| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/02770/И |
| Дугаар | 210/МА2022/01862 |
| Огноо | 2022-10-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2022/01862
| 2022 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2022/01862 |
“ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01489 дугаар шийдвэртэй,
“ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.О-т холбогдох,
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.О- нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “ИД” ХХК болон “ГБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗГ1905120182, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗБ1905120182 болон ЗБ1905120183 тоот Ипотекийн гэрээнүүдийг тус тус байгуулсан.
1.2. Ипотекийн гэрээнүүдээр хариуцагчийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 байр 00* тоот 78,6 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
1.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 363 дугаарт магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2021/01285 дугаар тогтоолоор “ИД” ХХК-аас зээлүүдийн төлбөрт нийт 59,044,652 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 523,373 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн. “ИД” ХХК нь зээлийн гэрээний үүргээ шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлээгүй тул ЗБ1905120182, ЗБ1905120183 тоот Ипотекийн гэрээнүүдийн 5.1-д заасны дагуу барьцааны зүйлээр гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
1.4. Иймд “ГБ” ХХК нь “ИД” ХХК-ийн ЗГ1905120182, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 59,044,652 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “ИД” ХХК-тай хариуцагч Б.О- ямар ч хамааралгүй.
2.2. Гэрээний эргэн төлөлтийг банкны эдийн засагч нь хянах үүрэгтэй байсан. “ГБ” ХХК-аас авсан зээлээс хариуцагч нэг ч төгрөг аваагүй. Тиймээс хариуцагч эд хөрөнгөөрөө хохирч байгаад гомдолтой байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “ГБ” ХХК болон “ИД” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905120182 тоот, мөн өдрийн ЗГ1905120183 тоот зээлийн гэрээний үүрэг 59,044,652 төгрөгийг төлөх үүргээ “ИД” ХХК нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаарт бүртгэлтэй, УБ, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 хороолол /14252/, ХД-37 дугаар байр 00* тоот хаягт байрлах 78,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрт дурдагдсан “ГБ” ХХК-аас зээл авч, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй. “ИД” ХХК-тай хариуцагч нь ямар ч ашиг сонирхол, харилцаа холбоо байхгүй байхад түүнийг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрээний үүрэгт урьд шүүхээр шийдвэрлэсэн 59,044,652 төгрөгөөс огт үр ашгийг нь хүртэх байтугай барааг нь хараагүй байж хариуцлагагүй хүмүүсээс болж өмчлөх эрхэндээ халдуулж байгаад гомдолтой байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ нэг өдөр байгуулагдсан. Барьцааны гэрээнд өөрөө гарын үсэг зурсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээгээр хангуулах хүсэлтэй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Б.О-т холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. “ГБ” ХХК болон “ИД” ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1905120182, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээнүүд тус тус байгуулагджээ.
4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 363 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/01285 дугаар тогтоолоор “ИД” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 59,044,652 төгрөгийг гаргуулж “ГБ” ХХК-д олгохоор, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
5. “ИД” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “ГБ” ХХК нь Б.О-тэй 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗБ1905120182, ЗБ1905120183 тоот ипотекийн гэрээнүүд тус тус байгуулж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байр, 00* тоот хаягт байрлах 78,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
7. Барьцааны гэрээний барьцаалуулагч тал болох Б.О- нь уг гэрээний үүрэг гүйцэтгэгч юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч Б.О-ийг хариуцагч гэж тодорхойлсон ба шүүх түүнийг хариуцагчаар татсан нь хууль зөрчөөгүй болно.
8. Зээлийн мөнгөн хөрөнгийг огт ашиглаагүй, үр шимийг хүртээгүй байхад хариуцагчаар тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан байх ба барьцаалуулагч нь зээлийн гэрээний зээлдэгч тал биш учир түүнд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэггүй юм.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01489 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА