Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
Хэргийн индекс | 121/2016/0029/З |
Дугаар | 04 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 04
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Ц.Хоролтогтох, Ш.Сундуй, Ц.Цэдэнсодном, Н.Галбадрах нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дашдэлэгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хороонд холбогдох “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хорооноос гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар “Нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосонд тооцох тухай”, 08 дугаар “1585 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгох тухай”, 09 дүгээр “Дахин сонгууль явуулах тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоол гарган, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулахыг Тарагт сумын Сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Дашдэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Тарагт сумын сонгуулийн хорооноос гаргасан 2016 оны 10-р сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоол “Нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосонд тооцох тухай”, мөн өдрийн 08 дугаар тогтоол “1585 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгох тухай”, мөн өдрийн 09 дүгээр тогтоол “Дахин сонгууль явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоол гарган, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулахыг Тарагт сумын сонгуулийн хороонд даалгуулах”.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1. Тарагт сумын 1 дүгээр тойрог, 1585 дугаар хэсэгт нэр дэвшигч Ц.Хоролтогтох, Ш.Сундуй, Ц.Цэдэнсодном, Н.Галбадрах нар нь сонгуулийн үйл явцад Монгол улсын сонгуулийн тухай хуулийг баримтлан ямар нэгэн хуулийн зөрчил гаргалгүй тус хэсгийн сонгогчдын олонхийн саналаар сонгогдсон. Гэтэл сумын сонгуулийн хорооны гаргасан дээрх тогтоолууд нь сонгогчдын сонголтыг үл хүндэтгэхийн зэрэгцээ нэр дэвшигчдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
2. Сумын сонгуулийн хороо нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байхад дээрх шийдвэрийг үндэс болгон дээрх тогтоолуудыг үндэслэлгүйгээр гарган төрийн ажлыг гацааж байна. Тус 26 дугаар шийдвэрт дурдагдан хүчингүй болсон сумын сонгуулийн хорооны 04 тоот тогтоол нь нэр дэвшигчидтэй ямар нэгэн холбогдолгүй, сонгуульд ажиллаж буй хүмүүсийн урамшуулал, хоолны зардал олгох тухай тогтоол байсан.
Гэтэл уг тогтоолыг 1585 дугаар хэсэгт нэр дэвшигчидтэй холбогдолтойгоор дээрх тогтоолуудыг гаргасан нь ямар ч эрх зүйн актгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд сумын сонгуулийн хорооноос гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07, 08, 09 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, сонгогдсон нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж өгөхийг Тарагт сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэж,
шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”...миний бие нь 2016 оны 10 сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ...гаргасан ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Хоролтогтох, Ш.Сундуй, Ц.Цэдэнсодном, Н.Галбадрах нар итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дашдэлэгээр дамжуулан “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хорооноос гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар “Нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосонд тооцох тухай”, 08 дугаар “1585 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгох тухай”, 09 дүгээр “Дахин сонгууль явуулах тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоол гарган, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулахыг Тарагт сумын Сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг гаргасан. Гэвч Х.Дашдэлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа талаарх тайлбараа 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2016/0029/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Дашдэлэгийн “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хорооноос гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар “Нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосонд тооцох тухай”, 08 дугаар “1585 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгох тухай”, 09 дүгээр “Дахин сонгууль явуулах тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоол гарган, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулахыг Тарагт сумын Сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хороонд холбогдох тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2016/0029/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ