Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 509

 

                                                                   Б.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 775 дугаар магадлалтай Б.Ө-д холбогдох эрүүгийн 1905049100259 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1995 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, “У” ХК-ний зүүн түгээх төвд дулааны оруулгын слесарь ажилтай, ял шийтгэлгүй Т овогт Б-ын Ө.

Б.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “К” бааранд хохирогч Т.М-ын нүд рүү цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ө хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2,244,829 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.М олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 775 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “...гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн хуулийн зорилтод нийцээгүй байхаас гадна мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэсэн нотолбол зохих байдлыг эргэлзээгүй бүрэн нотлоогүй. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалвал З.Х, Б.А, Б.С, Ц.А, Г.Н, Э.Ч, Б.Д гэх гэрч нарын мэдүүлгээр тухайн өдөр Б.Ө-ийн үйлдлийн улмаас хохирогч Т.М-ын биед хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогддоггүй. Харин эсэргээрээ тэдний хооронд зодоон үүсээгүй болохыг гэрч Б.Д-ийн “хүнтэй маргалдаж муудалцаагүй. Би бааранд байхад Ө-аас огт салаагүй байнга хамт байсан”,  гэрч Г.Н-ийн “...талбайн хамгаалагч Э, Ч нар очиж маргааныг салган хоёр тийш болгосон, уг маргаан болох үед хоорондоо гар хүрч зодолдоогүй хэл амаараа маргалдсан, манай бааранд ямар нэгэн зодоон болж нэгнийгээ гэмтээсэн зүйл гараагүй", гэрч Б.А-ийн “Хэнтэй ч маргалдаж муудалцаагүй”, гэрч Б.С “Би хүнтэй маргалдаж муудалцахыг нь хараагүй...” гэх мэдүүлгүүдээр тухайн өдөр энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад прокурор, мөрдөгч нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо илтэд ноцтой зөрүүтэй байхад энэ талаар хэрэгт мэдүүлгийн зөрүүтэй байдлуудыг арилгах талаар ажиллагаа хийлгүйгээр зөвхөн хэт нэг талыг барьж гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байхад шүүгдэгч Б.Ө гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн, хохирогч Т.М анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ө түүнийг цохисон гэх үйл баримтыг өөрөө няцааж “...толгойны зүүн ар талаас гар орж ирээд байхаар нь гарыг холдуулсан. Гэнэт гар орж ирж баруун нүд рүү 1 удаа гараараа цохисон” гэж мэдүүлдэг бөгөөд энэхүү мэдүүлэг нь хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан “Мэс заслын өмнөх дүгнэлт”-тэй нийцдэг бөгөөд уг баримтыг шинжлэн судалсны дараа “таны эмчид ярьсан зүйл чинь хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан мэс заслын өмнөх дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн эсэхийг тодруулахад “үнэн зөв байна” гэж батлан хэлж Б.Ө-ийн шууд санаатай үйлдлийн улмаас цохисон нөхцөл байдлыг үгүйсгэж байхад анхан шатны шүүх 101 дэх талд авагдсан баримт болон хохирогчийн дээрх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүүтэй байгаа нөхцөл байдалд онцгой анхааралгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болжээ.

Нөгөөтэйгүүр, Б.Ө-д холбогдох хэргийг шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий зүйл мэдэж болох хохирогч Т.М-той хамт явсан ашиг сонирхол нэгтэй найзууд болох Ц, Л, Э, мөн шүүгдэгч Б.Ө-тай хамт явсан Б.Т гэх хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр асууж хэргийн бодит байдлыг тодруулаагүй. Бүжгийн талбайд маргаан болоход шүүгдэгч Б.Ө оролцсон эсэх, оролцсон бол хэнтэй хэрхэн маргаж байсан зэрэг маргааныг салгасан гэрч Г.Н, баарны хамгаалагч Э, Ч нараас тодруулах ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан тогтоогоогүй байхад шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлгүй.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №14558 дугаартай шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт эргэлзээтэй нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай байх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан хэдий ч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, оролцогчийн эрхийг хууль бусаар зөрчсөн.

Тухайлбал, үзлэгээр тогтоогдсон үндсэн онош нь 2 нүдний улирлын шалтгаант архаг үрэвсэл, гэмтлийн гаралтай баруун нүдний /склер/ эвэрлэгийн бүрхүүлийн задарсан шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт гэж тогтоогдсон байхад шинжээч эмч дүгнэлтдээ: “өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт тогтоогдлоо гэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл үндсэн оношийн дагуу 2 нүдний улирлын шалтгаант архаг үрэвсэл нь хохирогчийн 2 нүдний хараанд нөлөөлсөн эсэх, мөн улирлын шалтгаант архаг үрэвсэл нь баруун нүдэнд учирсан гэмтэлд нөлөөлөх боломжтой эсэх нь тодорхойгүй, баруун нүдний хараа 20 см гэдэг нь гэмтлийн өмнөх, эсхүл гэмтлийн дараах юуг тодорхойлж байгаа эсэх нь ойлгомжгүй, хохирогч урьд өмнө харааны алдагдлын талаарх шинж байдлыг тогтоосон баримт авагдаагүй байхад эрх зүйн байдлыг нь дордуулан гэмтсэн үеийн харааны алдагдлыг үндэслэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгож, Б.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг дээрх үндэслэлүүдээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ө-д прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулсан байна.  Өмгөөлөгчийн гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заадаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог. Хохирогч энэ гэмтлийг аваад эмнэлэгт хүргэгдсэн, цагдаагийн байгууллагад хандсан зэрэг хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэйгээр үнэлж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо “К” бааранд Т.М нь нүүрэндээ цохиулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан бүх арга хэмжээг авч, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.

Одоогийн байдлаар хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, гэмт этгээдийг шууд заасан хохирогчийн болон бааранд ороход Т.М-ын нүд зүгээр байсан, тэрээр өөрийг нь цохисон хүнийг таньж зааж өгсөн тухай гэрчийн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хоёр шатны шүүх тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, шүүх хуралдаанд хянан хэлэлцсэн бусад нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалсны эцэст прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, шүүгдэгч Б.Ө-ийн гэм буруугийн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийсэн байх бөгөөд энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд тодорхой тусгажээ. 

Б.Ө-д холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэм буруу, ялын тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсноос гадна шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 775 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН