Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 769

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,                     ,

Иргэдийн төлөөлөгч: Ч.Энхбаяр,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Шүүгдэгч Ч.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балги овогт Ч.Б холбогдох эрүүгийн 1709015030055 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ногоон талбай 6 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 12 тоот хашаанд оршин суух, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

 

Ардын армийн Зүүн баян гарнизоны тусгай шүүхийн 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйл, 200 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 544 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1321 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 267 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөгдсөн,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаартай тогтоолоор тус шийтгэх тогтоолд 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Балги овогт Чулууны Б, /РД:ХД62022214/,

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 239 тоотод оршин суух иргэн С.Оюуны эзэмшлийн хүн байнга амьдардагбайшингийн хаалгыг хөшиж нэвтрэн орж Самсунг загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 1-34а тоотод оршин суух Б.Отгонбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах гэрт нэвтрэн орж Самсунг загварын 32 инчийн зурагт, 20 килограмм ямааны мах, ногоон өнгийн цүнх, углааш зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 41 дүгээр гудамжны 653 тоотод оршин суух С.Байгалмаагийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж Самсунг загварын 32 инчийн зурагт, 4 кг хонины мах хулгайлж 210.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад      

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

        Эрүүгийн 1709015030055 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-7, 128-132, 2 хх-ийн 8-12 дугаар тал/

 

Эрүүгийн Цагдаагийн газрын цагдаа, ахлах ахлагч Ц.Орхонсэлэнгийн илтгэх хуудас: "... 2017 оны 10 дугаар сарын 09-ний оройн 19 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 379 тоот байшингийн хаалгыг нь хөшиж Самсунг загварын 42 инчийн зурагт хулгайлж байсан Чулууны Бг үйлдэл дээр нь илрүүлж Бэлхи-10 хүлээлгэн өгсөн..." талаарх тэмдэглэл /1 хх-ийн 8 дугаар тал/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлээр: “...Самсунг 42 инчийн зурагтыг Ч.Бгээс түр хураан авав...” гэжээ /1 хх-ийн 9 дүгээр тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр: “...Самсунг 42 инчийн зурагтыг хохирогч С.Оюунд хүлээлгэж өгөх ажиллагаа явуулав...” /1 хх-ийн 10 дугаар тал/,

 

Хохирогч С.Оюун, Б.Отгонбаяр, С.Байгалмаа нарын эд хөрөнгөнд учирсан хохиролд үнэлгээ хийсэн эд зүйлийн үнэлгээний комиссын шийдвэр: /1 хх-ийн 32, 150, 2 хх-ийн 29-34 дүгээр тал/

 

"... Самсунг загварын 42 инчийн ЛЕД зурагтыг 500.000 төгрөгөөр...”, “...Самсунг 32 инчийн зурагт 300.000 төгрөг, 20 килограмм ямааны мах 100.000 төгрөг, ногоон өнгийн цүнх 15.000 төгрөг, сандаал 150.000 төгрөг зэргийг нийт 565.000 төгрөгөөр үнэлсэн...", “... Дамно ХХК-ийн үнэлгээ "...Самсунг брендийн 32 инчийн ЛСД зурагт 192.000 төгрөг, хонины мах 4 кг 18.800 төгрөгөөр нийт 210.800 төгрөгөөр үнэлсэн..." гэжээ,  

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр: “... бичлэгийн 24 секундэд яллагдагч Ч.Б нь бичлэгийн зүүн талаас гартаа хар өнгийн ЛСД зурагт, ардаа хоёр мөрөндөө үүрдэг хар цүнхтэй гудамж уруудан автобусны буудал чиглэн алхах ба 46 секундэд бичлэг дууссан..." гэжээ /2 хх-ийн 16-17 дугаар тал /,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол “...хэрэгт 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” /2 хх-ийн 17 дугаар тал/,

 

Ч.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр: “..."... Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-34 тоотоос хулгай хийсэн 32 инчийн зурагтыг хаана зарж борлуулсанаа хэлж чадах уу гэхэд "чадна" хэмээн хөдлөн 7 буудал чиглэл руу явж байхад "Хан-Эрдэнэ" гэсэн дэлгүүрийн баруун талаар гудамж руу орж урагшаагаа явна гэсэн мэдүүлгийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн баруун талаар орж урагшаагаа явж байгаад Дамбадаржаагийн 8 дугаар гудамж руу эргэн ороход гадна ямар нэгэн хаяг байхгүй хашаа байх ба уг хашаанд амьдардаг Адъяасүрэн гэдэг залууд хулгайлсан зурагтаа зарсан гэж заасныг тэмдэглэсэн..." /1 хх-ийн 228-229 дүгээр тал/

 

Хохирогч С.Оюун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... урд айлын залуу над руу залгаад "хулгайч ороод зурагтыг чинь аваад гарч байна, би цагдаа дуудсан" гэж хэлсэн, гэртээ ирэхэд хулгай хийсэн залууг манай урд айлын залуу бариад авчихсан зогсож байсан, настайдуу намхан, нүдний шилтэй туранхай эрэгтэй хүн байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Хохирогч Б.Отгонбаярын: "...орой 20 цагийн үед ирэхэд манай гэрийн цонхоор хулгай орчихсон байсан, гэрээс хар өнгийн Самсунг маркийн 32 инчийн зурагт, 20 килограмм ямааны мах, ногоон өнгийн цүнх, алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 135-136 дугаар тал/,

 

       Хохирогч С.Байгалмаа "...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41-653 тоотод нөхөр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг бөгөөд манай гэрт 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хулгай орж 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 19 дүгээр тал/

 

       Гэрч Ц.Орхонсэлэнгийн: "...өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний оройн 19 цагийн үед манай гэрийн хойд талд чимээ гарсан, гараад хартал хашааны хойд талын Отгонгэрэл гэх айлын байшингийн хаалганы цоожийг хөшин онгойлгож 42 инчийн самсунг маркийн ЛСД зурагтыг нэг хүн барьчихсан зогсож байсан, би тэр хүнийг барьж аван 102 дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Гэрч Ч.Адъяасүрэнгийн "... 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр зүс таних Бтэй тааралдсан, зурагт тэвэрчихсэн “авах уу” гэсэн би тэгэхээр нь “наадах чинь хулгайн зурагт биш биз дээ” гэхэд “манай дүү шинэ зурагт авсан, надад хуучин зурагтаа өгсөн юм” гэсэн “наадах чинь ажилдаг биз дээ” гэхэд “ажиллана” гэхээр нь 70000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ аваачаад залгаад үзэхэд ажиллахгүй байсан, тэгээд засварын газар аваачаад янзлуулах гэхэд мөнгөөр янзална гэхээр нь хаячихсан, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 232-233 дугаар тал/

 

Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... архи уучихаад гэрлүүгээ харих гэж явж байтал айлын хашааны хаалга онгорхой байхлаар нь хашааруу дотогш ороод шавар 1 давхар байшингийн цоожийг нь хөшиж дотогш ороод гэрт байсан 42 инчийн зурагтыг аваад байшингаас гарсан чинь өөдөөс 30 орчим насны залуу хүрч ирээд намайг бариад авсан, ганцаараа хулгай хийсэн, архины мөнгө олох гэж хулгай хийсэн...тоосгоны эцсийн буудлын хойд талд байрлах банзан хашаатай гүйдэг хаалгатай хашааруу ороод 32 инчийн ЛСД зурагт, хөлдөөсөн мах авсан, архи уучихсан мөнгөгүй болсон үедээ хулгай хийгээд байдаг, шунахайн сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн, амар аргаар мөнгө олддог асуудал нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн. Чингэлтэй тал руугаа өгсөж байхад хашааны хаалга тал онгойсон айл байсан, харахад цагаан өнгийн нэг давхар шавар байшин байхаар нь ороод гадна талын хаалгыг нь онгойлгоод дотор талдаа төмөр сараалжин хаалга цоожтой байсан. Тэр цоожийг нь мулт татаж онгойлгоод орж том өрөөний буланд байсан хар өнгийн ЛСД зурагтыг нь аваад гарсан, буудлаас автобусанд суугаад хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр буугаад бичиг баримтгүй байсан болохоор нэг ломбарданд очиж 80.000 төгрөгөөр зарсан, би ганцаараа үйлдсэн, гадуур явж байгаад ихэвчлэн явуулын хүмүүст хулгайлсан эд зүйлсээ зарчихдаг..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 29-31, 148-149, 232-233, 2 хх-ийн 37-38 дугаар тал,

 

Ч.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2 хх-ийн 40/, Ч.Бгийн шүүхээр ял шийтгэгдсэн тухай шийтгэх тогтоол, суллагдсан захирамж, засрал хүмүүжлийн тодорхойлолт /2 хх-ийн 42-81/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 405 дугаартай шийтгэх тогтоол /2 хх-ийн 98-105/, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Шүүхийн 172 дугаар тогтоол /2 хх-ийн 43-47/, Ч.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-85/  шүүх хуралдаанд талуудаас гаргасан Улсын дээд шүүхийн албан тоот  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч Б нь:

 

- 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 239 тоотод оршин суух иргэн С.Оюуны эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн хаалгыг хөшиж нэвтрэн орж “Самсунг” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 1-34а тоотод оршин суух иргэн Б.Отгонбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах гэрт нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, 20 килограмм ямааны мах, ногоон өнгийн цүнх, углаашан сандаал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 41 дүгээр гудамжны 653 тоотод оршин суух иргэн С.Байгалмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, 4 кг хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 210.800 төгрөгийн нийт 1.275.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Оюун, хохирогч Б.Отгонбаяр, хохирогч С.Байгалмаа нарын мэдүүлэг, гэрч Ц.Орхонсэлэнгэ, гэрч Ч.Адъяасүрэн нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

        Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

        Шүүгдэгчээс хохирогч нарын гэр байшинд нэвтэрч эд зүйлийг нь нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, зарим эд зүйлийг Ч.Бгээс хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд, эд зүйл хууль бусаар авсан талаар дүрс бичлэг нь эд мөрийн баримтаар тооцогдсон камерийн бичлэгт, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тус тус тусгагдаж, эд зүйл хулгайлсныг шууд харсан гэрч Ц.Орхонсэлэнгэ тодорхой мэдүүлсэн, эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогч нарт хохирол учирсаныг тогтоосон эд зүйлийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасныг үндэслэлтэй гэж үзсэн ба харин шүүгдэгчээс “үйлдсэн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, би байнга үйлдээгүй, хулгайлсан зүйлээ зарж борлуулан амьдралдаа зарцуулаагүй тул зүйлчлэлийг анхаарч хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн аваагүй болно.

 

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэгт хулгайлах гэмт хэргийг 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн, Ч.Б өөрийн хэрэгцээ сонирхлыг хангах зорилгоор үйлдэл, үйл ажиллагаанд тогтмол илэрч, түүний зан төлөвт хэвшил болсон нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Ч.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Оюуны хохирол болох 42 инчийн зурагтыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тул түүнд төлөх төлбөргүй байх ба шүүгдэгчээс 775.800 төгрөгийг гаргуулж, 565.000 төгрөгийг хохирогч Б.Отгонбаярт, 210.800 төгрөгийг хохирогч С.Байгалмаад олгохоор шийдвэрлэв.  

   

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

            Шүүх шүүгдэгч Ч.Бг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

           Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс шүүгдэгчийн гэмт үйлдлийг нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх хуульд заасан бусад зорилгын хүрээнд Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан төрөл, хэмжээний дотор болох 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Ч.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял хорих оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж буюу энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3  жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар биечилэн эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

         Ийнхүү шүүгдэгч Ч.Б энэ шийтгэх тогтоолд тодорхойлсны дагуу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа тул дээрх байдлаар ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэж байна.      

                

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Бгийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Ч.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолд зааснаар 119 хоног цагдан хоригдсон талаар дурьдсан ба түүнээс хойш энэ шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл 343 хоног, нийт /119+343=462/ 462 хоног цагдан хоригдсон нөхцөл байдал тогтоогдсон тул уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов. 

                

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна

 

          Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                   

                                                                                                                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Балги овогт Чулууны Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №405 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн  цагдан хоригдсон 462 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

      

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бгээс 775.800 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийг хохирогч Бөхчүүд овогт Баасансүрэнгийн Отгонбаяр /РД:АН72020763/-т, 210.800 /хоёр зуун арван мянга найман зуу/ төгрөгийг хохирогч Бэсүд овогт Санга-ын Байгалмаа /РД:СП62012401/ нарт тус тус олгосугай.

 

        7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б нь хохирогч С.Оюунд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

      10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

 

              ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                          Х.ИДЭР