан/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-70/ тогтоогдох бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан дээрх зүйл хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч Л.А , Б.Б.А , автомашины эзэмшигч Б.О нарт хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Э ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэхээр бичгээр хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иш ноён овогт Б.Э ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Э нь 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ