Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 400

 

“М ш” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:     Г.Банзрагч

                    М.Батсуурь

                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Р с л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м2 газрыг “М ш” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м2 газрыг “М ш” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0364 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М,   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0364 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д тус тус баримтлан нэхэмжлэгч “М ш” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албад тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн гуравдагч этгээд “Р с л” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м2 газрыг “М ш” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м2 газрыг “М ш” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж, Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “Р с л” ХХК-д газар нэмэгдүүлж олгохдоо Б.А-ийн эзэмшлийн газрын орц, гарцыг нээх зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж,  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн гуравдагч этгээд “Р с л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалаар:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ш” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Р с л” ХХК-д газар нэмж олгосон хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м.кв газрыг “М ш” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м.кв газрыг “М ш” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “М ш” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасны дагуу “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 123.2.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэж үзэж нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай: Анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хариуцагч хууль тогтоомж зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг гуравдагч этгээдэд олгосон зэрэг дүгнэлт хийсэн атлаа захиргааны актыг хүчингүй болгоогүй. Хүчингүй болгоогүй шалтгаан нь дараах хуулиудыг огт хэрэглээгүй, тэр тусмаа давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 34 дүгээр зүйлийн 34.10, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйл 31.3-д заасан үндэслэлүүдийг огт хэрэглээгүй.

5. Инженерийн шугам сүлжээ бүхий 765 м2 газрыг гуравдагч этгээдийн эзэмшлээс гаргаж, нийтийн эзэмшил байсан хуучин хэвээр нь нээлттэй үлдээхгүйгээр нэхэмжлэгч Б.А-ийн газрын орц, гарц нээгдэхгүй, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхгүй, ямар ч боломжгүй юм. Гуравдагч этгээдэд газар нэмж олгосон хэсэг дээр 4 сарын хугацаанд түдгэлзүүлж дахин шинэ акт гаргахыг даалгах нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн үг.

6. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд буюу энэ хэргийн оролцогчдын хооронд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаагүй байхад хэргийн оролцогч биш “У ц т с” ТӨХК-тай дэд станцын зориулалттай барилгын өмчлөлийн хувьд маргаантай мэтээр дүгнэлт хийгээд байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн маргаантай харилцаанд хамааралгүй Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан зохицуулалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэж байгаа нь үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

7. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар маргаан байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх “... дэд станцын өмчлөгчийг тус шүүх тогтоохгүй” гэж дүгнэснээс үзвэл шүүх маргааны агуулга, хүрээг зөв тодорхойлж шийдвэрлээгүй, хуульд заасан журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

8. Цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 000096688 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай гэрчилгээгээр “М ш” ХХК өмчилдөг. Гэтэл шүүх “М ш” ХХК-ийн энэхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоохгүй гэж дүгнэсэн байгаа нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018/-ийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 2004 онд гэрчилгээ авах үед үйлчилж байсан өмнөх хууль болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж тус тус заасныг зөрчсөн байна. “М ш” ХХК-г өөрөө өмчлөгч нь байж хэнтэй хөрөнгөө булаацалдаж марга гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч болон гуравдагч этгээд тус дэд станцын барилгыг манайх гэж хэн нь ч маргаагүй. Дээрх ойлгомжгүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь алдаатай байна.

9. Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь нэхэмжлэгчдийн тогтоох, даалгах шаардлагуудад шууд, хүчингүй болгох нэхэмжлэлд шууд бусаар нөлөөлсөн.

10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч “М ш” ХХК, иргэн Б.А нараас “нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн ”Р с л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м2 газрыг "М ш” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м2 газрыг "М ш” ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Р с л” ХХК-д газар нэмж олгосон хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв боловч уг шаардлагатай холбоотой  үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

14. Учир нь “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м2 газрыг “М ш” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м2 газрыг “М ш” ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” гэсэн шаардлагууд нь маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Р с л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн, салгаж үл болох дагасан шаардлага байхад эдгээрийг тус тусад нь шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

15. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 6520 м2 газрыг 60 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар "М ш” ХХК-д; Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 1167 м2 газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар иргэн Б.А-т; нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 5008 м2 газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар “Р с л” ХХК-д  эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.  

16. Харин “Р с л” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №01/16/29 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын албанд эзэмшиж буй газрын хэмжээг 762м2-аар нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар тус компанид газрын хэмжээг нэмэгдүүлэн 5770 м.кв газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Хариуцагч маргаан бүхий газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн олгохдоо нэхэмжлэгч Б.А-ийн эзэмшиж буй газрын орц гарцыг хаасан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № 2/986 тоот албан бичгийн хавсралт, агаар сансрын зураг, шүүхийн үзлэг зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

18. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “...хариуцагч нь хууль, журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу маргаан бүхий газарт хээрийн судалгааг хийгээгүй, газрын давхцал, орц, гарцыг тодруулаагүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчимд нийцээгүй...” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдал /орц гарцыг хаагуур хэрхэн яаж гаргах/-ыг тодруулж тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох  шаардлагатай, ийнхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

19. Харин шүүхүүд маргаан бүхий газарт байрлах дэд станцын барилгын талаар “М ш” ХХК-иас Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 23 дугаар албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн тухай танилцуулгын 9 дүгээрт: 1976 онд ашиглалтад орсон 35 м.кв талбай бүхий дэд станцын барилгыг дурдсан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдөр контор үйлчилгээ, дэд станцын зориулалттайгаар 9 ширхэг барилга байгууламжийг Ү-2203010650 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээг олгосон, “У ц т с” ТӨХК-ийн З т т-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй гэсэн үйл баримтуудыг тогтоосон атлаа маргаан бүхий захиргааны акттай хамааралтай, харилцан уялдаа бүхий бодит байдал дээр салган шийдвэрлэх боломжгүй нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг “Шаазан ваар хаягтай ХТП-100 дэд станц нь төрийн өмчийн мэдлийнх болох нь тогтоогдож байхад үүнийг нэхэмжлэгч “М ш” ХХК-ийн өмч мөн гэж үзэхэд эргэлзээтэй” гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчдын маргаагүй үндэслэл зааж хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

20. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд ”Р с л” ХХК-д газар нэмж олгосон хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Ч.ТУНГАЛАГ

                            ШҮҮГЧ                                                           Х.БАТСҮРЭН