| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0154/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам
Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Т ургийн овогтой Б.Б-д холбогдох эрүүгийн 1835003140186 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 7дугаар хороо Намагийн 2-05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар …...., Т ургийн овогтой Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.Чг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.Ч-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Я.Ч-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “....Би 2018 оны 09 сарын 05-ны орой 23 цагийн үед Б.Г, Х.Г нарын хамт баарнаас гарч яваад Цэдэнбалын талбай өнгөрч явтал аймгийн захиргааны байрны гадна талын авто машины зогсоол дээр 8444 УВХ дугаартай жижиг машин дотроос таньдаг ах М.У намайг дуудсан юм. Би явж очоод ахтай мэндлээд, удахгүй хот явах гэж байна, сонин сайхан юутай гээд ярилцаж байтал машины урд талын суудал дээр суусан танихгүй залуу над уруу хандаж “ чи зайл л даа, яах гээд байгаа юм” гэж надад хэлсэн, тэгэхэд нь “ би яагаад байгаа юм бэ , би чамтай ярьсан юм уу, би энэ хүнтэй юм ярьж байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг “ чи яваад зайл л даа” дахин хэлэхээр нь би авто машины урдуур тойрч очоод “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлээд уг машины баруун талын хаалга онгойлгоход миний урдаас уг танихгүй залуу ууж байсан 0,5 граммын, “Сэнгүүр” нэртэй пивоныхоо шилээр миний толгой руу цохьсон юм. Би ухаан балартсан байна лээ, дахиад хэдэн удаа хаана цохьсоныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд миний толгойноос цус гарч байсан, тэгээд харахад уг танихгүй залуу машинаас буугаад зугатаад явчихсан юм, тэр үед М.У ах надад “чи хэл ам хийж хэрэггүй, орхи” гэж хэлсэн.Би тэр ахаас “тэр ямар хүн бэ” гэж асуухад хотод амьдардаг залуу , манай аймагт ирж түр ажиллаж байгаа юм” гэж хэлсэн. Надад нэрийг нь хэлсэн. Тэгээд бид нар Увс аймгийн цагдаагийн газарт ирж бүртгүүлээд, би өөрөө аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг дээр очиж толгойндоо 5 оёдол, хамрандаа 2 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/,
гэрч Б.Г-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 09 сарын 05-ны шөнө 23 цагийн үед найз Х.Г, Я.Ч нарын хамт "Их наяд" цогцолбор орчихоод буцаад гэрлүүгээ харих гээд Цэдэнбалын талбай өнгөрөөд явж байтал авто машины зогсоол дээр 8444 УВХ улсын дугаартай цагаан өнгийн жижиг машин зогсож байсан, тэгтэл манай найз Я.Ч таньдаг хүн байна гээд очоод “сайн уу ахаа” гээд мэндлээд гар бариад уулзсан, би хажууд нь зогсож байсан, тэгтэл жолоочийн хажууд пиво уугаад сууж байсан согтуу залуу жолоочид хандаж “ наад нэг юмаа зайлуулаач” гэж хэлсэн. Тэгтэл Я.Ч урдаас нь “намайг юм уу” гэж хэлээд уг машины баруун талын жолоочийн эсрэг талын хаалга дээр очоод “би ахтайгаа юм ярьж байна, чамтай юм яриагүй шүү” гэж хэлсэн, тэгтэл урд талын хажууд сууж байсан танихгүй залуу бууж ирээд Я.Ч-гийн толгой орчим газарт шууд 4-5 удаа баруун гартаа барьсан бор өнгийн сэнгүүр гэх нэртэй 0,5 грамын пивоны шилээр цохьсон юм. Я.Ч тонгойсон байхад доороос нь бас өлгөж нэг удаа хамар тус газарт нь цохигдсон юм. Тэгтэл Я.Ч-гийн хамар, толгой орчим газраас цус гарсан юм. Уг залуу “та нар наанаа байж бай, би увсын атамануудыг дуудна, та нарыг яахыг харна” гэж хэлж байсан, тэгснээ тэр залуу зугатаад явчихсан. Бид Я.Ч-гийн ах Я.Г-ыг утсаар дуудаж ирүүлээд нэгдсэн эмнэлэг орж Я.Ч-ийн толгой, хамарт оёдол тавиулсан юм ”гэх мэдүүлэг /хх-ийн 12 х/,
гэрч Х.Г-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 09 сарын 05-ны шөнө 23 цагийн үед найз Б.Г, Я.Ч нарын хамт "Их наяад" цогцолбор орчихоод буцаад гэр лүүгээ харих гээд Цэдэнбалын талбай орчимд явж байтал авто машины зогсоол дээр 8444 дугаартай цагаан өнгийн жижиг машин зогсож байсан, тэгтэл манай найз Я.Ч очоод таньдаг хүн байна гээд “сайн уу ахаа” гээд мэндлээд уулзаж байтал уг машины хаалга онгойгоод баруун урд талаас нэг танихгүй хүн бууж ирээд шууд баруун гартаа барьсан бор өнгийн сэнгүүр гэх нэртэй 0,5 грамын пивоны шилээр манай найз Я.Ч-гийн толгой, хамар орчим газарт 4-5 удаа цохьсон юм Я.Ч тонгойсон байхад доороос нь бас өлгөж нэг удаа хамар тус газарт цохигдсон, тэгээд манай найз Я.Ч-гийн хамар толгой орчим газраас цус гарсан юм. Бид нар аймгийн нэгдсэн эмнэлэг ороод Я.Ч толгой, хамарт оёдол тавиулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,
гэрч Я.У-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байтал миний төрсөн дүү Ч над руу утсаар ярьж “миний толгойг хүн хага цохичихлоо, та хүрээд ир” гэж хэлсэн ба би завгүй байсан тул чи гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл Ч машинтай найзуудтай гэрт ирсэн. Тэр үед манай дүүгийн хувцас нь цус болсон хамар дээр нь зүсэгдсэн шархтай, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр би дүүгээсээ юу болсныг асуугаад шууд цагдаагийн байгууллагад очиж тэмдэглүүлээд дүү Ч-г аваад эмнэлэг рүү явж толгой болон хамар хэсэгт оёдол тавиулсан юм. Тухайн үед манай дүү Ч-г зодсон гэх залууг манай дүү сайн танихгүй хоорондоо маргалдсаны улмаас намайг цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
гэрч М.У-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “ 2018 оны 09 сарын 05-ны орой 22 цагийн үед миний таньдаг Б.Б гэдэг залуу намайг утсаар дуудаад Голд баарны гадна хүрээд ир гэж хэлсэн тул би өөрийн 8444 УВХ дугаартай авто машинтай явж очиход Б.Б дунд зэргийн согтуу байсан. Би Б-ыг аваад аймгийн захиргааны урд талд авто машины зогсоол дээр ирээд зогсож байтал миний таньдаг Я.Ч ирсэн, бид хоёр Улаангомын зах дээр хамт худалдаа хийдэг байсан юм. Тэгээд Я.Ч надтай уулдаад мэндлээд юм яриад зогсож байхад миний хажууд байсан Б.Б, Я.Ч хоёр маргалдаад Я.Ч миний машины урд талаар тойроод миний машины урд сууж байсан Баторгилын сууж байсан хаалгыг таттал урдаас нь Б ууж байсан 0,5 грамын сэнгүүр пивоны шилээр Я.Ч-гийн толгойн тус газарт нь цохьчихсон юм. тэгээд Я.Чгийн толгойноос цус гарсан. Би тэр хоёрыг салгасан юм”гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 сарын 05-ны өдөр найз Батгэрэлийн хамт Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах Голд бааранд 3 шил 0,5 грамын пиво уусан юм. Тэгээд би манай Түмэнд нээлттэй ХХК-д жолооч хийдэг М.У гэдэг залуу руу утсаар ярьж Голд баарнаас ирээд авчих гэж хэлсэн. У ирж намайг машиндаа суулгаад бид хоёр хамт харихаар явж байгаад замдаа бид хоёр аймгийн захиргааны урд талын зогсоол дээр зогссон. Тэгтэл М.Утай нэг таньдаг гэх залуу нь уулзаад зогсож байтал бид хоёрын хажуугаар манай ажлын туслах хийдэг нэг хүүхэд М.У бидэн хоёртой уулзаад мэндлээд өнгөрсөн юм. Би тухайн хүүхдэд хандан “ ахын дүү баяртай, сайхан амраарай” гэж хэлсэн юм. Гэтэл тухайн үед М.Утай уулзаж байсан Я.Ч гэгч залуу буруугаар ойлгоод “ чи намайг юу гэж хэлж байгаа юм бэ?, намайг ахын дүү гэдэг хэн юм бэ? Гэж хэлэхэд нь би “чамайг хэлсэнгүй “ гэж хэлсэн юм. Тэгтэл уг залуу машины урдуур тойрч ирээд бид хоёр маргалдаад зогсож байтал миний сууж байсан машины хаалгыг Я.Ч гэгч нь онгойлгоод би урдаас нь машинаас буухад уг Я.Чожилсүрэн гэх залуу миний зүүн талын хацар луу гараараа цохьсон юм. Тэгэхээр нь уур хүрээд баруун гараараа хамар луу нь нэг удаа цохьсон юм. Тэгээд би зүүн гартаа барьж байсан 0,5 грамын Сэнгүүр гэдэг бор өнгийн пивоны шилээр Я.Чгийн толгой тус газарт 1 удаа цохьсон, тухайн шил хагараагүй , тэнд нь орхиод зугатсан” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 33-34х/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №602 дугаартай: “Үзүүлэгч Я. Чгийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Хамар дээр болон толгойн оройн хэсгийн хуйханд язарсан шарх үүсч оёдол тавигдсан, тэр хэсгийн хуйханд хаван хавдартай зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 19х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Чгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 46-р тал/ нотлогдсон.
Хохирогч Я.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б төлж барагдуулсан болох нь хохирогчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт / хх-ийн 49-р тал/ -ээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж арилгасан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун наян мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нийт 37 см урттай, бор өнгийн, “Сэнгүр” пивоны шил 1 ширхэгийг устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т ургийн овогтой Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нийт 37 см урттай, бор өнгийн, “Сэнгүр” пивоны шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН