Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01852

 

 

 

 

 

 

 

2022 10 03 210/МА2022/01852

 

 

 

М ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдоржийг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэртэй,

М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Г , Э.А нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 794,111,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Урнаа, хариуцагч Ж.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагч Э.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М ББСБ ХХК нь Ж.Г , Э.А нартай 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр М ББСБ ХХК нь 160,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 6 сарын хугацаагаар сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 23/1 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй 00 м.кв талбайтай хувийн сууц болон Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 87/3 байранд 00 м.кв орон сууцны зориулалттай 5 тоот подвалыг барьцаалахаар гэрээ хийж, барьцаалбар бүртгүүлэхээс өмнө хариуцагчийн хүсэлтээр подвалыг буцаан авсан.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэл өгсний хариуд зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2 сараар сунгаж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болгон өөрчилсөн.

1.2. Энэхүү гэрээний хугацаа дуусахад хариуцагч зээлээ эргэн төлөөгүй тул үндсэн зээл, зээлийн хүү 234,167,000 төгрөг болсон. Хариуцагч барьцаа хөрөнгө болох хувийн сууцыг төлбөрт өгөх хүсэлт гаргасныг манай компани зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр барьцаа хөрөнгийг Ж.Г ээс өмчлөлдөө шилжүүлэн авсан.

Ж.Г нь М ББСБ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх 3742 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, маргаан бүхий хувийн сууцыг өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

Иймд М ББСБ ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дугаар зээлдэгч Ж.Г , Э.А нараас үндсэн зээл 160,000,000 төгрөг, мөн өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийт хүүгээс төлөгдсөн хүүг хасаад үлдэх 528,426,663.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,685,332.67 төгрөг, нийт 794,114,996 төгрөгийг гаргуулна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар дээрх үүргийг хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Г ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талууд 234,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хаагаад худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 234,000,000 төгрөг төлж хувийн сууцыг буцаан авахаар аман тохиролцоо хийсэн тул манай тал өөрийн эзэмшилдээ байлгасан.

Тус хувийн сууцны зах зээлийн ханш өсөж, дутуу гүйцэтгэлтэй байсан нь дуусаж ашиглалтад орохдоо 700,000,000 гаруй төгрөгийн ханштай болсон ба 234,000,000 төгрөг төлж буцаан авах гэтэл нэхэмжлэгч тал өгөөгүй тул 2019 оны 00 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хооронд 2019 оны 12 дугаар сард барьцааны гэрээ болон зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснийг сүүлд мэдсэн, энэ талаар холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгчийн 794,114,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, биелэх боломжгүй.

Нэхэмжлэгч тал 2021 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн өр төлбөрөө төлөхийг шаардаж байгаагүй, шаардах эрхгүй ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг мэдэж байсан. Гэтэл дуусгавар болсон зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүд ойролцоогоор 800,000,000 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч талын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй буюу барьцаа хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа ба зээлээр худалдах, худалдан авах болон барьцааны гэрээгээр өөр компанид барьцаалсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч Э.А гийн татгалзал, тайлбарын агуулга: 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөс Э.А аваагүй. Гэтэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Э.А гаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийг ашигласан хугацааны төлбөр гэж тодорхойлсон. Э.А гийн зээл аваагүй, ашиглаагүй, зарцуулаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний харилцаа 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сар хүртэл зээлийн гэрээний үүрэг шаардаагүй атлаа гэнэт хамтран хариуцагчаар татаж зээлийг 50, 50 хувиар төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Э.А д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г , Э.А нараас зээлийн гэрээний үүрэгт 793,343,995.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 768,000.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г , Э.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ж.Г ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 23/1 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 4,199,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г , Э.А нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 4,194,869.97 төгрөг /4,124,669.97+70,200/-ийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Э.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд Э.А хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч гэрээний агуулга болон нэг зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн тул тэрээр зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах үүрэггүй.

Нэхэмжлэгч нь Ж.Г ийн орлогын хэмжээ, түүний хүсэлт, анкет зэргийг үндэслэн Ж.Г ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгосон. 160,000,000 төгрөгийг Ж.Г дансаараа хүлээн авч бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Ж.Г хариуцна.

5.2. Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 18-нд дуусгавар болж, Ж.Г үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг өгч авалцах гэрээг Э.А г оролцуулахгүйгээр хийсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт зааснаар Ж.Г болон нэхэмжлэгч тал нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн маргааны асуудалд хамтран хариуцагчаас үүрэг шаардахгүй. Э.А гийн үүргийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн ы82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

6. Хариуцагч Ж.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр үндсэн зээл 160,000,000 төгрөг, хүү 32,973,333 төгрөг нийт 192,973,333 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тансаг зэрэглэлийн хувийн сууцны борлуулалт муудсан тул зээл эргэн төлөхөд хүртэл үүссэн ба манай талаас 6,186,670 төгрөг төлсөн. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл 234,167,000 төгрөг байхаар харилцан тохиролцож хүүг зогсоосон.

Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлж Ж.Г т шилжүүлж, Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг 234,167,000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байлгаж, нэхэмжлэгчийн эзэмшилд байлгахаар тохиролцож баримт үйлдсэн. Ингээд хариуцагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэхдээ 234,167,000 төгрөгийг төлсөн мэтээр дүр үзүүлсэн, халхавчилсан хэлцэл болох үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Ж.Г болон М.Өлзийчимэг нар байгуулсан.

Ж.Г нь төлбөрөө төлж орон сууцыг буцаан авах гэтэл нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүхийн журмаар маргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний 02502 дугаар магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний 375 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01352 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч тус шийдвэрийг биелүүлээгүй. Орон сууцны эзэмшил одоог хүртэл Ж.Г т байдаг ба нэхэмжлэгч эзэмшлийн асуудлаар 7 жилийн хугацаанд маргаагүй.

Гэтэл анхан шатны шүүх Ж.Г ийн өмчлөлд шилжээгүй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм.

6.2. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үйлдэл хийгээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 234,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Э.А нь Хас банк ХХК-ийн төв салбарын захирал байсныг ажил хэргийн шугамаар таньдаг байсан. Тэрээр 2015 онд Ж.Г ийн намт ирж уулзаад 160,000,000 төгрөгийн зээл аваад буцаан өгөөгүй.

Тухайн үед барьцаанд тавьсан Баянзүрх дүүрэгт байрлах 00 м.кв талбайтай, хувийн сууцны өмчлөлийг харилцан тохиролцож шилжүүлсэн.

Э.А нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан тул түүнээс гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ж.Г , Э.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 794,111,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч М ББСБ ХХК нь зээлдэгч Ж.Г , Э.А нарт 160,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн нөхцөлд нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцохоор харилцан тохиролцож зээлдүүлсэн байна. /хх 8-11 дэх тал/

 

3.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 23/1 тоот хаягт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 00 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан, харин Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны подвалын 5 тоотод байрлах 00 м.кв орон сууцны зориулалттай подвалыг барьцааны гэрээ байгуулсан боловч барьцаалбарт бүртгүүлэлгүй талууд тохиролцон буцаажээ. /хх 12-14 дэх тал/

 

3.б. Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгаж, гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон үйл баримт хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 15 дахь тал/

 

3.в. Талуудын тайлбар болон хэргийн баримтаас үзвэл хариуцагч Ж.Г нь зээлийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 23/1 тоот хаягт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 00 м.кв талбайтай хувийн сууцыг 234,167,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч М ББСБ ХХК-д шилжүүлэн өгч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцож зохигчид 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3742 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгчээ.

 

3.г. Үүний дараа хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-д холбогдуулж, дээрх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3742 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба 3 шатны шүүх шийдвэрлэж тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон.

 

4. Ийнхүү зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхдээ байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

4.а. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээл болон барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.А г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул түүнийг гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Хариуцагч Э.А гийн мөнгөн хөрөнгийг зарцуулаагүй гэх байдал нь ач холбогдолгүй тул гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгөн хөрөнгийг аваагүй тул хариуцахгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

4.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 150 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4.в. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлдэгч нарт 160,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь М ББСБ ХХК-ийн депозит дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх20/

 

4.г. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2, 4.3, 4.4, 4.8-д тус тус зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх ба хэрэгт авагдсан талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна. /хх 68, 121/

 

4.д. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Харин анхан шатны шүүх хугацаа хэтэрсэн зээлийн хүүг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойшхи хугацааны хүүд 528,426,663.33 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.8-д зээлийн гэрээний хугацаа дууссан, ...хугацаанаас өмнө цуцлагдсан нь зээлдэгч хугацаа хэтэрсэн зээл, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. гэж ерөнхий байдлаар заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасантай нийцэхгүй байна. Уг гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байхыг заагаагүй тул нэхэмжлэгчид хугацаа хэтэрсэн зээлийн хүү шаардах эрх үүсэхгүй.

 

Иймд зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 160,000,000 төгрөгийн 8 сарын хугацааны 4 хувийн хүү 51,200,000 төгрөг, үүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцоход 10,200,000 төгрөг /160,000,000+51,200,000+10,240,000/ байх тул хариуцагч нарыг нийт 221,440,000 төгрөгийг үүрэг хүлээсэн гэж үзнэ. Үүнээс нэхэмжлэгчид хариуцагч нараас төлсөн 6,186,670 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг 215,253,330 төгрөг байна.

 

6. Хариуцагч Ж.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрт 234,000,000 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан байна. Хариуцагчийн гомдол болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг 234,000,000 төгрөгийн хэмжээнд хангах нь талуудын зарчимд нийцнэ.

 

7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр барьцаа хөрөнгийн өмчлөлийн байдлыг хариуцагч Ж.Г т шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

8. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгчМ ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцох нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Г ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...793,343,995.94 /долоон зуун ерэн гурван сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гэснийг ...234,000,000 төгрөг гэж, 768,000.06 /долоон зуун жаран найман мянган төгрөг зургаан мөнгө/ гэснийг ...560,111,996 гэж,

3 дахь заалтын ...4,194,869.97 гэснийг ...1,327,950 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,124,670 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Г ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,125,000 төгрөг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч. ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ