Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01850

 

 

 

 

 

 

 

2022 10 03 210/МА2022/01850

 

 

Г.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/01462 дугаар шийдвэртэй

Г.Н ын нэхэмжлэлтэй,

Х ХХК-д холбогдох

2020-2021 оны ээлжийн амралтын олговрын үлдэгдэл 1,176,659.93 төгрөг, 2021 оны 3 дугаар улирлын урамшуулал 1,803,207.40 төгрөг нийт 2,979,867.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонгоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие хариуцагч Х ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 21/765 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, тусгай активын хэлтэст тусгай активын ажилтнаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн. Уг өргөдлийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-21/2114 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

1.2. Тус банкинд ажиллаж байх хугацаанд гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А-20/768, мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-21/300 тоот тушаалуудаар Х ХХК-ийн зээл, тусгай активын зээл төлөлттэй холбогдох урамшуулал олгох аргачлал батлагдсан.

Энэ аргачлал, түүний хавсралтын дагуу тусгай активын хэлтэст шилжсэн чанаргүй зээл буюу бусад активын эргэн төлөлттэй уялдуулаад хэлтсийн ажилтнуудад урамшуулал олгодог.

Миний бие 2021 оны 3 дугаар улирал буюу 7, 8, 9 саруудад дээрх дотоод журамд зохицуулснаар давхацсан тоогоор 6 зээлдэгчийн 188,685,037.98 төгрөг төлүүлснээс нэг зээлдэгч журамд заасны дагуу хэвийн ангилалд орсон тул урамшуулал олгохгүй гэдэг үндэслэлээр хасагдаад, хасагдсан дүнгээс урамшуулал тооцвол 1,803,207.40 төгрөгийн урамшуулал олгогдох ёстой. Иймд урамшуулал 1,803,207.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.2. Хариуцагч нь 2020-2021 оны ээлжийн амралтын олговрыг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг зөрчиж ээлжийн амралтыг дутуу бодож олгосон.

Ээлжийн амралтын олговрыг миний цалин болох 39,987,554 төгрөгөөс бодох ёстой байсан ба нэг өдрийн дундаж цалин 149,698.32 төгрөгийг амралтын 15 хоногоор тооцвол 2,245,474.93 төгрөг болно.

Гэтэл ээлжийн амралтын олговорт 1,068,815 төгрөг олгосон тул зөрүү 1,176,659.93 төгрөгийг гаргуулна гэв.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.Н а нь Тусгай актив удирдлагын газар тусгай активын ажилтнаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар чанаргүй зээлийн материалыг хүлээн авч, уг зээлийг хурдан төлүүлэх байсан. Энэ ажлын цалин хөлсийг сар бүр авч байсан.

Урамшууллыг тухайн улирал дууссаны дараа гүйцэтгэх захирлын тушаалаар сайн ажилласан, эсхүл олон жил чанаргүй болсон зээлийг төлүүлсэн бол захирлын тушаалаар олгодог. Энэ талаар хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд байдаггүй ба ажил олгогчийн зүгээс ажилтныг урамшуулах замаар олгодог болохоос заавал олгох үүрэггүй.

2.2. Ээлжийн амралтын хугацааг 13 хоногоор олгосныг Г.Н а хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 160 дугаар тушаалын хавсралтаар баталсан тушаалын дагуу ажилтны өмнөх 12 сарын цалингийн дунджаас тооцож 1 сарын цалинг тухайн байгууллагад буюу нийтэд мөрдөгдөж байгаа ажлын хоногт бодож 1 өдрийн цалинг гаргадаг.

Ажлаас гарч байгаа ажилтны ажилласан хугацаанд нь тооцож олгох ёстой гэдэг заавар, хууль байхгүй. Иймд нэхэмжлэгчийн өөртөө ашигтай байдлаар 10 сард хуваах ёстой гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэв ээлжийн амралтын олговрыг 12 сард хуваахад 1 сарын цалин хөлс 138,070 төгрөг, ажилласан хоног 240, нийт 1,794,910 төгрөг болно. Үүнээс нэхэмжлэгчид 1,068,815 төгрөгийг олгосон тул 726,101 төгрөгийн зөрүү гарна.

Иймд ээлжийн амралтын олговроос 726,101 төгрөгийг олгоно, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-аас 2,529,308.40 төгрөг гаргуулж, Г.Н ад олгож, нэхэмжлэлийн үлдэх 450,558.93 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,628 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 55,419 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Х ХХК нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д заасны дагуу Г.Н ад үндсэн цалинг тухай бүрд нь олгож байсан. Банкны дотоод заавар, журмын дагуу шагнал урамшууллыг олгодог ба Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-ын дагуу тусгай активын урамшуулал олгох эсэхийг гүйцэтгэх захирлын тушаалаар тухай бүрд нь шийдвэрлэдэг.

Тус аргачлалын 2.1, 2.10-д зааснаар гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-21/513 тоот тушаалын хавсралтаар нэр бүхий 12 ажилтанд урамшуулал олгосон ба Г.Н ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул түүнд урамшуулал олгох үндэслэлгүй.

4.2. Талууд урамшуулал олгох талаар маргаж байхад олгох ёсгүй урамшууллыг буруу тооцоолсон болохыг нотлох ёстой гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

Иймд 1,803,207 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэснийг хүчингүй болгож, ээлжийн амралтын олговрын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гүйцэтгэх захирлын А-21/512 тоот тушаалаар урамшуулал олгох аргачлалын 2.10-д нэмэлт өөрчлөлт орсон. Уг зохицуулалтаар ажлаас гарсан ажилчдад тухайн урамшуулалыг олгохгүй гэх заалтыг нэмсэн. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан. Ажлаас гарсны дараа нэмэлт заалт оруулж, 3 дугаар улирлын урамшууллыг тухайн үед ажлаас гарсан 2 ажилтанд олгохгүйг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2020-2021 оны ээлжийн амралтын олговрын үлдэгдэл 1,176,659.93 төгрөг, 2021 оны 3 дугаар улирлын урамшуулал 1,803,207.40 төгрөг нийт 2,979,867.33 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ээлжийн амралтын олговрын үлдэгдэл 726,101 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Г.Н нь Х ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр тус байгууллагын тусгай активын удирдлагын газар, тусгай активын хэлтсийн тусгай активын ажилтнаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтыг мөн өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, талуудын тайлбар зэргийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 7-9, 10 дахь тал/

 

Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үйл баримтад маргаагүй, ээлжийн амралтын олговрын тооцоолол, ажиллаж байсан хугацааны урамшуулал авах эрхтэй эсэх талаар маргажээ.

 

4. Нэхэмжлэгч Г.Н нь ээлжийн амралтын олговрын үлдэгдэл болон урамшуулал олгоогүйтэй холбоотой гомдлоо эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

5. Нэхэмжлэгч Г.Н ээлжийн амралтын олговрыг 15 хоногоор тооцож, үлдэгдэл 1,176,659.93 төгрөгийг шаардсанаас хариуцагч Х ХХК нь ээлжийн амралтын олговрыг 13 хоногоор тооцсон, дутуу олгосон олговор 726,101 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Н ын ээлжийн амралтын олговрын үлдэгдэл 1,176,659.93 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 726,101 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг баримтлан хэвээр үлдээнэ.

 

6. Нэхэмжлэгч Г.Н нь 2021 оны 03 дугаар улиралд 188,685,037.98 төгрөгийн чанаргүй активыг барагдуулсан гэх үндэслэлээр урамшуулалд 1,803,207.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч тал урамшуулал олгох эсэхийг гүйцэтгэх захирал шийдвэрлэнэ, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ажилтанд урамшуулал олгохгүй журамтай гэж маргажээ.

 

6.а. Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-21/300 тоот тушаалаар Худалдаа хөгжлийн банкны зээл, тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эвлэрлийн нөхцөл батлах тухай тушаалын хавсралтыг шинэчлэн баталж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажилласан. /хх 61-64 дэх тал/

 

Уг аргачлалын 2.2-т тусгай активыг дараах хэлбэрээр төлүүлсэн тохиолдолд уг төлөлтийг тухайн улиралд төлүүлсэн нийт төлөлтийн дүнгээс хасаж урамшуулал олгох дүнг тодорхойлно гэжээ.

 

6.б. Нэхэмжлэгч нь 188,685,037.98 төгрөгийн чанаргүй активыг барагдуулсан гэж тайлбарлан, 2021 оны 3 дугаар улиралд буюу 7, 8, 9 дүгээр саруудад Г.Н ын төлүүлсэн зээл, чанаргүй активын нийт дүн, зээлдэгч нарын дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн журмаар гаргуулсан. Хариуцагч уг баримтыг үгүйсгэж өөр баримтаар няцаагүй байна.

 

Тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-21/513 тоот тушаалаар нэр бүхий ажилтнуудад урамшуулал олгожээ. /хх 66 дахь тал/

 

Иймд нэхэмжлэгч Г.Н нь 2021 оны 03 дугаар улирлын буюу ажиллаж байсан хугацааны урамшуулал шаардах эрхтэй.

 

6.в. Хариуцагч Х ХХК нь дээрх шаардлагыг татгалзсан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

7. Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-21/512 тоот тушаалаар Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох журамд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олохгүй гэж зохицуулсан байна. /хх65-67/

 

Нэхэмжлэгчийг ажлаас гарснаас хойш журамд дээрх өөрчлөлтийг оруулсан тул 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-21/512 тоот тушаалд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ажилтанд урамшуулал олгохгүй гэх зохицуулалт үйлчлэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэн, урамшуулалд 1,803,207.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/01462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ