Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0135/З |
Дугаар | 367 |
Огноо | 2020-10-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 367
“П” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Х.Батсүрэн,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0295834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0210 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эг оролцуулж,
Хариуцагч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0210 дугаар шийдвэрээр: 1. Татварын тухай хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14.1, 14.1.1, 14.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай “2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0285834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ”П” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан ”П” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0295834 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг зохих ёсоор тооцон өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч татварын улсын байцаагч Э.Ц, Д.А нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Ц, Д.А нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд 319 дугаартай магадлалаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль, алдангийг өршөөлд хамруулан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсанд дараах гомдлыг гаргаж байна.
4. Магадлалын Үндэслэх нь хэсэгт: “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл уг хугацаанаас өмнө торгууль алдангийг өршөөлд хамруулан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтуудыг буруу хэрэглэн шийдвэр гаргасан.
5. Учир нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйл. Хууль хэрэглэх журам. 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна" гэж заасан нь тухайн хугацаанаас өмнө захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр гарсан байхыг ойлгохоор байна.
6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 319 дугаартай магадлалын алданги, торгуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.
7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 5 сарын 13-ны өдөр давж заалдах журмаар хянан шийдвэрлэж 319 тоот магадлал (цаашид “319 тоот Магадлал” гэх) гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
8. Шүүх төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид “НӨАТ” гэх)-ын талаар дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:
9. Давж заалдах шатны шүүхээс хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа ажил үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн бөгөөд ингэхдээ “нэмүү өртөг шингэсэн байх” гэх хуульд огт тусгаагүй нэмэлт шаардлага тавьж, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид “НӨАТтХ” гэх)-ийн 4.1.8, 14.1.1 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.18, 15.10.19 дэх заалтыг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
10. Учир нь 2006 оны НӨАТтХ-ийн 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцохоор заасан. Улмаар тус зүйлийн 4.1.8-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг ойлгохоор өргөн хүрээтэй тодорхойлсон бөгөөд үүнд заавал “нэмүү өртөг шингэсэн байх” гэх шаардлагыг 2006 оны НӨАТтХ-аар огт хуульчлаагүй юм.
11. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 398 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0584 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн 2017 оны 443 дугаар тогтоолд “нэмүү өртөг шингэсэн бол төсөв төлөх НӨАТ-аас хасна” гэх дүгнэлтийг хийсэн байдаг бөгөөд энэхүү шийдвэрийг жишиг болгон үг үсэггүй хуулбарлаж 319 тоот магадлалын үндэслэлд тусгасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-т заасан “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ...” зарчмыг зөрчсөн байна.
12. Үүнээс гадна, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.18-д зааснаар газрын тос хайх, 15.10.19-д зааснаар уламжлалт бус газрын тос хайх нь үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагааны төрөлд тус тус хамаарч байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа ньНӨАТтХ-ийн 4.1.8 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.18, 15.10.19-д тус тус зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээнд бүрэн хамаарч байгаа юм.
13. Иймд П ХХК нь 2006 оны НӨАТтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 -д заасны дагуу 2013-2015 онд хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, үйлчилгээ мөн гэж үзэж төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох бүрэн үндэслэлтэй байна.
14. Нөгөө талаас давж заалдах шатны шүүхээс хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн татварыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцохгүй гэж үзсэн хэдий ч 2006 оны НӨАТтХ-ийн 14.4-д заасан НӨАТ-аас хасахаар тусгайлан заасан үндэслэлүүдийн чухам алинд нь хамаарах талаар шийдвэртээ огт дүгнээгүй. Тодруулбал, 2006 оны НӨАТтХ-ийн 14.4-д төсөвт төлөх НӨАТ-ыг тодорхойлохдоо зөвхөн дараах бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа төлсөн татварыг хасч тооцохоор тусгайлан хуульчилсан байна. Үүнд: i. суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг; ii. хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ; iii. НӨАТтХ-н хуулийн 13 дугаар зүйлд заасан /татвараас чөлөөлөгдсөн/ үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ.
15. Харин П ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн татвар нь төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцохгүй гэж НӨАТтХ-ийн 14.4 дэх заалтад тусгайлан заасан дээрх үндэслэлийн алинд нь ч үл хамаарч байгаа юм. Түүнчлэн хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн татвар нь 2006 оны НӨАТтХ-ийн 14.4-т заасан төсөвт төлөх НӨАТ-аас хасагдах татварын алинд нь ч хамаарахгүй болох нь Улсын Их Хурлаас хожим нь 2015 онд НӨАТтХ-ийг шинэчлэн батлахдаа тус хуулийн 14.6.5-д “хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд” зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авахад төлсөн НӨАТ-ыг хасахгүй байх заалтыг шинээр нэмж хуульчилсан байгаагаас тодорхой харагдаж байна.
16. Хэрэв хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авалт хийх нь 2006 оны НӨАТтХ- ийн 14.4-т заасан хасагдах татварын аль нэгд хамаарч байсан бол хууль тогтоогчийн зүгээс 2015 онд 14.6.5 дахь заалтыг шинээр оруулах шаардлагагүй байсан юм. Энэхүү шинэ зохицуулалт нь хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмын дагуу П ХХК-ийн 2013- 2015 оны хооронд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-д хамаарахгүй билээ.
17. Иймд давж заалдах шатны шүүхээс хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн татварыг төсөвт төлөх НӨАТ-аасхасчтооцохгүй гэж дүгнэхдээ НӨАТтХ-ийн 14.1.1, 4.1.8 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёстой хуулийн заалт болох НӨАТтХ-ийн 14.4 дэх хэсгийг огт хэрэглээгүй байна. Түүнчлэн “нэмүү өртөг шингэсэн байх” гэх хуульд огт тусгаагүй нэмэлт шаардлага тавьсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-т заасан “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ...” зарчмыг ноцтой зөрчсөн байна.
18. Шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа (цаашид “ЗШША” гэх)-ны хугацаа хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар:
19. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж шийдвэрлэхээр байна. Гэтэл татварын улсын байцаагч нар нь 2018.09.24-нөөс 2018.12.18-ны хооронд 85 хоногийн турш ЗШША явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болох “Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай” эрх бүхий албан тушаалтны 1 тоот тогтоолоор тогтоогддог. Тодруулбал, татварын улсын байцаагчид дээрх “Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай” эрх бүхий албан тушаалтны 1 тоот тогтоолыг 2018.09.24-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд үйлдсэн байдаг. Түүнчлэн 2018.10.18-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 2018.12.6-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” зэргийг үйлдэж ЗШША явуулсан байдаг.
20. Ийнхүү ЗШША-ны хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтаар нотлогдсоор байтал давж заалдах шатны шүүхийн зүгээс хуцагаа хэтрүүлсэн гэх годмол үндэслэлгүй хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтаас эрс зөрүүтэй үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн зүгээс ЗШША-ны хугацаа хэзээ эхэлсэн, хэзээ дууссан талаарх үйл баримтыг хэрэгт цугларсан ЗШША-ны баримтуудад үндэслэж огт тогтоогоогүй атлаа зөвхөн татварын хяналт шалгалтын баримтад үндэслэж ЗШША-ны хугацаа хэтрээгүй хэмээн хэрэгт цугларсан нотлох баримтаас эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.
21. Түүнчлэн ЗШША-ны хугацаа хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ хэрэглэвэл зохих хууль болох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй харин хэрэглэх ёсгүй буюу Татварын ерөнхий хуулийг үндэслэж шийдвэр гаргасан. Тодруулбал, 319 тоот Магадлалын 6 дахь талд "... Татварын ерөнхий хуулийн 30.1.1-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглоно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “П” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх хугацааг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хуртэл нийт 195 хоногийн хугацааг олгосон байна. Эндээс үзвэл хариуцагч татварын улсын байцаагч нар нь томилолтод заасан хугацаанд татварын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй...” дүгнэсэн байна.
22. ЗШША-ны үндэслэл, журмыг тусгайлан тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах асуудлыг зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан байдаг бөгөөд тус хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж шийдвэрлэхээр хуульчилсан байна.
23. Гэтэл давж заалдах шатны шүүхийн зүгээс ЗШША-ны хугацаа хэтрүүлсэн талаарх гомдлыг шийдвэрлэхдээ дээрх тусгайлсан хууль болох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг огт хэрэглээгүй, харин Татварын ерөнхий хуулийг үндэслэсэн байна.
24. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2018.9.24-2018.12.18-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр ЗШША явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн зүгээс энэ гомдлын шаардлагыг огт хянан шийдвэрлэлгүй орхиж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, хэргийг бүхэлд нь шийдвэрлэх бүрэн эрхээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхээс татгалзсан байна.
25. Ийнхүү давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаас эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг огт хангаагүй байна.
26. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.4-т заасны дагуу Захиргааны хэргийн заалдах шатны шүүхийн 2020 оны 5 сарын 13-ны өдрийн 319 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
27. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
28. Гомдол гаргагч “П” ХХК нь “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0295834 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргаж, ”...тус компанийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь ...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд хамаарна. ...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмыг зөрчиж явуулсан...” гэж маргасан байна.
29. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “П” ХХК-ийн 2013-2016 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 0295834 дүгээр шийтгэлийн хуудсаар, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Татварын ерөнхий хууль /2017 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус үндэслэн, газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын худалдан авалтыг, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон, төсөвт төлөх татвараа бууруулсан гэсэн үндэслэлээр, нийт 333,362,178.20 төгрөгийн зөрчилд, 33,336,217.8 төгрөгийн нөхөн татвар, 10,000,865.40 төгрөгийн торгууль, 6,667,243.5 төгрөгийн алданги, нийт 50,004,326.7 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
30. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг” 4.1.8-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг” гэж ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд ...дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно; 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.4-т “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх албан татварын нийт дүнгээс хасахгүй; ...14.4.2 хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ” гэж тус тус хуульчилсан.
31. Гомдол гаргагч “П” ХХК нь газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг үйл ажиллагаандаа зориулан, 2013-2015 онуудад “Петровис” ХХК, “Петровис цамхаг” ХХК, “Бласт” ХХК, “Монруд” ХХК зэрэг компаниудаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, 2013 онд 203,931,944.20 төгрөгийн, 2014 онд 103,251,582.10 төгрөгийн, 2015 онд 26,178,651.90 төгрөгийн, нийт 333,362,178.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
32. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, гомдол гаргагч компанийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй, компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэн, татварын улсын байцаагч нарын 0295834 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14.1, 14.1.1-д заасантай нийцжээ. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.
33. Харин, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийн зүгээс ...хугацаа хэтрүүлсэн талаарх гомдлыг шийдвэрлэхдээ тусгайлсан хууль болох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг огт хэрэглээгүй, харин Татварын ерөнхий хуулийг үндэслэсэн нь хууль бус...” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж шийдвэрлэхээр заасан. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон боловч энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
34. Түүнчлэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус заасан. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдийн 2013-2016 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 333,362,178.20 төгрөгийн зөрчилд 10,000,865.40 төгрөгийн торгууль, 6,667,243.5 төгрөгийн алданги ногдуулсан, иймд хуульд заасан дээрх хугацаанд хамаарах актаар тогтоосон торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь хуульд нийцнэ. Хариуцагч татварын байцаагч нарын энэ үндэслэлээр буюу “...хуулийн 10.2-д ...заасан нь тухайн хугацаанаас өмнө захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр гарсан байхыг ойлгохоор байна. ...магадлалын алданги, торгуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээлгэх”-ийг хүсч гаргасан хяналтын гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.
35. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0210 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА