Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01818

 

 

 

 

 

 

 

2022 09 26 210/МА2022/01818

 

 

 

Б.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/02281 дугаар шийдвэртэй

Б.С ын нэхэмжлэлтэй

Д.Н т холбогдох

компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.С , Л.Б нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.Н тэй танилцаж гадаад улсаас барилгын материал импортлох чиглэлээр хамтарсан компани байгуулж хамтран ажиллах санал тавьж, хэд хэдэн удаа уулзсан.

1.1. Миний бие өөрийн эзэмшдэг Б ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг Д.Н т, 40 хувийг Л.Б д шилжүүлж, үлдэх 30 хувийг өөрөө эзэмшихээр тохиролцон Л.Б ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

1.2.Компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байхад Д.Н Т ХХК-ийн нэрээр Т ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Д.Н надад мөнгө байхгүй тул эхлээд та хоёр мөнгө гаргачих, борлуулалтын ашгаа хуваагаад гаргасан мөнгийг чинь өгчихнө гэж хэлсэн тул Л.Б бид хоёр итгэж, түүнд 309,463,200 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Л.Б И ББСБ ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 250,000,000 төгрөг зээлж, үүнээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 156,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 92,000,000 төгрөг, мөн өдөр Т ХХК-ийн данс руу 17,350,000 төгрөг, нийт 265,350,000 төгрөг шилжүүлсэн. Тус банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн шимтгэлд 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,546,486 төгрөг төлж, нийт 279,896,486 төгрөгийн зардал гарсан. Би И ББСБ ХХК-ийн зээлийг төлж дуусгасан.

1.3.Д.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 274,756,172 төгрөгийг төлсөн. Л.Б бодитоор 5,140,314 төгрөгөөр, би 21,845,000 төгрөгөөр тус тус хохирсон. Мөн Наушикаас Улаанбаатар хооронд тээврийн зардалд 2,581,400 төгрөгийг төлүүлсэн тул би 24,426,400 төгрөгийн зардал гаргасан.

1.4.Л.Б , Д.Н нартай хамтарсан компани байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулж, ашиг олно гэсэн боловч Д.Н өөрийн компаниараа гэрээ байгуулж, гэрээний үнэ, холбогдох зардлыг Л.Б бид хоёроор төлүүлчихээд гэрээнээс олсон ашиг гэх 50,000,000 төгрөгийг бид хоёртой хуваалцах, гаргасан зардлын үлдэгдэл 30,000,000 орчим төгрөгийг өгөхгүй хохироож, бэлэглэгч намайг ноцтой гомдоож байна.

1.5.Мөн намайг хэл амаар доромжлох болсон. Т ХХК-ийг судлахад нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, 2014 оноос хойших татварын өр төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, хуурамч компани байсан. Иймд Д.Н тэй хамтран ажиллах боломжгүй болсон тул тэрээр оруулсан мөнгийг өгөхгүй, ашиг хуваахгүй байх тул Б ХХК-ийн хувьцааны 30 хувийг бэлэглэсэн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 оны 11 дүгээр сард Л.Б намайг дуудаж уулзаад ОХУ-аас арматур оруулж ирвэл ашигтай юм байна, чи судлаач, ах нь эхний ээлжид мөнгөө гаргая гэсний дагуу ОХУ-ын Челябинск хот дахь компанитай гэрээ байгуулсан.

2.1.Үүний дараа Л.Б найз Б.С ыг надтай танилцуулж, түүнийг Барилгын салбарт ажилладаг, арматур оруулж ирвэл бэлэн мөнгөөр нь авах компани олно гэж хэлээд бид гурав Б ХХК гэж нэр өгч, компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээр Л.Б д 40 хувь, надад 30 хувийг шилжүүлсэн.

2.2. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Л.Б 156,000,000 төгрөгийг миний Т ХХК-ийн данс руу шилжүүлснийг ОХУ руу арматурын үнэд шилжүүлсэн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л.Б 109,350,000 төгрөг, Б.С 20,000,000 төгрөг, Батширээт 2,500,000 төгрөг, Б.С 842,000 төгрөг тус тус төлж 2 вагоны мөнгийг шилжүүлсэн ба ОХУ-аас тохирсон хугацаанд арматур орж ирсэн.

2.3. Л.Б оффис худалдан авах тухай ярьж, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд түрээслэхээр оффис авсан. Ингээд эхний төлбөр 300,000,000 төгрөгийг надаар гаргуулахаар тохиролцсон боловч Л.Б гарлаа гэж мэдэгдсэн.

Би Л.Б д оффист орсон бүх тавилга, засварын мөнгийг шилжүүлсэн. Бид харилцан тохиролцож бизнес хийхээр болсон ч би бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт зааснаар Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.С ын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээний дагуу тус компанийн нийт хувьцааны 30 хувийг Д.Н т бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, уг Ж ХХК /одоо Б ХХК/-ийн хувьцааны 30 хувийг нэхэмжлэгч Б.С ад буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Н т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй, хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг эдлүүлээгүй. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, миний бие шүүх хуралдаанд оролцох байсан ба хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудтай танилцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нь хариу тайлбарын хамт өмгөөлөгч Ж.У , Б.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт шүүхэд гаргасныг хангаж, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан. Өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Хэргийн оролцогч болох өмгөөлөгч нар шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон буюу шүүхийн дуудсан цагт ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 25.2.5-д заасныг зөрчсөн.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан байхад хариуцагчийн өмгөөлөгч нар 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цагтаа ирээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Н т холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Б.С нь Л.Б , Д.Н нартай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн Ж ХХК-ийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр бэлэглэгч эрх шилжүүлэгч Б.С нь 40 ширхэг хувьцааг Л.Б д, 30 ширхэг хувьцааг Д.Н т шилжүүлэх, хувьцаа, эрх хүлээн авагч Д.Н , Л.Б нар нь шилжүүлэн авсан хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээхээр харилцан тохиролцжээ. /хх12-13/

 

3.б. Мөн өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Ж ХХК-ийн 100 хувийн хувьцааны 40 хувийг Л.Б д, 30 хувийг Д.Н т тус тус шилжүүлж, компанийн нэрийг Б ХХК болгон өөрчилж, гүйцэтгэх захирлаар Л.Б ыг томилсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх47/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

4.а. Талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар Б.С өөрийн үүсгэн байгуулсан Ж ХХК-ийн хувьцааг Д.Н , Л.Б нарт шилжүүлж, улмаар Б.С , Л.Б , Д.Н нар хамтран ажиллах, хамтран хөрөнгө оруулалт хийж, ашиг орлогоо хуваахаар харилцан тохиролцжээ.

 

4.б. Д.Н нь өөрийн Т ХХК-аар дамжуулан Т ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бараа, материал худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Т ХХК нь ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр арматур нийлүүлэх, худалдан авагч Т ХХК нь 401,200,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх27-28/

 

Дээрх гэрээний дагуу худалдагч тал болох Т ХХК-ийг ОХУ-аас төмөр арматур нийлүүлэхэд нэхэмжлэгч Б.С болон Л.Б нар хөрөнгө оруулсан болох нь Хаан банк ХХК дахь Б.С ын эзэмшлийн дансны шилжүүлгийн баримтаар тогтоогджээ. /хх102, 105-106/

 

4.в. Уг гэрээгээр ОХУ-аас төмөр арматур нийлүүлэхэд Б.С хөрөнгө оруулалт хийсэн боловч Д.Н нь түүний оруулсан хөрөнгийг буцаан өгөөгүй, үйл ажиллагаанаас олсон ашиг орлогоо хуваарилаагүйгээс талууд маргасан үйл баримтыг анхан шатны шүүх бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гэх агуулгаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

4.г. Талууд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, Б.С аас Д.Н т шилжүүлсэн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч шаардах эрхтэй ба энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй.

 

Давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал нь Б.С ыг Д.Н ээс гэрээний үүргийг шаардахад саад болохгүйг дурдаж байна.

 

5.а. Хариуцагчийн гаргасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийж, түүнтэй адил байр сууринаас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцдог.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.С ын хариуцагч Д.Н т холбогдуулан гаргасан компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/02281 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.С ын хариуцагч Д.Н т холбогдуулан гаргасан компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Н ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ