Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01789

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01789

 

Л.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03265 дугаар шийдвэртэй,

 

Л.Ө-ийн нэхэмжлэлтэй

Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ө-, хариуцагчийн төлөөлөгч П.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2013 оны 08 сараас өнөөг хүртэл Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-т хүний нөөцийн менежерээр нийт 8 жил ажилласан бөгөөд хүүхэд асрах чөлөөнөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа буцаж орсон.

1.2. Манай байгууллагын даргаар П.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр томилогдож ирснээс хойш байнга ажлаа өг гэж нийт 7 удаа хэлсэн байдаг. Би ажлаа өгөхгүй, үргэлжлүүлэн хийнэ гэдгээ хэлсэн.

1.3. Миний бие нь 2020 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй. Энэ талаар хэлэхэд байж бай гэсэн хариу хэлдэг.  

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримталж мөнгөн урамшуулал авах тухай 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл өгсөн боловч өнөөг хүртэл шийдэж өгөөгүй байна. Миний эрхийг зөрчиж байна.

1.5. Тусгаарлалтад байх хугацаандаа ч ажлаа хийж байсан.

1.6. Би цалингаас өөр орлогогүй, айлын байр хөлсөлж амьдардаг, цалингийн зээл авч хүүгийнхээ сургалтын төлбөр төлсөн. Ажилгүй болоход үр хүүхдүүдийн идэх хоол, амьдрах орчин нөхцөл эрс дордох, орох оронгүй болох нөхцөл байдал бий болно.  

1.7. 2021 оны 01 дүгээр сарын цалингаа бүрэн авч чадаагүй. Цалингаа бүрэн авах шаардлага тавьсан.

1.8. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын захиргааны ажилчдын групп чатаар орж дарга П.Д-д цалингаа болон өргөдлийн хариу авах тухай захидал бичсэн, эргээд намайг доромжилсон. Гомдолтой байна. Би энэ ажлыг чин сэтгэлээсээ үнэнч шударгаар хийж ирсэн.  

1.9. Дарга П.Д- 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэж орилж бархирч байсан. Хариуд нь би тушаалаа авъя гэсэн боловч өгөөгүй. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж, ажлаа хүлээлгэж өгсөн.

1.10. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхээр эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Л.Ө- нь дуртай үедээ ажилдаа ирээд дургүй үедээ хэл чимээгүй алга болдог.

2.2. “Долоо хоногт хэдэн өдөр оффист, хэдэн өдөр гэрээсээ ажиллах хуваарь гаргаад танилцуулаарай” гэсэн боловч ажлаас чөлөөлөгдөх хүртлээ оруулж ирээгүй. Харин менежер Ц.О- хуваарь гаргаж Л.Ө-ийн ажлыг хийж байсныг хэлэх нь зүйтэй байх.  

2.3. Л.Ө- нь  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө ирээд өдөр 11.00 цагийн үед хэл чимээгүй алга болоод 14, 15-ны өдөр ажил тасалсан. Мөн байгууллагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал цалинг бодож олгосон.

2.4. Нийт ажилчдын болон ар гэрийн судалгаа битгий хэл өөрийнх нь ч байхгүй, анкет бүрдэлт нь 60 гаруй хувь дутуу, бүрдүүлээгүй байсан. Анх ажилд ороод нийт ажилчдын ар гэрийн судалгааг гаргаж өгөх үүрэг даалгавар байгууллагын захиргааны ажилчдын дотоод групп чатаар өгсөн боловч ажлаасаа гартлаа өгөөгүй.

2.5. Надад болон нягтланд байгууллагын дотоод журмын 8.6-д заасны дагуу ажилчдын ээлжийн амралтын хуваарь, амралтын мэдэгдэх хуудас 2020 онд оруулж ирээгүй, ямар нэгэн өргөдөл надад өгөөгүй.

2.6. Харин 2021 он гараад 1 сард ажил цуглаад удаагүй байхдаа надад “би амраагүй, өнгөрсөн жилийн амралтын мөнгөө авмаар байна” гэж хэлсэн бөгөөд тухайн үед нягтлангаас асуухад “энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн болно” гэдэг тайлбар өгсөн.

Мөн Л.Ө-д нийт ажилчдын саналыг аваад менежер, инженер хоёртой тохироод ажил доголдохооргүй амралтын хуваарь гаргаад оруулаад ир  гэсэн боловч ажлаас халагдах хүртлээ оруулж ирээгүй.

2.7.Мөн тусгаарлалтад байх хугацаандаа амралтын мөнгөө бодуулаад амрах уу гэсэн санал асуусан боловч Л.Ө- амрахгүй гэсэн хариу өгсөн.

2.8. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны орой 20.00 цагийн үед ТЕГ-аас анх утсаар холбогдож Ковид-19 халдвар авсан байна гэж 6 хүний нэрс өгсний дотор Х.М-ын нэр байсан. Нийт ажилчид 2020 оны 12 дугаар сарын 27, 2021 оны 01 дүгээр сарын 13, 15, 16-нд Ковид-19 шинжилгээнд хамрагдсан.

2.9. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны хүртэл 14 хоног тусгаарлагдаж, тухайн сарын нийт хийх ёстой гүйцэтгэл 15 хоног тасарч дүүргийн төрийн сангаас гүйцэтгэлийн дагуу санхүүжилт орж ирсэн. Л.Ө-ийн ажилдаа ирээгүй 02 дугаар сарын 15-23-ны өдрийн хоорондох цалинг бодож олгосон болно.

2.10. 2021 оны 02 дугаар сарын 15-нд намайг ёс зүйгүй харьцсан, харьцааны соёлгүй гэсэнтэй санал нийлэхгүй байна.

2.11. Би 01, 02 дугаар сард гарах ёстой байсан тушаал, шийдвэр бусад ажлаа гүйцээж хий, цалингаа авсан байж яагаад хийхгүй байна гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь Л.Ө- би халагдах тушаалаа аваад явлаа гэж хэлээд ажлаа хийгээгүй. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олон удаа дуудуулж байж ирж хагас дутуу ажлаа хийгээд явсан.   

2.12. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шалтгаан нь дотоод журмын 5.6.7.в-д “хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, сарын бүртгэлийн дүнгээр 4 ба түүнээс дээш цагийн ажил тасалсан” гэж заасан ба 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  шинэ жилийн баярын өдрүүдэд захиргааны ажилчид ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь батлуулж, ажилласан, хуваарийн дагуу Л.Ө- 23, 29-нд ажиллах ёстой байсан боловч ирээгүй,

Дотоод журмын 8.4-т “Ажлын цагийн дундуур гадагш явахдаа удирдлагадаа мэдэгдэж Гадна ажилласан тухай бүртгэлийн дэвтэрт бичнэ” гэж заасан ба Л.Ө- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цагийн үед хэл чимээгүй гараад алга болсон бөгөөд 14, 15-ны өдрүүдэд ирээгүй,

Дотоод журмын 5.6.7.г-д “Албан үүргээ удаа дараа 12 ба түүнээс дээш хангалтгүй биелүүлсэн” бол гэж заасан ба 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагад ажилд орсон жолооч н.Б-гийн ажилд томилогдсон тушаал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарах ёстой байсан боловч Л,Ө- нь байгууллагын албан бланкийг дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан, 

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн орой 20.00 цагийн орчимд ажилтнуудаас халдвар илэрсэн талаар мэдээ ирж нийт ажилчдын судалгаа 60 хувь дутуу, шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж гүйцээхийг шаардахад “чадахгүй” гэж хэлээд утсаа тасалсан учир судалгааг бид тэр орой гаргасан. Энэ нь шууд удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, гүйцэтгэхээс татгалзсан үйлдэл гэж ойлгож байна. Ажлын байрны тодорхойлолтын 3-р зорилтын 1.16 “Газрын ажилтан албан хаагчдын хувийн хэргийн баяжилтыг цаг тухай бүр хийх гэсэн үүргээ огт биелүүлээгүй.

2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт ажилчид хэдэн удаа Ковид-19 шинжилгээнд хамрагдсаныг бүртгэх давтан шинжилгээ хэзээ авах талаар дата мэдээлэл үүсгэх үүрэг өгсөн боловч биелүүлээгүй. Энэ нь ажлын байрны тодорхойлолтод нь заагдсан Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагааны “Албаны даргын үйл ажиллагаанд өөрийн хариуцсан ажлын чиглэлээр шаардлагатай мэдээлэл, техник зохион байгуулалтын үйлчилгээ, туслалцаа дэмжлэгийг үзүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй.

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Л.Ө-д НҮГ-4 чатаар “бүх ажилчдын иргэний үнэмлэх дээрх хаяг болон одоо амьдарч байгаа хаягийг бэлэн болгож, маргааш 10:00 цаг гэхэд өг” гэсэн боловч биелүүлээгүй.

2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр инженер М.Эт- НҮГ-4 чатаар, миний бие утсаар Л.Ө-д хандаж “ачигч авъя” гэж мэдэгдсэн байдаг. Гэвч Л.Ө- 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр НҮГ-4 чатад бичихдээ “хэн ч надад ажилтан авъя гэж хэлээгүй, би мэдээгүй” гэж хариу өгсөн. Энэ нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй үйлдэл мөн.

2.13. Хөдөлмөрийн гэрээний 4-т гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар тохиролцсон.  

2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилчид тусгаарлагдсан тохиолдолд судалгаан дээр үндэслэн ар гэрт нь хүнс, түлш болон бусад дэмжлэг үзүүлэх талаар нийт ажилчдын судалгааг бэлэн болгож даргад өгөх үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй. Өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хангалтгүй биелүүлдэг.   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ө-ийг Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн менежер ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 22,593,401 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ө-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ө- болон хариуцагч Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,917 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруул ж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзээгүй, нэхэмжлэгч тал шүүх хурлын явцад 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгаарлалтаас гарснаас хойш ажилдаа ирээгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байтал шүүх нэг талыг буруутган шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын НҮГ-4 фэйсбүүк групп чат дахь ажилчдын харилцан бичсэн захидалд үзлэг хийсэн баримтаас үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 15, 2021 оны 02 дугаар сарын 01, 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд нэхэмжлэгч нь цахимаар ажил үүргээ гүйцэтгэж байсан байхаас гадна "Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-ын Захиргааны ажилчдын 2021 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэлийн баримтад ажилтан Л.Ө- 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа 08 цаг 40 минутад ирсэн гэж бүртгэгдсэн байх тул 2021 оны 01 дүгээр сарын 13, 14, 15-нд ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, хариуцагч байгууллагын НҮГ-4 фэйсбүүк групп чат дахь ажилчдын дотоод харилцан бичсэн захидлын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн чатад "...1. П.Д-: маргааш өглөө захиргааны бүх ажилчид 9 цагт оффис дээр бэлэн бай гэснээр 2021 оны 02 дугаар сарын цагийн бүртгэлд Л.Ө- нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 8-18 цагийн хооронд ажилласан болох нь тогтоогдож байна” гэж үзэж Л.Ө-ийг сахилгын зөрчил гаргаагүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн дүгнэлт хийлгүй, шүүх хуралдааны явцад яригдаагүй зүйлээр хийсвэрлэх замаар бодит үнэнийг гуйвуулан шүүхийн шийдвэрийг гаргаж байна. Тодруулбал,

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" шийдвэрүүдийг гаргаж, тус шийдвэрүүдтэй хамт “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт” батлан гаргасан. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар "Монгол Улсын Засгийн газрын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай" тогтоолын хавсралтад хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллагын жагсаалтыг гаргасан бөгөөд тус шийдвэрээр Нийтлэг үйлчилгээний газар нь ажиллах байгууллагын жагсаалтад орсон тул бүгд ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Ажилтан Л.Ө- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө цагийн бүртгэлийг хөтөлснөөс хойш удирдах албан тушаалтанд амаар болон бичгээр тайлбар хэлэлгүй ажлын байрнаас гарч яваад 14-ний өдөр, 15-ны өдөр тус тус ажилдаа ирээгүй байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байранд ажил үүрэг гүйцэтгээгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 13, 14, 15-ны өдөр ажил тасалсан гэдэг нь баримтаар тогтоогдсон болно. Нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 23, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмгөөлөгчийн асуултад хариулт өгөхдөө өөрөө хүлээн зөвшөөрсөн, гэрчийн мэдүүлэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн өдөр ажилдаа ирээгүй гэх шалтгаан нөхцөлийг тайлбарлах зорилгоор хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эмнэлэгт үзүүлсэн гэх тайлбараар нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 13, 14, 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй нь нотлогдоно.

4.3. Мөн байгууллага дээр Ковид-19 халдвар илэрсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны орой 20:00 цагийн үеэс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал бүх ажилтан нар тусгаарлалтад орж, улмаар 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Харин Л.Ө- нь удирдлагаас чөлөө авах, эсвэл эмнэлгийн магадалгаагаар өвчтэй байх, гэр бүлийн гишүүн өвдөх зэрэг ямар нэг тайлбар мэдээлэлгүйгээр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Харин удирдлагын зүгээс байгууллагын мэдээлэл солилцох цахим хэрэгсэл дээр маргааш оффис дээр бүх ажилтан нар цуглах шаардлагатай байна гэсний дагуу 02 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн байдаг. Улмаар цагаан сарын баярын дараагаас буюу 02 дугаар сарын 15-ны өдрөөс байгууллагын ажил орсон боловч Л.Ө- нь 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ирээгүй, ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажил тасалсан болно. Нэхэмжлэгч нь цагийн бүртгэл /хх-223-224 тал/-тэй маргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад ковидын тусгаарлалтаас гараад ажилдаа очоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, гэрч М.Ө-гийн "нэхэмжлэгч энэ хугацаанд ажилдаа ирээгүй" гэх мэдүүлэгээр тус тус нотлогдох болно.

Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд "хүүхэд нь өвдсөн хүндэтгэсэн үзэх шалтгаантай байсан тул ажилдаа ирэх боломжгүй байсан" гэх тайлбар хэлэх боловч энэ талаар удирдах албан тушаалтанд огт мэдэгдээгүй тул захиргааны чөлөө олгосон гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал, Л.Ө-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т "Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, биелүүлнэ", Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх хэсэгт “Албан хаагчийн хүсэлтээр дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан газрын даргын тушаалаар цалинтай чөлөө олгож болно", 9.3 дахь хэсэгт "Албан хаагчийн бичгээр гаргасан хүсэлт, түүнд заасан шалтгааныг үндэслэн 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг газрын даргын тушаалаар олгоно", 7.15 дахь хэсэгт "албан хаагч чөлөө авах, өвчтэй байгаа, томилолтоор ажиллах сургалтад хамрагдахдаа өөрийн ажлыг захиргаанаас томилон ажилтанд түр хариуцуулна" гэж тус тус заасан байна. Энэ үндэслэлээр байгууллагын ажилтан хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтыг дагаж мөрдөн, хүндэтгэн үзэх шалтгаантай бол удирдах албан тушаалтанд мэдэгдэж, албан ёсны чөлөө авах байсан.

4.4. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Баянзүрх дүүргийн “НҮГД” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/03 дугаартай "Хариуцлагатай жижүүрийн томилох тухай" тушаалаар "... Монгол Улсын Засгийн газрын 226 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2021 оны №304 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагаас эхлэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг хүртэл хугацаанд буюу уламжлалт цагаан сарын баярын өдрүүдээр ажиллах хүн хүч машин механик, хариуцлагатай жижүүрээр ажиллах захиргааны албан хаагчид болон жолооч, зам талбайн үйлчлэгчдийн нэрсийг хавсралтаар баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтад дурдагдсан жагсаалтад ажилтан Л.Ө- ажиллах талаар тусгагдаагүй байх тул 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажил тасалсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна" гэж илтэд нотлох баримтыг гуйвуулан тайлбарлаж дүгнэлт хийж байгаа нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтад огт нийцээгүй болно.

Учир нь, дээр дурдсан баримтын талаар зохигчид огт ийм тайлбар хийгээгүй. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс мөн сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор байгууллагын Зам цэвэрлэгээ үйлчилгээний алба, Тээвэр үйлчилгээний алба уламжлалт цагаан сарын баярын өдрүүдээр ажиллах хүн хүчийг техник хэрэгслийн хамт ажиллах хуваарь гаргаж энэ ажлыг хариуцах ажилтан нарыг даргын А/03 дугаар тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Тус тушаалын 3 дахь хэсэгт хариуцлагатай жижүүрүүдтэй хамт цахимаар хамтран ажиллаж, ажлын явц байдлын талаар хяналт тавих, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, тухайн өдрүүдийн ажлыг илтгэх хуудсаар хүлээн авч танилцахыг хүний нөөцийн менежер Л.Ө-д даалгасан. Гэтэл энэ өдрүүдэд Л.Ө- ажилдаа ирж ажлын явцын илтгэх хуудас хүлээн авч, хяналтыг огт хэрэгжүүлээгүй, энэ нь мөн цаг бүртгэлийн дэвтрээс тодорхой харагдана.

4.5. Иймд Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтын хоёр дахь хэсгийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал үүнийг ноцтой зөрчил гэж үзэхээр талууд хөдөлмөрийн гэрээнд зааж, Л.Ө- нь ажлаа тасалсан тул зөрчил гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно.

4.6. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т "эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан" гэж талууд хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн ноцтой зөрчлийн тухайлан тохиролцсон болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "...хэрэгт авагдсан Х.М-, И.Лхагвасүрэн нарын тайлбар болон ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бэлтгэсэн тушаал шийдвэрийг алдаатай гаргасан гэх баримтаар ажилтан нь ... ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг нь гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан" гэж үзэхгүйгээс гадна эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна" гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй гэж уг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, хэргийг нэг талын байр сууринаас харж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, Л.Ө-ийн "Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт"-ын 4 дэх хэсэгт "ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаалтны нэр “Газрын дарга" гэж зааснаар байгууллагын дарга П.Д-гаас хүний нөөцийн менежер ажилтан Л.Ө-д дараахь үүрэг даалгаврыг тухай бүр өгсөн болно. Yүнд:

а. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр менежер Ц.О- шинэ жилийн баярын өдрүүдэд захиргааны ажилтан нар ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь батлуулж, түүний дагуу ажилтан нар ажилласан. Харин Л.Ө- 2020 оны 12 дугаар сарын 23, 12 дугаар сарын 27-ны өдөр ажиллах хуваарьтай байсан боловч жижүүрт ирж ажиллаагүй байдаг.

б. Хөдөлмөрийн дотоод журмын 8.6 дах хэсэгт "Ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд тухайн ажилтны саналыг авч, газрын даргын зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр хүний нөөцийн ажилтан боловсруулж, тухайн оны 1 дүгээр сард газрын даргын тушаалаар батлуулж, ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу эдлүүлнэ. Хүний нөөцийн ажилтан батлагдсан хуваарийн дагуу ээлжийн амралтын эдлэх тухай “Мэдэгдэл”-ийг санхүүд 1 хувь, ажилтан 1 хувийг өгч амралтын тооцоо хийлгэнэ...." гэж заасны дагуу байгууллагын удирдлагын зүгээс оны эхний хагаст багтааж ажилтан нарын ээлжийн амралтын хуваарийг гаргаж батлуулах үүрэг даалгавар өгсөн боловч тус үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Энэ үүрэг нь хүний нөөцийн менежерийн Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т "ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлнэ" гэх үүргээ мөн зөрчиж байна.

в. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажилд орсон ажилтан н.Б-гийн ажилд томилох тушаалыг цаг хугацаанд нь гаргаагүй. Хугацаандаа тушаал, гэрээг нь гаргаагүй тул удирдлагаас тухайн ажилтны тушаал, гэрээг нэн даруй гаргах үүрэг даалгавар өгсөн боловч тухайн сардаа багтаан гаргаагүй. Үүний улмаас тухайн ажилтны цалин 1 дүгээр сард орохгүй болж, санхүү дээр цалингийн маргаан үүссэн.

г. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны орой 20:00 цагийн орчим байгууллага дээр ковидын халдвар гарсан гэх мэдээлэл ирж, Нийслэлийн Эрүүгийн цагдаа, ТЕГ, ХӨСҮТ-ийн тандалтын эмч, НОК-с тус тус нийт ажилтан нарын мэдээлэл, судалгааг явуулах шаардлага ирүүлсэн. Тус төрийн байгууллагуудын шаардлагын дагуу ажилтан нарын мэдээллийг хүргүүлэх гэтэл уг мэдээлэл 60 хувь дутуу байсан. Хүний нөөцийн менежерийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтын 1.2 дахь хэсэгт "хүний нөөцийн талаарх шаардлагатай мэдээ, мэдээллийг бүрдүүлж судалгааг цаг тухайд нь үнэн зөв гаргаж байх" гэж заасан. Улмаар энэ мэдээллийг бэлтгэж, бэлэн болгох үүрэг даалгаврыг амаар өгсөн боловч ирүүлээгүй. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 31-нд цахимаар Л.Ө-ээс "нийт ажилчид хэдэн удаа Ковид-19 шинжилгээнд хамрагдсаныг бүртгэлжүүлж, давтан шинжилгээ хэзээ авах талаар дата мэдээлэл үүсгэсэн үү” гэхэд хариу өгөөгүй.

д. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Л.Ө-д чатаар "Бүх ажилчдын иргэний үнэмлэх дээрх хаяг болон одоо амьдарч байгаа хаягийг бэлэн болгоод маргааш 10:00 цаг гэхэд өгөх" үүрэг даалгаврыг мөн л өгсөн. Л.Ө- энэ үүрэг даалгаврыг мөн л бэлдэж ирүүлээгүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхээс санаатайгаар эсэргүүцсэн, гүйцэтгэхээс татгалзсан болно. Энэ нь нөгөөтэйгүүр анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ажил үүргээ цахимаар гүйцэтгэж байсан байна гэх дүгнэлт хийсэн. Гэтэл цахимаар өгсөн үүрэг даалгаврыг ажилтан гүйцэтгээд цахимаар илгээсэн баримт хавтаст хэрэгт огт байхгүй бөгөөд нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэж мэтгэлцээгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд ажилтан цахимаар ажиллаж байсан гэх үндэслэлгүй болно.

е. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/38 тоот захирамжийн хүрээнд "Хоггүй шинэлье" аяныг зохион байгуулах ажлын хүрээнд байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгаврыг амаар болон ерөнхий инженер М.Эт- шаардлагатай ажилтан авах талаар мэдээлэл өгсөн боловч хүний нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаагүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан байдаг.

Хүний нөөцийн менежер Л.Ө-д тухай бүр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон “...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас очсон үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан" гэх зөрчлийг гаргасан үүнийг НУГ газрын Даргын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар тогтоосон гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус зөрчлүүд гаргаж байгаагүй гэж үгүйсгэж огт мэтгэлцээгүй, үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд өгөөгүй нь үүрэг даалгавар өгч, өөрөө биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэлбэр болно.

4.7. Л.Ө-ийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тухайд, дээр тайлбарласнаар тэрээр хөдөлмөрийн гэрээ, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэхийг удирдлагын зүгээс удаа дараа сануулсан боловч нэхэмжлэгч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа нь тухай бүр зөрчил тул сахилгын зөрчлийг давтан гаргаж байна гэж үзэх үндэслэлтэй юм.

4.8. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т "баримт бичгийг боловсруулахад Монгол хэлний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу монгол хэлний зөв бичих дүрмийг мөрдөх", 34.2 дахь хэсэгт "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг Засгийн газар батална", 5.7.3.2-т "удирдлагаас өгсөн хугацаанд баримт бичгийг боловсруулах, хариутай баримт бичигт тусгагдсан асуудлыг хянан шийдвэрлэж хариу хүрүүлэх", 5.7.1-д "Байгууллагаас боловсруулан гаргаж буй баримт бичиг нь хууль тогтоомж, эрх зүйн актад нийцсэн, стандартын шаардлага хангасан, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй байна", 5.7.8-д "Баримт бичгийн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаатай бол боловсруулсан, хянасан ажилтан хариуцлага хүлээнэ" гэх хуулийн зохицуулалт, мөн Хүний нөөцийн менежерийн Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтын 1-т "Хүний нөөцийн менежер, бичиг хэргийн ажилтны ажлын байрны зорилго нь байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг албан хэрэг хөтлөлтийн талаар гаргасан Засгийн газрын тогтоол болон баримт бичгийн стандарт зааврын дагуу хөтөлж эрхлэн явуулахад оршино" 1.5-т "тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, албажуулах” 1.7-д “ажилтнуудын зүгээс албан хэрэг хөтлөлтийн талаарх дүрэм зааврыг баримтлан ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, үнэлгээ өгч ажиллана" гэх хууль гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан байна. Гэтэл хүний нөөцийн менежер Л.Ө- нь хууль болон гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэхгүй, байгууллагын даргын тушаалын төслийг цаг хугацаанд нь гаргахгүй, гаргасан тушаал нь үг, үсэг, өгүүлбэр зүйн алдаатай гаргадаг бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т "Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлнэ" гэх үүргээ удаа дараа биелүүлээгүй болно. Л.Ө-ийн гаргасан алдаатай тушаалыг байнга алдаатай гаргаж байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчлийг удаа дараа гаргасаар байгааг нотлох болно.

4.9. Шүүх хурал дээр зохигчдын гаргасан тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлдэг. Гэтэл анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлтэй танилцахад "хариуцагч талын гэрчээс асуусан асуулт, хариулт, нэхэмжлэгч талаас асуусан асуулт, хариултыг дутуу тэмдэглэн хөтөлсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн асуултад "би тусгаарлалтаас гарснаас хойш ажилдаа очоогүй" "гэрээс ажиллуулах шийдвэр танай дарга гаргасан уу гэхэд "гаргаагүй" гэх мэт нэхэмжлэгч өөрөө зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шүүхийн тэмдэглэлтэй шүүхийн шийдвэрийг гардан авч, танилцахад дээрх агуулга тэмдэглэлд тусгагдаагүй байсан тул уг зөрчлийг арилгаж, тэмдэглэлд өөрчлөлт оруулахаар хандсан. Шүүгч, шүүгчийн туслах нар ээлжийн амралттай, шүүгчийн туслахыг орлож байгаа хүн хэргийг сайтар мэдэхгүй гэх шалтгаанаар тэмдэглэлд өөрчлөлт оруулж чадаагүй. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурлын видео бичлэгтэй танилцах хүсэлтээ бичгээр өгсөн боловч хариуцагчийн давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаанд багтааж шийдвэрлэх боломжгүй талаар утсаар мэдэгдсэн.

4.10. Л.Ө-ийн нэг сарын дундаж цалин хөлсийг буруу тооцоолж шийдвэрлэсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтыг үндэслэн Л.Ө-ийн 2020 оны 10, 11, 12, сарын дундаж цалин 1,368,333 төгрөг, нэг өдрийн цалин 63,643 төгрөг, үүнийг ажиллаагүй байсан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцоход 16 сар 11 хоног буюу 1,368,333 төгрөгийг 16 сар 11 хоногт үржүүлээд 22,593,401 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь тооцооллын алдаатай байна.

Учир нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогч цуцалсан,“Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт 7а-д “олговор олгох, хохирлыг төлөхдөө сүүлийн арван сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж зааснаас үзвэл Л.Ө-ийн 2021 оны 02, 01, 12 дугаар сарын цалингийн дунджаар тооцох байсныг анхан шатны шүүх 2020 оны 10, 11, 12 сараар тооцож дундаж цалин хөлсийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

4.11. Иймд Л.Ө- нь төрийн байгууллагын дагаж мөрдөх хууль, дүрэм, журам, байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй, ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн дур зоргоороо дуртай үедээ ажлын байраа орхиж ажил тасалдаг, байгууллагын үйл ажиллагааг илтэд эсэргүүцэж, иргэдийн өмнө тус үүргийг гүйцэтгэхэд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулдаг ажил хийдэггүй, ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуульд нийцсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдэг нь нотлох баримтын хэмжээнд тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргаж, төрийн байгууллагаас их хэмжээний цалингийн зардал гаргуулж хохирол учруулж байгаад гомдолтой байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй тул хүчингүй болгож, тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал нь шүүх танхимд худал мэдүүлэг өгч байна.

5.1. Сахилгын шийтгэл нэг удаа ногдуулсан гэж тушаал гаргасан атлаа өөрөө тушаалыг устгасан гэж гүтгэж байна.

5.2. 2021 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ажил тасалсан гэж тайлбарласныг анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж нотолсон. Ажил тасалсан тохиолдол надад нэг удаа ч байхгүй, тухайн үед цар тахлаас болж зайнаас ажиллаж байсан нь үнэн

5.3. Хариуцагчийн төлөөлөгчтэй 14-21 хоног хамт ажилласан бөгөөд тухайн хугацаанд намайг хэл амаар доромжилж, ажлаа өг гэж тулгаж шаардаж аргагүй байдалд орж ажлаа хүлээлгэн өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, уг гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Л.Ө- нь хариуцагч “Баянзүрх дүүргийн НҮГД” ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ажилтан Л.Ө- нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлоо Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар хариуцагч байгууллага гомдол гаргаагүй болно.

 

4. “Баянзүрх дүүргийн НҮГД” ОНӨААТҮГ нь ажилтан Л.Ө-тэй 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан нь тус байгууллагын “Захиргаа нэгжид” хүний нөөцийн менежерээр ажиллах,  ажил олгогч нь ажилтанд 900,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй. /1хх 5-8/

 

5. Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6.7-д заасныг тус тус баримтлан ажилтан Л.Ө-ийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

6. Ажлаас үндэслэлгүй халсан гэх маргаанд тушаалд заасан үндэслэлийг шүүх хянах ёстой. Ажил олгогчоос тушаалд зөрчил гэж тодорхойлоогүй үндэслэлийг хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбар, эсхүл тушаалд баримталсан хуулийн заалттай холбогдуулан шүүх дэлгэрүүлж тайлбарлахгүй юм. 

 

7. Ажил олгогчоос гаргасан 15 тоот тушаалын ажилтны гаргасан гэх зөрчлийг тодорхойгүй томьёолсон, өөрөөр хэлбэл ажилтан хэдийд, ямар зөрчил хэрхэн гаргасан талаар тушаалд тодорхой заагаагүй байна.

8. Ажил олгогч ажилтныг сахилгын зөрчил гаргасныг тогтоосон үйл ажиллагаа явуулж байж энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах учиртай. Өөрөөр хэлбэл, ажилтны гаргасан гэх зөрчлийг тушаал гаргасан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тогтоосон байхыг шаардах юм.

 

8.1. Хариуцагч байгууллага нь шүүхэд гаргасан тайлбарын хамт тус байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот Даргын дэргэдэх зөвлөл гэх гарчигтай баримтыг гаргаж өгсөн байх ба хэлэлцэх асуудлыг Л.Ө-д хариуцлага тооцох тухай, хурлын шийдвэрийг Л.Ө-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж тодорхойлжээ. Иймд энэ хурлын шийдвэр, хэлэлцсэн асуудлыг ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тогтоохоор хариуцагч байгууллагаас хийсэн ажиллагаа гэж дүгнэв. /1хх 66-67/

 

8.2. Тус баримтад “Ц.О-: “1.Л.Ө- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 удаагийн захиргааны ажилчдын хурал дээр аман сануулга авсан боловч алдаа дутагдлаа зассангүй. Шаардлагатай сул байгаа орон тоон дээр ажилчин аваагүйн улмаас цагаан сарын баярын үеэр байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Одоогоор 9 ачигч, 1 жолоочийн орон тоон дээр ажилтан авах шаардлагатай байна. Өөрийн ажлын байрны ажил үүргийн хуваарийн дагуу хүний нөөцийн судалгааны бүрдэл огт хийгдээгүй өнөөдрийг хүрсэн” гэжээ.

8.2.1. Дээрх баримтаас дүгнэвэл ажилтан Л.Ө-д хэзээ, ямар даалгаврыг удирдлагаас өгсөн нь хэрхэн биелэгдээгүй, хэдийд болсон захиргааны ажилчдын хурал дээр ажил олгогчоос ажилтанд 5 удаагийн аман сануулга өгсөн талаар тэмдэглэгдээгүй байгаагаас холбогдох зөрчлийг ажил олгогч олж тогтоох ажиллагаа хийгээгүй байна гэж дүгнэжээ.

8.2.2. Сул орон тоон дээр ажилчин авах үүрэг нь хүний нөөцийн менежерийн үүрэг болох талаар баримтгүй. Хөдөлмөрийн гэрээний 2.2 Ажилтны үүрэгт сул орон тоон дээр ажилчин авах үүрэгтэй гэж заагаагүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго “Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан Засгийн газрын тогтоол болон баримт бичгийн стандарт, зааврын дагуу хөтлөн эрхлэн явуулах” гэж, ажлын байрны үндсэн зорилт болон гол үйл ажиллагаанд хийж гүйцэтгэх ажил үүрэгт нь мөн сул орон тоон дээр ажилчин авах үүрэг байхгүй байна.

8.2.3. Ажлын байрны тодорхойлолтын 1.2-т “Хүний нөөцийн талаарх шаардлагатай мэдээ, мэдээллийг бүрдүүлж, судалгааг цаг тухайд нь үнэн зөв гаргаж байх” үүргийг ажилтан хүлээжээ. Ажил олгогч байгууллагад хүний нөөцийн судалгааны “бүрдэл”-д юу багтах, уг “бүрдэл” гэж нэрлэн заасан ажлаас огт хийгдээгүй гэх зөрчил хэрхэн тогтоогдсон нь тодорхойгүй байна.

 

8.3. Хариуцагч байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот Даргын дэргэдэх зөвлөл гэх баримтад “Ц.О-. 2-т. 2021 оны 01 дүгээр сарын 13-нд байгууллагын нийт ажилчид коронавирусын шинжилгээ өгөхөд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны оройн 20.30 цагт 6 хүнд халдвар илэрсэн мэдээ ирж Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас нийт ажилчдын мэдээлэл шаардахад судалгаа, анкетын бүрдэл 60 хувь дутуу, шаардлага хангаагүй байсан. Ажилчдын судалгааг зөв болгохыг шаардаж утсаар холбогдоход чадахгүй гэж хэлэн утсаа таслаад эргэж аваагүй учир тухайн үед оффист байсан дарга, инженер, байцаагч бид дөрөв ажилчид тус бүртэй холбогдож, мэдээлэл нь буруу байгаа ажилчдын мэдээллийг цуглуулж нэгтгэн холбогдох байгууллагуудад өгсөн. Мөн халдвар илэрсэн яаралтай тусгаарлах шаардлагатай зам талбайн үйлчлэгч Н-ийн гэрийн хаягийг буруу, олдохгүй байсныг НЭЦГ-с шаардсаны дагуу оффис дээр дуудаж ирүүлсэн бөгөөд тухайн ажилтан таксигаар ирж, такси үйлчилгээнд явж байсан манай байгууллагад хамааралгүй иргэн тусгаарлагдаж хохирсон” гэжээ.  

8.3.1. Ажилтан Л.Ө- нь ажлын байрны тодорхойлолтын 1.2-т “Хүний нөөцийн талаарх шаардлагатай мэдээ, мэдээллийг бүрдүүлж, судалгааг цаг тухайд нь үнэн зөв гаргаж байх” үүрэгтэй боловч ажилчдын судалгаа, анкетын бүрдэл 60 хувь дутуу, шаардлага хангаагүйтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ажилчдын дотоод харилцаанд ашигладаг чатад үзлэг хийсэн баримтаас үзвэл 2021 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд ажилтан Л.Ө- нь харилцаатай байсан, уг чатад Л.Ө-д ажилтнуудын мэдээлэл судалгаа 60 хувь дутуу, шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдсэн болон ажилчдын судалгааг зөв болгохыг шаардсан байдал тогтоогдохгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр П.Д-гаас нийт ажилчид шинжилгээнд хамрагдсаныг бүртгэлжүүлэх, давтан шинжилгээ авах талаар дата үүсгэх, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр П.Д-гаас бүх ажилчдын иргэний үнэмлэх дээрх бүртгэлийн хаяг болон одоо амьдарч байгаа хаягийг бэлэн болгоод өглөө 10.00 цагт өгөх даалгаврыг Л.Ө-д өгсөн, 2021 оны 02 дугаар сарын 03, 09, 10-ны өдрийн чатуудад Л.Ө-ийг өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх талаар бичигдээгүй байх тул эдгээр өдрүүдэд ажилтныг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дүгнэхээргүй байна. /1хх 171-190/  

 

8.4. Хариуцагч байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот Даргын дэргэдэх зөвлөл гэх баримтад “Ц.О-. 3-т. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний А/38 тоот захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах “Хоггүй шинэлье” аяныг зохион байгуулах ажлын хүрээнд байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй, өгсөн үүрэг даалгавар үл тоомсорлож урьдчилан мэдэгдэлгүй ажлын байрыг удаа дараа орхиж явсан зэрэг зөрчил дутагдал гаргаж байна” гэжээ.

8.4.1 “Хүний нөөц” бүрдүүлэх ажил үүрэг нь ажилтан Л.Ө-ийн чиг үүрэгт байхгүй талаар дээр дурдсан болно. Ажлын байрыг удаа дараа орхиж явсан гэх зөрчил нь хэзээ гэдэг нь тодорхойгүй тул зөрлийг тогтоосон гэж дүгнэхээргүй байна.

 

8.5. Хариуцагч байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот Даргын дэргэдэх зөвлөл гэх баримтад “П.Д- – Байгууллагын хүний нөөц бол хамгийн үнэ цэнэтэй баялаг байх ёстой гэвч Л.Ө-ийн хувьд ажил үүргийнхээ шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байна. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, алдаа дутагдлаа ойлгодоггүй, гаргаж байгаа тушаал, албан бичиг утга, найруулга, үг үсгийн маш их алдаатай, хоёроос гурван удаа буцаагдаж байж шаардлага хангадаг гэх мэт төрийн албан хаагчдын хамгийн энгийн шаардлага хангаагүй байгаа тул шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна. Ажилчдын ээлжийн амралтын хуваарийг одоо болтол эцэслэн боловсруулж батлуулаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 15-нд томилогдсон болон бусад шинээр томилогдсон ажилчдын тушаалыг удаа дараа хэлж сануулж байж 2020 оны 02 дугаар сарын 21-нд нөхөж гаргаж байна. Энэ хооронд тушаал гаргаагүйн улмаас цалин орохгүй байх маргаан ажилчдын дунд үүссэн. Мөн сахилгын шийтгэл ногдуулах уу, ажлаас чөлөөлөгдөх үү гэж хамт олны дунд ... өөрөөс нь хоёр удаа асуухад эхний асуултад бодож байгаад хэлье, дараагийн асуултад ажлаас чөлөөлөгдөх тушаалаа авъя гэсэн тул хуулийн дагуу асуудлыг шийдье” гэжээ.

8.5.1. Ажилтан “өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй” гэх зөрчил тодорхойгүй, ажилтны “гаргаж байгаа тушаал, албан бичиг утга, найруулга, үг үсгийн маш их алдаатай, хоёроос гурван удаа буцаагдаж байж шаардлага хангадаг гэх мэт төрийн албан хаагчдын хамгийн энгийн шаардлага хангаагүй” гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадвартай нь холбогдуулж хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлд хамаарах бөгөөд мэргэжлийн комиссоор тогтоосон байхыг шаардана.  

8.5.2. Хариуцагч байгууллагын ажилтнуудын ээлжийн амралттай холбоотой баримт хэрэгт байхгүй тул ажилтныг уг үүрэгтэй нь холбоотой зөрчил гаргасан, зөрчлийг ажил олгогч олж тогтоосон гэж дүгнэхээргүй байна.

8.5.3. Ажилтан Л.Ө- “2021 оны 01 дүгээр сарын 15-нд томилогдсон болон бусад шинээр томилогдсон ажилчдын тушаалыг удаа дараа хэлж сануулж байж 2020 оны 02 дугаар сарын 21-нд нөхөж гаргаж байна. Энэ хооронд тушаал гаргаагүйн улмаас цалин орохгүй байх маргаан ажилчдын дунд үүссэн” гэх зөрчлийг гаргасантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, шинээр томилогдсон гэх ажилтны тушаал, уг тушаал гарахаас өмнө цалин олгосон байдлыг нотолсон баримтгүй тул холбогдох зөрчлийг тогтоох ажиллагааг ажил олгогч хийгээгүй гэж дүгнэнэ. Байгууллагын бичиг баримтад тавигдах шаардлагын хүрээнд байгууллагын даргын гаргах тушаал болон ажилчдад цалин олгох ажиллагаа нь бичмэл болон цахим баримтаар баталгаажсан байх ёстой тул энэ ажиллагаатай холбоотой үйл баримтыг хариуцагч байгууллагын  нягтлан бодогч гэх албан тушаалтнаар гэрчлүүлж зөрчлийг тогтоох учиргүй. Иймд хариуцагч байгууллагын холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.6. Хариуцагч байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот Даргын дэргэдэх зөвлөл гэх баримтад “М.Ө- - Л.Ө- нь энэ байгууллагад 8 жил хүний нөөцийн ажил хийж байгаа гэхэд багаар ажиллах чадваргүй, хүнтэй харьцах харьцаа муу, өөрөө энэ тал дээрээ анхаарч алдаагаа засахгүй бол цаашид ажил явуулахад улам үл ойлголцол хүндрэлтэй байдал үүснэ. Өөртөө дүгнэлт хийж дутагдлаа засах шаардлагатай” гэсэн тайлбар зөрчил тогтоох шинж агуулаагүй байна.

 

9. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 15 тоот тушаалын үндэслэлд ажилтан ажил тасалсан, хариуцлагатай жижүүрийн ажиллах хуваарийн дагуу ажиллаагүй гэх зөрчлийг тодорхойлоогүй, хариуцагч байгууллагын даргын дэргэдэх зөвлөлөөр авч хэлэлцээгүй тул шүүхэд гаргасан хариуцагч байгууллагын тайлбараар зөрчлийг нөхөж тогтоохгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

10. Хариуцагч байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 тоот тушаал үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

11. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд олгох олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д: “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэж, ажилтны  2020 оны 10, 11, 12 сарын дундаж цалин хөлсийг 1,368,333 төгрөг, нэг өдөрт ногдох хөлсийг 63,643  /1,368,333:21.5/ төгрөг гэж тодорхойлж,  ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 16 сар 11 хоногоор тооцож, 22,593,401 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

Учир нь ажилтан Л.Ө-ийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халсан тул тухайн буюу 2 дугаар сарын цалин хөлснөөс дунджийг тодорхойлох боломжгүй байна. Түүнчлэн хариуцагч байгууллагаас гаргасан цалин олгох хүснэгтэд ажилтан Л.Ө-ийн 2021 оны 01 дүгээр сарын цалин хөлснөөс сул зогсолтын суутгал хийгдсэн тул мөн цалин хөлсний дунджийг тодорхойлох үндэслэл болохгүй.

 

12. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарласан, энэ талаар хариуцагч байгууллага гомдол гаргаагүй.

 

13. Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэх хариуцагч талын гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч тал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны видео бичлэгтэй танилцах хүсэлт гаргасан нь тодорхойгүй, хүсэлтийн хувь хэрэгт баримтаар авагдаагүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.

 

14. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР