| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/02778/И |
| Дугаар | 210/МА2022/01836 |
| Огноо | 2022-09-30 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2022/01836
2022 09 30 210/МА2022/01836
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/03480 дугаар шийдвэртэй
Д. Жавзансүрэнгийн нэхэмжлэлтэй
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК, Г ХХК, Д.Ч , Д.Ж нараас 555,000,000 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор харилцан тохиролцсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураагдсан эрхийн улсын Ү-00000 дугаар бүртгэлтэй 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 348,000,000 төгрөгийн 70 хувь буюу 244,160,000 төгрөгөөр, мөн эрхийн улсын Ү-00000 дугаар бүртгэлтэй 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 210,0000000 төгрөгийн 70 хувь буюу 147,000,000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-00000 дугаар бүртгэлтэй 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 160,000,000 төгрөгийн 70 хувь буюу 112,000,000 төгрөгөөр үнэснийг зөвшөөрөхгүй.
Төлбөрт хураагдсан орон сууцнуудын зах зээлийн үнийн саналыг харгалзан үзэлгүйгээр үнэлгээг гаргасанд гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаар захирамжаар Г ХХК, Т ХХК, Д.Ч , Д.Ж нараас 555,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Г ХХК, Т ХХК, Д.Ч , Д.Ж нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Ж гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжугийн гудамж, 00 дүгээр байрны 1 давхрын 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус байрны 12 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034974 дугаартай 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор тус тус хураасан.
Төлбөр төлөгч Г ХХК, Т ХХК, Д.Ч , Д.Ж нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 348,800,000 төгрөгөөр, 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 210,000,000 төгрөгөөр, 64.34 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр үнэлсэн тул 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэл хүргүүлсэн.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны дуудлага худалдаанд талуудын харилцан тогтоосон үнийн 70 хувиар оруулах тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/9, 4/10 4/11 дугаар тогтоол, 4-166/6862, 4-166/6864, 4-166/6863, 4/166/6861 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн.
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн анхны дуудлага худалдаанд тогтоолын 4/9, 4/10-т заасан үл хөдлөх хөрөнгүүдэд үнийн санал ирээгүй, тогтоолын 4/11-т заасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжугийн гудамж, 00 дүгээр байрны 15 тоотод байрлах эрхйн улсын бүртгэлийн Ү-2204034974 дугаартай 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө 124,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул талуудад 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Д.Ж гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 00 дүгээр байр, 3 тоотод байрлах, 109 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 348,800,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 00 дүгээр байр, 12 тоотод байрлах, 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 210,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 00 дүгээр байр, 15 тоотод байрлах, 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Ж гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай
Барьцааны хөрөнгүүд нь Д.Ж гийн нэр дээр бус Т ХХК-ийн өмч байтал нэхэмжлэгчээс үнийн саналыг авсан нь ойлгомжгүй . Мөн Д.Ж-ээс авсан үнийн саналаас 70 хувь бууруулж барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан. Энэ тухайгаа урьдчилан мэдэгдээгүй. Нэхэмжлэгч анх өгсөн үнийн саналаар барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулна гэж ойлгосон ба дуудлага худалдааны өмнө тайлбарлаагүй болно.
4.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчтөөр шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Шүүх хуралдаан болсон өдөр давж заалдах шатны шүүх хурал мөн давхацсан тул хүсэлт гаргаж, хуралдааны товыг хавсаргасан боловч шүүх авч хэлэлцээгүйн улмаас шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.10-ны өдрийн 101/ШШ2022/03480 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаар захирамжаар Т ХХК, Г ХХК, Д.Ж , Д.Ч нараас 555,000,000 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Ж гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 00 дүгээр байр, 3 тоотод байрлах 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус байрны 00 тоотод байрлах 83 м.кв талбайтай орон сууц, 00 тоотод байрлах, 64.34 м.кв талбайтай орон сууц болон шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 34-37 дахь тал/
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.
4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хураах ажиллагааг явуулсан байна. /хх39-41, 45-47 дахь тал/
Төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг хураан авсан дээрх тогтоолуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгожээ. /хх55 дахь тал/
5. Улмаар, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Д.Ж гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, талуудаас барьцаа хөрөнгийн үнийн саналыг авсан байна. /хх56-58, 63, 65 дахь тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгож, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасны дагуу дахин зөвтгөн явуулахаар болжээ./хх70 дахь тал/
6. Хариуцагч байгууллагын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгч Д.Ж гийн өмчлөлийн маргаан бүхий хөрөнгүүдийг дахин хураасан ба талууд уг ажиллагаанд гомдол гаргаагүй болно. /хх77-80 дахь тал/
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч, өмчлөгч нараас барьцаа хөрөнгийн үнийн саналыг авч төлбөр авагч Хас банк ХХК-д мэдэгдэхэд төлбөр авагчаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн тухай албан бичгийг ирүүлсэн буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг харилцан тохиролцжээ. /хх 82-85, 87 дахь тал/
Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцсон тул 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр үнэлгээг талуудад албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх 90-95/
Дээрх ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд үнэлгээний мэдэгдлийг тухайн өдөр хүлээн авсан талаар тайлбараа гаргасан.
7. Хариуцагч байгууллагын зүгээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Ж д түүний оршин суух хаягаар үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, тэрээр шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч Д.Ж нь энэ хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.
8. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь талуудын тохиролцсон үнийн дүнгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцсон саналын 70 хувиар тогтоосон нь үндэслэлгүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч мэдэгдээгүй гэх гомдлыг хангах боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Түүнчлэн хэргийн баримтаар Т ХХК болон Д.Ж , Д.Ч нарын хэн аль нь барьцаа хөрөнгийн талаар үнийн санал бичгээр өгсөн байна. Барьцаа хөрөнгө хэний нэр дээр байхаас үл хамаарч хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах тул нэхэмжлэгч Д.Ж гийн барьцаа хөрөнгүүд Т ХХК-ийнх байтал нэхэмжлэгчээс үнийн санал авсан нь ойлгомжгүй гэх гомдол үндэслэлгүй болно.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ...шүүх хуралдаанд өмгөөлөгч Ч.Т намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/03480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
.