Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0642

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр   

  Дугаар 221/МА2018/0642

Улаанбаатар хот

 

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэртэй, Н.А-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийг Н.А-д шилжүүлэхийг даалгах”, Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.А-д бичиж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.А-д давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Иргэн Н.А миний бие Нийслэлийн Газрын албанд хандан Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааг Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй адилтган үзэж газрын гэрчилгээ бичиж өгөхийг хүссэн. Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны А/39 дүгээр захирамжийг үндэслэн баригдсан барилга /граж/-д 1994 оноос хойш огт газрын гэрчилгээ олгоогүй байсан тул уг гражийг худалдаж авсан би газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгөхийг захиргааны байгууллагаас хүссэн. Харин захиргааны байгууллага гэрчилгээ бичиж өгөхөөс татгалзсан.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй. Н.А миний бие иргэний гүйлгээнээс хасагдаагүй хөрөнгө буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороонд баригдсан гражийг худалдаж авсан боловч өмчилж чадахгүй, уг үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүйд хүрээд байна. Захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөөгүй, өгөөгүй гэдгээ мэдүүлсээр байхад нэхэмжлэгчээс шүүх “гэрчилгээ” нэхэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль 1994 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хойш газар эзэмших эрх бүхий этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөөгүй захиргааны хууль бус үйлдлийн үр дагаврыг нэхэмжлэгчид үүрүүлэх нь хууль дээдлэх ёсонд үл нийцнэ.

Хэдийгээр шүүх “өмчлөлийн гражийн газрыг баталгаажуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх... эрхийг хязгаарлахгүй” гэсэн хэдий ч Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын тухай хууль, тогтоомжид “газрын баталгаажуулах” гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар[1] Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын боловсруулсан саналын дагуу тодорхой газруудад газрын зөвшөөрөл олгож шийдвэрлэсний дотор Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлаг хороололд 88 дугаар цэцэрлэгийн хойд талд 0,05 га газар багтсан байна.

Худалдаа, үйлдвэр үйлчилгээний “Бор-Үрээ-Б” компани нь 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн барьсан гражаас нэгийг нь О.Чимэдэд худалдсан[2] бөгөөд О.Чимэдээс нэхэмжлэгч Н.А нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Автограж худалдан авах гэрээ”-ний[3] дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах 4 дугаартай 18 м.кв талбайтай автогражийг худалдан авчээ.

Н.А нь Нийслэлийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газрын эзэмших эрхийг Н.А-д шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг Н.А-д бичиж өгөхийг Нийслэлийн Газрын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өмнө О.Чимэдийн нэр дээр газар эзэмшүүлэх шийдвэр, гэрчилгээ олгож байгаагүй бөгөөд миний бие О.Чимэдээс 18 м.кв газартай 4 дугаартай гражийн барилгыг худалдаж авсан тул уг газрын эзэмших эрхийг “Бор-Үрээ-Б” ББХК-иас Н.А-д шилжүүлэх тухай шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг гаргахад Нийслэлийн Засаг даргаас “материал дутуу” гэх хууль бус үндэслэлээр татгалзаж эс үйлдэхүй гаргасан” хэмээн тайлбарлан маргасан байна.

Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан болон захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус тохиолдолд хангаж шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад “Газар эзэмших эрх шилжүүлэн авах” тухай[4], Газрын албанд “Газар эзэмших эрхийн гэрчилгээ авах” тухай[5] хүсэлтүүдийг тус тус гаргасны дагуу хариуцагч нараас “...Иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг тус албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг бөгөөд таны ирүүлсэн материалын бүрдэл дутуу байгаа тул тус хурлаар хэлэлцүүлэх боломжгүй байна. Иймд ...материалыг бүрдүүлж нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандана уу” гэх хариуг[6] өгчээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргах эрхтэй ч О.Чимэд, Н.А нарын хооронд байгуулан “Автограж худалдан авах” тухай гэрээний дагуу “Бор-Үрээ-Б” ББХК-д олгосон гэх 0,05 га газраас маргаж буй 18 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт.”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь талуудын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг шалгасны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрийг гаргахаар байх тул анхан шатны шүүх “...нэхэмжлэгчээс “Бор-Үрээ-Б” ББХК-тай хийсэн аливаа хэлцлийг захиргааны байгууллага болон шүүхэд ирүүлээгүй нь газар эзэмших эрх шилжүүлэх талаарх хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэсэн нь зөв байна.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болох ч уг шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхыг хуулиар шаардсан байхад Н.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй О.Чимэдээс худалдан авсан 4 дугаартай гражийн газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардаж байгаа нь өөрөө Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

Н.А давж заалдах гомдолдоо “...шүүх нэхэмжлэгчээс “гэрчилгээ” нэхэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсонд үл нийцнэ... 1994 оноос буюу Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш газар эзэмших эрх бүхий этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөөгүй захиргааны хууль бус үйлдлийн үр дагаврыг нэхэмжлэгчид үүрүүлэх нь хууль дээдлэх ёсонд үл нийцнэ” гэж дурджээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргаж, дүүргийн Газрын алба газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр хуульчилсан бөгөөд О.Чимэд нь тухайн граж байрлаж байгаа газрыг шилжүүлэн авах, эзэмших тухай хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаагүй гэдэг нь өөрийнх нь гэрчийн мэдүүлгээр[7] тогтоогдож байх тул хариуцагч нарыг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ...эрхтэй ч Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Н.А-д Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 4 дугаартай граж баригдсан 18 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгохыг хариуцагч захиргааны байгууллагуудад даалгах үндэсгүй тул нэхэмжлэгчийн “...граж авсан боловч өмчилж чадахгүй, уг үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүйд хүрээд байна” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авахааргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-7 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-9 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-11 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-13 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-19 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-18, 23 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-89 хуудас