Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ч.С, Т.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Чойжамцын С, Энх овогт Түвшинбаярын Ө нарт холбогдох 1829000070132 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций-Уулын 419 тоот хашаанд байрлах гэрт Т.Өтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу гутал дотор архи хийсэн гэх шалтгаанаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций-Уулын 419 тоот хашаанд байрлах гэрт Ч.Стай хувийн таарамжгүй харилцаанаас буюу гутал дотор архи хийсэн гэх шалтгаанаас маргалдаж улмаар баруун шуу, зүүн бугалганд хутгаар зүсэж, хатган эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С мэдүүлэхдээ: “...2018 он гарахад манай ажлынхан шинэ жил тэмдэглэсэн. Өдрийн цайны үеэр Ө ах орж ирээд “чи миний гутал руу архи хийсэн байна” гэж хэлсэн. Би архи хийгээгүй байхад дахин дахин тэгж хэлээд дайраад байхаар нь гэнэт уур хүрээд 1 удаа цохьсон. Ө ах унаж босож ирэхдээ хутга барьчихсан миний гар руу хатгасан. Тэгээд Дарханы Зоригт гээд залуу ирж биднийг салгасан.”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай ажлынхан шинэ жил тэмдэглэж кемп дээр 2 шил архи ууцгаасан. Би гадагшаа гарах гээд гутлаа өмсөх гэтэл миний гутал дотор архи хийчихсэн, норсон байсан. Гутал орны хөлний орчим байсан ба тэнд С сууж байсан юм. Тэгээд Стай энэ байдлаас болж маргалдсан. С эхлээд намайг цохиж авахаар нь би санамсаргүй байдлаар хутгаар хатгачихсан юм.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,

Хохирогч Ч.С мэдүүлэхдээ: “...Ө орж ирээд “чи миний гутал руу архи хийсэн байна” гэхээр нь “би тэгж архи хийгээгүй” гэсэн, дахин “чи миний гутал руу архи хийсэн байна” гээд гэнэт босож ирээд миний нүүрний хэсэгт цохиод авахаар нь би Өг цааш нь түлхсэн чинь цаашаа гал тогооны хэрэгсэл хийдэг шүүгээнээс аяга авах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь хутга авсан юм байна лээ миний хажууд ирээд “чи миний гутал руу архи хийсэн байна” гэж хэлээл миний зүүн гарын тохой хэсэгт хутгалсан. Тэгээд би босож ирээд Өг шанаа хэсэгт цохиод хойшоо болохоор нь нөгөө хамт байсан Дарханы гээд залуу ирж салгасан..”гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Хохирогч Т.Өгийн :...” бид нар хоолонд орох гээд гутлаа өмсөх гэсэн чинь миний гутал дотор архи хийсэн байхаар нь би Сг “чи яагаад миний гутал руу архи хийсэн юм бэ “ гэж асуухад С “би хийгээгүй ээ” гэж хэлээд хоол идэж байснаа уурлаж босож ирээд миний нүүрлүү цохиод авсан тэгсэн би арагшаа унахдаа ширээн дээр байсан хутгыг татаж унагаад босож ирэхдээ би тэр хутгаар Сгийн зүүн гар талын тохой хэсэгт нь санамсаргүй хатгасан юм. Тухайн үед Зоригт орж ирээд салгаад эмнэлэг дуудсан. Тэгсэн удалгүй эмнэлэг ирээд С бид хоерыг хоёуланг аваад явсан тэгээд сумын эмнэлэгт ирж бид хоёр оёдол хийлгэсэн тэгчээд бид кемп дээр ирээд байж байсан цагдаа нар ирээд аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-н 33-35 дугаар хуудас/

Гэрч Ү.Зоригтын: “... Гэтэл Ө “миний гутал руу архи хийсэн байна” гээд Стай маргалдаж эхэлсэн. Тухайн үед би нэг их тоогоогүй байсан ба манай ажлын хэд гарч яваад гэрт С, Ө бид гурав үлдсэн. Гэтэл тэр хоёр маргалдаж  байгаад гэнэт Ө “чи яагаад намайг цохидог юм” гэж хэрэлдээд байж байгаад гэнэт цус нөж болоод эхэлсэн. Тухайн үед би анзаараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгатал Сгийн баруун гарын булчингийн ойролцоо хутгаар зүсэгдсэн байсан. Улмаар би Сг дагуулж амрах байр руу ороод гарыг нь боож байтал Ө араас орж ирээд яасан гээд асуугаад байхаар нь би “цаашаа яв” гэж хэлээд өрөөнөөс загнаж түлхэж гаргасан. Сгаас цус гоожоод байхаар нь тогооч хүүхнээр түргэн дуудуулаад эмнэлэг орсон.”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр 05-ны өдрийн  №36 дугаартай шинжээчийн: ”...Т.Өгийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, 2 нүдний зовхи, хамрын цус хуралт, доод уруулын язарсан шарх гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр 05-ны өдрийн №37 дугаартай шинжээчийн : “... Ч.Сгийн биед баруун шууны эсэгдсэн шарх, зүүн бугалганы зүсэгдсэн хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. “гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай Мөрдөгчийн тогтоол  /хх 23 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-н 23 дугаар хуудас/ болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.С нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций-Уулын 419 тоот хашаанд байрлах гэрт Т.Өтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу гутал дотор архи хийсэн гэх шалтгаанаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатй учруулсан,

Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций-Уулын 419 тоот хашаанд байрлах гэрт Ч.Стай хувийн таарамжгүй харицаанаас буюу гутал дотор архи хийсэн гэх шалтгаанаас маргалдаж улмаар баруун шуу, зүүн бугалганд хутгаар зүсэж, хатган эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Т.Өгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ч.Сгийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох,

мөн Ч.Сгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Өгийн хохирогчийг хутгаар хатгаж гэмтээсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Иймд шүүгдэгч Ч.С, Т.Ө нарын гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын /нэг нэгнийхээ/ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Ч.Сгийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр 05-ны өдрийн №37 дугаартай шинжээчийн : “... Ч.Сгийн биед баруун шууны эсгэгдсэн шарх, зүүн бугалганы зүсэгдсэн хатгагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” /хх-ийн 56 дугаар хуудас/гэх дүгнэлт,

Хохирогч Т.Өгийн биед хохирол учирсан болох нь 2018 оны 01 дүгээр 05-ны өдрийн  №36 дугаартай шинжээчийн: ”...Т.Өгийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, 2 нүдний зовхи, хамрын цус хуралт, доод уруулын язарсан шарх гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухай хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Ч.С, Т.Ө нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

 Шүүгдэгч Т.Ө нь эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 2,500,000 төгрөгийг хохирогч Ч.Сд төлсөн болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.С, Т.Ө нарын авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан 20 см урттай, ажлын хэсэг нь 7.5 см, бариул хэсэг нь 11.5 см 1 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комиссд даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Элжигэн овогт Чойжамцын С, Энх овогт Түвшинбаярын Ө нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Т.Өг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, Т.Ө нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.С,ТӨ нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Сд Т.Ө нь хохирол төлбөрт 2,500,000 төгрөг төлсөн, хохирогч Ч.С, Т.Ө нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан 20 см урттай, ажлын хэсэг нь 7.5 см, бариул хэсэг нь 11.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ч.С, Т.Ө нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.С, Т.Ө  нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.С, Т.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН