Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01790

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01790

 

 

“ГШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

СүхБ- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/01639 дугаар шийдвэртэй,

 

“ГШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“УХГ” ХХК, Ч.Б-т тус тус холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 167,312,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102 тоот гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан, Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “УХГ” ХХК болон “ГШ” ХХК-ууд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

1.2. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000 литр, 05 дугаар сарын 08-ны өдөр 31,080 литр, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 4,000 литр нийт 55,080 литр дизель түлшийг хариуцагчид өгсөн. Ч.Б- захирлын хэлсэн машинд шатахууныг ачуулсан.  “Гоё меридиан” ХХК, “ЭЦХ” ХХК-уудтай манайх гэрээ байгуулаагүй.

1.3. Манайд 20,000,000 төгрөгийг дансаар төлсөн. Сүүлд 9,000 литр түлшийг хариуцагчаас 18,810,000 төгрөгийн алдангид тооцон авсан.

1.4. Иймд үндсэн үнэ 11,541,600 төгрөг, алданги 55,770,800 төгрөг, нийт 167,312,400 төгрөгийг “УХГ” ХХК болон түүний захирал Ч.Б- нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч “УХГ” ХХК-ийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани нэхэмжлэгчээс 55,080 литр түлш аваагүй.

2.2. Мөн ямар нэгэн төлбөр хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан зүйл байхгүй.  

2.3. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Уг гэрээ тухайн өдрөө зурагдаагүй, сүүлд 2019 оны 7 дугаар сард гарын үсэг хүчээр зуруулсан байдаг. Мөн гэрээнд литр тутамд хэдэн төгрөг гэдгийг ч тусгаагүй, цаг хугацааны хувьд ч гэрээ, гэрээний хавсралт дахь огноо таарахгүй байгаа.

2.4. Үүнээс гадна нэхэмжилж байгаа 55,080 литр түлшний 20,000 литр түлшийг “ГМ" ХХК авч ашигласан. Мөн “ЭЦХ” ХХК-ийн захирал н.А- 30,000 литр түлшийг авсан. н.А- гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрөө авсан, төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг төлнө гэдгээ мэдүүлсэн.

2.5. Сүүлд авсан гэх 4,000 литр түлшийг компани аваагүй, тухайн ажилтан өөрөө хувьдаа авсан гэж үзэж байна. Компанийн тайлан тооцоонд ч тусгагдаагүй гэдгийг гэрч мэдүүлсэн, мөн ажилтан компанийг төлөөлөх эрхгүй этгээд.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч Ч.Б-ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний дагуу 55,080 литр түлш Ч.Б-т нийлүүлсэн зүйл байхгүй.

3.2. “УХГ” ХХК-тай хамтран ажиллаж байсан “ГМ” ХХК 20,0 тонн түлшийг тус компаниас авсан байсан ч түүний дараахан 9,0 тонн түлшийг нэхэмжлэгч өөрөө буцаан авсан байдаг. Энэ талаар “ЭЦХ” ХХК-ийн захирал н.А- гэдэг хүн авсан түлшнийхээ төлбөрийг төлж байсан дансны хуулга байдаг. С.М- өөрөө н.А-тай холбогдож төлбөр мөнгөө авч байсан. Энэ талаараа буюу түлшний төлбөр н.А-гаас авсан талаараа мөн өөрөө ярьж “ЯГ” ХХК-д шилжүүлсэн 9,0 тонн түлш зэргийг тооцолгүй Ч.Б-аас үндэслэлгүй 55,000 литр түлшний төлбөр нэхэмжилж байгаа нь шударга бус байна.

3.3. Ч.Б-аас төлбөр тооцоо хийсэн, төлбөрийн үлдэгдэл зөвшөөрсөн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй.

 

4. Хариуцагч “УХГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. Манай компани одоогийн “ГШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-ийн өмнө нягтлангаар ажиллаж байсан “ӨГ” ХХК-тай 2018 онд Дизель түлш нийлүүлэх гэрээгээр түлш авдаг байсан.

4.2. Тэр үеэс С.М-ийг мэдэх болсон. С.М- хувиараа манай компанитай 2019 оны эхээр холбогдож, “ГШ” гэдэг компаниар үйл ажиллагаа явуулж байгаа, найдвартай түлш нийлүүлнэ, холбогдоорой” гэж захиралтай ярьсан байсан.

4.3. Энэ үед “ЭЦХ” ХХК-ийн захирал н.А- түлш асуухад хэлж өгсөн. “ГМ” ХХК-ийн захирал н.Ундрах түлш асууж холбогдоход нь “ГШ” ХХК-д хэлж өгсөн.

4.4 2019 оны намар С.М- манай компани руу холбогдож санхүүгийн шалгалт ирэх гээд байна, “ЭЦХ” ХХК-ийн 30,0 тонн болон “ГМ” ХХК-ийн 20,0 тонн түлшний асуудлыг нэгтгээд нэг гэрээ болгож шалгалтын хүмүүст харуулах хэрэгтэй байна, гэрээнд гарын үсэг зураад өгчих гээд утсаар болон ааваар нь дамжуулан дарамт үүсгэж, өөрийн дүү н.Өнөболд, н.Сараа гэх 2 хүнийг явуулж бэлдсэн гэрээ хэд хэдэн хуудас дээр гарын үсэг зуруулж, дүү нараа өдөр шөнөгүй захирлын гэрийнх нь гадаа байлгаж дагуулсан, орсон гарсан газарт нь салахгүй дагаад байсан учир аргагүйн эрхэнд Өмнөговиос компанийн тамгыг ааваараа авч ирүүлж гэрээн дээр дарж өгсөн байгаа.

4.5. Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлүүдийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102 тоот гэрээний зарим хэсэг буюу 5.1 дэх заалтыг хүч хэрэглэж хийсэн, хүчин төгөлдөр бусд тооцож 5.1 дэх заалтын дагуу нэхэмжилсэн алданги 55,770,800 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.   

5.2. “ЭЦХ” ХХК-тай “ӨГ” ХХК түлш нийлүүлэх тусдаа гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан. “ГМ” ХХК гэдэг компанийг огт мэдэхгүй.

5.3.Тухайн үед санхүүгийн ямар нэгэн шалгалт ирж байгаагүй. Энд “ГШ” ХХК нь “ЭЦХ” ХХК-д 30,0 тн, “ГМ” ХХК-д 20,0 тн түлш өгсөн мэт бичсэн байгаа нь ор үндэсгүй, худал бөгөөд эдгээр компаниудтай ямар нэг төлбөр тооцоо байхгүй болно.

5.4.“УХГ” ХХК-д УлаанБ- хотоос 20,000 л түлш олгосныг “УХГ” ХХК-ийн захирал Ч.Б- өөрөө “ЭЦХ” ХХК-д хэдэн төгрөг нэмээд ашиг олох зорилгоор н.А-д олгосон.

5.5.2019 оны 7 дугаар сарын 02-ны байдлаар “УХГ” ХХК-ийн захирал Ч.Б-тай тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан байхад 2019 оны намар гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үндэслэлгүй тайлбар хийж байна.

5.6.  “ЭЦХ” ХХК-ийн захирал н.А- “УХГ” ХХК-ийн нэрийн өмнөөс манайд 20,000,000 төгрөг төлсөн ба энэ нь “УХГ”ХХК-ийн “ГШ” ХХК-д төлөх төлбөрөөс хасагдсан ба нэхэмжлэлийн шаардлагад ороогүй болно.

5.7. Ч.Б- анхандаа буюу өр үүссэнээс хойш 5, 6 сарын хугацаанд холбоо барьж тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж уулзаж байсан ба сүүлийн 1 жил гаруй хугацаанд утсаа, цахим хаягаа блоклох, зугтаах, хаана байгаагаа нууцлах зэргээр холбоо тасарсан тул Ч.Б-ын аав болох н.Чинбатад яаралтай надтай холбогдооч гэж дамжуулж өгөөч мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайгаа хэлсэн.

 5.8.  Гэрээний заалтуудыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахаар тохиролцож түлш авчихаад гарын үсэг зурахгүй байсан нь мөн төлбөрөө төлөхгүй нэхэмжлэлд огт хамааралгүй этгээдүүдийг хамаатай болгон энэхүү тайлбартаа бичсэн байгаа зэрэг нь харин ч төлбөр гүйцэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийж байна.  Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “УХГ” ХХК-аас 109,097,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ГШ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,215,000 төгрөг болон хариуцагч Ч.Б-т холбогдох шаардлагыг, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан талуудын хоорондох гэрээний 5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “УХГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

6.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 994,512 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 703,437 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

6.3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 144/ШЗ2021/00118 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

7.1. Шүүхэд талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож хариуцагчаас алдангид 36,365,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны жижиглэнгийн болон бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгүй болохоо шүүх хуралдааны үед хэлж байсан бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д зааснаар бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах учиртай, мөн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнүүдийн хувьд доторхи заалтууд нь ялгаатай өөр өөр гэрээг гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх үүнийг судалж үзэлгүй шийдвэрлэсэн.

7.3. Өөрөөр хэлбэл, хэрэгт байгаа гэрээнүүд өөр хоорондоо ижил биш, цаг хугацааны хувьд өөр өөр хугацаанд зурагдсан доторхи заалтууд ч ялгаатай өөр байхад үүнийг тодруулаагүй, мөн тусгай зөвшөөрөлгүй этгээдээс шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд алданги төлөх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “ГШ” ХХК нь хариуцагч “УХГ” ХХК, Ч.Б- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 167,312,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргажээ. 

 

3. Талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргажээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д зааснаар бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах тул худалдагч “ГШ” ХХК нь холбогдох зөвшөөрөлтэй эсэхийг шалгах ёстой байжээ. Хэрэгт энэ талаар баримтгүй байх бөгөөд шүүх энэ талаар тодруулаагүй байна.

Уг зөвшөөрлөөс шалтгаалж талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу шаардах эрхтэй эсэхийг дүгнэх учиртай.

 

4. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон цахим баримт болох Ч.Б- болон С.М- нарын хооронд харилцсан цахим захидал, цахим зурвас /чат/-т шүүх үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, үзлэгийн тэмдэглэлд үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах юм. Гэтэл үзлэгээр цахим баримтыг бэхжүүлсэн гэж тэмдэглэж, уг үзлэгийн тэмдэглэлийн хавсралтаар цахим баримтуудын зургийг оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлогооны хэрэгсэл болохгүй, уг зургаар авсан баримтад тусгагдсан мэдээлэл нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

 

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул хэлцэл хүчин төгөлдөр эсэх материаллаг эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. СүхБ- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/01639 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “УХГ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,779 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА