Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам

         Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

         Шүүгдэгч: Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Ш.Д-д холбогдох 1835002970182 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг 17-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:................., Б ургийн овогтой Ш.Д.

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Д нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадлангийн талбайн өвсний маргаанаас болж хохирогч О.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Ш.Д нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2дугаар багийн нутаг Арсай гэх газарт хохирогч О.Х-той хадлангийн талбайгаас өвс хадсан гэх асуудлаар маргаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Миний бие 2018 оны хавар өөрийн хадам ах Г гэх хүнээс Улаангом сумын 2-р баг Арсай гэх газарт байх 2 га газар авсан юм. Манай хадам ах өөрөө  барилгын ажил хийдэг тул хадлангийн талбай дээрээ ажиллаж чадахгүй учир надад хадлангийн талбайгаа өгсөн юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Арсайд байх талбай дээрээ ганцаараа очоод талбайгаа харахад өмнө нь услаагүй учир өвс нэг их сайн ургаагүй байсан, гэвч ургасан өвсийг нь хадаж авахаар хажуугийн талбай дээр трактортой ажиллаж байсан Н гэх хүний залуутай нь уулзаж, хөлсийг нь  тохироод талбайн өвсөө хадуулж байтал өдөр 12 цагийн орчим байх Д гэдэг хүн хажуудаа 4-5 хүнтэй ирээд “ наад талбай чинь миний талбай, чи яахаараа өвс хадаж авдаг юм” гэхээр нь би Д гэх хүнд хандаж “ та андуураад байх шиг байна, энэ талбайг манай хадам ах Г гэх хүн энэ хавар надад өгсөн,  усалж байгаад ургасан өвсийг нь хадаж ав гэж хэлсэн, би тань руу энэ талбайг битгий услаарай миний талбай шүү гэж 2 удаа хүнээр хэл хүргүүлсэн гэхэд Д миний урдаас тэр хүмүүс тэгж хэлэх нь ямар хамаатай юм, энэ талбайг  чинь би олон жил услаж хадланг нь хадаж байна гээд надруу дайрч родомжилсон юм. Тэгээд би зогсож байтал Д-ын хажууд байсан нэг танихгүй саарал өнгийн биеийн тамирын хувцастай, шар царайтай, архи уучихсан халамцуу залуу ирээд “наадах талбайг чинь энэ зуны турш усалсан, чи яахаараа авдаг юм” гээд над руу ирээд миний баруун хөлийн шагайн дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн ба дахин намайг гараараа зодох хэгээр нь би цохих гэж байсан гарыг нь нэг гараараа барьж аваад тэр залуутай рабицалдаж аваад зогсож байтал хажуунаас Д гэх хүн намайг насаандгүй байтал миний баруун талын хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа амш хүчтэй цохиод миний баруун хөмсөгний дээд хэсгийн арьс язарч цус гарсан, гэтээд би шархаа дараад зогсож байтал Д дахин миний хавирга руу 2 удаа шөиглөсөн ба тэр цохилт нь тийм хүчтэй байгаагүй юм. Мөн намайг энэ талбайг дараа жил ашиглахыг чинь харна, энэ орчим байгаа хадлангийн талбайг би мэднэ гэж намайг дарамталсан. Гэмт хэргийн улмаас надад 500000 гаруй төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/, 

         гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 08 сарын 17-ны өдөр Арсай гэх газарт Ш.Д-ын хадлангийн 2 га газрын өвс хадаж өгөхөөр өөрийн жижиг пад пад маркийн хадууртай трактортой очиж явтал Ш.Д танихгүй шар залуутай барьцалдаад авсан, намайг очиход тэр залуугийн шанаанаас цус гарч байсан, Д цохисон юм шиг байсан. Зөвхөн тэр хоёр л барьцалдсан байсан. өөр ямар нэгэн хүн оролцоогүй. Би тэр маргалдсан газрын өвс хадах гэж очсон, тэгээд би ийм хэрүүл маргаантай газрын өвс хадахгүй гэж хэлээд явчихсан юм”гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

гэрч Б.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 сарын 17-ны өдөр Улаангом сумын 2-р багийн нутаг Арсай гэх газарт байх хадлангийн талбай дээр байсан, манай талбайтай зэргэлдээ  Ш.Д-ын хадлангийн 2 га газар байдаг юм. Тэр өдөр Ш.Д-ын талбайд нэг жижиг хятад пад пад трактор ирээд өвсийг нь хадаж байгаа харагдсан юм, тэр үед Ш.Д Улаангомоос ирээд тэдний талбай дээр хүмүүс хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаа чимээ гарсан, тэгээд намайг яваад очиход танихгүй бор залуугийн бануур талын шанаанаас бага зэргийн цус гарсан байдалтай хэрэлдэж маргалдаж байсна. Тэгээд намайг тэнд очиход О.С, Д.А, Д.Т, Ш.Д болон зодуулсан залуу байсан. Би Улаангом сумын 2-р багийн нутагт Арсай гэх газарт 2010 онд хадлангийн талбай худалдаж авснаас хойш би Ш.Д-ыг таньдаг болсон. Хадлангийн усалгааны үеэр Ш.Дын хамт байдаг юм.  Ш.Д нь тусархаг даруухан төлөв, эелдэг зантай, хүнтэй эвтэй харьдаг хүн юм. Зуны улирдла байнга Арсайд байдаг хүмүүсийн болон өөрийн хадлангийн талбайгаа услаад гараз тариалангийн ажил хийгээд байж байдаг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

гэрч Н.И-ы мөрдөн байцаалтад өгсөн: “ 2018 оны сарын 17-ны өдөр трактороо засаад өвс хадах гээд урьд өдөр нь хадаж байгаад орхисон талбай дээрээ явж очоод  байж байтал Ш.Д ирээд О.Х-той хэрэлдэж маргалдсан ба улмаар Ш.Д нь О.Хийг зодож, шанаанаас цус гаргачихсан байсан юм. Тэр үед Ш.Д-ын хүү Д.Т уг талбай дээр ирчихсэн байсан, энэ миний усалсан талбай гээд О.Х-той маргалдаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

гэрч З.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “ 2018 оны 08 сарын 17-ны өглөө би Арсайд байх Ш.Дын байрлаж байсан майхан дээр явж очсон. ...Ш.Д “би энэ талбайг усалж ургуулсан” гэж хэлээд О.Х Ш.Д хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Би бас тэр залууд хандан “ энэ зун уг талбайг услахад би Ш.Д-тай хамт байсан хүн,  хамт ус шахалцаж байсан юм, харин би чамайг энд талбай усалж байсныг үзээгүй “ гэж хэлсэн юм.  Ш.Д О.Х хоёр маргалдаад нэг нэг рүүгээ зодолдох маягтай болохоор нь би дундуур нь ороод “больцгоо” гээд хоёр тийш түлхэж холдуулсан. Гэтэл тэр 2 дахин маргалдаж байгаад Ш.Д баруун гараараа О.Х-ийн шанаа орчим нэг цохьчихсон юм. Тэр үед О.Х-ийн шанаанаас цус гарч байсан, тэгээд би больцгоо гэж хэлээд салгасан”  гэх мэдүүлэг /хх-ийн 76х /,

 

шүүгдэгч Ш.Д-ын  мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 08 дугаар сарын 17-ний өдөр Улаангом сумын 2-р багийн нутаг Арсай гэх газарт Б гэх хүний хадлангийн талбай дээр байж байгаад өөрийнхөө хадлангийн талбай дээр яваад очсон чинь Х гэх залуу миний усалж ургуулсан хадлангийн өвс хадаж байхаар нь “ энд юу болоод байгаа юм бэ , би зуны 3 сар наад хадлангийн талбайг чинь усалж өвсийг нь ургуулсан юм гэж хэлэхэд тэр Х гэх залуу намайг “ чи энэ талбайн өвсийг олон жил хадаж авсан, одоо болно шүү дээ, манай ах эгч хоёр танд энэ талбайг усалж болохгүй  гэдгийг сануулсан шүү дээ,  Г ах надад энэ талбайг өгчихсөн юм” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “чи тэгвэл энэ талбайг дараа жил усалж өвсийг нь ургуулж ав” гэж хэлсэн чинь тэр “за тийм зүйл байхгүй” гэж хэлээд миний цээж рүү нэг удаа гараараа чичсэн юм. Тэгэхээр нь би уурлаад тэр залуугийн баруун шанааны хэсэгт нэг удаа цохисон, тэгтэл О.Х-ийн баруун шанаанаас цус гарсан. Тэнд байсан нэг залуу ирж бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №550 дугаартай: “Үзүүлэгч О. Х-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун хөмсөгний орчимд 1 см хэмжээтэй язарсан шархтай, тэр хэсэгт хавантай зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрхи           гэмтэл нь гадны мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт түр хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

          Шүүгдэгч Ш.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Х-ийн  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ш.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          2. Шүүгдэгч Ш.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

          Шүүгдэгч Ш.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

           Хохирогч О.Х нь мөрдөн байцаалтад “ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч хэрэгт энэ талаархи нотлох баримтаа гаргаж өгөөгүй, эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Ш.Д хохирогчид 300.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн дансны хуулга / хх-ийн 58-59-р тал/, гэрч  Д.Т-ын : “  Манай аав Ш.Д нь хадлангийн маргаанаас болж хохирогч Х-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан юм. 2018 оны 08 сарын 28-ны өдөр О.Х над руу утсаар яриад хохирол барагдуулж авмаар байна, би маргааш Кизиль явах гэж байна, яаралтай хохирлын мөнгө өг гэж надад хэлсэн тул би О.Х-ийн өөрийнх нь 5822075158 тоот данс руу 2018 оны 08 сарын 28-ны орой 250,000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 50,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 30-ны өдөр мөн данс руу нь шилжүүлсэн юм. Би О.Х-ийн данс руу эмчилгээний зардлын мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг ХААН банкнаас авч аавд өгч хэрэгт хавсаргуулсан” гэх мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж арилгасан гэж дүгнэв.

 

Хэрэгт шүүгдэгч Ш.Д-ын хувийн зан байдал, амьдралын талаар гэрч  Д.Т-ын өгсөн: “Ширчингийн Д нь миний төрсөн аав бөгөөд аав бид хоёр нэг гэрт хамт амьдардаг юм. Манай ээж 2016 онд нас барсан, аав хааяа нэг архи уудаг,  үг дуу цөөнтэй даруухан төлөв зантай, хувиараа газар тариалангийн ажил эрхэлж амьдардаг, хар ажлыг сайн хийдэг ажилсан хүн”гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

гэрч З.С-гийн өгсөн: “Ш.Д хүмүүст тусархаг, тариалангийн ажил эрхэлж амьдардаг, энгийн хөдөлмөрч хүн юм. Архи дарс хааяа хэрэглэдэг хүн юм. Арсайд байнга, зунжин газар услаад байж байдаг хүн”гэх мэдүүлэг /хх-ийн 22х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ш.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг сайн дураараа төлсөн, анх удаа гэмт үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б ургийн овогтой Ш.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ш.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АЛТАН