Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Х.З / өөрөө өөрийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олон овогт Хосбаярын Зд холбогдох 1829002020136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.З нь 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 71-09 УНЛ улсын дугаартай Тоёота витз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 186 дахь км-т зам тээврийн осол гаргаж, иргэн Х.Сайханбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.З мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 сарын 30-ны өглөө 06 цагт дүүтэйгээ хамт Улаанбаатар руу явж байсан. Зам дээр нүх тааралдахаар нь тойрч гарах гээд эсрэг урсгалаас машин ирэхгүй байхаар нь жолоогоо эргүүлтэл машин шарваад жолоо булаагаад онхолдсон  гэв.

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16-р хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт, бүдүүвч /хх-ийн 44-45-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хүдэрболдын өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 01-ний өглөө ослын талаар Гэрэлмаагийн төрсөн ахаас мэдсэн. Тэр үед З, Сайханбилэг нар Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Сайханбилэгийн баруун хөлийн чөмөг хугарсан, Згийн нурууны үе бяцарсан байсан. З нь Сайханбилэгийн төрсөн эгч нь байгаа юм. Х.Згаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8417 дугаартай шинжээчийн

  1. Х.Згийн биед сэрээний 6, 7, 10-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сэрээний 10-р нугалмын арын холбоосны тасрал, булчингийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8418 дугаартай шинжээчийн

  1. Х.Сайханбилэгийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шаант ясны өсөлтийн бүс дайрсан хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018.08.16-ны өдрийн №140/01 дугаартай шинжээчийн: “71-09 УНЛ улсын дугаартай Т.Витз маркийн автомашины сэлбэг, эд ангид нийт 2 375 000 төгрөг” гэжээ.

2018.08.20-ны өдрийн шинжээчийн “А.Хосбаяр овогтой З нь 2015.12.22-ны “В” ангиллын 1074148 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. Б.Тоёота витз маркийн 71-09 УНЛ улсын дугаартай, автомашины жолооч Х.З нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,

Х.Згийн яллагдагчаар өгсөн: ”...Би 2018.06.31-ний өглөө дүү Х.Сайханбилэгийн хамт Цагаан хад гэх газраас Улаанбаатар хотруу явсан юм. Тэгээд нүүрс тээвэрлэлтийн замын 185 дахь км-т жолоогоо эргүүлсэн чинь зам дээр нүх тааралдахаар нь эсрэг урсгалд орох гэж зүүн тйишээ жолоогоо эргүүлсэн чинь машин шарваад жолоо булаагаад замын зүүн талруу онхолдсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/

Шүүгдэгч Х.Згийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Х.Згийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/

Шүүгдэгч Х.Згийн иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, хуулийн этгээдийн, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65-71-р хуудас/ 

Н.Оюунгэрэлийн өргөдөл “...манай бэр болох Х.Зд гомдолгүй, машины хохирол төлбөр нэхэмжлэхгүй...гэх /хх-ийн 56-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүсэлт “...Х.Згаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Х.З нь 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 71-09 УНЛ улсын дугаартай Тоёота витз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 186 дахь км-т зам тээврийн осол гаргаж, иргэн Х.Сайханбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16-р хуудас/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт, бүдүүвч /хх-ийн 44-45-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хүдэрболдын өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 01-ний өглөө ослын талаар Гэрэлмаагийн төрсөн ахаас мэдсэн. Тэр үед З, Сайханбилэг нар Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Сайханбилэгийн баруун хөлийн чөмөг хугарсан, Згийн нурууны үе бяцарсан байсан. З нь Сайханбилэгийн төрсөн эгч нь байгаа юм. Х.Згаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8417 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8418 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018.08.16-ны өдрийн №140/01 дугаартай шинжээчийн: “71-09 УНЛ улсын дугаартай Т.Витз маркийн автомашины сэлбэг, эд ангид нийт 2 375 000 төгрөг” гэх дүгнэлт, Замын 2018.08.20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/, шүүгдэгч Х.Згийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож  байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.Зг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хүдэрболд нь шүүгдэгч Х.Згаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олон овогт Хосбаярын Зг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Зг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Зд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Зд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Х.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА