Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 135

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Я /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Балжиннямын Яд холбогдох 1829002010124 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ВСDE ангилалын жолооч мэргэжилтэй, “Транзит Жэм” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Минжийн Хангай 17 дугаар баг Шарын голын 6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Балжиннямын Я /РД:МИ75042916/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Я нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтоор 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр BEIBEN маркийн  98-10УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 31-85БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 850 килограмм бог малын дайвар бүтээгдэхүүнийг нуун, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Я мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Миний буруу.” гэв.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг харъяалалын дагуу шилжүүлсэн албан бичиг, зөрчил шилжүүлсэн хуудас /хх-н 6-7 дугаар хуудас/

850 кг малын дайвар бүтээгдэхүүнийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-н 14-16 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-20 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай захирамжаар эд мөрийн баримтыг утгасан баримтууд /хх-н 22-28 дугаар хуудас/

Гэрч Б.Санжиддорж /Гашуун сухайт хилийн боомтын хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн чанар стандартын улсын байцаагч/-ийн “2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Гаалийн хяналтын талбайн нүүрс гарах чиглэлд том оврын нүүрс тээвэрлэлтийн машинд гаалийн байцаагчтай хамтарсан шалгалт хийж байхад 98-10 УНН улсын дугаартай BEIBEN маркийн тээврийн хэрэгслийн 31-85 БЧ улсын дугаартай чиргүүлд үзлэг хийхэд чиргүүлийн урд хэсэгт хар өнгийн уутанд савалсан шуудайтай зүйлс байсан.... шуудайтай эд зүйлийг буулгуулан шалгахад малын гүзээ байсан” гэх мэдүүлэг / хх-н 29 хуудас/

Гэрч Ж.Цэрэнмартын “Би тухайн жолоочийг Ганц мод руу хууль бус зүйл ачиж гарах гэж байгааг мэдээгүй. Б.Я надад хэлэхдээ малын гүзээ ачиж гарах гэж байсан гэсэн ... Манай 98-10 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 2 дахь рейсэндээ явж байхдаа ийм асуудал гаргасан байна” гэх мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн Махны төрөл тодорхойлогдсон дүгнэлт /хх-н 36-37 дугаар хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн №146/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46 дугаар хуудас/

Б.Ягийн яллагдагчаар өгсөн “Би тэр гүзээнүүдийг машиныхаа тэвшин дээр урд хэсэгт нь нүүрсэн доор нуусан. Тэгээд оочерт явсаар байгаад 23-ны өдөр хилээр ороход гаалийн улсын байцаагч шалгаад нуусан байсан ууттай гүзээг гаргаж ирж намайг саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Б.Я нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтоор 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр BEIBEN маркийн  98-10 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 31-85 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 850 кг бог малын дайвар бүтээгдэхүүнийг нуун гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай болох нь: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг харъяалалын дагуу шилжүүлсэн албан бичиг, зөрчил шилжүүлсэн хуудас /хх-н 6-7 дугаар хуудас/, 850 кг малын дайвар бүтээгдэхүүнийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-н 14-16 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-20 дугаар хуудас/, гэрч Б.Санжиддорж /Гашуун сухайт хилийн боомтын хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн чанар стандартын улсын байцаагч/-ийн “2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Гаалийн хяналтын талбайн нүүрс гарах чиглэлд том оврын нүүрс тээвэрлэлтийн машинд гаалийн байцаагчтай хамтарсан шалгалт хийж байхад 98-10 УНН улсын дугаартай BEIBEN маркийн тээврийн хэрэгслийн 31-85 БЧ улсын дугаартай чиргүүлд үзлэг хийхэд чиргүүлийн урд хэсэгт хар өнгийн уутанд савалсан шуудайтай зүйлс байсан.... шуудайтай эд зүйлийг буулгуулан шалгахад малын гүзээ байсан” гэх мэдүүлэг / хх-н 29 хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн Махны төрөл тодорхойлогдсон дүгнэлт /хх-н 36-37 дугаар хуудас/, Б.Ягийн яллагдагчаар өгсөн “Би тэр гүзээнүүдийг машиныхаа тэвшин дээр урд хэсэгт нь нүүрсэн доор нуусан. Тэгээд оочерт явсаар байгаад 23-ны өдөр хилээр ороход гаалийн улсын байцаагч шалгаад нуусан байсан ууттай гүзээг гаргаж ирж намайг саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Яг хязгаарласан буюу “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчиж Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заагдсан боловч шүүгдэгч Б.Яд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Яд ял шийтгэл оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан 850 кг малын дайвар бүтээгдэхүүнийг тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай захирамжийн дагуу эд мөрийн баримтыг устгагдсан болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Балжиннямын Яг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Я нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Я нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ягийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 850 кг малын дайвар бүтээгдэхүүнийг тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай захирамжийн дагуу устгагдсан болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Яд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН