Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01791

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01791

 

Б.МЭ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/02307 дугаар шийдвэртэй,

 

Б.МЭ-ийн нэхэмжлэлтэй

“ҮҮЦТХТ” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд шилжүүлэн томилсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.МЭ-э нь “ҮҮЦТХТ” ХХК-д 2003 оноос эхлэн Дотоод хяналтын албаны ахлах ажилтны албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үндэслэлгүйгээр албан тушаал буурч Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар ажиллах болсон.

1.2. Хариуцагч нь ТУЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор компанийн бүтцийг шинэчлэн баталсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн урьд хийж байсан ажил буюу Дотоод хяналтын албаны ахлах гэсэн албан тушаалын орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үйл баримт байдаггүй.

1.3. Бүтэц шинэчилсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүй өөр ажил албан тушаалд шууд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр тухайн компанийн бүтцээс хасагдаагүй, хуучин бүтцийн дагуу Дотоод хяналтын алба нь гүйцэтгэх захирлын шууд удирдлагад хамаарч дотроо дотоод хяналтын ахлах ажилтан-1, дотоод хяналтын ажилтан-2 гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байгаа.

1.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу өөр ажил, албан тушаалд ажилтныг түр шилжүүлэх тохиолдолд талууд тохиролцсон байх талаар зохицуулсан. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй тохиролцоогүй. Нэхэмжлэгчийн цалин 450,000 төгрөгөөр буурсан байгаа.

1.5. Иймд “ҮҮЦТХТ” ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулж, энэ зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ТУЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан зарим ажилтнуудыг өөр ажилд сэлгэн ажиллуулах асуудал яригдсан.

Б.МЭ-ийг гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаалаар “ҮҮЦТХТ” ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлах ажилтны ажлаас чөлөөлж, Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилсон.

2.2. Б.МЭ-ийг өөр ажилд томилох  шалтгаан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан нэг ажлын байранд удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой байсан. Нэхэмжлэгч нь 2003 оноос 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Дотоод хяналтын албаны ахлах гэсэн албан тушаалд ажилласан.

2.3. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй 8/784 тоот албан бичиг манай компанид ирсэн. Энэ албан бичигт “танай байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8.2 дугаар хэсэгт заасан үнэт цаасны зах зээлийн ханшид нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж, үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг дамжуулсан гэх мэтээр бүлэглэж үйлдсэн хэргийг илрүүлсэн” талаар дурдсан байдаг.

Мөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 12/4-022 тоот Мөрдөгчийн мэдэгдэл ирсэн бөгөөд манай ажилтнууд бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд нэр бүхий иргэдийн эзэмшилд бүртгэлтэй хувьцааг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өргөдөл гаргаж, бусдад шилжүүлэх, тухайн хувьцааг зарж борлуулах, ногдол ашиг авах зэргээр хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар дурдсан байдаг.

Дээрх хоёр асуудалд манай дотоод хяналтын ажилтнууд анхаарал хандуулж шалгаагүй учраас нэхэмжлэгчийг өөр албан тушаалд томилсон.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.МЭ-ийг урьд эрхэлж байсан ажил буюу “ҮҮЦТХТ” ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг баримтлан цалингийн зөрүү 1,894,285 төгрөгийг хариуцагч “ҮҮЦТХТ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.МЭ-эд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор 1,894,285 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Б.МЭ-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагч “ҮҮЦТХТ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ҮҮЦТХТ” ХХК-аас 185,659 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Б.МЭ-э нь 2003 оноос хойш дотоод хяналтын ахлахын албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой өөр албан тушаалд томилсон.

2020 онд шинэчлэн баталсан "ҮҮЦТХТ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.12 зүйлд “ажилтныг компани дотор шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд албаны дарга, гүйцэтгэх захирлын саналыг үндэслэнэ” гэж заасны дагуу гүйцэтгэх захирал Ш.Лхагва нь бүтцийн өөрчлөлтийн тушаал гарахаас өмнө Б.МЭ-этэй уулзаж өөр албан тушаалд томилох гэж байгаагаа тайлбарлаж хэлсэн.

4.2. Сангийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар тушаалаар батлагдсан “ҮҮЦТХТ” ХХК-ийн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.10.9-т зааснаар гүйцэтгэх захирал эрхийнхээ хүрээнд  ТУЗ-өөс шинэчлэгдэн батлагдсан бүтцийн дагуу компанийн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор ажилтнуудыг томилсон.

4.3. Нөгөөтэйгүүр, Компанийн 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэлд ТУЗ-ийн аудиторчийн хийсэн шалгалтаар 17 ажилтны цалинг илүү тооцож 33,0 сая төгрөг илүү бодогдсон гэсэн дүгнэлт гарч гүйцэтгэх захиралд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сахилгын арга хэмжээ авагдсан.

4.4. Б.МЭ-ийн цалин хөлс буурсан нь Хөдөлмөрийн дотоод журам, Цалин хөлсний журамд заасан албан тушаалын цалин нь өмнө авч байсан цалингийн хэмжээнээс доогуур байгаатай холбоотой. Цалин буурч байгаа тухай Б.МЭ-э өргөдөл гаргасан учир захиргаанаас уг асуудлыг нягтлан судалж үзэхэд ТУЗ-ийн Дотоод аудиторчийн 2021 оны компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтэд 21 ажилтны цалинг илүү тооцож нийт 31,0 сая төгрөгийг илүү олгосон талаар ТУЗ-ийн хуралд яригдаж ажилтнуудын цалинг зөв тооцож байх чиглэлийг хурлаас өгсөн. Иймд захиргааны зүгээс боломжуудаа судалж үзээд Б.МЭ-эд сарын цалингийн буурч байгаа хэмжээг нь 50 хувиар нэмж олгох саналыг мэдэгдэх хуудсаар өгсөн боловч хүлээж аваагүй.

Иймд ажилтныг өөр албан тушаалд томилсон шийдвэр нь үндэстэй, Б.МЭ-ийг Дотоод хяналтын албанд ажиллуулах нь эрсдэлтэй талаарх нотлох баримт байгаа тул гаргасан шийдвэрээ өөрчлөх боломжгүй гэж үзэж байна.

4.5. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын гарын үсэгтэй 8-1/784 тоот албан бичигт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлийн хэрэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай албан бичиг ирүүлснийг дурдаад энэхүү албан бичигт “ҮҮЦТХТ” ХХК-ийн нэр бүхий ажилтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан "Үнэт цаасны ханшид нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг бусдад дамжуулсан", 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун дарагдуулсан" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг илрүүлээд байгаа тухай дурдсан.

Иймд гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгах арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Мөн түүнчлэн дээрх үүсээд байгаа асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12/Ч-2090 албан бичгээр ирүүлсэн "Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлээр нэр бүхий иргэд нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 88 иргэний эзэмшилд бүртгэлтэй, АПУ, Талх чихэр, Дархан нэхий компанийн хувьцааг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, “ҮҮЦТХТ” ХХК-д үнэт цаас шилжүүлэх өргөдөл гаргаж Гүүдсек, Санар ҮЦК ХХК-д шилжүүлэн авч улмаар зарж борлуулах, ногдол ашиг авах, арилжааны банканд Эскроу данс нээх зэргээр нийт 363,2 сая төгрөгийг залилсан эрүүгийн 2002006050014 дугаартай хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлээд байгааг дурдаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгаж 1 сарын дотор мэдэгдэнэ үү” гэсэн байна.

Иймд хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал компани дээр үүсэж, үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг эзэмшигч этгээд болох Хадгаламж, өмчлөх эрх, бүртгэлийн албаны ажилтнууд өөрсдөө эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж тодорхойлсон ашиг сонирхлын зөрчил үүсгэж байхад тухайн үед дотоод хяналтын ахлах ажилтнаар ажиллаж байсан Б.МЭ-э “ҮҮЦТХТ” ХХК-ийн Дотоод хяналтын журмын дагуу арга хэмжээ авах талаар санаачилгагүй ажиллаж Дотоод хяналтын журамд заасны дагуу гүйцэтгэх захирал, Санхүүгийн зохицуулах хороонд энэ асуудлыг шийдвэрлэх санал гаргаагүй, даамжруулах байдлыг бий болгох нөхцөлийг үүсгэсэн гэж компанийн удирдлага үзсэн.

Ийм нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу "нэг ажлын байранд удаан ажилласнаас үүсэж болох зүй бус нөлөөллөөс сэргийлэх" үүднээс өөр ажлын байранд шилжүүлэх бодитой нөхцөл байдал үүссэн учир гүйцэтгэх захирлын шийдвэрээр Данс мэдээлэл засварлалт, тусгаарлалт хариуцсан ажлын байранд томилсон.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл нотлох баримтыг буруу хэрэглэсэн, процессын алдаа гаргасан гэж давж заалдах гомдол гаргаагүй. Ямар агуулгаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй.

5.1. Анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт орон тоо хасагдсан гэх үндэслэлээр, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т удаан жил ажилласан хүнийг сэлгэн ажиллуулсан гэх үндэслэлээр хариуцагч тал маргасан.

5.2. Гэтэл давж заалдах шатны шүүхэд шилжүүлэх үндэслэлийг барьж мэтгэлцэж байна. Анхан шатны шүүхэд огт яригдаж байгаагүй зүйлийг ярьж мэтгэлцэж байгаа нь хуульд огт нийцэхгүй.

5.3. Анхан шатны шүүх хуралд сэлгэн ажиллуулж байгаа юм уу, шилжүүлэн ажиллуулсан юм уу, хуулийн аль үндэслэлээр гаргасан юм бэ гэхэд 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасныг үндэслэж сэлгэн ажиллуулсан гэсэн.

Иймд сэлгэн ажиллуулсан гэх зүйлд хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг заасан орон тоо хасагдаагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Дотоод хяналтын албаны ахлах ажилтан гэх орон тоо одоог хүртэл байгаа. Энэ талаар хариуцагч болон нэхэмжлэгч тал маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан ажилтныг сэлгэн ажиллуулж байгаа тохиолдолд цалин хөлс болон албан тушаалыг бууруулахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж шүүхээс зөв дүгнэлт хийсэн.

5.4. Үндсэн цалин 1,700,000 төгрөгөөс 1,250,000 төгрөг болж, нэмэгдэл цалин 515,000 төгрөгөөс, 375,000 төгрөг болж, нийт 585,000 төгрөг буурсан гэдэг нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/50 дугаартай цалин хөлсний шатлал баталсан тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалт 30 хувиар бодохдоо үндсэн цалинг харгалзан бодно гэсэн заалтыг харах юм бол 585,000 төгрөгийн зөрүү гарсан гэдэг нь тогтоогдсон.

5.5. Сэлгэн ажиллуулахад Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан ажил олгогч нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулна. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаалаар компанийн бүх ажилтнуудыг сольж ажиллуулсан. Ингэж сольж ажиллуулснаас хойш 05 дугаар сард мэдэгдэл өгсөн. Ажилтнуудтай огт уулзсан үйл баримт байхгүй байхад шүүхэд худал мэдүүлсэн. Амаар хэлсэн тохиролцсон үйл баримт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлд ажилтантай тохиролцоно, цалин хөлс бууруулахгүй гэж үүрэг болгосон. ТУЗ-ийн аудитор нь 17 ажилтны цалин хөлс бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан гэдэг. Хэргийн 68 дугаар талд байгаа цалин хөлс баталсан тушаалын хавсралтад Дотоод хяналтын албаны ахлах ажилтнаар ажиллаж байгаа н.Авирмэд УА1, нэхэмжлэгч Б.МЭ-э нь А5 дээр ажиллаж байгаа. Б.МЭ-ийг ажилтан болгож 4 шатлал бууруулж өмнө ажиллаж байсан албан тушаал дээр ажиллаж байгаа албан тушаалтны цалин УА1 гэж хэвээр байгаа нь хуульд нийцэхгүй.

5.6. Мөрдөн шалгах ажиллагаа буюу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах талаар ирсэн мэдэгдэл нь 2 жилийн өмнө ирсэн. Б.МЭ-э ямар нэг байдлаар шалгагдсан, гэрчийн мэдүүлэг өгсөн үйл баримт байхгүй. Дотоод хяналтын албаны ахлах ажилтан шалгах ёстой байсан гэж байгаа боловч ТУЗ-ийн шалгалт буюу бусад шалгалтууд явагдаж байсан. Б.МЭ-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан үндэслэлээр чөлөөлөөгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан 5 үндэслэл нь хуульд нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.МЭ-э нь хариуцагч “ҮҮЦТХТ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Дотоод хяналтын ахлах ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүй шилжүүлснээр буурсан цалин хөлсний зөрүүд 1,850,202 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.МЭ-э нь “ҮҮЦТХТ” ХХК-д 2003 оноос Дотоод хяналтын албаны ахлахын ажил албан тушаал эрхэлж байсан, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаалаар Б.МЭ-ийг тус компанийн Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албанд данс, мэдээлэл засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар талууд хөдөлмөрийн эрхийн маргааныг харилцан тохиролцож чадаагүй, 154.2. дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хариуцагч байгууллагад байхгүй, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар гомдлыг шүүхэд гаргах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 43 дугаар зүйлийн 43.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1.4, 103 дугаар зүйлийн 103.3.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, “ҮҮЦТХТ” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.9, 8.10.11, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.12, Төлөөлөн удирдах зөвлөлийн “Компанийн орон тоо, бүтцийг шинэчлэн батлах тухай” 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус баримталжээ.

 

6. Сангийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар тушаалын хавсралтаар баталсан “ҮҮЦТХТ” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4.4-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо ... батлах, 8 дугаар зүйлийн 8.10.9-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, өөрчлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ... ажлаас чөлөөлөх, ... журам батлах эрхтэй байна. /111-122 дахь тал/

Энэ эрхийнхээ хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолоор байгууллагын бүтэц, орон тоог баталсан гэж мөн зөвлөлийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тогтоолд дурджээ. Хариуцагч байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолыг баримтаар гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тогтоол нь тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б31 тоот тушаалтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаанд хамааралгүй байна.

Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргасан тайлбартаа байгууллагын бүтцийн өөрчлөлт нь ажилтан Б.МЭ-ийн ажил, албан тушаалыг өөрчлөхөд хамааралгүй гэжээ. /25-26 дахь тал/

 

7. Хариуцагч байгууллагын 2020 оны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт: “Ажилтныг компани дотор шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд албаны дарга, гүйцэтгэх захирлын саналыг үндэслэн захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ” гэжээ. /102-107 дахь тал/ Ажилтан Б.МЭ-ийг компани дотор шилжүүлэн ажиллуулах талаар хариуцагч байгууллагын албаны дарга болон гүйцэтгэх захирал санал гаргасан, гаргасан саналыг захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлс бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглох юм. Ажил олгогчоос ажилтанд хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 23, 06 дугаар сарын 20-ны өдрүүдийн “Мэдэгдэх хуудас” нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаал гарснаас хойш 1-2 сарын дараа үйлдэгдсэн байдлыг ажилтанд түүний ажлын байрыг өөрчилж буйг урьдчилан мэдэгдсэн гэж дүгнэхгүй юм. /73, 74 дэх тал/

Түүнчлэн хариуцагч байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс мөрдөж буй дотоод журам нь гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаалаас хойш батлагдсан тул Б/31 тоот тушаалд үйлчлэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

8. Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8-1/784 албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12/4-2090 тоот албан бичгээр хүргүүлсэн Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12/4-022 тоот мэдэгдлээр эрх бүхий албан тушаалтан чиг үүргийнхээ хүрээнд хуульд заасан журмын дагуу гэмт хэргийн нөхцөл байдлын талаар анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой мэдээллийг хүргүүлжээ. Энэ мэдэгдэлд тодорхой албан тушаалтны нэр дурдагдаагүй, энэ нөхцөл байдлыг тодорхой ажилтанд хамааруулж түүний ажил, албан тушаалыг өөрчлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймд нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой өөр албан тушаалд ажилтныг томилсон гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Түүнээс гадна хариуцагчийн тайлбараар гаргасан дээрх үндэслэл Б/31 тоот тушаалын үндэслэл болоогүй байгааг дурдах нь зүйтэй байна. /42-43, 48-50 дахь тал/

 

9. Хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалт, уг шалгалтаар илэрсэн 17 ажилтны цалинг илүү тооцож олгосноос гүйцэтгэх захирал сахилгын шийтгэл хүлээсэн, үүнтэй холбоотой ТУЗ-ийн хурлаас гүйцэтгэх захиралд чиглэл өгсөн гэх байдал нь ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлснийг зөвтгөх үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

10. Хариуцагч байгууллагаас ажилтны цалингийн буурч байгаа хэмжээг 50 хувиар нэмж олгох саналыг ажилтан хүлээж аваагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалин хөлсний талаар тохиролцсон гэж дүгнэхгүй юм.

 

11. Иймд ажилтан Б.МЭ-ийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн байна.

 

12. Түүнчлэн анхан шатны шүүх ажилтны цалин хөлс буурсан хэмжээг зөв тодорхойлж, цалин хөлсний зөрүүд 1,894,285 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж ажилтанд олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

13. Хариуцагч байгууллагаас гаргасан давж заалдах гомдолд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулах тохиолдолд хамаарч байна.

 

14. Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/02307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “ҮҮЦТХТ” ХХК-ийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА