Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ж.Б, Л.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөх ядам овогт Жаалхүүгийн Б, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Отгонханд нарт холбогдох 1829000400129 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 125-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б, Л.Отгонханд нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтоор “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “Өмнө нь хүмүүс нохойн хоншоорыг хятад руу авч очиж зардаг байсан. Тэгээд л болдог юм байх гэж бодоод хилээр авч гарах гэж байгаад гаалийн байцаагчид баригдсан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Отгонханд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цагаан хад гэх газарт гэртээ байж байхад гаднаас Б эгч нөхөртэйгээ хамт орж ирсэн. Тэгээд урагшаа Ганц модруу хамт явах уу гэсэн. Тэр үед нөхөр нь багахан мах гаргах гэсэн юм, хамт гаргаад өгчих гэж гуйсан. Хилээр гарах гэж байхдаа нохойн хоншоор гэж мэдсэн. Би 4 ширхэг боодолтой зүйлийг авч гарах гэж байгаад гаалийн байцаагчид шалгуулж баригдсан.” гэв.

Гэмт хэргийн  талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 13 дугаар хуудас /

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20-21 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт шийдвэрлэсэн тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамж /хх-н 27 дугаар хуудас/

Гэрч С.Эрдэнэтогтохын мэдүүлэг /хх-н 24-25  дугаар хуудас/

Гэрч Ч.Саранцэцэгийн мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/

Ж.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг: “... Тэгээд би өмнө нь Цагаан хаданд үхсэн нохойноос тасдаж аваад Дундговийн Сүх  гэдэг хүнд хадгалуулсан нохойны хоншоороо авчихаад орхичихдог юм уу гэхэд тэдний хажууд байдаг Отгонханд гэдэг хүүхэн би аваад гарчихая гээд 4 ширхэггийг нь аваад улаан хантаазныхаа дотор талд нь хийсэн. Тэгээд нөхөр бид хоёр 14 цагийн үед 4 хүн аваад Гашуунсухайт боомт руу явсан. Тэнд очоод зорчигч нар штамбаа даруулж гараад араас нь би штамбаа даруулж гарсан. Хамгийн сүүлд Отгонханд шалгуулахдаа халаасанд байсан зүйл нь илрээд баригдсан. Тэгээд Саранцэцэг бид хоёрын араас гаалийн байцаагч Эрдэнэтогтох гарч ирээд бид хоёрыг дуудахаар нь би сандраад Саранцэцэгийн халаасруу  1 ширхэг хоншоор хийгээд манай хүнд аваачаад өгчих гээд хамт яваа хүн чинь махтай байна гээд бид хоёрыг шалгахад миний халааснаас 3 ширхэг хоншоор гараад ирэхэд Саранцэцэг та миний халаас руу ийм юм хийсэн үү гээд халааснаасаа миний хийсэн нэг ширхэг хоншоорыг гаргаж ирээд ширээн дээр тавьсан.” гэх мэдүүлэг /хх-н 35 дугаар хуудас/

Л.Отгонхандын гэрчээр өгсөн мэдүүлэг: “... Тэгээд намайг гэртээ байж байсан чинь үдийн цайны дараа Б эгч нөхөртэйгөө ирээд хамт урагшаа орох уу гэж гэрт орж ирсэн. ...Манайхаас хөдлөөд жаахан явж байгаад манайх урд хоолны махгүй болчихлоо, жоохон мах аваад хилээр гарчих гэж хэлээд жижигхэн боодолтой бөөрөнхий юм өгсөн. Хар уутанд хийж гадуур нь скочидсон байсан. Би мах юм бол би гаргаад өгье гээд халаасандаа хийсэн. ...Тэгээд гаалийн байцаагч энэ юу юм бэ гэхээр нь жоохон мах байгаа юм гэсэн чинь гаалийн байцаагч Б эгчийн өгсөн боодолтой зүйлийг задалж үзээд мах биш байна гэж хэлсэн. Харсан чинь арзайсан их шүдтэй юм байсан. Тэгэхээр нь наадах чинь минийх биш ээ хүн өгсөн хүн нь энд байгаа гэж Б эгчийг зааж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 40-41 дүгээр хуудас/

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар дүгнэлт /хх-н 45 дугаар хуудас/

Яллагдагч Ж.Бгийн мэдүүлэг /53 дугаар хуудас/

Яллагдагч Л.Отгонхандын мэдүүлэг / хх-н 57-59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Ж.Б, Л.Отгонханд нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтоор “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй эд хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар дүгнэлт /хх-н 45 дугаар/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 20-21 дүгээр хуудас/, гэрч С.Эрдэнэтогтохын мэдүүлэг /хх-н 24-25 дугаар хуудас/, гэрч Ч.Саранцэцэгийн мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Дээрх эрүүгийн хэрэгт шүүгдэгч Ж.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Отгонхандын үйлдэлд тус хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог хамааруулна.  

Иймд шүүгдэгч Ж.Б, Л.Отгонханд нарыг бүлэглэн хязгаарласан буюу “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хязгаарлалт тогтоосон амьтны гаралтай түүхий эдийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заагдсан боловч шүүгдэгч Ж.Б, Л.Отгонханд нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ж.Б, Л.Отгонханд нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүрд оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг нохойн хоншоорыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай захирамжаар устгагдсан болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б, Л.Отгонханд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөх ядам овогт Жаалхүүгийн Б, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Отгонханд нарыг  бүлэглэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаалхүүгийн Бд 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Отгонхандад 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Л.Отгонханд нарт тус бүрд оногдуулсан 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б, Л.Отгонханд нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Б, Л.Отгонханд нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Б, Л.Отгонханд нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг нохойн хоншоорыг тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай захирамжийн дагуу устгагдсан болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Б, Л.Отгонханд нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Б, Л.Отгонханд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН