Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01851

 

 

 

 

 

 

 

2022 10 03 210/МА2022/01851

 

 

 

К ГҮТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/02115 дугаар шийдвэртэй

К ГҮТББ-ын нэхэмжлэлтэй

Б.М од холбогдох

4,951,242 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай байгууллага нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилга болох Компьютер худалдааны төвд оффисын өрөө, худалдаа үйлчилгээний талбай өмчлөгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд тэдгээр өмчлөгч нарын өмнөөс дараах төлбөрүүдийг төлдөг болно.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тэй Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тэй Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Ус сувгийн удирдах газар-тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Төвхөн Трейд ХХК-тай Цахилгаан шат, урсдаг шатны техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, А ХХК-тай Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ, Хаан банк ХХК-тай Карт уншигч, Терминаль ID төхөөрөмж ашиглалтын гэрээ, Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-тай Кабелийн худаг, сувагчлал түрээслэх гэрээ, Билгүүн засаг ХХК-тай Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг гэрээнүүдийг байгуулж cap бүр гэрээний дагуу ашиглалтын төлбөр төлдөг.

1.2. Нэхэмжлэгч байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17/01 тушаалаар ашиглалтын төлбөрийг 1 м.кв талбайг 3,300 төгрөгөөр, цахилгааны төлбөрийг тоолуураар, дулааны төлбөрийг дулааны тооцооны нэхэмжлэхийн нийт дүнг барилгын нийт талбайд хуваагаад гарсан тоог өөрийнх нь талбайн хэмжээгээр үржүүлж, усны төлбөрийг усны нэхэмжлэхийн дүнгээс усны тоолуурын нийт заалтыг хасаж, ариун цэврийн өрөөний нийт талбайд хуваагаад гарсан тоог өрөөний хэмжээнд хувааж тооцохоор тогтоосон.

1.3. Манай байгууллагын В034, В036, 7023 тоот өрөө, талбайн өмчлөгч Б.М нь байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулдаггүй, ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй.

Б.М ын В034 нь 3,6 м.кв, В036 нь 3,19 м.кв, 7023 нь 24,14 м.кв хэмжээтэй бөгөөд түүнээс тухайн цаг тухай бүрд нь ашиглалтын зардлаа төлөхийг шаардаж байсан. Хариуцагч Б.М оос 2017 оны 5 сараас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 42 сарын хугацааны түүний өмчлөлийн талбайн цахилгааны төлбөр 314,668 төгрөг, дулааны төлбөр 345,685 төгрөг, ус ашигласны төлбөр 56,989 төгрөг, дундын өмчлөлийн талбайн зардал 4,233,900 төгрөг, нийт 4,951,242 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зардлыг нэхэмжлэгч түүний өмнөөс төлж барагдуулсан болно гэжээ.

 

2.Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М оос 4,951,242 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ГҮТББ-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.М оос улсын тэмдэгтийн хураамжид 94,170 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ГҮТББ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, маргааныг талуудыг байлцуулан мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

4.2. Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд аливаа төрлийн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад ямар гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шаардаж байгаад дүгнэлт хийгээгүй. Учир нь хариуцагч нь Билгүүн засаг ХХК-ийн шуудангийн үйлчилгээ авч байгаагүй, Азийн топ эхлэл ХХК-ийн харуул хамгаалалтын үйлчилгээг авч байгаагүй.

Нэхэмжлэгч нь тус байгууллагуудад төлбөр төлсөн гэх боловч энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч К ГҮТББ нь хариуцагч Б.М од холбогдуулан 4,951,242 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хариуцагч Б.М оос 4,951,242 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ГҮТББ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан, шүүх хуралдааны үеэр зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

3.а. Эвлэрлийн гэрээгээр талууд дараах байдлаар харилцан тохиролцсон байна. Үүнд: ... 1. цахилгааны төлбөр 314,668 төгрөг,

2. дулааны төлбөр 345,685 төгрөг,

3. ус ашигласны төлбөр 56,989 төгрөг,

4. дундын өмчийн талбайн үйлчилгээний зардал 4,233,900 төгрөгөөс 30 хувийг хасч тооцохоор тохирч 2,963,730 төгрөг бүгд 3,681,072 төгрөг дээр тогтов, уг төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 306,756 төгрөг төлөх -өөр эвлэрсэн байна.

 

4.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч К ГҮТББ, хариуцагч Б.М нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/02115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К ГҮТББ нь 4,951,242 төгрөгөөс 1,270,170 төгрөгийг хасаж, хариуцагч Б.М нь 3,681,072 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 306,756 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ