Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01783

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01783

 

О.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэртэй,

 

О.А-ийн нэхэмжлэлтэй

Н.Т-, Б.Ц- нарт холбогдох

 

Орон сууц, авто зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, зардал, хохирол 21,769,146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

О.А-, Б.Б- нарт холбогдох

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 116,998,100* төгрөгийг буцаан гаргуулах тухай Н.Т-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номиулан, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч Н.Т-, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагч Б.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангал, хариуцагчийн өмгөөлөгч        Д.Бум-Аюуш, хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

1.1. О.А- нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Очир” хотхоны 78 дугаар байрны 0000 тоот орон сууцыг 104,425,000 төгрөгөөр, 78 дугаар байрны зоорийн давхрын 00* тоот хаягт байрлах авто зогсоолыг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 23,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон.

О.А- нь өөрийн өмчлөлийн байрандаа 2015 оны намрыг хүртэл амьдарч байгаад гадагшаа яваад 2018 оны хавар ирсэн.

Нэхэмжлэгчийг 2016 оны өвөл Монголд ирэхэд түүний ээж Б.Б- хариуцагч Н.Т-аас зээл авсан, өртэй гэдгийг сонсоод О.А- нь өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг бусдад хөлслүүлэх, хөлслүүлсний төлбөрийг ээжийнх нь өрөнд суутгахыг хариуцагч Н.Т-д зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гурван жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн.

Гэтэл Н.Т- нь нэхэмжлэгчийн ээж Б.Б-тай авлагын тооцоотой гэдэг шалтгаанаар маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, Н.Т-ын хүү Б.Ц- нь орон сууц, зогсоолыг шударга бусаар эзэмшиж, ашиглан өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа тул орон сууц, зогсоолыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

1.2. Хариуцагч Н.Т-, Б.Ц- нар нь 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарыг хүртэлх 11 сарын төлбөрт 402,160 төгрөгийг “Очир хотхон” СӨХ-нд төлөх төлбөрийн хуримтлал үүсгэсэн байгаа.

2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны цэвэр бохир ус, дулаан, халаалт, хогны төлбөрт 1,142,568 төгрөгийг огт төлөөгүй, мөн хугацаа хэтрүүлсний алданги нь 571,283.95 төгрөг, нийт 1,713,851.72 төлөхөөр байгаа.

Түүнчлэн 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны илүү хэрэглэсэн цахилгааны төлбөрт нь 341,133 төгрөг төлөөгүй хуримтлагдсан өрийг үүсгэсэн.

Мөн авто зогсоолын СӨХ-ны төлбөрт 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 29 сарын хугацааны нийт 812,000 төгрөгийг төлөөгүй.

Орон сууц болон авто зогсоолын хэвийн байдлыг хангахад шаардлагатай дээрх зардалд нийт 3,269,145 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3. Нэхэмжлэгч О.А- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Н.Т-д үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш орон сууц, зогсоолыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа. Хэрэв хариуцагч нар эд хөрөнгийг нь тухайн үед нь чөлөөлж өгсөн бол 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 9 сарын хугацаагаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн авто зогсоолоо бусдад нэг сарын 200,000 төгрөгөөр түрээслүүлж 1,800,000 төгрөгийг олох байсан, орон сууцаа бусдад нэг сарын 600,000 төгрөгөөр мөн 9 сарын хугацаанд түрээслүүлж 5,400,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийн орлого олох байсан тул 7,200,000 төгрөгийг хариуцагч Н.Т-аас гаргуулж өгнө үү.

1.4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа учраас нэхэмжлэгч нь нөхөр хүүхдийнхээ хамт ам бүл гурвуулаа айлд амьдарч байгаад 2 дахь хүүхдээ төрүүлэхээсээ өмнө 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 44 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг нэг сарын 900,000 төгрөгөөр түрээсэлж хохирсон тул 11,300,000 төгрөгийг хариуцагч Н.Т-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Н.Т-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч О.А-ийн ээж Б.Б- бид хоёр 2008 оноос найз нөхдийн харилцаатай болоод нэг нэгэндээ мөнгө төгрөг өгч, авалцаж байсан. Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78 дугаар байр, 0000 тоот хаягт байрлах орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 00* тоот авто зогсоолыг нэхэмжлэгч О.А-ийн төрсөн эх Б.Б-аас 2014 онд худалдан авахаар харилцан тохиролцсон ба 204,000,000 төгрөгийг түүнд бэлнээр төлсөн болно.

2.2. Тухайн үед Б.Б- нь уг орон сууцны гэрчилгээг өөрийн охин О.А-ийн нэр дээр гаргуулан банкны 8 хувийн хүүтэй зээлэнд барьцаалж, өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул уг зээлийг төлөгдөж дууссан даруй орон сууцны гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлэх тул санаа зовох зүйл байхгүй гэж надад хэлж байсан. Тухайн үед 116,000,000 төгрөг байсан бол байр түрээслэхгүй байсан.

2.2. Миний хүү уг орон сууцанд амьдарч байгаа. СӨХ-ны төлбөр төлөөгүй учир нь, анхны СӨХ нь мөнгийг нь аваад алга болчихсон юм.

2.3. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч Б.Ц-гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний ээж Н.Т- 2014 онд нэхэмжлэгч О.А-ийн ээж Б.Б- гэгч хүнээс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78 дугаар байр, 0000 тоот хаяг бүхий орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 00* тоот авто зогсоолыг худалдан авахаар харилцан тохиролцож, түүнд 204,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болно.

3.2. Б.Ц- нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.А-ийн ээж Б.Б-аас дээрх орон сууц болон авто зогсоолыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа шударга эзэмшигч юм. Тиймээс орон сууц болон авто зогсоолыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.3. Б.Ц- нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолтой холбоотой зардлуудыг төлсөөр ирсэн. СӨХ нь өөрөө маргаантай байгаа тул бүх оршин суугчид нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа юм билээ. “Отвар” ХХК-аас О.А-т хандсан нэхэмжлэх ирээд байдаг. Мөн тэр учирсан хохирол гээд байгаа орон сууц, авто зогсоол ашиглалтын зардал 3,269,145 төгрөгийн төлбөрөө төлчхөөд дараа нь баримтаа үндэслээд нэхэмжилбэл үндэслэлтэй болно.

3.4. Зайлшгүй олох байсан орлогоо нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцагч талаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул 11,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4. Хариуцагч Н.Т-ын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Б.Б-тай 2008 оноос хойш дотно нөхөрлөж эхэлсэн ба хэрэгтэй үедээ бие биедээ тус болох зорилгоор хоорондоо мөнгө зээлж, зээлээ төлж байсан.

2014 оны эхээр Б.Б- нь өөрийн “ХС” ХХК-ийн хоёр ч газар дээр барилга барьж байгаа, барилгын ажилд нь нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон тул хөрөнгө оруулсан тохиолдолд хямд үнээр орон сууцтай болох саналыг тавьсан. Ингээд миний бие Б.Б-ад 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг 2-3 сарын хугацаатай, 5-6 хувийн хүүтэйгээр зээлж бэлнээр болон түүний Хаан банкин дахь дансаар шилжүүлж өгсөн билээ.

4.2. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тооцоог нийлж баталгаажуулахад Б.Б- нь зээлийн гэрээний дагуу 116,998,100* төгрөг, 15 сарын хугацаа хэтрүүлсэн алдангид 88,000,000 төгрөг, нийт 204,998,100* төгрөгийн өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2 өрөө орон сууцыг өр төлбөртөө тооцож өгөх санал тавьсныг би зөвшөөрсөн.

4.3. Б.Б- өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78 дугаар байрны 0 давхарт байрлах 1 хаалгаар ордог, хоёр орон сууцыг нийлүүлсэн, нийт 100 гаруй м.кв талбайтай орон сууцыг үзүүлсэн. Энэ байр бол тусдаа хоёр гэрчилгээтэй. Өр төлбөрийн хэмжээнд тааруулж, 50 гаруй м.кв талбайтай орон сууц болгон өөрчилж, нэг авто зогсоолын хамт өгөхөөр харилцан тохиролцсон. Б.Б- нь тухайн орон сууцыг 53,84 м.кв талбайтай болгон хана босгож, дотор заслыг хийж гүйцэтгээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний хүү Б.Ц-д хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 6 жил Б.Ц- нь эзэмшиж ашиглан, амьдарч байгаа.

4.4. Дээрх орон сууцыг хүлээлгэж өгөх үед улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг Б.Б-аас шаардахад тэрээр “уг орон сууцыг “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан, нэг жилийн дотор барьцаанаас чөлөөлж, орон сууцны гэрчилгээг чамд шилжүүлж өгнө” гэж амласан учраас би итгэсэн юм. Дахин шаардахад банкны зээлийг санхүүгийн боломжгүй учраас төлж чадаагүй, дахиад хэсэг хугацаанд хүлээхийг гуйж, охин О.А-ээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр орон сууцыг бусдад хөлслөх эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар надад хийж өгсөн.

4.5. Хариуцагч Б.Б-, О.А- нарын зүгээс банкны зээлийн барьцаанд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх хүртэл бодитоор эзэмшил ашиглалтдаа авсны үндсэн дээр барьцаанаас чөлөөлөх хүртэл хугацаанд хүлээхийг хүссэн тул миний бие хариуцагч нарт итгэж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан бичгийн хэлбэрээр хийсэн гэрээ хэлцэл байгуулалгүй, хүчин төгөлдөр бус аман хэлцэл байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Н.Т-, Б.Б- нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Б.Б-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 116,998,100* төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. О.А- нь Н.Т- гэдэг хүнтэй ямар ч зээлийн гэрээ байгуулж байгаагүй. 2017-2020 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд шударга эзэмшигч байхыг хүлээн зөвшөөрсөн, орон сууцыг бусдад хөлслүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл хийж өгсөн. 2020 онд хугацаа нь дуусаж, эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүсэхэд зөвшөөрөөгүй тул 2021 онд хөөн хэлэлцэх хугацаандаа багтаж нэхэмжлэлээ гаргасан.

5.2. Худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээний харилцаанд О.А- огт оролцоогүй. Ээжийнхээ зээлийн төлбөрийг барагдуулахаар хариуцагч Н.Т-д тухайн орон сууцыг бусдад 3 жилийн хугацаанд түрээслүүлэх эрхийг олгосон.

 

6. Нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь“компанийн ажилд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэдэг утгаар хөрөнгө оруулсан” гэдэг. Үүнээс харахад “ХС” ХХК-тай байгуулагдсан зээлийн гэрээ болоод явчхаж байгаа юм.

6.2. Тооцоо нийлсэн акт хэрэгт байхгүй. Н.Т-ын өөрийн гараар бичсэн ноорог цаасаа тооцоо нийлсэн гэж үзээд байх шиг байна. Гэхдээ тооцоо нийлсэн энэхүү баримтын үнийн дүнг нэг болохоор 176,000,000 төгрөг, нэг болохоор 204,998,100* төгрөг гэж хэлдэг.

6.3. Н.Т- 204,998,100* төгрөгийг өгөөгүй, хуулийн этгээдийн байгуулсан зээлийн гэрээний асуудал байгаа.  Н.Т-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Б.Б- биш, харин хуулийн этгээдэд хандаж гаргасан нэхэмжлэл байна.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны 0000 тоот хаягт байрлах 41.77 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны зоорийн давхрын 00* тоот хаягт байрлах 15 м/к талбай бүхий автозогсоолыг Б.Цэцэнбэйлгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Т-д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардал, олох байсан орлого, учирсан хохиролд 21,769,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг  баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б-аас 45,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлбэл тогтоолгох, 71,498,170 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч О,А-т холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 967,131 төгрөг, нэхэмжлэгч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 00*,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.А-т, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 385,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

8.1. Нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн 3 ширхэг зээлийн гэрээнүүд нь бүгд "ХС” ХХК-ийн нэрээр байгуулагдсан байх ба зээлийн гэрээнүүдэд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.Б- нь өөрөө гарын үсгээ зурсан байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь зээлийг хуулийн этгээд болох "ХС" ХХК-д барилга барихад нь зориулж хөрөнгө оруулалт гэж зээлсэн талаараа тайлбарладаг. Түүнчлэн бүх зээлийн гэрээнүүд дээр хуулийн этгээдийн тамга дарагдаж, захирал нь мөнгө авснаа баталгаажуулж, "ХС" ХХК үйлдвэртээ ноос, ноолуур авах зорилгоор зээлсэн гэж маргасан байхад хоёр зээлийн гэрээний /2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн, мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн/ үүргийг иргэн Б.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

8.2. Н.Т- нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн, мөн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн гэх зээлийн гэрээнүүдийн шаардах эрх нь 2017 онд дууссан гэж шүүхэд тайлбарласан атал анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж хуульчилсан боловч хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

8.3. Анхан шатны шүүх зохигчид 2014 онд зээлийн гэрээнүүдийг байгуулах болсон шалтгаан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, зээлийг ямар зориулалтаар олгосон, авсан, мөн зээлийг иргэн Б.Б- нь хувьдаа, эсхүл компанидаа зарцуулсан зэрэг үйл баримт дээр дутуу дүгнэлт хийсэн учраас зээлийн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан гэрээ байна гэж буруу дүгнэсэн.

8.4. Анхан шатны шүүх хариуцагч Б.Б-ын зээлийн гэрээний үүргүүдийг бэлэн болон бэлэн бусаар бодитой гүйцэтгэж дуусгавар болгосон гэдгээ нотолж шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг огт үнэлэхгүйгээр 45,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй юм.

8.5. Иймд иргэн Б.Б-ыг хариуцагч гэж дүгнээд түүнээс зээлийн гэрээний үүрэгт 45,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

9. Н.Т-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

9.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б-аас 45,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,498,170 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Н.Т- нь иргэн Б.Б-тай 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр 01 сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, мөн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг 2-3 сарын хугацаатай 5-6 хувийн хүүтэй зээлсэн нь тогтоогддог болно.

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр 90,000,000 төгрөгийг Б.Б- аваагүй, харин Б.Б-ын эзэмшлийн "ХС" ХХК зээлж авсан хэмээн тайлбарласан нь огт үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсэгт: "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасны дагуу Н.Т- нь 90,000,000 төгрөгийг "ХС" ХХК-д бус иргэн Б.Б-ад зээлдүүлсэн тул зээлдэгчээс шаардах эрхтэй юм.

Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг иргэн Н.Т- болон "ХС" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

9.2. Түүнчлэн талууд 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн өр төлбөрийн тооцоог нийлж баталгаажуулахад Б.Б- нь зээлийн гэрээний дагуу 116,998,170 төгрөг төлөх, 15 сарын хугацаа хэтрүүлсэн алдангид 88,000,000 төгрөг, нийт 204,998,170 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр уг өр төлбөртөө үл хөдлөх эд хөрөнгө буюу хоёр өрөө орон сууц өгөх саналыг Н.Т-д тавьсныг хүлээн авснаар талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр солих буюу зээлийн төлбөрт орон сууц шилжүүлэх хэлцлийг аман хэлбэрээр байгуулсан байдаг.

Б.Б- нь иргэн Н.Т-, шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.А- нарт тухайн үед өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78 дугаар байрны 0 давхарт байрлах 1 хаалгаар ордог, хоёр орон сууцыг нийлүүлсэн, нийт 100 гаруй м.кв талбайтай орон сууцыг үзүүлж, тухайн орон сууцны дундуур хана босгоод, өр төлбөрийн хэмжээнд тааруулж, 50 гаруй м.кв талбайтай орон сууцыг авто зогсоолын хамт Н.Т-д хүлээлгэн өгөхөөр тохирсон.

Дээр дурдсан үйл баримт нь иргэн Ч.А-ын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг болон Н.Т-ын тухайн үед барьж байсан гар утсан дахь гэрэл зургуудад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог.

Улмаар талуудын хооронд аман хэлбэрээр харилцан тохиролцсоны дагуу иргэн Н.Т- нь Б.Б-аас зээлийн үүрэгт 53,84 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан билээ.

Тухайн үед Б.Б- нь Н.Т-д хүлээлгэн өгсөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн төрсөн охин О.А-ийн нэр дээр гаргуулан банкны зээлийн гэрээний барьцаанд байршуулсан ба удалгүй уг зээлээ төлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Т-ын нэр дээр шилжүүлнэ гэсэнд итгэж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар бичгийн хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулаагүй, зөвхөн амаар хэлцэл байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заасны дагуу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар иргэн Б.Б-аас иргэн Н.Т-д 116,998,100* төгрөгийг гаргуулах нь хуульд нийцэхээр байхад анхан шатны шуух нотлох баримтыг дутуу үнэлж, зөвхөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг баримталсан нь учир дутагдалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт иргэн Н.Т-ын, иргэн Б.Б-. О.А- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

10. Нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

10.1. Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч Н.Т-д өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад хөлслөхийг 2017 оны 2 сард зөвшөөрч 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон учраас түүнд холбогдуулан маргаж буй орон сууцны СӨХ-ны төлбөр, орон сууц ашиглалтын болон цахилгааны төлбөр, авто зогсоолын төлбөр зэргийг түүнээс шаардсан. Шүүх эдгээр зардлыг өмчлөгч О.А- нь төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг үндэслэлээ болгож нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна.

10.2. Нэхэмжлэгч О.А- өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Н.Т- эзэмшиж, ашиглаж байгаа гэж ойлгож байсан. Харин хариуцагч Н.Т- нэхэмжлэлд хариу тайлбар шүүхэд ирүүлсний дараа Б.Ц- орон сууцанд нь амьдарсан гэдгийг мэдсэн. Дээрх зардлуудыг зохих байгууллагууд нь нэхэмжлэх эрхтэй, өөрөөр хэлбэл орон сууц, авто зогсоолын, СӨХ-ны, мөн ашиглалтын зардлыг нэхэмжлэгч О.А- шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

10.3. Мөн нэхэмжлэгч О.А-т хариуцагч Н.Т- нь орон сууц, авто зогсоолыг итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа хүлээлгэн өгөөгүй тул О.А- нь өөрөө өмчлөлийн эд зүйлсээ бусдад хөлслүүлсэн бол 2017 оны 2 сараас хойш нийт 7,200,000 төгрөгийн орлого олох байсан байна.

10.4. Мөн хариуцагч нь орон сууц, авто зогсоолыг сайн дураар чөлөөлөөгүйгээс байр түрээсэлж байсан учраас өөрт учирсан хохиролд 11,300,000 төгрөгийг Н.Т-аас гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.

Шүүх эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ маргаан бүхий орон сууц, авто зогсоол нь өнгөрсөн хугацаанд хариуцагч Б.Ц-гийн эзэмшилд байсан, хариуцагч Н.Т- эзэмшиж ашиглаагүй, хариуцагч Н.Т- жинхэнэ хариуцагч биш байна гэхдээ нэхэмжлэгчийг хариуцагч Б.Ц-гээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэдгийг нээлттэй үлдээгээгүйд гомдолтой байна.

10.5. Иймд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны 0000 тоот хаягт байрлах 41.77 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц. Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны зоорийн давхрын 00* тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолын СӨХ-ны болон ашиглалтын ус, дулаан, цахилгаан, СӨХ зардал, олох байсан орлого, учирсан хохиролд нийт 21,769,145 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү.

 

11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд хариуцагч Н.Т-ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

11.1.Орон сууцыг эзэмшиж байсан хариуцагч Б.Ц- нь СӨХ-ны болон орон сууцны авто зогсоолын төлбөрийг нийтэд нь төлж байсан. Нэхэмжлэгч 2017 онд тус авто зогсоолын хууль ёсны өмчлөгч байгаагүй, хариуцагч Б.Б- байсан. 2020 онд хариуцагч Б.Б- өөрийн авто зогсоолыг охин О.А-т шилжүүлсэн.

11.2. н.С- гэх хүний орон сууцыг түрээсэлж 11,300,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. н.С-ын дансанд н.Ирмүүн гэх хүнээс 6 сарын түрээс 4,000,000 төгрөг шилжиж орсон баримтыг шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 11.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-гээс бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Нэхэмжлэгч уг хуулийн зүйл, заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа бол хууль бусаар эзэмшсэн гэж үзсэн этгээдээс нэхэмжлэх эрхтэй. Эзэмшээгүй этгээд болох хариуцагч Н.Т-аас нэхэмжлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд хариуцагч Б.Ц-гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийн 1.5, 1.6-д хариуцагч Н.Т- болон хариуцагч Б.Ц-тэй холбогдох хэсэгт тодорхой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Н.Т-ын өмгөөлөгчийн гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

13.1. Хариуцагч Н.Т- түрээсийн төлбөрийг Б.Б-аас шаардах ёстой. Хариуцагч Н.Т- нь зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр сольж гүйцэтгүүлнэ гээд нэхэмжлэгчийн орон сууцыг гарааштай өгнө гэсэн гэх агуулгаар маргадаг. Хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. 2013 онд “ХС” ХХК-ийн барьсан барилгыг 2010 онд Улсын комисс хүлээж авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн. Барилгын өргөтгөлийн ажлыг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авсан.

13.2. Хариуцагч Б.Б- нь уг зээлийг өөрийн компанийн үйл ажиллагаанд буюу ноолууран бүтээгдэхүүнийг Хятад улсаас худалдаж авахад зарцуулсан. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар маргадаггүй, зээлийн гэрээний талууд хэн болох талаар маргасан. Хариуцагч Н.Т- нь орон сууцны м.кв 50, 44.7, 100, 53, 64 гэж өөр өөр тайлбарладаг мөн үнэлгээг 90,000,000 төгрөг, 174,000,000 төгрөг 204,000,000 төгрөг, 116,000,000 төгрөг, 160,000,000 төгрөг гэж зөрүүтэй тайлбарууд гаргадаг.

13.3. Зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч Б.Б- 90,000,000 төгрөг төлсөн.

13.4. Шүүх 44,500,000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулах, 50,000,000 төгрөгийг “ХС” ХХК-тай байгуулсан, бүх зээлийн гэрээнд бичгээр хүү тооцсон, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдсан, компанийн хувьцаа эзэмшигч Б.Б- гарын үсэг зурсныг хараад хариуцагч Б.Б-ыг гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч Н.Т- нь хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг. Энэ талаар хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. 90,000,000 төгрөгийн зээл 204,998,100* төгрөг болох ёсгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

13.5. Орон сууцыг үзүүлсэн гэх нотлох баримтад үзлэг хийлгэсэн. Орон сууцыг хөлслөхийн тулд 3 орон сууцнаас сонголт хийж, нэхэмжлэгчийн орон сууцыг сонгож, 2 өрөө орон сууцыг 3 жилийн хугацаатай хөлсөлж төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэхээр тохиролцсон.

Хариуцагч Н.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

14. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд хариуцагч Н.Т-, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

14.1. Хариуцагч Б.Б- нь өөрийн биеэр манай ажил дээр ирээд мөнгө зээлсэн, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан.

Хэрэгт зээлийн 3 гэрээ авагдсан. Уг гэрээний үнийн дүн болох 90,000,000 төгрөгийн талаар талууд маргахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2 дугаар хавтаст хэргийн 52, 54, 146 дугаар талуудад авагдсан зээлийн гэрээнд хариуцагч Н.Т- хаягаа бичээд хариуцагч Б.Б- 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Н.Т-аас зээлэв, хүлээж авсан Б.Б- гэж бичсэн атлаа “ХС” ХХК-ийн тамга, тэмдгийг дарсан. Уг баримтад “ХС” ХХК-ийн захирал Б.Б- гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

Зээлийг хүлээж авсан хүн нь Б.Б-. Н.Т-, Б.Б- нарын хооронд 3 зээлийн гэрээний харилцаа үүссэн.

14.2. Зээлийн гэрээг тодорхой хэмжээний үнийн дүнд дүгнэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулахаар тохиролцсон. Хэрэгт авагдсан баримтаас 2016 онд барьж байсан Н.Т-ын гар утас, мөн гэрч н.А- орон сууц хүлээлцэж байхад хамт байсан.

Зээлийн төлбөрт 3 орон сууцыг үзүүлээд 1 орон сууцанд орохоор тохиролцож 2 өрөө орон сууцыг өгсөн. Тухайн үед миний үйлчлүүлэгчид 90,000,000 төгрөгийг төлсөн байсан бол хаана ч очоод 2 өрөө орон сууц худалдаж авах боломжтой байсан.

14.3. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг тухайн үед ипотекийн зээлд Улаанбаатар хотын банкинд тавьсан байсан. Уг зээлийг төлсний дараа орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлээд Н.Т-ын хүү Б.Ц-г тус орон сууцад оруулсан. Хариуцагч Б.Ц-д орон сууцыг хүлээлгэж өгсөн, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. 90,000,000 төгрөг төлөгдөж дууссан байсан бол орон сууцны үүргийн гүйцэтгэлийг хангах үйл баримт байхгүй байсан.

14.4. Зээлийн гэрээний шаардах эрх 2017 онд дууссан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Шүүх хуралдааны явцад зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар маргаагүй. Хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б- өөрийн гараар бичиж өгсөн тайлбартаа би Н.Т-аас 3 удаагийн зээлийн гэрээгээр 90,000,000 төгрөгийг зээлж авсан гэж мэдүүлсэн. Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд тайлбар хэлэхдээ “ХС” ХХК авсан гэж мэдүүлдэг. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. 2014 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан учраас 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үүргийн гүйцэтгэлийн дагуу орон сууцыг хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг сольсон, мөнгийг төлөхийн оронд орон сууц хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч орон сууцыг хөлслүүлээд төлбөрийг нь зээлийн төлбөрт аваарай гэж хэлсэн.

14.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан 111,000,000 төгрөгийн баримт хэрэгт байхгүй. Шинжээчийн дүгнэлт гэх баримтыг 2021 онд нэхэмжлэгч тал гаргаж өгсөн. Уг баримтад зээлдэгч Н.Т-ын өөрийн гараар бичсэн үндсэн 90,000,000 төгрөгийн зээлийг 204,000,000 болгосон баримт гэж гаргаж өгсөн. Уг баримт дээрх бичиг хэний бичиг гэдгийг шинжлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан. Хүүг тооцож 204,000,000 төгрөг болгосон байсан. Зээлийн гэрээний үүргийг солихдоо гэрээний харилцаа нь худалдах, худалдан авах гэрээ болсон учраас амаар тохиролцсон, талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан. Уг тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ буцаах ёстой. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б- нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

14.6. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 45,500,000 төгрөг эхний 2 гэрээг тухайн үеийн зээлийн хүүгээр тооцсон. Хариуцагч Н.Т- нь 45,500,000 төгрөгийг авах ёстой, 50,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-ад өгсөн учраас гаргуулах нь зүйтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч Н.Т-, Б.Ц- нарт холбогдуулж орон сууц, авто зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, зардал, хохирол 21,769,146 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Н.Т-ын нэхэмжлэлтэй О.А-, Б.Б- нарт холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 116,998,100* төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэгтгэсэн тул нэгтгэгдэж буй хэргийн нэхэмжлэгчийг хариуцагчаар, хариуцагчийг нэхэмжлэгчээр тодорхойлох нь зүйтэй болно.

 

3. Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч Н.Т-, Б.Ц- нарт холбогдуулж орон сууц, авто зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, зардал, хохирол 21,769,146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Т-, Б.Ц- нар нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.А-, Б.Б- нарт холбогдуулж хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 116,998,170 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Н.Т- гаргажээ.

 

4.1. Нэхэмжлэгч О.А- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны 0000 тоот, 41.77 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 00* тоот хаягт байрлах авто зогсоолын өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000273340, 000782444 тоот гэрчилгээнүүдээр тогтоогдож байгааг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.2. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч О.А- нь дээрх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

4.3. О.А- нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Т-д олгосон итгэмжлэлд дурдсан орон сууцыг 3 жилийн хугацаанд хөлслүүлэх гэрээ хийх, гарын үсэг зурах, хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон байна. Уг орон сууцыг Н.Т-ын хүү Б.Ц- уг хугацаанд эзэмшиж байсныг хууль бус гэж дүгнэхгүй юм.

 

4.4. Итгэмжлэлийн хугацаа дууссанаар орон сууц эзэмших Б.Ц-гийн эрх дуусгавар болжээ.

Автозогсоолын эзэмшлийн талаар тохиролцоо хийгдсэн баримт байхгүй ч нэхэмжлэгч дээрх хугацаанд автозогсоолын эзэмшлийг хууль бус гэж маргаагүй.

О.А-ийн дээрх орон сууц, автозогсоолыг хариуцагч Н.Т- эзэмшээгүй харин хариуцагч Б.Ц- эзэмшиж байгаа ба түүний эзэмшил хуулийн дагуу гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна.

 

4.5. Иймд дээр дурдсан орон сууц, автозогсоолыг Б.Ц-гийн эзэмшлээс гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Энэ талаар зохигчид давж заалдах гомдол гаргаагүй.

 

5.1. Хариуцагч Н.Т-д холбогдуулж 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарыг хүртэлх 11 сарын төлбөрт “Очир хотхон” СӨХ-д төлөөгүй 0000,160 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны цэвэр бохир ус, дулаан, халаалт, хогны төлбөрт төлөөгүй 1,142,568 төгрөг, мөн хугацаа хэтрүүлсний алдангид тооцогдсон 571,283 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны хэрэглэсэн цахилгааны төлбөрт төлөөгүй 341,133 төгрөг, авто зогсоолын СӨХ-ны төлбөрт төлөөгүй 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 29 сарын хугацааны 812,000 төгрөг, нийт 3,269,145 төгрөгийг,

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацаанд буюу нийт 9 сарын хугацаагаар авто зогсоолыг бусдад нэг сарын 200,000 төгрөгөөр, орон сууцыг нэг сарын 600,000 төгрөгөөр хөлсөлсөн бол 7,200,000 төгрөгийн орлого олох байсан гэх үндэслэлээр 7,200,000 төгрөгийг,

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүйгээс мөн өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар бусдын өмчлөлийн, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 44 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг нэг сарын 900,000 төгрөгөөр түрээсэлж, 11,300,000 төгрөг төлснийг хохиролд тооцож нийт 21,769,145 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч О.А- нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1хх 226 дахь тал/

 

5.2. Дээрх төлбөрүүд нь орон сууц, автозогсоолын ашиглалттай холбоотой гарсан зардлууд байх бөгөөд О.А- нь эдгээр төлбөрүүдийг төлөөгүй тул түүнд учирсан хохирол гэж тооцогдохгүй байна.

 

6.1. Б.Б- “2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг Т-аас зээлэв, 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай” гэж гараар бичиж, гарын үсэг зурж, “ХС” ХХК-ийн тамгыг дарсан баримтыг үйлдэж Н.Т-д өгчээ.

 

6.2. Н.Т-, Б.Б- нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Н.Т- нь 26,000,000 төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэйгээр Б.Б-ад зээлдүүлсэн. Энэ зээлийн гэрээнд Б.Б- нь гарын үсэг зурж, мөн “ХС” ХХК-ийн тамгыг даржээ.

 

6.3. Мөн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гараар бичсэн зээлийн гэрээ гэх баримтаар Б.Б- нь 14,000,000 төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатайгаар сарын 6 хувийн хүүтэйгээр Н.Т-аас зээлсэн, уг баримтад Б.Б- нь мөн гарын үсэг зурж, “ХС” ХХК-ийн тамгыг даржээ.

 

6.4. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бичгээр үйлдсэн баримтад “Зээлийн гэрээ” гэж нэр өгөөгүй нь бусад зээлийн гэрээнээс ялгах үндэслэл болохгүй. Дээрх 3 баримтад зээлдэгч Б.Б- гарын үсэг зурж, “ХС” ХХК-ийн тамга дарагдсан байдал адил байна.

 

6.5. Иймд дээрх 3 зээлийн гэрээ Н.Т- болон Б.Б- нарын хооронд байгуулагдсан байх ба гэрээнүүд хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Б- биелүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, нэг сарын хүү 2,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгөөр тодорхойлогдож байна.

 

6.6. 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 26,000,000 төгрөгийн болон 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээний талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Энэ 2 зээлийн гэрээний үүрэгт Б.Б-аас 45,500,000 төгрөгийг гаргуулж Н.Т-д олгосон нь зөв болжээ.

 

6.7. Дээрх 3 зээлийн үүргийг нэгтгэн дүгнэвэл Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 98,000,000 /52,500,000+45,000,000/ төгрөгийг гаргуулж Н.Т-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ үндэслэлээр Н.Т-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

6.8. Дээрх 3 зээлийн гэрээний хариуцагч нь О.А- биш байх тул түүнд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

7. О.А-ээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Т-д олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлээр Н.Т-д олгосон эрх болох О.А-ийн өмчлөлийн орон сууцыг 3 жилийн хугацаанд хөлслүүлэх гэрээ хийх, гарын үсэг зурах, хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах нөхцөл байдлыг нэхэмжлэгч О.А-ийн шүүхэд гаргасан тайлбар болох ээжийнхээ өр төлбөрийг төлөхөөр орон сууцаа хөлслүүлэх, уг хөлсийг төлбөрт суутгахаар итгэмжлэл хийсэн гэх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл Н.Т-ын зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 3 жилээр тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

8. Н.Т- нь зээлийн гэрээний үүргийг  орон сууц болон автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээр сольсон гэж тайлбарлах боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүйгээс гадна хэлцэл хийгч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж, хэлцэл хийгдсэн гэх байдлыг нотлоогүй байна. Иймд хийгдээгүй хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхгүй болно.

 

9. Түүнчлэн талууд 116,998,170 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлсэн гэх тайлбараа Н.Т- нь нотлоогүй. Тооцоо нийлсэн гэж Н.Т-ын тодорхойлсон баримтад Б.Б- гарын үсэг зураагүй тул Н.Т-ын өөрийн үйлдсэн нэг талын баримт нь нотолгооны хэрэгсэл болохгүй юм. Энэ үндэслэлээр Н.Т-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангахгүй орхив.

 

10. Н.Т-ын банкин дахь харилцах дансанд Б.Б-аас орлого гэсэн гүйлгээнүүдээс 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх төлбөрийг дээрх 3 зээлийн төлбөр гэж дүгнэхээргүй байна. Харин 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх мөнгөн хөрөнгийн шилжүүлэгт зээл төлөх гэсэн агуулгагүй байгаагаас гадна 2017 онд орон сууцны эзэмших эрхийг 3 жилийн хугацаатай шилжүүлж байгаа байдалтай харьцуулан дүгнэвэл 3 зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ. Энэхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй гэж үзвэл Б.Б- нь Н.Т-аас шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

11. Дээрх үндэслэлээр Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

12. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон тооцоолол, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “106.3” гэснийг хасаж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар  Б.Б-аас  98,000,000 төгрөг гаргуулж Н.Т-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Б.Б-ад холбогдох худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 18,998,170 төгрөг гаргуулах тухай болон О.А-т холбогдох Н.Т-ын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэсний өмнө “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж, “57 дугаар зүйлийн 57.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1” гэж тус тус нэмж, “385,450” гэснийг “647,950” гэж өөрчилж, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар О.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,796 төгрөгийг, Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Н.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,441 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА