Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Амуундарь,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Т холбогдох эрүүгийн 1706 01874 0429 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 9 сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, С.Т .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Отгонбаярын "Улиастай" хүнсний дэлгүүрээс бэлэн 700.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

мөн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсгийн 865 тоотод хохирогч Г.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Улиастайн хуучин эцэст байдаг дэлгүүрийн арын хаалгаар ороод тамхи, задгай мөнгө авсан. Тэгээд гараад ирсэн чинь Г.Нямбаяр гэдэг найз зогсож байсан. Тэгээд “наадах чинь юу вэ” гэхээр нь би “тамхи, мөнгө” гэж хэлсэн чинь “наадахаа буцаагаад оруулаад тавь” гэж хэлсэн. Тэгээд би буцаагаад орох гэсэн хүн харчих байх гэж айгаад буцааж оруулж чадаагүй. Хойд хаалгаар нь ороод цонхны тэнд очоод гараад ирсэн чинь Г.Нямбаяр явсан байсан. Тэгээд би 2-3 удаа Г.Нямбаярыг дуудсан чинь ирээгүй. Тэгээд би  хуучин эцэст байрладаг “Гурван саарал” гээд байрны орцонд хоносон. Өглөө нь гараад ирсэн чинь нэг эгч намайг дуудаад “чамайг Тэмүүлэн гэдэг үү” гэж асуусан. Тэгээд би “тийм” гэсэн чинь нөгөө дэлгүүр рүү “хамт оръё” гээд ороход манай найз Г.Нямбаяр байсан… Г.Нямбаяр бид 2 уулзаад манай гэрт хамт архи, пиво уусан. Тэгсэн чинь Г.Нямбаяр ханцуйгаа шуугаад “хоёулаа үзчих үү” гэхээр нь би “яах юм” гээд 2 удаа хэлээд цаашаа гал тогооны өрөө явсан чинь араас ирээд цохихоор нь би  зөрүүлээд цохиод, харилцан зодолдсон гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/, гэрч Б.Ариунболдын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Н.Энхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-16-18/, хохирогч Д.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-28-30/, хохирогч Г.Нямбаярын өгсөн мэдүүлэг /хх-144-145, 178/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 1843 дугаартай дүгнэлт /хх-152/, шүүгдэгч С.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-174/, шүүгдэгч С.Тэмүүлэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-157/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч С.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Отгонбаярын "Улиастай" хүнсний дэлгүүрээс бэлэн 700.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, мөн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсгийн 865 тоотод хохирогч Г.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Отгонбаярын өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө хулгай орсон байна гэж зүүн түцны хүн хэллээ гэж эгчийн бага банди Ариунболдоос мэдээд “Улиастай” хүний дэлгүүр дээр очтол цагдаа нар ирсэн байсан. Манай дэлгүүрийн нүүрсний амбаараар дотогш орж дотор талын жижиг цонхоор дамжиж дэлгүүрт хулгай орсон байсан. Дэлгүүр уг нь камертай миний хувьд унтраагаад явсан байсан. Ойролцоогоор дэлгүүр ашиглалтанд ороод 10 орчим жил болж байна. Миний хувьд энэ дэлгүүрт ажиллаад 7 жил болж байна. Хулгай ордог өдөр миний ээлж таарч байсан. Ингээд тэр өдрийн орлого 700.000 төгрөг алдагдсан. Мөн лангуун доор хүн өгөх байсан 1.3 сая төгрөг байсан нь үлдсэн байсан. Манай орлогыг хар дэвтэрнээс маань харж болно. Сүүлийн 4-5 жилийн дэвтрүүд байгаа.”/хх-27-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Нямбаярын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байх гэртээ байж байтал С.Т утсаар над руу залгаад “гараад ир, Улиастайн тойрог дээр уулзая” гэхээр нь гарч очтол С.Т нь ганцаараа зогсож байсан. Ингээд бид хоёр юм яриад хуучин эцсийн буудал руу очсон. Замдаа С.Т нь ээжийнхээ утсыг нь тавьж 1 пиво авч уухаар болж утсыг нь дэлгүүрт тавих гээд чадаагүй зарах гэж яваад 2 ахтай таарсан. Нэг ах нь 15000 төгрөгөөр зараад өгье, 5000 төгрөгөөр нь 1 шил архи авна гэж тохиролцоод гар утсыг нь зарж өгсөн. Ингээд мөнгөө цуг нийлүүлээд 05 грамм архи, 2 литрын пиво, 0.75 граммын архи зэргийг мөнгөндөө тааруулж аваад 3 саарал байрны байдаг гэх ахынд очиж авсан архи пивоо хувааж ууцгаасан. Уугаад согтсон цагаа санахгүй. Тамхи алга гээд С.Т нь намайг цуг гаръя гэснээр Улиастайн хуучин эцэс орсон. Түцны араар С.Т орсон би араас нь очтол хаалганууд байсан С.Т нь 1 хаалга татаад орсон би айл руу орж байна гээд араас нь ортол төмөр хаалтыг татаад С.Т дотогшоо орсон байхаар нь би айгаад буцаад гараад “Биллиард” гэсэн бичигтэй байшингийн дэргэд хүлээгээд зогсож байтал С.Т 1 гартаа зузаан мөнгө барьчихсан нөгөө гартаа тамхи, ундаа барьсан байсан. “Юун мөнгө вэ, чи хулгай хийсэн юм уу” гээд гар руу цохитол мөнгө нь унахаар нь мөнгийг нь газраас нь түүж аваад гарт нь бариулаад “буцаагаад хийчих, хэрэгт орно” гэж би гуйсан. Эхлээд С.Т хийхгүй гэж байснаа “за за” гээд буцаад орсон. Би айгаад гэр рүүгээ шууд явсан. Дэлгүүрийн араар тойроод явах замдаа газраас 20000 төгрөг 5000 төгрөг олсон. Олсон мөнгөөрөө тамхи авах гээд хуучин эцэс орж онгорхой байсан. Түцнээс тамхи авах гэтэл худалдагч эгч энэ хулгай хийсэн гээд 1 өндөр ахад хэлж цагдаад баригдсан юм.” /хх-15-18, 35-36/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунболдын өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шөнө гэртээ унтаж байхад 04:00 цагийн үед Улиастайн хуучин эцэс дээр байдаг манай дэлгүүрийн баруун талын дэлгүүрийн Сараа эгчийн нөхөр нь манай гэрт ирээд “дэлгүүрт чинь хулгай орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би босоод шууд дэлгүүр дээр ирээд гадаа нь ирсэн. Тэгээд Сараа эгчийн нөхөр нь “танай нүүрсний амбаар талаар чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгтэл нэг намхан залуу замын хажуугаар түц рүү алхаж явж байсан чинь Сараа эгчийн нөхөр тэр залууг хараад “энэ залуу танай дэлгүүрийн нүүрсний амбаараас гараад явж байсан залуу мөн  байна” гээд бариад авсан. Тэгээд цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн.” /хх 14-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Энхтөрийн өгсөн: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Улиастай” хуучин эцсийн буудал дээр “Их Аргалант” нэртэй дэлгүүр дээрээ эхнэр Сарантуяагийн хамт хонож байсан. Тэгээд шөнө 03:00 цаг орчим манай эхнэр Сарантуяа намайг сэрээгээд “Манай зүүн талын дэлгүүрийн хаалга нь дуугараад түжигнээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод дэлгүүрийн хойд талын цонхоор хартал цагаан пүүзтэй, хар цамцтай, саравчтай малгайгаа хойш нь харуулаад дараад өмссөн, 160 орчим см өндөртэй бага насны бололтой эрэгтэй хүүхэд манай дэлгүүрийн хойд талд байдаг айлын хашааны гадаа зогсож байсан. Тэр хүүхэд наашаагаа хараад хэн нэгэн хүн “авсан мөнгөө буцаагаад бүгдийг нь хийгээрэй” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд тэр айлын хашаанаасаа нэг цаас бололтой зүйл цацаад байсан. Би хойноос нь гутлаа өмсөөд гарсан ба түцнээс баригдсан хүүхэд мөн байсан.” /хх-16-18/ гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/,

-Тооцооны дэвтрийн хуулбар, банкны бэлэн мөнгөөр албан татвар торгууль хураасан тасалбарын хуулбар /хх-32-34/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нямбаярын өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр намайг гэртээ байхад найз С.Т ирээд “манай гэрт очих уу, гэрт хүн байхгүй” гэхээр нь би очсон. Тэр үед би өөрт байсан 6000 төгрөгөөр нэг том Боргио нэртэй пиво гэрт нь хувааж уусан. Тэгсэн чинь С.Т согтоод намайг цохиод байсан. Тэр үед нь би уурлаад боссон чинь С.Т шууд намайг хөлөөрөө хавирч унагаад миний толгой дээрээс хөлөөрөө дэвссэн байсан. Тэгэхэд миний зүүн талын шүд унасан. Тэгээд би гэртээ очоод цагдаа дуудсан.” /хх/143-145/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Ганбатын өгсөн: “…Манай хүү Г.Нямбаярынг хамт 10 жилд нэг ангид сурч байсан С.Т гэх хүүхэд зодож гэмтээсэн байсан. Тэр үед нь эцэг, эх нь манайд ирж уулзаад “өргөдөл гомдол өгөөд яахав, тархины нь зургийг нь авахуулья, дараа нь шүд амыг нь янзалж өгнө” гээд 80.000 төгрөг өгөөд явсан. Түүгээр нь эмчилгээ хийгээд дууссан. Гэтэл дахиад эмчилгээний зардал өгөхгүй шүдийг нь хийж өгөхгүй байгаа тул цагдаад өргөдөл өгсөн.” /хх-146/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1843 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Нямбаярын биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэдийд үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй,

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэх дүгнэлт /хх-152/,

 

            -Хохирол нэхэмжилсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-153-154/,

 -Шүүгдэгч С.Тэмүүлэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-157/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Отгонбаярын "Улиастай" хүнсний дэлгүүрээс бэлэн 700.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, мөн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсгийн 865 тоотод хохирогч Г.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргийг хохирогч Д.Отгонбаяр, Г.Нямбаяр, гэрч Б.Ариунболд, Н.Энхтөр, Л.Ганбат нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1843 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Тэмүүлэнгийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Т нь хулгайлах гэмт хэргийг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл тус тус оногдуулахаар тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ял нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 800.000 төгрөгийг шүүгдэгч С.Т гаргуулж хохирогч Д.Отгонбаярт 700.000 төгрөг, хохирогч Г.Нямбаярт 100.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36,13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Шүүгдэгч С.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар тус тус шүүгдэгч С.Тэмүүлэнгээс нийт 800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Отгонбаярт 700.000 төгрөг, хохирогч Г.Нямбаярт 100.000 төгрөгийг тус тус олгосугай

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС