| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0128/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Лхагвасүрэн,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 1829000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт Д.Бямбацогттой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар хутгаар хатган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бямбацогтын мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэрэндоржийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Азжаргалын мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 27-ны өдрийн №474 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
- Шүүгдэгч Д.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,
- Эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29-30-р хуудас/,
- Хохирогч Д.Бямбацогтын гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт Д.Бямбацогттой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар гаран тус газар нь хутгаар хатган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Бямбацогтын “...Б бид дахиад маргалдаад зодолдсон. Тэгтэл гэнэт миний баруун гарын шуу хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь би чи намайг хутгалчихлаа гэхэд Б баруун гартаа жижиг хутга барьчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Б.Цэрэндоржийн: “Бямбацогт баруун гарынхаа шуун дээр гараараа дарчихсан цус гарсан бололтой байсан. Тэгээд намайг Б хутгалчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Д.Отгонжаргалын: “...Би Цэрэндоржийг дагуулж бие засахаар яваад ирэхэд Бямбацогт баруун гараа зүүн гараараа дараад хутгалуулчихлаа гэсэн зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Д.Азжаргалын: “...Цагаан хадны дэлгүүр яваад ирэхэд Бямбацогт намайг Б хутгалчихлаа гээд баруун гараа зүүн гараараа дараад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 27-ны өдрийн №474 дугаартай шинжээчийн: Д.Бямбацогтын биед баруун шуунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Д.Бямбацогт “санал, гомдол, хүсэлт байхгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас/, шүүгдэгч Д.Б хохиролд 347 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн металл гадаргуутай эвхэгддэг 5 үйлдэлтэй, үзүүр болон бариул хэсэгтээ цус мэт улаан зүйлээр бохирлогдсон, хутганы үзүүр хэсэг хажуу тийшээ муруйсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Солгой овогт Доржготовын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 347 000 төгрөг төлсөн, цаашид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн металл гадаргуутай эвхэгддэг 5 үйлдэлтэй, үзүүр болон бариул хэсэгтээ цус мэт улаан зүйлээр бохирлогдсон, хутганы үзүүр хэсэг хажуу тийшээ муруйсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА