Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0650

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Н.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0575 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.О, Н.М нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0575 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан “З” ХХК-ийн нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.О, Н.М нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 230013892 дугаартай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо: ““З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.М нарт холбогдох “татварын .улсын байцаагчийн 230013892 тоот актыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0575 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Бид “... татварын улсын байцаагчид манай компанийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын татвар төлөлт, тайлагналтад хяналт шалгалт хийхдээ татварын хяналт шалгалт хийх журмыг зөрчиж, шалгалтын удирдамж танилцуулалгүй, санхүүгийн анхан шатны баримтад үзлэг, шинжилгээ хийлгүйгээр, үндсэн баримтад шалгалт явуулалгүйгээр зөвхөн прокурорын тогтоолд дурдсан асуудлыг батлах зорилгоор шалгалт хийсэн дүр үзүүлсэн “З” компани нь санаатайгаар хий бичилттэй падаан, баримт ашиглаагүй, дээрх худалдан авалтууд нь бүгд бодитоор хийгдсэн бөгөөд эдгээр нь бүгд санхүүгийн анхан шатны баримт сэлтээр баталгаажсан, зөрчил гээд байгаа зүйлийг бид анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй... тул актыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн үндэслэлээ гаргаж маргаан үүсгэсэн юм.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт шүүх “...Талууд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн дүн болон шалгалтын явцад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг “З” ХХК ирүүлээгүй гэдэгтэй маргадаггүй болно” хэмээн маш чухал дүгнэлт хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, бидний маргааны үндэслэл болгоод байгаа “татварын байцаагчид нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шалгаагүй, эдгээр баримтууд дээр ажиллаагүй” гэдгийг олж дүгнэсэн байна.

Ингэж дүгнэсэн атлаа энэ үйл баримтад үндэслэн актыг хүчингүй болгох дүгнэлт хийх ёстой байтал яг л татварын улсын байцаагчидтай адил прокурорын тогтоолд хөтлөгдөн, уг тогтоолыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шүүгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг ухаж ойлгоогүй, тодорхой болсон үйл баримтыг зөв, хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгч мэддэггүйтэй холбож ойлгохоос өөр аргагүй байна.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад бид шүүхэд татварын улсын байцаагч Ж.О, Н.М нар нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/301 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын олон заалтыг зөрчсөн талаар хангалттай нотолсон, хариуцагч нар ч “З” компанийн нятглан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудтай танилцаагүйгээр акт тавьсан тухайгаа мэдүүлсээр байхад шүүх үүнд зохих дүгнэлтийг өгөлгүй орхисон байна. Хянан шалгах процесс зөрчиж тавьсан захиргааны акт хүчингүй болох ёстой.

Хоёр. “З”  компани худалдан авалт хийж байгаа аж ахуйн нэгжээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шаардахад тухайн компаниуд падаанаа гаргаж өгсөн. Тухайн падаануудыг хуурамч гэдгийг “З” компани шалгах эрхгүй, боломжгүй бөгөөд харин татварын албаны мэдээллийн санд шивэгдсэн байхыг шалгасан тул өөрсдөө тайлагнасан юм.

Санаатайгаар, зохион байгуулалттайгаар, шунахайн сэдлээр хуурамч баримт бичиг үйлдэж гэмт хэрэг хийснээ дээрх “Д” ХХК, “Ж” ХХК, “Х х” ХХК, “Г х о” ХХК, “Да с” ХХК зэрэг компанийн захирлууд хүлээгээд төлбөрөө төлөхөө илэрхийлээд байхад дээрх этгээдүүдээс хохирлоо гаргаж авахын оронд гэм буруугүй этгээдэд акт тогтоож байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжүүд хуурамчаар үйлдсэн НӨАТ-ын падаануудаа үндэслэн НӨАТ-ын тайланг гаргаж татварын байгууллагад цаасан болон цахим хэлбэрээр баталгаажуулж татварын мэдээллийн санд оруулсан нь өнөөг хүртэл хэвийн төлөвтэй байсаар байна.

Гурав. Татварын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар акт тавьсан гэх боловч уг заалт нь дотроо долоон хэсэгтэй бөгөөд “З” компани уг заалтын аль хэсэгт зааснаар гэм буруутай болохыг нотолж чадахгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. дэх хэсэгт “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлсийг нуусан татвар төлөгчид... торгууль ногдуулна”,

74.1.1 дэх хэсэгт “биетээр нуун дарагдуулах” гэж заасан байна. Гэтэл “З” ХХК нь ямар нэгэн татвар ногдох орлого биетээр нуун дарагдуулах үйлдэл хийгээгүй.

74.1.2 дэх хэсэгт “үндэслэлгүйгээр бусад хуулийн этгээд, хувь хүнд шилжүүлэх” гэж заасан байна. Гэтэл “З” ХХК нь татвар ногдох ямар нэгэн орлогыг үндэслэлгүйгээр бусад хуулийн этгээд, иргэдэд шилжүүлсэн тохиолдол байхгүй.

74.1.3 дэх хэсэгт “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах” гэж заасан байна. Гэтэл “З” ХХК нь бүх орлогоо тайландаа тусгасан байгаа. “З” ХХК-ийн орлого, зарлага нь харилцагч байгууллагынхаа ч тайлан тэнцэлд мөн туссан байгаа.

74.1.4 дэх хэсэгт “тоо, хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсвэл энэхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэж заасан байна. Гэтэл “З” ХХК ийм зөрчил огт гаргаагүй байдаг.

74.1.5 дэх хэсэгт “нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгах, нуух, үгүй болгох" гэж заасан байна. Гэтэл “З” ХХК нь ямар ч баримт бичиг устгаж нуугаагүй болно.

74.1.6 дэх хэсэгт “баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах” гэж заасан байна. Гэтэл “З” ХХК ямар ч баримт бичиг хуурамчаар үйлдээгүй, ямар ч баримт бичиг засварлаагүй болно.

74.1.7 дэх хэсэгт “нягтлан бодох бүртгэл хөтлөхгүй байх, эсхүл холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгох” гэж заасан байна. Гэтэл “З” ХХК нь татварын тайлангаа хугацаанд гаргаж өгдөг.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Иймд татварын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгах тухай” 230013892 дугаартай акт нь “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ” гэжээ.

Энэ их сонирхолтой дүгнэлт. Татварын байцаагчийн актаар “З” компаниас 679,236,180 төгрөг гаргуулахаар шийдвэрлэчхээд байхад “З” ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна гэж дүгнээд байгаа нь шүүх хэргийн оролцогчийг тавлаад ч байгаа юм шиг, даапаалаад ч байгаа юм шиг санагдсаныг нуух юун.

Иймд дээрх дурдагдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0575 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.М нарт холбогдох “татварын улсын байцаагчийн 230013892 тоот актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн “Тогтоох” хэсэгт бичиглэлийн алдаа гаргасныг засч зөвтгөв.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.М нар нь “З” ХХК-ийн 2012 оны албан татвар, ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, нийт таван аж ахуйн нэгжийн 13 ширхэг хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падаанаар 6.792.361.872.0 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусгаж, татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 679.236.180.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ”, 17.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах”, 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.13-т “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “... баримтаар нотлогдоогүй бол ... албан татварыг хасч тооцохгүй”, 29 дүгээр зүйлийн  29.1-д “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, 29.1.2-т “татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, ... бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгчийн тайлан санхүүгийн баримт мэдээллийг гаргуулахаас гадна тухайн татвар төлөгчтэй харилцагч бусад этгээдээс шаардлагатай баримтуудыг гаргуулан авах замаар хяналт шалгалтыг хийж, татвар төлөгч татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан, буруу мэдээлсэн, тайлан тэнцэлд тусгахгүй орхисон зэрэг зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоож, эдгээр зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд нь ногдох нөхөн төлүүлэх татвар, торгууль, алдангийг хуульд заасан журмыг дагуу тодорхойлж, татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулах эрхтэй байна.

Харин татвар төлөгч татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй, татварын улсын байцаагчийн акт болон татварын хяналт шалгалттай холбогдуулан эрх бүхий этгээдийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалахаас гадна татварын хяналт шалгалтад биечлэн байлцах эрхтэй, түүнчлэн татварын байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмын хүрээнд захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан эсэхийг буюу төлбөр ногдуулсан захиргааны акт үндэслэлтэй эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж, маргааныг шийдвэрлэх учиртай.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар “З” ХХК-ийн 2010 оны баримтад хэсэгчилсэн, 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 230017 дугаар дүгнэлт бичиж, татвар ногдох орлогыг нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн асуудлаар хэрэг бүртгэлт хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзэж, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2015260000225 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 267 дугаар тогтоолоор нэр бүхий хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд “З” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Х Ж В хамрагдсан байна. “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тус 267 дугаар прокурорын тогтоолын 27 дахь хэсэгт “... “З”  ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Х Ж В нь ... мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад ... НӨАТ-ын падаан хий бичилт хийлгэн авч татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож сайн дураараа 30 сая төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн нь мөнгө төлсөн баримтаар тогтоогдож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж дүгнэгджээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.1-т заасныг үндэслэн 2016 оны 04 дүгээр сард “З” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт “Д” ХХК, “Ж” ХХК, “Х х” ХХК, “Г х о”, “Д с” ХХК-уудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаануудаар бараа худалдан авсан мэтээр тус тус тусгаж, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан” гэж үзэж татварын улсын байцаагчийн 230013892 дугаар актаар нөхөн татвар ногдуулсан байна.

Тус актыг “З” ХХК эс зөвшөөрч “... байцаагч нар хяналт шалгалт хийхдээ удирдамж танилцуулаагүй, санхүүгийн анхан шатны баримтад үзлэг, шинжилгээ хийгээгүй, түүндээ үндэслэн шалгалтыг явуулаагүй, прокурорын тогтоолд дурдсан асуудлыг батлах зорилгоор шалгалт хийж, акт гаргасан ... “ гэж маргасныг, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... байцаагчид анхан шатны баримтыг шалгаагүй, баримтууд дээр ажиллаагүйг шүүх дүгнэсэн атлаа актыг хүчингүй болгоогүй, байцаагчидтай адил прокурорын тогтоолд хөтлөгдөн дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийг ойлгоогүй, үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй...” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй байна. Учир нь,  

Дээр дурдсан 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 267 дугаар прокурорын тогтоолд “З” ХХК-ийг НӨАТ-ын падаан хий бичилт хийлгэн авч татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон, 30 сая төгрөгийг сайн дураараа төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийг сайн дураараа төлөхөө илэрхийлсэн талаар тус тус дүгнэгдсэн нөхцөл байдлыг няцаах баримтыг нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргаж ирүүлээгүйгээс гадна 2016 онд хийгдсэн татварын хяналт шалгалтын явцад өөрийн буруугүйг нотлох цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэгдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл, “З” ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, улмаар прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан татвар төлөхөөс зайлсхийгээгүй, гэм буруугүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдоогүй, улмаар татварын хяналт шалгалтад энэ талаарх баримт нотолгоог гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хууль хэрэглээний болон бичиглэлийн алдаа гаргасныг засч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0575 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 35 дугаар зүйлийн 35.3, 74 дүгээр зүйлийн 74.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан “З” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 230013892 дугаартай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ХАЛИУНБАЯР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ