Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 711

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх    хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,                 

Улсын яллагч Ж.Батхуяг,

Иргэдийн төлөөлөгч Б.Чулуунбаатар,                                                        

Хохирогч Б.Солонго, түүний өмгөөлөгч Ч.Ганбат,

Насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэг, түүний  өмгөөлөгч Н.Төгсбаяр,

Шүүгдэгч БЗ, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батаагийн Батзаяа, Товгууд овогт Энхтуяагийн Оюундарь нарт холбогдох эрүүгийн 201701000028 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамж, 717 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 61-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Бз

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 15 дугаар гудамж, 329-20 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 1 удаа ял шийтгэгдсэн,

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 786 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Э.Ою

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Батзаяа, Э.Оюундарь нар нь бүлэглэн “Б.Солонго, насанд хүрээгүй С.Батцэцэг нарыг БНХАУ-д цайны газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн, ашиг олох зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрийн хооронд улсын хил давуулан БНХАУ-ын Эрээн хотод бусдад худалдсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч БЗ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Жуковын музейн” урд Б.Солонготой танилцсан. Тэгээд Э.О Б.Солонго бид нар буудалд орсон. Солонго Онон гэдэг хүнээс зугтаад явж байна. Монгол улсад байж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд гурав хоногийн дараа Б.Солонго Батцэцэгийг буудалд дагуулж ирсэн. Оюундарь, Солонго хоёр Бүгд Найрамдах хятад ард улс руу явбал хэр их мөнгө олдог бол гэж ярьж байсан. Тухайн үед би Хятад улсад Бөхөө гэдэг хүний рестораныг ажилуулдаг байсан. Би Бөхөө гэдэг хүний ресторанд Монгол хүмүүс авч ажлуулдаг, гайгүй мөнгө олдог юм байна лээ гэж Оюундарь, Солонго хоёрт хэлсэн. Оюундарь Бөхөө гэдэг хүнтэйгээ холбогдоод хэлээд өг гэж хэлсэн. Тэгээд Солонго, Батцэцэг нарын Хятад улс руу явах зардлыг Бөхөөгөөс авч өгсөн. Хилээр гарахад Батцэцэг бид хоёр түрүүлж явсан. Батцэцэг түрүүлж хилээр гараад би араас нь хил гарсан. Солонго миний араас Хятад улсад ирсэн учраас би сайн мэдэхгүй байна…” гэв.

    

     Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2013 онд Б.Солонготой танилцсан. Солонго анх Зулаа гэдэг нэрээр биеэ үнэлдэг байсан. Солонго бид хоёр хуурай эгч дүүсийн харилцаатай байсан. Тэгээд нэг хэсэг холбоогүй байж байгаад 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Сансарын үйлчилгээний төвийн бааранд Од гэдэг найзтайгаа явж байгаад таарсан. Батзаяа бид хоёрын дундаас гарсан хүүхэд байдаг учраас Батзаяа бид хоёр хааяа уулздаг байсан. Солонготой уулзахад Онон эгчээс зугтаад явж байна гэж хэлсэн. Намайг урд Хятад улсад байсныг мэддэг байсан болохоор надаас Хятад улс руу явбал ямар бол гэж асууж байсан. Бөхөөг цайны газар ажлуулна гэж хуурч мэхэлснийг би мэдээгүй. Солонго анх Хятад улс руу явахдаа биеэ үнэлнэ гэдгээ мэдэж байсан…” гэв.

 

Хохирогч Б.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 онд намайг биеэ үнэлээд явж байсан гэж хэлсэн байсан. Би тухайн үед Архангай аймагт үсчин хийдэг байсан. Үсчиний ажил хийж байхдаа хэрэглээний зээл авсан баримт хавтаст хэрэгт байгаа. Би 2016 оны 6 дугаар сарын 17-ний өдөр Сансарын тунелийн хажууд Оюундарьтай таарсан. Би Оюундарьд манай ээжийн бие муу байсан учраас гайгүй ажил олж хиймээр байна гэж хэлсэн. Оюундарь надад манай хүүхдийн аав Батзаяа Хятад улсад Монгол хоолны газар ажилладаг гээд Жуковын хөшөөний урд Батзаяатай танилцуулсан. Тэгээд “Цайз” захын тэнд нэг зочид буудалд гурав хоног байлгасан. Оюундарь, Батзаяа нар миний гадаад паспортыг захиалж авч өгсөн. Намайг Оюундарь шархадны эцэс дээрээс ирж гадаад паспортоо ав гэж хэлсэн. Батцэцэг надаас түрүүлж явсан. Би Батцэцэгийн явснаас хойш гурав хоногийн дараа Хятад улс руу явсан. Батцэцэг бид хоёрт хувцас ав гэж 300 юань өгсөн. Би очоод арав гаруй хоногийн дараа ухаан алдаж унасан. Намайг жижиг хувийн эмнэлэгүүдэд үзүүлдэг байсан. Миний нэг уушгийг устсан байна Өвөр Монгол руу явж эмчлүүл гэж хэлсэн. Би хөдөлмөрийн чадвараа 80 хувьтай алдсан. Миний биеийг асууж байгаагүй мөртлөө намайг байнга дарамталдаг байсан. Би эмчилгээний зардалд нийт 13.647.287 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би Солонготой “Enjoy” гэдэг бааранд танилцаж байсан. Солонго надад нэг ажлын санал байна. Хүнтэй утсаар ярьж байгаад уулзах буюу биеэ үнэлэх ажил байна гэж хэлсэн. Би тавьсан саналыг нь зөвшөөрсөн. Тэгээд Солонгын найз гээд хоёр залуутай бид дөрөв орой болгон гардаг байсан. Намайг хүнтэй уулзуулчихаад тооцоог нь Солонго авдаг байсан. 2016 оны 6 дугаар сарын 19-нд Солонго намайг “Цайз” захын Royal гэдэг зочид буудалд дуудсан. Намайг очиход Солонго, Батзаяа, нэг эгч байсан. Тэгээд бид нар архи уухаар болоод дэлгүүр орсон. Дэлгүүрт байхад Солонго намайг Хятад улс руу явах уу боломжийн гайгүй ажил байна гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг байсан учраас зөвшөөрсөн. Гадаад паспортоо авч бүх зүйл бэлэн болсны дараа Солонго би явахаа болилоо гэсэн. Би 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Батзаяа, Оюундарь нартай утсаар ярьж явахаар болсон. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өглөө хил онгойхоос өмнө Замын-Үүдэд очсон. Замын-Үүдээс намайг нэг машинтай хүн ирж авсан. Батзаяа миний араас ирсэн. Мөн 2016 оны 7 дугаар сарын 3-нд Солонго ирсэн. Тэгээд Солонго бид хоёрт хувцас ав гээд мөнгө өгсөн. Нийт 5000 орчим юань авсан. Гомдол санал нэхэмлэх зүйл байхгүй...” гэв.

 

Талуудын хүсэлтээр эрүүгийн 201701000028 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Б.Солонго надтай уулзаад...ойр зуурын юм яриад зогсож байтал хажуугаас Батзаяа орж ирээд Б.Солонгыг "чи энд ингэж хүний дарамтанд байж байхаар урагшаа гарч биеэ үнэлэхгүй юу" гэхэд Б.Солонго "харин тэгвэл зүгээр зүгээр үү? Хир мөнгө олдог вэ? Эргээд холбогдьё" гэж хоорондоо ярьж байсан...Батзаяа Б.Солонго, С.Батцэцэг хоёртой "урд охидууд мөнгө их олдог очоод гоё байдаг" гэж ярихад нөгөө хоёр нь хөөрцөглөөд Өвөрмонголд буюу Эрээнд байдаг Бөхөөтэй видео колл буюу нүүр нүүрээ харж ярилцаад байсан...Нэг өдөр Батцэцэг утсаар яриад...Батзаяа бид хоёр очиж аваад тэр өдрөө Батзаяагийн найз Баттүвшин гэх залуутай машинаар Батзаяа, Батцэцэг бид дөрөв Замын-Үүд явсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өглөө Замын-Үүдэд ирээд Батзаяа, Батцэцэг хоёр хилээр гарна гээд явсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 хуудас/,

 

Шүүгдэгч БЗ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Оюундарь над дээр ирэхдээ Б.Солонгоог дагуулж ирээд "нөгөө нэг Ононгоос зугтаагаад явж байсан охин шдээ, таньж байгаа биз дээ, байх газаргүй юм байна, энд хэд хонуулчихъя" гээд буудалд байрлуулсан... Нэг өдөр намайг орой очиход Э.О, Б.Солонго хоёроос гадна Бүни хочтой С.Батцэцэг гэх жижигхэн биетэй охин ирчихсэн байсан...Тэгээд уулзаад ярилцаж байхад Б.Солонго, С.Батцэцэг хоёр дуудлагаар биеэ үнэлдэг талаараа ярьж байсан. Тэр хоёр надаас "ахаа та урд Эрээнд ажиллаж байсан гэсэн, урд биеэ үнэлдэг охидууд хир мөнгө олдог вэ" гэж асууж байсан ба тухайн үед би Бөхөөг Эрээнд охидууд олж биеийг нь үнэлүүлж байгаа гэдгийг сонсчихсон байсан учир тэр талаар Б.Солонго, С.Батцэцэг хоёрт хэлсэн юм... 2016 оны 7 дугаар сарын 1-ний өглөө Замын-Үүд дээр ирээд С.Батцэцэг бид хоёр гааль дээр очоод С.Батцэцэг дотогшоо орж уулзаад гарч ирсэн ба итгэмжлэл байхгүй гээд гаргахгүй байна яах вэ" гэхээр нь би нэрийг нь одоо санахгүй байна зүс таних ахыг гуйгаад...тэр ахад С.Батцэцэгийг өгөөд УАЗ-469 машинд нь суулгаад гаргасан...Тэгээд хил даваад харахад С.Батцэцэг хил гарчихсан байсан ба бид хоёр шууд Бөхөөгийн буудалд очсон. Тэгээд байж байтал удалгүй Э.О над руу залгаад "Б.Солонго ярьж байна, би яваад очъё, Онон эгчээс айгаад байна, зардлын мөнгө явуулчихаач" гэнээ гэхээр нь би Бөхөө ахад хэлээд Б.Солонгоогийн өгсөн данс руу нь Бөхөө ах мөнгө шилжүүлсэн. Тэгээд Бөхөө ах Батцэцэгийг буудлынхаа нэг өрөөнд оруулж, усанд оруулаад зах руу дагуулж гараад хувцас авч өгсөн. Би Батцэцэгийг Бөхөөтэй уулзуулж өгчихөөд явсан ба Бөхөө Батцэцэгийг аваад Жин Чой гэх охидууд биеэ үнэлдэг газар руугаа авч явсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Б.Солонгоо хилээр ороод ирсэн ба би Б.Солонгоог Бөхөө ахтай уулзуулчихаад Бөхөө нөгөө ярьсан 4000 юанаа өгөхгүй болохоор би тэндээ 2 хоносон. Тэгээд би Бөхөө ахаас нэхэж байгаад мөнгөө авахад Б.Солонго, С.Батцэцэг хоёр "ахаа та очоод өрөө дараарай" гээд Бөхөөгөөс 4000 юаниас гадна 5000 юань авч өгсөн. Тэр 5000 юаниа өөрсдийнхөө нэр дээр бичүүлээд үлдсэн. Тэгээд би Б.Солонго, С.Батцэцэг хоёрын Монгол дахь өрийг нь тооцож үзээд 5000 орчим юань Э.От хилээр гарч байсан хүнээр өгч явуулсан" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 239-242 хуудас/,

 

Хохирогч Б.Солонго нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “..."2016.06.19-ны өдөр буюу маргааш нь Намуунаа хочтой Оюундарь над руу яриад урд өдөр нь уулзсан Жуковын хөшөөний ойролцоо уулзахаар тохироод очиход Батзаяа, Намуунаа нар байсан ба намайг “БНХАУ-ын эрээн хот руу монгол хоолны газарт очиж ажиллахаар явах юм уу” гэж асуухаар нь “явья” гэж хэлсэн...дараа нь гэр рүүгээ очоод “хилийн ойролцоо байдаг цагаан мод гэдэг амралтын газарт ажиллахаар хөдөө явлаа” гэж хэлээд гэрээсээ ойр зуурын хувцасаа аваад гарсан...Маргааш өглөө нь Намуунаа дуудсан юм уу бүү мэд жижиг суудлын машинтай /машины дугаарыг нь санахгүй байна/ монгол залуу ирэхэд Намуунаа намайг “энэ машинд суугаад явчих” гэхээр нь “энэ хүн чинь намайг хилээр оруулаад хаячих юм биш биз дээ би очих газраа мэдэхгүй” гэж хэлэхэд “зүгээрээ наад хүн чинь аваачаад өгнө” гэж хэлэхээр нь машинд суугаад хилээр гарч БНХАУ-ын Эрээн хотод байрлах хоолны газар байсан ба нэрийг мэдэхгүй монгол бичгээр бичсэн нөгөө талд нь хятадаар бичсэн байсан...Намайг очиход Батцэцэг хоол идээд, Батзаяа пиво уучихсан сууж байхаар нь ширээнд суугаад гурилтай шөл идсэн. Тухайн үед би Батцэцэгтэй уулзаж ажлын талаар ярилцаагүй. Тэгтэл Батзаяа хоолны газрын нэг эмэгтэйд “энэ хоёрыг дагуулж зах руу яваад хувцас хунар аваад өгчих” гэж хэлээд Батцэцэг, бид нар явцгаасан ба юбка, майк, нүүрний будаг авч өгөөд буцаад хоолны газар руугаа очиход Батзаяа “хажуу талын буудал руу ороод усанд ороод унтаж амар” гэж хэлээд Батцэцэг бид хоёр 2 ортой нэг өрөөнд ороод усанд орчихоод байж байтал гаднаас Өвөрмонгол залуу орж ирээд “ажилдаа явья” гэхээр нь “хажуу талын хоолны газарт биш юм уу” гэхэд миний урдаас орилоод юу гэж хэлж байгаа нь мэдэгдэхгүй шуналгаад явья гээд байхаар нь хувцасаа өмсөөд гараад Эрээн хотын ягааны гудамж гэх шилэн хорго руу Батцэцэг бид хоёрыг оруулсан. Тэнд Батцэцэг бид хоёроос гадна 10 гаран монгол охид байсан. Би тэр орой нь уйлаад ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Батцэцэг тэнд очсон өдрөөс хойш биеэ үнэлсэн гэдгээ надад хэлсэн. Тэгтэл маргааш нь Өвөрмонгол захирал нь гээд хүн уулзаад “та хоёрыг Баагий авчирсан, та хоёрыг 12 сар хүртэл ажиллана гэж хэлээд хүн тус бүрийн 2000, 2000 юань, ар гэрийнхэнд чинь мөнгө өгнө гээд хүн тус бүрээр 2500 юань, та хоёрт хувцас авч өгөхөд 300, 300 юань болсон ингээд нийтдээ 9600 юаний өртэй болсон та хоёр энэ мөнгийг хувааж төлнө, та нар ямар ааш гаргана бид нар яг тийм ааш гаргана шүү, чи битгий уйлж унжаад бай, ажлаа хий, өрөө дуусчихвал цалинд орж болно” гэж хэлэхээр нь би биеэ үнэлж өрөө төлөх ёстой юм байна гэж бодоод биеэ үнэлсэн. Маргаашнаас нь Батзаяа харагдаагүй. Батзаяа, Намуунаа нар Батцэцэг бид хоёрыг биеэ үнэлж мөнгө олж, өрөө төлөхөөс өөр аргагүй байдалд оруулсан. Намайг очиход Батзаяа “гадаад паспортаа өгч бай” гэхээр нь юу ч бодолгүй өгсөн. Батцэцэг бид хоёр шөнө, өдрийн цагаар караоке болон ягааны гудамжны шилэн хоргонд зогсож биеэ үнэлсэн..." гэсэн мэдүүлэг/1хх-ийн 40-48 хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... Би урагшаа явъя энд ингэж дэмий байж байхаар мөнгө олъё гэж бодоод Б.Солонго эгчид хэлэлгүй Оюундарь эгчтэй утсаар яриад "ирээд авчих" гэж хэлээд авахуулсан...Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний 700 цагийн үед Замын-Үүдэд ирээд Оюундарь утсаар яриад "ирчихлээ, 9 цагаас хил онгойхоор гарах гэж байна, наашаа мөнгө шилжүүл" гэж ярьж байсан ба удалгүй Оюундарь эгч аль банкийг нь санахгүй байна АТМ-ээс мөнгө аваад миний үсийг засуулчихаад...УАЗ-469 машинд суулгаад хилээр гаргасан...Тэгээд тэр жолооч намайг Бөхөөгийн буудлын хажууд байдаг “Макс” хоолны газар хүргэж ирсэн...Бөхөө гэх Өвөрмонгол хүн надтай уулзаад "их хөөрхөн охин байна, хоол ид" гээд хоол өгөөд надад гар утас өгсөн. Маргааш нь Макс цайны газрыг түрээслэдэг Ганаа гэдэг эгч намайг дагуулж захаар явж хувцас авч өгөөд тэр оройноо миний биеийг үнэлүүлсэн. Намайг тэнд байгаа охидуудтай адил ногооны гудамжинд шилэн хоргонд оруулж зогсоогоод биеийг үнэлүүлдэг байсан ба нэг хүнтэй унтаж бэлгийн харьцаанд ороход 150 юань байдаг ба үүнээс Лобо буюу Бөхөө ах 50 юанийг нь аваад надад 100 юанийг нь өгдөг байсан... БЗ, Оюундарь нар урьд ингэж охин гаргадаг байсан юм шиг байна лээ...2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БЗ Эрээнд ирээд Бөхөөгөөс Б.Солонго эгч бид хоёрыг гаргаж өгсний 4000 юань бэлнээр аваад явж байсан. Энэ мөнгө нь Б.Солонго эгч бид хоёр дээр өр гэж бодогддоггүй юм. Тэгтэл Бөхөө ах Оюундарь яриад 7000 юань авсан, та хоёроос авах ёстой мөнгө, ар гэрт нь өгөх юм, амьдрал ахуй нь хэцүү" гээд авсан гэж хэлсэн. Тэр 7000 юаний өрийг би төлсөн...Оюундарь эгч худлаа ярьж Бөхөө ахаас авсан 7000 юаний өрийг би төлж дуусгасан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-53 хуудас/,

 

Гэрч О.Баярмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй...өнгөрсөн зун буюу 2016 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд би Батзаяатай маргалдаж нэг хэсэг тусдаа амьдарсан юм. Энэ хугацаанд Батзаяагийн найзаас Батзаяаг...Оюундарь гэх эмэгтэйтэй хамт байгаа талаар сонссон. 2017 оны 7 дугаар сарын эхээр байх би Эрээн явж Ганаа эгч дээр очоод байж байтал Батзаяа Ё.Батцэцэг гэх охины хамт ирсэн ба Намуунаа буюу Оюундарь хилийн хориотой байгаа гээд Замын-Үүд дээр үлдсэн гэж байсан. Тэгээд Батзаяа Макс хоолны газрын эзэн Бөхөө гэх Өвөрмонгол залууд авч ирсэн Бүни хочтой Батцэцэгийг өгөөд мөнгө авсан. Тэгээд намайг Батзаяатай байх хугацаанд Намуунаа буюу Оюундарь Батзаяа руу залгаад "янхан минь пизда минь хурдан мөнгө явуулаач, Бөхөөгөөс мөнгө авсан юм байгаа биз дээ" гэж ярьж байсныг би сонссон..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 56-57 хуудас/,

 

Гэрч Ч.Сарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2016 оны 8 дугаар сарын эхээр шиг санагдаж байна манай хөрш Нарангэрэлийн утас руу Батцэцэг ярьсан байсан ба тухайн үед надад гар утас байгаагүй тул Нарангэрэлд "ээжид намайг ярьсан гээд хэлээрэй" гэж ярьсан байсан. Тэгээд би Батцэцэгийн ярьсан гэх 7575 дугаарын утас руу нь хэд хэдэн удаа залгаж ярьсан боловч утсаа авахгүй байж байгаад Өвөрмонгол бололтой эмэгтэй хүн авахаар нь "би Батцэцэг гэх охинтой ярих гэсэн юм, би ээж нь байгаа юм" гэхэд "байхгүй байна" гээд утсаа тасалчихсан. Түүний дараа хэд хэдэн удаа залгаж байж ашгүй нэг утсаа авахад нь "энэ дугаар хаанахын дугаар вэ" гэхэд БНХАУ-ын Эрээн хотод байдаг дугаар байна гэхээр нь Батцэцэгийг Эрээнд байгаа юм байна гэж бодсон" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-60 хуудас/,

     

            Гэрч Б.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “..."2016 оны 6 дугаар сарын сүүлээр байх манай охин Б.Солонго надад "би ажил хиймээр байна, эм тарианы мөнгө төгрөг олмоор байна" гэж ярьж байсан ба "цайны газар ажил хийнэ, тэр ажлаараа хүнтэй уулзчихаад ирье" гэж хэлээд явсан. Тэгээд хэдэн сар сураг чимээгүй байж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 25-ны үед байх хүрээд ирсэн. Тухайн үед би хотод байсан ба охин маань ирээд "би тогооч хийж байгаад ирлээ" гэснээс өөр юм надад хэлээгүй, Ирэхдээ бие нь их муу халуураад зогсоо зайгүй ханиалгаад, турч эцсэн байдалтай байсан ба эмнэлэгт дагуулж очиж үзүүлэхэд хоёр уушигандаа хөндий үүсчихсэн, сүрьеэтэй, хүнд шатандаа орчихсон байсан. Тэгээд Халдвартад хэвтүүлээд эмчилгээ хийлгэж байхад Б.Солонго "Ээж би танд хэлэх гээд хэлж чадахгүй байсан юм, намайг хоёр хүн Эрээнд цайны газарт ажиллуулна, цалин сайтай ажил байгаа" гэж дагуулж яваад миний биеийг үнэлүүлсэн гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаад өгсөн гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-64 хуудас/,

 

Гэрч Б.Баттүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... "2016 оны 7 дугаар сарын 02-ны үед байх БЗтай Цайзын тэр хавьд уулзахад "Замын-Үүд яваад ирье, би чамд бензиний мөнгөн дээр чинь хэдэн төгрөг өгье" гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн үед би Элентра маркийн 17-85 УНӨ маркийн машинтай таксинд явдаг байсан юм. Тэгээд явахаар болоод БЗ, Намуунаа хочтой Оюундарь, өөр танихгүй нэг эмэгтэй нарыг Цайзын тэр хавиас аваад Замын-Үүд рүү явсан. Замдаа БЗ бид хоёр машинаа ээлжилж бариад Оюундарь нөгөө охинтойгоо хойд суудал дээр архи уугаад явж байсан. Тэр охиных нь нэрийг мартчихаж ямар ч байсан жижигхэн биетэй долир нүдтэй охин байсан. Тэгээд маргааш өглөө нь Замын-Үүд дээр ирээд би үсээ засуулахаар явсан ба БЗ нөгөө охиноо аваад хил гаргахаар явсан. Миний санаж байгаагаар Э.О хамт явсан охиндоо хандаж "миний дүү очоод айж ичиж болохгүй шүү, нэгэнт явж байгаа юм чинь мөнгө хураагаад ирээрэй" гэж захиж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-67 хуудас/,

 

Гэрч Х.Намжилмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 26-ны үед байх өөрийгөө Намуунаа гэж танилцуулсан эмэгтэй ирж 7 дугаартай өрөөнд 6 хоног байрласан ба ингэхдээ нөхөр гэх намхан бор залуу, намхан биетэй махлаг охин, өөр нэг туранхай охидуудын хамт байрласан юм. Намуунаа иргэний үнэмлэхээ авч ирээд үзүүлэхэд Э.О гэдэг нэртэй байсан. ...нэг охин нь их туранхай, байнга ханиалгаж явдаг охин байсан, харин нөгөөх нь жижигхэн биетэй махлагдуу, том рамтай тунгалаг шил зүүдэг, нөгөө хэдээсээ насаараа арай бага болов уу гэхээр охин байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч П.Цэцэгжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 сарын сүүлээр байх БЗ над руу утсаар яриад...Роял нэртэй буудалд яваад очсон. Тэнд БЗ, Э.О, Бүни, Зулаа нар байсан. Сүүлд сонсоход Бүнийг Батцэцэг, Зулааг Солонго гэж нэрлэдэг юм байна лээ. ...7 хоногийн дараа байх Э.О надтай уулзаад “энэ хоёрыг авч Эрээн явах гэж байгаа юм. Батзаяагийн таньдаг хүн Эрээнд байгаа тийшээ явуулж биеийг нь үнэлүүлэх гэж байгаа юм ” гэж С.Батцэцэг, Б,Солонго нарыг хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Хил хамгаалах Ерөнхий газрын Монгол Улсын хил нэвтэрсэн талаар лавлагаа, хавсралт /1хх-176-178/

 

С.Батцэцэгийн тайлбар /1 хх-ийн 16-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2837 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 хх-ийн 83/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хх-ийн 122-123/, С.Батцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 146/, нас тоолсон тэмдэглэл /1 хх-ийн 147/, шүүгдэгч БЗгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 150/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 153/, шүүгдэгч Э.Оюундарийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 151/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 154/, Э.Оюундарийн шүүхээр ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжуудын хуулбарууд /1 хх-ийн 158-164, 2 хх-ийн 15-17, 3хх-ийн 3/, ялын тооцооны тодорхойлолт /2хх-ийн 35/, зам явах маршурт /3хх-ийн 4-5/, хувийн байдал тогтоосон баримтууд /2 хх-ийн 24-27/ хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 хх-ийн 3-6/, хохирлын баримтууд /2 хх-ийн 92-118, 183-184, 192/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 6-7/, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс хохиролтой холбоотой 22 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Э.Оюундарийн хувийн байдалтай холбоотой 9 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Батзаяа, Э.Оюундарь нар бүлэглэн хүнийг мөлжих зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.Солонго, насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэг нарын эдийн засгийн хувьд эмзэг байдлыг далимдуулан тэдгээрт “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад цайны газарт ажилд оруулж өгнө, ажилуулна” гэж үгээр, үйлдлээр ятгаж бодит байдлыг нуун дарагдуулан төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн биеийг нь үнэлүүлэхээр улсын хил давуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод өөр хүний эрхшээлд оруулан бусдад худалдсан болох нь:

    

Шүүгдэгч БЗгийн “...Бөхөөг Эрээнд охидууд олж биеийг нь үнэлүүлж байгаа гэдгийг сонсчихсон байсан учир тэр талаар Б.Солонго, С.Батцэцэг хоёрт хэлсэн юм... 2016 оны 7 дугаар сарын 01-ний өглөө Замын-Үүд дээр ирээд С.Батцэцэг бид хоёр гааль дээр очоод С.Батцэцэг дотогшоо орж уулзаад гарч ирсэн ба итгэмжлэл байхгүй гээд гаргахгүй байна яах вэ" гэхээр нь би нэрийг нь одоо санахгүй байна зүс таних ахыг гуйгаад...тэр ахад С.Батцэцэгийг өгөөд УАЗ-469 машинд нь суулгаад гаргасан. Тэгээд хил даваад харахад С.Батцэцэг хил гарчихсан байсан ба бид хоёр шууд Бөхөөгийн буудалд очсон. Бөхөө Батцэцэгийг аваад Жин Чой гэх охидууд биеэ үнэлдэг газар руугаа авч явсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Солонгоо хилээр ороод ирсэн ба би Б.Солонгоог Бөхөө ахтай уулзуулчихаад Бөхөө нөгөө ярьсан 4000 юанаа өгөхгүй болохоор би тэндээ 2 хоносон. Тэгээд би Бөхөө ахаас нэхэж байгаад мөнгөө авахад Б.Солонго, С.Батцэцэг хоёр "ахаа та очоод өрөө дараарай" гээд Бөхөөгөөс 4000 юаниас гадна 5000 юань авч өгсөн. Тэр 5000 юаниа өөрсдийнхөө нэр дээр бичүүлээд үлдсэн. Тэгээд би Б.Солонго, С.Батцэцэг хоёрын Монгол дахь өрийг нь тооцож үзээд 5000 орчим юань Э.От хилээр гарч байсан хүнээр өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Оюундарийн “......Батзаяа Б.Солонго, С.Батцэцэг хоёртой "урд охидууд мөнгө их олдог очоод гоё байдаг" гэж ярихад нөгөө хоёр нь хөөрцөглөөд Өвөрмонголд буюу Эрээнд байдаг Бөхөөтэй видео колл буюу нүүр нүүрээ харж ярилцаад байсан...Нэг өдөр Батцэцэг утсаар яриад...Батзаяа бид хоёр очиж аваад тэр өдрөө Батзаяагийн найз Баттүвшин гэх залуутай машинаар Батзаяа, Батцэцэг бид дөрөв Замын-Үүд явсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өглөө Замын-Үүдэд ирээд Батзаяа, Батцэцэг хоёр хилээр гарна гээд явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Солонгын “...Батзаяа, Намуунаа /Оюундарь/ нар байсан ба намайг “БНХАУ-ын эрээн хот руу монгол хоолны газарт очиж ажиллахаар явах юм уу” гэж асуухаар нь “явья” гэж хэлсэн. ...Намуунаа намайг “энэ машинд суугаад явчих” гэсэн.... машинд суугаад хилээр гарч БНХАУ-ын Эрээн хотод байрлах хоолны газар байсан ба нэрийг мэдэхгүй монгол бичгээр бичсэн нөгөө талд нь хятадаар бичсэн байсан...Намайг очиход Батцэцэг хоол идээд, Батзаяа пиво уучихсан сууж байсан. ... Тэгтэл маргааш нь Өвөрмонгол захирал нь гээд хүн уулзаад “та хоёрыг Баагий авчирсан, та хоёрыг 12 сар хүртэл ажиллана гэж хэлээд хүн тус бүрийн 2000, 2000 юань, ар гэрийнхэнд чинь мөнгө өгнө гээд хүн тус бүрээр 2500 юань, та хоёрт хувцас авч өгөхөд 300, 300 юань болсон ингээд нийтдээ 9600 юаний өртэй болсон та хоёр энэ мөнгийг хувааж төлнө, та нар ямар ааш гаргана бид нар яг тийм ааш гаргана шүү, чи битгий уйлж унжаад бай, ажлаа хий, өрөө дуусчихвал цалинд орж болно” гэж хэлэхээр нь би биеэ үнэлж өрөө төлөх ёстой юм байна гэж бодоод биеэ үнэлсэн. Маргаашнаас нь Батзаяа харагдаагүй. Батзаяа, Намуунаа нар Батцэцэг бид хоёрыг биеэ үнэлж мөнгө олж, өрөө төлөхөөс өөр аргагүй байдалд оруулсан. Намайг очиход Батзаяа “гадаад паспортаа өгч бай” гэхээр нь юу ч бодолгүй өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэгийн “...Оюундарь эгчтэй утсаар яриад "ирээд авчих" гэж хэлээд авахуулсан...Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний 700 цагийн үед Замын-Үүдэд ирээд Оюундарь утсаар яриад "ирчихлээ, 9 цагаас хил онгойхоор гарах гэж байна, наашаа мөнгө шилжүүл" гэж ярьж байсан ба удалгүй Оюундарь эгч аль банкийг нь санахгүй байна АТМ-ээс мөнгө аваад миний үсийг засуулчихаад...УАЗ-469 машинд суулгаад хилээр гаргасан...Тэгээд тэр жолооч намайг Бөхөөгийн буудлын хажууд байдаг “Макс” хоолны газар хүргэж ирсэн...Бөхөө гэх Өвөрмонгол хүн надтай уулзаад "их хөөрхөн охин байна, хоол ид" гээд хоол өгөөд надад гар утас өгсөн. Маргааш нь Макс цайны газрыг түрээслэдэг Ганаа гэдэг эгч намайг дагуулж захаар явж хувцас авч өгөөд тэр оройноо миний биеийг үнэлүүлсэн. 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БЗ Эрээнд ирээд Бөхөөгөөс Б.Солонго эгч бид хоёрыг гаргаж өгсний 4000 юань бэлнээр аваад явж байсан. Бөхөө ах Оюундарь яриад 7000 юань авсан, “та хоёроос авах ёстой мөнгө, ар гэрт нь өгөх юм, амьдрал ахуй нь хэцүү" гээд авсан гэж хэлсэн. Тэр 7000 юаний өрийг би төлсөн...” гэсэн мэдүүлэг,   

    

Гэрч Б.Баттүвшингийн “...БЗ, Намуунаа хочтой Оюундарь, өөр танихгүй нэг эмэгтэй нарыг Цайзын тэр хавиас аваад Замын-Үүд рүү явсан. ...жижигхэн биетэй долир нүдтэй охин байсан. Тэгээд маргааш өглөө нь БЗ нөгөө охиноо аваад хил гаргахаар явсан...” гэсэн мэдүүлэг,

    

Гэрч О.Баярмаагийн “...Батзаяа Макс хоолны газрын эзэн Бөхөө гэх Өвөрмонгол залууд авч ирсэн Бүни хочтой Батцэцэгийг өгөөд мөнгө авсан. Тэгээд намайг Батзаяатай байх хугацаанд Намуунаа буюу Оюундарь Батзаяа руу залгаад "янхан минь пизда минь хурдан мөнгө явуулаач, Бөхөөгөөс мөнгө авсан юм байгаа биз дээ" гэж ярьж байсныг би сонссон...” гэсэн мэдүүлэг,

     Гэрч Ч.Сарантуяа, гэрч Б.Эрдэнэчимэг, гэрч Х.Намжилмаа, гэрч П.Цэцэгжаргал нарын мэдүүлгүүд, 

               

                Хил хамгаалах Ерөнхий газрын Монгол Улсын хил нэвтэрсэн талаар лавлагаа, хавсралт

               

                С.Батцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

    Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нараас хохирогч Б.Солонго, насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэг нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдгээрийг “гадаад улсад ашигтай ажилуулна” гэж ятган хуурч гадаад улс руу явуулах бүхий л ажиллагааг зохион байгуулж, улсын хил давуулан улмаар бусдын мэдэлд шилжүүлэн тухайн этгээдээс хараат байдлаар эрхшээлд нь оруулах нөхцлийг бүрдүүлэн тодорхой хугацаагаар шилжүүлж, уг үйлдлийн улмаас БЗ, Э.О бусдаас мөнгө буюу гадаад валют авсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь “Хүн худалдаалах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээр байна.    

    

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

               

                Иймд шүүх шүүгдэгч БЗ, Э.О нарыг бүлэглэн, хоёр буюу түүнээс олон хүнийг, насанд хүрээгүй хүнийг, улсын хил давуулан бусдад худалдаалсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.      

 

 Шүүгдэгч нар нь 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох үндэслэлтэй ба прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дахь хэсэгт заасан зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд ялласан нь шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс “...БЗг холбогдуулсан хүн худалдаалах гэмт хэргийн улмаас ямар нэг ашиг олсон зүйл байхгүй, нотлох баримт эргэлзээтэй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Э.О нарын хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй. Хүн худалдаалах гэмт хэрэг биш биеэ үнэлэхийг зохион байгуулсан зуучилсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх гэмт хэрэг гэж үзэж байна...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч БЗгийн “...Бөхөөгөөс 4000 юаниас гадна 5000 юань авч өгсөн. Тэр 5000 юаниа өөрсдийнхөө нэр дээр бичүүлээд үлдсэн. Тэгээд би Б.Солонго, С.Батцэцэг хоёрын Монгол дахь өрийг нь тооцож үзээд 5000 орчим юань Э.От хилээр гарч байсан хүнээр өгч явуулсан...” гэж, хохирогч Б.Солонгын “...“та хоёрыг Баагий авчирсан, та хоёрыг 12 сар хүртэл ажиллана гэж хэлээд хүн тус бүрийн 2000, 2000 юань, ар гэрийнхэнд чинь мөнгө өгнө гээд хүн тус бүрээр 2500 юань, та хоёрт хувцас авч өгөхөд 300, 300 юань болсон ингээд нийтдээ 9600 юаний өртэй болсон...” гэж хэлэхээр нь би биеэ үнэлж өрөө төлөх ёстой юм байна гэж бодоод биеэ үнэлсэн....” гэж, насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэгийн “...БЗ Эрээнд ирээд Бөхөөгөөс Б.Солонго эгч бид хоёрыг гаргаж өгсний 4000 юань бэлнээр аваад явж байсан. Бөхөө ах Оюундарь яриад 7000 юань авсан, “та хоёроос авах ёстой мөнгө, ар гэрт нь өгөх юм, амьдрал ахуй нь хэцүү" гээд авсан гэж хэлсэн. Тэр 7000 юаний өрийг би төлсөн...” гэж, гэрч О.Баярмаагийн “...Батзаяа Макс хоолны газрын эзэн Бөхөө гэх Өвөрмонгол залууд авч ирсэн Бүни хочтой Батцэцэгийг өгөөд мөнгө авсан. Намуунаа буюу Оюундарь Батзаяа руу залгаад "янхан минь пизда минь хурдан мөнгө явуулаач, Бөхөөгөөс мөнгө авсан юм байгаа биз дээ" гэж ярьж байсныг би сонссон...” гэж тус тус мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч БЗ, Э.О нар бусдад хохирогч нарын биеийг нь үнэлүүлэхээр олж өгч, чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж, шилжүүлсний хариуд бусдаас мөнгөөр илэрхийлэгдэх гадаад валютыг авч бусдыг мөлжсөн нөхцөл байдал нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйл болох “Хүн худалдаалах” гэмт хэргийн шинжид хохирогч өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзахаас гадна 18 насанд хүрээгүй хүнийг хүн худалдаалах зорилгоор ямар ч аргаар бусдад шилжүүлсэн аливаа үйлдлийг уг гэмт хэргийн шинжээр тодорхойлох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс хохирогч нарыг бусад этгээдийн мэдэлд тодорхой хугацаагаар, төлбөртэйгээр эсхүл ямар нэг үүргийн гүйцэтгэлд тооцуулж, тэрхүү шилжүүлэн авсан этгээд хүнийг бараа таваар мэтээр хандаж, өөртөө ашиг олох зорилгоор дур зоргоор ашиглах боломжийг олгодог шинжээр ялгагддаг.

 

Дээрх шинж нь хэргийн нөхцөл байдалтай тохирч шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь “Хүн худалдаалах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь тогтоогдсон.

 

Хохирогч Б.Солонго шүүх хуралдаанд “...шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас миний бие өвдсөн. Эмчилгээний зардалд 13.647.287 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасан боловч хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2837 дугаартай дүгнэлт, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас түүнд хор уршиг учирсан болох нь нотлогдоогүй тул энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэг, /хууль ёсны төлөөлөгч/ түүний өмгөөлөгч нараас нэхэмжилсэн зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч БЗг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч нарын  хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч БЗ, Э.О нар хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарыг биеийг нь үнэлүүлэх, мөлжих зорилгоор хийсэн гэм буруутай үйлдлийн улмаас чухам хэдий хэмжээний ашиг орлого олсныг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогоогүй боловч энэ нь хэргийг хянаж шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.О нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр №786 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №588-ө дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №42 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай шүүгчийн захирамжуудаар хорих ял биелүүлэх шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ба 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ялын тооцооны хуудас, зам явах маршурт зэрэг баримтаар тогтоогдсон.

         

            Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, нөгөө талаас хохирогч нарын анхаарал болгоомжгүй, бусдад итгэмтгий, насанд хүрээгүй хохирогчийн хувьд өөрийг нь хууль бусаар ашиглаж буй үйлдлийг бүрэн ухамсарлаж ойлгоогүй гэр бүлийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч БЗ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.О 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.

         

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Б.Бз, Э.О нарыг бүлэглэн, хоёр буюу түүнээс олон хүнийг, насанд хүрээгүй хүнийг, улсын хил давуулан бусдад худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзаяаг 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч БЗд оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.От оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюундарийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэг хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч БЗ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Б.Солонгоос нэхэмжилсэн 13.647.287 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч С.Батцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.БЗ, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бз, Э.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                 

                ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЧИМЭГ

                                                                       

Д.РЕНЧЕНХОРОЛ