Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01817

 

 

 

 

 

 

 

2022 09 26 210/МА2022/01817

 

 

 

О г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02662 дугаар шийдвэртэй

О г ХХК-ийн нэхэмжлэлтэй

О д ХХК-д холбогдох

63,087,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ургамал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн төлөөлөгч Ө.Болортуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: О г ХХК нь О д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний байгуулж, тухайн өдөртөө аж ахуйн хашаанаас БНСУ-ын Хун Сон 6000 маркийн өрмийн станок, түүнийг суурилуулсан ОХУ-ын камаз-5320 маркийн автомашин, БНСУ-ын Ханжин маркийн компрессор, уг компрессорыг суурилуулсан чиргүүл, бусад дагалдах хэрэгслийн хамтаар шалган, актаар баталгаажуулан авч явсан.

1.1. Гэрээний төлбөрт 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20,243 ам.доллар буюу 50,000,000 төгрөг бэлнээр төлж, үлдэх 50,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах талаар актаар баталгаажуулсан.

Үлдэгдэл 50,000,000 төгрөгөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг төлж, үлдэх 35,000,000 төгрөгийг төлөөгүй тул төлбөрийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

1.2. Мөн тоног төхөөрөмж, автомашиныг хүлээлгэн өгөхдөө 2018 оны татвар хураамжийг бүрэн төлж, техникийн болон татварын гэрчилгээг эхээр нь хүлээлгэн өгсөн байтал одоог хүртэл камаз-5320 маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн аваагүйгээс манай компанид 2019, 2020, 2021 онуудын татвар 522,000 төгрөгийн өр үүссэн.

1.3. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4.1-д худалдан авагч талын хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй нь уг хуулийг зөрчсөн байх тул нийт үнэ 100,000,000 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 10,000,000 төгрөг, 00-00 УБЭ автомашины 2022 оны авто тээврийн татвар 65,500 төгрөг, нийт 63,087,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. О д ХХК нь О г ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр БНСУ-ын Хун Сон 6000 өрмийн станок, өрмийн станокыг суурилуулсан ОХУ-ын камаз маркийн автомашин, БНСУ-ын Ханжин маркийн компрессор, түүнийг суурилуулсан чиргүүлтэй худалдан авсан.

Манай компанид БНСУ-ыг Ханжин компрессор хэрэгтэй байсан боловч О г ХХК чиргүүл болон бусад зүйлийг хамт ав гэсний дагуу авсан. Тухайн үед худалдан авсан БНСУ-ын Хун Сон 6000 өрмийн станок эвдэрхий, гинж буюу явах эд анги нь цувсан тул ашигладаггүй ба манай компанийн аж ахуйн хашаанд хадгалагдаж байна.

ОХУ-ын камаз 53-20 маркийн автомашин 1989 онд үйлдвэрлэгдсэн хуучин, эвдэрхий байсан ба энэ автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй. 2020 онд оношилгоо, татварын асуудлаар зохих газар нь хандахад 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оношлогоонд тэнцээгүй, О г ХХК-ийн эзэмшилд байдаггүйг мэдсэн.

БНСУ-ын Ханжин маркийн компрессорыг суурилуулсан чиргүүлийн сопраторын шүүр нь ажиллахгүй, шүүрийг нь захиалж солиулсан. Шингэн нь гоожсон, улаан, цагаан шингэн нь холилдсон, заримдаа тасалдаад бас доголдолтой байсан тул моторыг нь засуулж байсан.

2.2. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн.

2.3. Бид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байхаар тохиролцсон тул төлөх боломжгүй.

2.4. 00-00 УБЭ улсын дугаартай камаз маркийн 1989 онд үйлдвэрлэгдсэн ашиглагдах боломжгүй тээврийн хэрэгслийг О д ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч О д ХХК-аас 35,587,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,500,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О д ХХК-аас 335,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчээс худалдан авсан БНСУ-ын Хун-Сон 6000 өрмин станокийн явах эд анги цувсан тул ашиглаагүй ба анх байрлуулсан газраа өнөөдрийг хүртэл байгаа нь шүүхэд гаргаж өгсөн фото зураг, гэрчүүдийн мэдүүгээр тогтоогдоно.

Камаз 5320 маркийн автомашин 1989 онд үйлдвэрлэгдсэн хуучин эвдэрхий асдаггүй, мотор нь яаж техникийн үзлэгт тэнцэж байсан нь ойлгомжгүй.

Манай компани 2018 он 06 дугаар сараас эхлэн Марко Поло ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажилд гарахаасаа өмнө гүйцэтгэх боломжгүй болж гэрээг цуцалсан ба энэ талаар О г ХХК-ийн захиралд удаа дараа мэдэгдэж, буцаах талаар шаардлага гаргаж байсныг гэрч Ч.Т , Ж.Б нарын мэдүүлдэг. Шүүх гэрч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

4.2. Монголын Татварын албанаас нэхэмжлэгч О г ХХК-д 2019-2022 онд камаз маркийн, 63-98 улсын дугаартай автомашины татварт 587,500 төгрөг ногдуулсан, татварын өр үүссэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь О г ХХК уг татварыг төлөөгүй, татварыг О г ХХК төлөх үндэслэлгүй. Харин О д ХХК татварын албанд төлөхийг даалгах нь үндэслэлтэй.

Тус тээврийн хэрэгсэл асдаггүй тул хүлээлцэх үедээ өөр автомашинаар чирээд явсныг нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрч мэдүүлдэг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3-т заасан шаардлагыг хангавал хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан. Гэтэл хуулийн шаардлага хангаагүй буюу О д ХХК-д шилжиж ирээгүй болох нь хэргийн 82 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдоно.

4.3. Нэхэмжлэгч нь БНСУ-ын Ханжин маркийн компрессор, түүнийг суурилуулсан чиргүүл дээр байдгийг манай талд өгсөн. Тус тоног төхөөрөмжийн сопраторын шүүр нь ажиллахгүй, шүүрийг захиалж хийлгэж солиулсан ч шингэн нь гоожсон, улаан, цагаан шингэн нь холилдсон, заримдаа тасалдаад доголдоод байсан тул моторыг нь засуулсан ч ажиллаагүй. Энэ талаар уулзах бүрдээ ярьж, удирдах ажилтнуудын зөвлөгөөн, хувьцаа эзэмшигчдийн хурал дээр байнга ярьдаг байсан гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. О д ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б ийн хүсэлтээр компрессорыг иж бүрнээр нь худалдахаар зөвшилцөн гэрээ байгуулж, акт үйлдсэн.

Тус актад бүх тоног төхөөрөмжийг хүлээн авч шалгаж үзлээ камаз маркийн автомашиныг бичиг баримтын эх хувийг авлаа, 2018 онд үзлэгт орж тэнцсэн гэсэн баримтыг хавсаргасан.

5.2. Анхан шатны шүүх нотлох баримт, талуудын мэтгэлцээнд тулгуурлан нотлох баримтыг үндэслэн хууль ёсны шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрт автомашины татварын асуудлыг нэхэмжлэгч талаар төлүүлэхээр биш тус автомашиныг иж бүрнээр нь авч явсан хариуцагч талаар төлүүлэхээр зааж өөрчлөлт оруулж өгнө үү.

5.3. Автомашин доголдолтой эсэх нь нотлогдохгүй, харин мэргэжлийн инженер шалгаж авсан, бүх засвар үйлчилгээг хийж явуулсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоогдож байна.

Тус гэрээ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан тодорхой хугацаа заагаагүй тул 6 сарын баталгаат хугацаа өнгөрсөн, 2 жилийн хугацаанд төлбөр төлөхөөр тохирлцсоноос доголдолтой талаар бичгээр мэдэгдээгүй. Иймд хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөл оруулав.

 

2. Нэхэмжлэгч О г ХХК нь хариуцагч О д ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, НӨАТ 10,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 587,500 төгрөг нийт 63,087,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн худалдсан машин, тоног төхөөрөмжийг эвдэрхий, доголдолтой байсан гэж маргаж үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзжээ.

 

3. О г ХХК нь О д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч О д ХХК нь БНСУ-ын Хун сон 6000 өрмийн станок, өрмийн станокийг суурилуулсан ОХУ-ын Камаз маркийн автомашин, түүний дагалдах хэрэгсэл болох БНСУ-ын Ханжин маркийн компрессор, компрессор суурилуулсан чиргүүлийн хамт 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч О г ХХК нь дээрх тоног төхөөрөмжийг шалган хүлээн авч төлбөрийг 2 хуваан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх11-13/

 

3.а. Дээрх гэрээний 2.4-т машин, тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгснөөр цаашдын ашиглалт, засвар үйлчилгээ, аливаа асуудлаар хариуцлага хүлээхгүй гэж, 3.2-т худалдан авагч тал нь техник, тоног төхөөрөмжийг шалган хүлээн авч хүлээлцэх акт үйлдсэнээр гэрээг хүчин төгөлдөр гэж тооцно гэж тус тус заажээ.

 

3.б. Үндсэн хөрөнгө болон өрөмдлөгийн багаж хэрэгсэл хүлээлцсэн актаар худалдагч О д ХХК нь худалдан авагч О г ХХК-д гэрээний зүйл болох машин, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. Мөн худалдан авагч О г ХХК нь худалдагч О д ХХК-д гэрээний дагуу 65,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна. /хх59/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.Хариуцагчийн нэхэмжлэгч компанийн худалдсан машин, тоног төхөөрөмжийг эвдэрхий, доголдолтой байсан гэж маргаж үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан нь үндэслэл муутай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

 

4.а. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн протоколд ...О д ХХК-ийн захирал Ж.Б , компанийн ажилтан н.Ж , О г ХХК-ийн захирал Т.Б , эдийн засагч ня-бо Ц.У нар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлнө гэж, /хх13/

О д ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигт гэрээний тооцооны үлдэгдэл 50,000,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлж дуусгахаа мэдэгдэж байна гэж, /хх14/

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн протоколд ...О д ХХК-ийн захирал Ө.Болортуяа, О г ХХК-ийн эдийн засагч ня-бо Ц.Ургамал нар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 25,000,000 төгрөгийг төлнө гэж тус тус тохиролцсон байна. /хх60-61/

 

4.б. Эдгээр баримтуудаар О д ХХК нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж, удаа дараа хугацаа сунгаж байсан нь тогтоогдсон.

 

Харин гэрээний зүйл чанарын доголдолтой, ашиглах боломжгүй талаар дээр дурдсан баримтуудад тусгагдаагүй.

 

4.в. Гэрч Ч.Т ...өрөм ажиллагаагүй, камазны мотор цохисон хөдөлгөөнгүй, компресс нь асч унтраад, улаан юм цацраад байсан... гэж,

гэрч Ж.Б ...камазыг асаахгүй хашаанаас нь чирээд явсан, мотор цохисон байсан, би Т.Б д эвдэрхий байна гэхэд залуу, мэргэжлийн улсууд та нар засаж болго аваад яв гэсэн... гэж,

гэрч С.Б  ...компрессорын ганц асаагч нь заавал татаж байж асдаг, бусад нь хэвийн ажиллаж байсан, өрөмний явах эд анги нь жоохон түрүүлээд байдаг, өөр асуудалгүй, хуучин элэгдэж хорогдсон юм байлгүй... гэж тус тус мэдүүлдэг боловч бичгийн баримтаар давхар нотлогдоогүй тул үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. /хх106-107, 109-111, 168-171/

 

Хариуцагч О д ХХК-ийн татгалзал хэргийн баримтуудаар тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

 

4.г. Хариуцагч О д ХХК нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч О г ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн тул төлбөрийн үлдэгдэл 35,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн газарт эзэмшигчийг бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардахгүй ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх хөрөнгийг тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог байна.

 

6. Харин анхан шатны шүүх камаз маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашины татвар 587,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж дараах байдлаар өөрчлөлт оруулна.

 

Монголын Татварын алба О г ХХК-аас тус тээврийн хэрэгслийн 2019-2022 онуудын татварыг нэхэмжилсэн байна. О г ХХК-аас тус тээврийн хэрэгслийн татварыг бодитоор төлж, хохирол учирсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын 587,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр худалдан борлуулсан өрмийн станок, камаз маркийн автомашин, компрессор, чиргүүл болон дагалдах хэрэгсэлд НӨАТ тооцогдохгүй байхаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагын НӨАТ 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

8. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т үлдсэн 50 хувийн төлбөрөө хугацаандаа төлөхийг шаардах ба худалдан авагч тал хугацаа хожимдуулсан тохиолдолд алданги тооцох, хууль хяналтын байгууллагад хандах эрхтэй гэжээ.

 

Гэрээний дээрх заалтад алдангийн хэмжээ тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02662 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...35,587,500 гэснийг ...35,000,000 гэж, ...27,500,000 гэснийг ...28,087,500 гэж, ,

2 дахь заалтын ...335,889 гэснийг ...332,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О д ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ