Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг

Шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх толгой овогт Батсайханы Мад холбогдох 1829002180120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед хохирогч Ц.Энхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, араас нь өшиглөж унагаасны улмаас доод эрүүний баруун хэсэгт нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

Хохирогч Ц.Энхбаярын “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Цогтцэций сум төвд айлд байхад Цэнгэл, Отгонбаяр, бас нэг танихгүй хүн байсан. Тэнд байсан хүмүүстэй би пиво уусан. Би гадаа бие засаад зогсож байсан чинь араас нэг хүн тийрээд намайг унагаасан байсан. Унахдаа нүүрний баруун талаараа унаж миний эрүүний баруун тал хугарсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

Гэрч Ц.Отгонбаярын өгсөн: “...Би 2018 оны 09 сарын 03-ны өдөр танихгүй залуу Энхбаяртай хэрэлдэж байгаад Энхбаярыг зүүн гараараа шанаадаад авахаар нь болиоч гээд салгачихаад би гэр рүү орж байтал тэр залуу Энхбаярын араас гүйж очоод үсрээд хоёр хөлөөрөө нурууруу нь тийрэхэд Энхбаяр нүүрээрээ газарт хүчтэй унасан. Би гүйж очоод Энхбаярыг босгоход нүүр нь зулгараад цус гарсан байсан, нөгөө залуу цаашаа гүйгээд явсан.”  гэх мэдүүлэг  /хх-ийн 9-10-р хуудас/

Гэрч Ц.Батцэнгэлийн өгсөн: “...Батаа Энхээтэй муудалцаад гэрээс гаръя гээд гарцгаасан. Төд удалгүй нөгөө 2 гаднаас орж ирсэн. Энхээгийн нүүр нь халцарсан байсан. Нөгөө залуу ч удалгүй явсан.”  гэх мэдүүлэг  /хх-ийн 12-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 06-ны өдрийн №435 дугаартай шинжээчийн

  1. Ц.Энхбаярын биед доод эрүүний баруун хэсэгт хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн хүндэвтэр  хамаарна.
  3.   Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой,
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/

Яллагдагчаар Б.Мын өгсөн: “Энхбаярыг цаашаа хараад зогсож байхаар нь би араас нь тийрээд, унахаар нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/

         Шүүгдэгч Б.Мын хувийн байдлын талаар: 

         Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/,

Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 39-40-р хуудас/,

Шүүгдэгч Б.Мын сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 42-44-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед хохирогч Ц.Энхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, араас нь өшиглөж унагаасны улмаас доод эрүүний баруун хэсэгт нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, Хохирогч Ц.Энхбаярын “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Цогтцэций сум төвд айлд байхад Цэнгэл, Отгонбаяр, бас нэг танихгүй хүн байсан. Тэнд байсан хүмүүстэй би пиво уусан. Би гадаа бие засаад зогсож байсан чинь араас нэг хүн тийрээд намайг унагаасан байсан. Унахдаа нүүрний баруун талаараа унаж миний эрүүний баруун тал хугарсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/ Гэрч Ц.Отгонбаярын өгсөн: “...Би 2018 оны 09 сарын 03-ны өдөр танихгүй залуу Энхбаяртай хэрэлдэж байгаад Энхбаярыг зүүн гараараа шанаадаад авахаар нь болиоч гээд салгачихаад би гэр рүү орж байтал тэр залуу Энхбаярын араас гүйж очоод үсрээд хоёр хөлөөрөө нурууруу нь тийрэхэд Энхбаяр нүүрээрээ газарт хүчтэй унасан. Би гүяж очоод Энхбаярыг босгоход нүүр нь зулгараад цус гарсан байсан, нөгөө залуу цаашаа гүйгээд явсан.”  гэх мэдүүлэг  /хх-ийн 9-10-р хуудас/, Гэрч Ц.Батцэнгэлийн өгсөн: “...Батаа Энхээтэй муудалцаад гэрээс гаръя гээд гарцгаасан. Төд удалгүй нөгөө 2 гаднаас орж ирсэн. Энхээгийн нүүр нь халцарсан байсан. Нөгөө залуу ч удалгүй явсан.”  гэх мэдүүлэг  /хх-ийн 12-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 06-ны өдрийн №435 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/, Яллагдагчаар Б.Мын өгсөн: “Энхбаярыг цаашаа хараад зогсож байхаар нь би араас нь тийрээд, унахаар нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь Б.Маас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Мад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх толгой овогт Батсайханы Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА