| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 139/2021/00233/И |
| Дугаар | 218/МА2022/00020 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 218/МА2022/00020
******* ХХК-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч даргалж, шүүгч *******, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2022/00279 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК
Хариуцагч *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 4 сарын 3-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 40 %-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай
хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ******* би 2004 оны 12-р сард өөрийн “*******” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, 2005 оны 08 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан.
Миний үүсгэн байгуулсан “*******” ХХК-ий нэр дээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 07-р сарын 31-ний өдөр №13948А дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон. 2021 оны 07-р сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй, “*******” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын шохойт гэх газарт 99 гектар талбай бүхий шохойн чулууны орд газар эзэмших тусгай зөвшөөрөлтэй байсан, уг тусгай зөвшөөрөлтэй газар дээр шохойн чулуу үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийн барилга барихаар техник эдийн засгийн үндэслэлийг 2017 онд би өөрөө бүрэн хийж дуусгасан байсан ба уг ТЭЗҮ-г үндэслэн үйлдвэр барих гэхээр тухайн үед надад хөрөнгө мөнгө байхгүй байсан тул хөрөнгө оруулагч хайж байсан юм.
Энэ талаараа би Дундговь аймагт оршин суудаг таньдаг хүндээ ярьж байсан ба би танд найдвартай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгч чадах хүн олж өгье гэж байсан юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа миний гар утас руу дуудлага ирж намайг ******* та шохойн чулууны ордтой гэсэн, түүнийгээ ажиллуулж чадахгүй байгаа гэсэн сураг сонслоо, би ордыг чинь ажиллуулъя... ” гэсэн санал тавьж улмаар бид уулзахаар болсон. Бид 2017 оны 04-р сарын 03-ны өдөр Тусгаар тогтнолын ордны 1-р давхарт уулзсан ба ******* би таны шохойн чулууны ордыг ажиллуулъя, хөрөнгө оруулагч олж өгье, та надад юу өгөх бэ, эсхүл та надад компанийнхаа тодорхой хувийг /хувьцааны/ шилжүүл...” гэсэн санал гаргасан. Ингэхдээ би компанийг чинь удирдах хэрэгтэй, үйлдвэр барих, хөрөнгө оруулагч олох зэрэг бүх ажлыг чинь би хийж өгье, та зүгээр гэртээ сууж бай гэж хэлж өөрийгөө Дундговь аймгийн Өндөршил сумын ИТХ-ын даргын ажлыг 4 жил хийж байсан туршлагатай, танил тал их байгаагаа хэлж хэлцэл хийхээр болсон. ******* би *******тай 2017 оны 04-р сарын 03-ны өдөр “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-г байгуулж “*******” ХХК-ний 10.000 төгрөгийн үнэтэй 40 ширхэг хувьцаагаа үнэ төлбөргүй шилжүүлэх, мөн 2017 оны 04-р сарын 03-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж “*******” ХХК-ний өөрт оногдох 100%-ийн эрхээсээ 40%-ийг шилжүүлэн өгч улмаар компанийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Үүний дараа зөвхөн хувьцаа эзэмшигч байх хангалтгүй юм байна, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрт орж болохгүй байна та намайг компанийнхаа гүйцэтгэх захирлаар томилж тамга, тэмдгээ өгөөч гэсэн саналыг ******* тавихад нь хүлээн зөвшөөрч 2017 оны 08 сарын 14-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлаар томилж компанийн холбогдох бичиг баримт тамга, тэмдгийг түүнд хүлээлгэн өгсөн. ******* нь компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хүлээн авснаас хойш надтай хамтран ажиллаж байгаа гэж миний нэр хүндийг ашиглан “*******” ХХК-ий нэрээр иргэн, хуулийн этгээдээс зээлээр мөнгө авч хувьдаа ашиглаж байсныг сүүлд би олж мэдсэн ба намайг мэхэлж байсныг нь ойлгосон. Энэ хугацаанд “*******” ХХК-ний эзэмшлийн ордыг ажиллуулж үйлдвэр байгуулахтай холбоотой ямар ч ажил хийгээгүй ба харин ч “*******” ХХК-ний хувьцаа эзэмшигч гэсэн нэрийг барьж компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглаж өөрийн бизнесийн ажлаа хийж намайг хууран мэхэлж байсан байна. Энэ үйлдлээрээ ******* анхнаасаа намайг гэрээ байгуулах замаар хууран мэхлэх санаа зорилготой байсан нь илэрхий байна. ******* надтай хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дараа надад унаа тэрэг хэрэгтэй байна, танд туслах боломж байна уу гэсний дагуу би өөрийн эзэмшлийн 3200 УБИ улсын дугаартай Ланд круйзер 80 авто машиныг, мөн “*******” ХХК-ий нэр дээр бүртгэлтэй байсан 9796 УБД улсын дугаартай 1610J1254377 хөдөлгүүрийн LBZF46EA3AA049573 аралын дугаартай, BEIBEN ND3250S Маркийн өөрөө буулгагч самобол, 9976УНР улсын дугаартай 1510Е020777 хөдөлгүүрийн дугаартай BZF46EA8AA000466 арлын дугаартай BEIBEN ND 3250S маркийн өөрөө буулгагч /самосбал/ шар өнгийн 2 ширхэг машинуудыг өгсөн ба Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Элдвийн нүүрсний уурхайн хөрс хуулалтад ажиллуулж танд мөнгө олж өгнө гэж хэлээд 2018 оны 9 сарын 20-ны өдөр надаас авч явсан. Миний өөрийн болон компанийн нэр дээр бүртгэлтэй байсан машинуудыг ******* надаас хөрс хуулалтад ашиглахаар авсан боловч Ланд 80-аас бусад машинуудыг өөр бусад этгээдэд төлөх ёстой өр төлбөртөө шилжүүлэн өгч намайг хууран мэхэлсэн. Дээр дурдсан хоёр самосвалыг /өөрөө буулгагч/ “*******” ХХК-ний нэр дээр худалдан авч *******д шилжүүлэн өгөхдөө 2018 оны 09-р сарын 21-ний өдөр 1020029751 зээлийн гэрээг Дорноговь аймгийн Хас банктай ******* бид хоёр гэрээ байгуулж 100000000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч эргэн төлөгдөх баталгаа болгож миний өмчлөлийн орон сууцыг барьцаалж авсан ба авсан зээлээрээ өөрөө буулгагч хоёр ширхэг хүнд даацын авто машин худалдан авч *******д шилжүүлэн өгсөн болно. Энэ нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нотлогдох ба уг зээлийг буцаан бүрэн төлсөн ба зээлийн хүүд гэхэд 42.000.000 /дөчин хоёр сая / төгрөг төлж ******* нь анхнаасаа миний итгэлийг олж авахын тулд намайг хууран мэхэлж миний өмчлөлийн болон компанийн нэр дээр байсан хөрөнгүүдийг олж авах, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг өөртөө шилжүүлэн авч өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулах бодлоготой байсан болох нь илэрхий байгаа юм. Энэ нөхцөл байдал нь манай компанийн тусгай зөвшөөрөлтэй газар дээр шохойн чулууны үйлдвэр барих, гаднын хөрөнгө оруулагч олж хамтарч ажиллах биш өөрийн хувийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор намайг хуран мэхэлж байсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, надтай 2017 оны 04-р сарын 03-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг байгуулахдаа намайг хууран мэхлэх замаар эдгээр гэрээ, хэлцлийг байгуулж надад эд хөрөнгийн хохирол учруулаад байна. Монгол Улсын Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “...Шүүх хуульд үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно...” гэж заасан байх ба мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт: “...хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар шаардах эрхтэй...”, мөн 59.2-т “...Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй...” гэж тус тус заасан. ******* нь манай компанийн нэр дээр байгаа шохойн чулуу боловсруулах үйлдвэр барьж өгөх, уурхайг ажиллуулах үндсэн тохиролцоогоо зөрчиж, энэ хугацаанд намайг хууран мэхэлсэнд гомдолтой байна. Би 2019 онд Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс болон Замын цагдаагийн газарт өргөдөл гаргаж *******ыг эрэн сурвалжлуулсны үндсэн дээр түүний амьдарч байгаа хаягийг олж тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийг оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна. Иймд ******* бид хоёрын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч талын тайлбар, агуулга:
Тус шүүхэд гаргасан *******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: ******* нь ******* ХХК-ийн хувийг хуульд заасан журмын дагуу бэлэглэсэн. Бид иргэн *******г ямар нэгэн байдлаар хуурч, залилж тус компанийн хувьцааг аваагүй. Тус хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-ийн хувьцааг хуулийн дагуу шилжүүлэн өгсөн болох нь хангалттай нотлогддог. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу ******* ХХК-ийн хувьцаа бэлэглэх, тус компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 57, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй гэж үзэж байна. Мөн тус шүүхэд ******* нь 2019 онд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргаж тухайн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж 2019.09.16-ны өдрийн 00374 шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дугаар заасан асуудлын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр үйлчилж байна. Иймд *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 сард над руу ******* утсаар ярьсан. Өмнө *******ыг таньдаггүй байсан ба миний таньдаг хүнээс намайг шохойн чулууны ордоо ажиллуулах хөрөнгө оруулагч хайж байгаа гэж сонссон байсан. Тусгаар тогтнолын ордны 1 давхарт Сарангуа гэж нэг компанийн захирлын өрөөнд уулзсан. Уулзаад би хэлсэн би нэг ордтой юм. Үүнийг ашиглаж чадахгүй байна гэхэд би наадахыг чинь ажиллуулах хүнийг олоод өгье гэж хэлсэн. Хэрэв олоод өгөх юм бол надад ямар урамшуулал өгөх юм бэ гэж асуухад би, хөрөнгө оруулагч олж өгвөл компанийн 40 хувийг бэлэглэнэ гэж хэлсэн. Бид харилцан тохиролцоход ******* би ямар албан тушаал дээр ажиллах юм бэ гэхэд манай компанийн ерөнхий менежер гэсэн албан тушаал дээр ажилла гэж хэлсэн. Үүнээс хойш 2017 оны 8 дугаар cap хүртэл ерөнхий менежер гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан. Дараа нь ******* миний эрх мэдэл дутаж байна, би захирал болмоор байна. Намайг ерөнхий менежер гэхээр хүмүүс үл тоож байна, гарын үсэг зурах эрхгүй байгаа учир ажил явуулж болохгүй байна, надад захирлын эрх өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу би *******ыг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилсон. Урд өмнө нь компанийнхаа хувьцааны 40 хувийг бэлэглэлийн гэрээгээр өгөх гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хийж, мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. ******* нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал гэсэн тамга тэмдэг, гэрчилгээ, албан бланк авсан. Үүний дараа уурхайн хөрс хуулалтад ашиглах гайгүй 2 машин байна. Үүнийг аваад өгөөч гэсэн саналыг тавьсан. Би өөрийнхөө байрыг барьцаалаад Дорноговь аймгийн Хас банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 88.000.000 төгрөгөөр 2 машин худалдаж авсан. ******* би наад машиныг чинь аваад хөрс хуулалтад явъя гэж хэлсэн. Би явах байх гэж итгээд 2 машин өгсөн. Би жолооч өөрөө олно танд зовох юм байхгүй та гэртээ байж бай гэсэн. Би итгээд гэртээ байсан. Дараа нь би залгахад утсаа ч авахгүй, таг чиг 2 машиныг маань аваад алга болсон. Хөдөө гадаа явахад том тэрэг явахгүй хэцүү байна гэхээр би Ланд 80 машинаа хөдөө гадаа явахдаа хэрэглэж бай гээд өгсөн. Энэ 2 машин, Ланд 80 маркийн машиныг аваад утсаа ч авахгүй алга болсон. Нэлээн хугацаа өнгөрсний дараа олдохгүй болохоор би Баянгол дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Миний ийм ийм машиныг аваад алга болчихлоо энэ хүнийг олоод өгөөч гэсэн хүсэлт 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тавьсан. Замын цагдаагийн газар 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ийм ийм машин унаад алга болсон энэ хүнийг олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мөн Чойр дахь цагдаагийн газарт хүсэлт тавьсан. Баянгол дүүргийн цагдаагийн газарт хүсэлт гаргахад энэ хүнийг урьд өмнө хүнээс 30.000.000 төгрөг залилан хийгээд эрэн сурвалжлагдаж байгаа хүн мөн байна гэхэд би одоо яана миний 2 машиныг Ланд 80 машиныг аваад явсан би залилуулж байгаа юм байна гэж хэлсэн. Миний Ланд 80 маркийн машиныг аваад тэр чигтээ алга болсон учраас намайг залилж байгаа юм байна гэж бодсон. Цагдаагийн газраас Дундговь аймгийн Өндөршил суманд байна гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас цагдаа аваад Чойроор явахад олдоогүй. Баянгол дүүргийн цагдаагийн газраас Өндөршил суманд байгаа наад хүнээ хорьж бай гэж хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Би Баянгол дүүргээс цагдаа аваад Өндөршил суманд очиж уулзсан. Мөн энэ хүн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 30.000.000 төгрөгийн зээл авснаас 3.800.000 төгрөгийн төлөхгүйгээр тэр чигтээ зугтсан. Тэр зээлийг компанийн нэрээр авсан учир би төлсөн. Би өөрийнхөө машин утсаа бүгдийг зарж байж өөрийнхөө байшинг буцааж авсан. 100.000.000 төгрөгийн зээл авчхаад 157.000.000 төгрөг болгож банкны өр дээрээс байшингаа авсан юм. Энэ хүн Хятад улсын Си юу лон гэх компанитай гэрээ хийсэн. Энэ Хятад компанитай гэрээ хийхдээ хөрс хуулалтыг явуулна гэсэн байсан. Манай 2 машин хөрс хуулалтад явсан байсан. Ажлын хөлсөнд 900.000 төгрөг надад хэлэлгүйгээр аваад явсан байсан. Дараа нь тэр машин надад худалдсан Өвөр Монголтой нийлж байгаад 12.000.000 төгрөг залилж аваад алга болсон. Тэр компаниас асуусан миний гарын үсэггүй яагаад мөнгө өгсөн юм бэ гэхэд тэр Өвөр Монгол чинь энэ хүн найдвартай хүн байгаа юм би аваачиж өгье гэж хэлээд аваад явсан, би мэдэхгүй байна гэж нягтлан нь надад хариу өгсөн. Энэ хүний өмнө нь авсан зээлийг би төлсөн. Энэ хүн анхнаасаа залилан мэхлэх гэж надтай харьцсан юм шиг байна. Компанийн хувийг аваад захирал болоод миний итгэлийг алдаж хохироосон. Энэ хүнтэй найз гэж яваад байсан Буяндэлгэр их согтчихоод над руу ярьж байсан. ******* анхнаасаа залилж болох өвгөн байна гэж хэлж байсан хохь нь, итгэж юм аа алдсан бол гэж хэлж байсан. Чи хамт байсан биз дээ гэхэд би таны юмыг авсан байгаа биш *******тай ярь гэж хэлсэн. Ийм учраас компанийнхаа 40 хувийг буцааж авах хүсэлтийг гаргаж байна. *******ы хийсэн ажил нь баримтаар нотлогдохгүй байна. Энэ хүн тийм ч ажил хийсэн, ийм ч гэрээ байгуулсан гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд тэр талаар нэг ч баримт авагдаагүй байсан. Энэ хүн баримтгүй зүйл дээр худлаа хэлж байна гэжээ.
4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч маань эхнээс нь эхлээд ярилаа. Би цементийн үйлдвэрт шохойн чулуу нийлүүлэх газар хайж байсан юм. Би Буяндэлгэрээс нэхэмжлэгчийг тийм орд ажиллуулдаг гэсэн үг сонсоод утсаар яриад Тусгаар тогтнолын ордонд Сарангуа гэдэг захирлын өрөөнд уулзаж, ярьсан. Энэ ордоо зарах гэсэн юм гэхээр нь би худалдаж авах гээгүй байна, шохойн чулуу нийлүүлбэл яасан юм бэ гэж санал тавьсан. Нэхэмжлэгч хамтран ажиллая гэж хэлсэн. Надад ******* компанийнхаа 40 хувиа өгнө гэж хэлээд 40 хувийг бэлэглэлээр авахаар болоод 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн өөрийнхөө таньдаг нотариат дээр аваачаад надад 40 хувиа бэлэглэлээр шилжүүлэх гэрээ хийж, нотариатын зардал 20.000 төгрөгөө өөрөө төлсөн.
Би ажил хөөцөлдөхийн тулд менежер гэсэн албан тушаал авсан ямар ч тамга тэмдэг байхгүй байсан. Даланжаргалангаас шохойн чулууг зөөж авчрахын тулд зөөж авчрах машины зардал нь өндөр, менежер гээд гүйгээд очихоор албан бичгээ өг гэдэг албан бичгээр харьцдаг болохоор гарын үсэг тамга байхгүй учраас нэхэмжлэгч рүү явдаг энэ хүн байх байхгүй янз бүрийн шалтгаан байсан. Ийм олон янзын шалтгаан байсныг ойлгосон учраас гүйцэтгэх захирлаар томилж тамга тэмдгээ надад өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 2017 оны 8 дугаар сард гүйцэтгэх захирлаар томилж, компанийн хувьцааны 40 хувь албан ёсоор над дээр шилжиж ирсэн. 5 жилээр лицензээ батлаад 5 жилээр үйл ажиллагаа явуулахгүй бол лицензээ шинэчилж баталдаг. Шохойн чулуу нийлүүлье гэхэд тэр лиценз дууссан байсан учир тэр лицензийг сунгах шаардлагатай болсон. Дээр нь Хөгжлийн банк, Ариг банк зэрэг нэхэмжлэгчийн санал болгосон банкууд дээр очиж шохойн чулууны ордыг ажиллуулахаар бүхий л талаар хөөцөлдөж байсан. ТЭЗҮ-гээ бичүүлж байж үүнийг ажиллуулна уу гэхээс хоосон ийм юм явахгүй гэдэг шалтгаанаар ТЭЗҮ хийлгэх шаардлагатай болсон. Барилгын материалын үйлдвэрийн Лхагвадорж гэж хүн дээр очиж уулзаад 12.000.000 төгрөгөөр ТЭЗҮ хийлгэсэн. Нэхэмжлэгч маань 2019 оны 9 дүгээр сард яг энэ асуудлаар над дээр нэхэмжлэл гаргаад би Дарьсүрэн гэдэг өмгөөлөгч авсан. 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хурал болдог өдөр гэр бүлийн хүний маань буяны ажил давхцаад өмгөөлөгчөөсөө хойшлуулж өгнө үү гэж гуйсан боловч өмгөөлөгч маань би олон ирж чадахгүй гээд шүүх хурал явагдаад энэ асуудлыг хэрэгсэхгүй болгосон байсан. Тэр үед гаргаж байсан тайлбар одоо ч хэвээрээ байгаа. Би өмнөх шүүх хурал болсон зүйлүүдээс 1 хувийг аваад үлдсэн одоо ч хэвээрээ байгаа. Тэр үед хийсэн зүйл бүх юм өмнөх хурлын шийдвэрт бүх юм хавсаргагдсан байгаа. Хас банкнаас 30.000.000 төгрөгийг авч энэ бүхнийг санхүүжүүлээд явж байсан. Түүнээс 3.800.000 төгрөг үлдсэнийг төлсөн нь үнэн байх. Тэр машины хувьд Өвөр Монголоос оруулж ирсэн машиныг авсан. Тэр машин авах гэрээн дээр нэхэмжлэгч маань өөрөө гарын үсэг зурсан. Тэр өвөл 2 хуучин машинтай 3, 4 cap ажилласан. Тэр машинуудыг ажиллуулж үйл ажиллагаа явуулахад гэрээтэй компани нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай байсан. Би түүнд огт хамааралгүй. 30.000.000 төгрөг дээр би зардлыг нь баримтжуулаагүй байна. ТЭЗҮ хийлгэсэн тэр компанид шинжээч томилуулсан гээд баримтууд их байна. Би яагаад 40 хувийг өгдөггүй бэ гэхээр энэ бүх зүйлийг би хийсэн. Хятад компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд 7.2 сая долларын хөрөнгө орж ирэхэд бэлэн болсон байгаа.
Би Хятад улс руу 3 удаа явсан. 3 удаа явахдаа ТЭЗҮ бичүүлнэ, судална гээд нэхэмжлэгчийг аваад өөрийнх нь төлөөллийг аваад 6 хүний бүрэлдэхүүнтэй Хятад улсаас орчуулагч аваад 1 удаа явсан. Бээжингээс 300 км зайтай нэг явсан. Дараа нь энд байгаа өрсөлдөгч үйлдвэрийг үзнэ ордоо үзнэ, зах зээлийн судалгаа хийнэ гэж Хятад талаас 3 хүн ирсэн. Тэр 3 хүнийг энд байх зардал явуулах гэх мэт зардлыг би өөрөө гаргаж байсан. Би энэ хүнийг залилаагүй, хоёргүй сэтгэлээр энэ ажлыг 2 жил хийсэн. Ланд 80 маркийн машиныг намайг унаж хэрэглэнэ гээд аваад явсан гэж байна.
Таны яриа баримтаар нотлогдохгүй байх. Тэр машиныг 10.000.000 төгрөг болгоод үйл ажиллагаандаа хэрэглэ гэж өөрөө санал тавьсан. Би машиныг зарна гээд зургийг бариад гүйж байх зав надад байхгүй. Та надад өгөөд явуулчихвал би хөдөө гадааны хүмүүст үзүүлж байгаад туулах чадвар сайтай юм хөдөө гадааны хүмүүст үзүүлнэ гэж хэлээд авч явсан боловч энэ хүн өөрөө дараа нь цагдаатай ирээд аваад явсан. Би нэг ч худлаа зүйл хэлээгүй. Хэрэв шаардлагатай гэж бодож байвал Болдоо, гээд Хятад улс руу хамт явсан хүмүүсээр гэрчтэй оролцвол миний хувьд худлаа хэлсэн зүйл байхгүй. 40 хувийг яагаад өгөхгүй вэ гэхээр 2 жил чадан ядан ажилласны эцэст бүх зүйл голдиролдоо ороод ажил явагдаад эхлэхээр надад юу ч өгөлгүй гаргах санал тавиад шүүхээр явж байгаад гайхаж байна. Би энэ хүнд өөрт нь хэлсэн. Хятад улс руу явахад та ганц ч төгрөг гаргаагүй би мөнгөгүй атал чадан ядан хийсэн, найз нөхдөө татан оролцуулсан. Ингээд явахад ор үндэсгүй намайг хөөж гаргаж болохгүй.
Хятад улсаас хил нээсэн учир үйлдвэрээ барья, хөрөнгө оруулмаар байна гэж над руу ярьдаг. Би одоо ч гэсэн хэлье, надаас гарсан зардлын талыг ч болтугай өгчих, тэгвэл өөрт байгаа хувьцаагаа буцаагаад өгнө. 12 хувийг би үйл ажиллагаа явуулахын тулд найз нөхдийн дэмжлэг авсан, тэдний мөнгөөр үйл ажиллагаа явуулсан тул 3 хүнд шилжүүлэн өгсөн байгаа. Гэхдээ би ******* гуайн зөвшөөрөлгүй бусдад хувьцаагаа шилжүүлж чадахгүй учир 3 хүнд шилжүүлж өгсөн 12 хувийн хувьцааг шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлсэн байгаа. Саяны ярьсан зүйл нь намайг залилж авсан, залилан хийдэг хүн гэж ойлгуулах гэж байгаа юм бол уу гэж бодлоо. Уг нь бид 2017 оноос 2019 оны 9 дүгээр cap хүртэл хамтран ажиллаж, үйлдвэр барих, шохойн чулууны ордоо ашиглах зорилготойгоор зөвхөн энэ ажлыг хийсэн. Гэхдээ би энэ компаниас ямар нэгэн цалин аваагүй. Нэхэмжлэгчийн намайг залилсан, авсан, ашигласан гээд байгаа бүх мөнгө төгрөг энэ ажилд зарцуулагдсан болох нь мөнгө шилжүүлсэн баримт, гэрээ гээд бүх юмаар нотлогдоно. Надад нэг удаа хувиа надад өг гэхэд би ийм мөнгөний асуудалтай байгаа учраас өгч чадахгүй байна гэж хэлсэн. Хүнд худалдах гэсэн тэрбум төгрөг авах гэсэн юм. Над дээр нэр шилжүүлж байгаад чи буцаагаад 40 хувиа ав гэж санал тавьж байсан. Би хэлсэн, 400.000.000 төгрөг авах шаардлага надад байхгүй. Би бага мөнгө гаргасан, надад тэр мөнгийг өгөөд ав гэж хэлсэн. 2018, 2019 оны үед өгчих байсан байх. Одоо худлаа үнэн юм яриад шүүхээр яваад байгаад би итгэхгүй байгаа учраас би өгөхгүй байгаа. Би үнэхээр залилсан юм байхгүй. 2 машины хувьд энэ хүн маань надад ч жолооч байхгүй гээд байхаар нь би хуучин ажиллаж байсан хүмүүсээсээ жолоочоо сольсон. Тэнд нь машин барьдаг 2 жолооч авъя, гэрээ хийгээд тэр дээрээс машины банкны өрийг ингэж цувуулж өгье гэсэн аман тохироо хийгээд 2 жолоочтой байсан. Гэтэл тэрийг залилсан, зугтсан, нуусан хэрэгт орсон. Би тэр 2 жолоочтой таныг дагуулаад нэгийг нь Яармагт нөгөөг нь Нарангийн гол дээр дагуулж очиж уулзуулсан. Дараа нь тэр жолоочтой хамтраад ажил хийгээд явж байсан сураг байсан. Би энэ дээр залилаагүй, ингэж ажилласан гэдэг бүх үйл явц баримтаар нотлогдоно. Би бүх болж байгаа зүйлийг гэрт нь очиж тайлагнаж, гарын үсэг зуруулж, тамгалдаг байсан. Сүүлд тамга над дээр ирсэн хэдий ч бие дааж гарын үсэг зурсан, шийдвэр гаргасан зүйл байхгүй. Тэр 30.000.000 төгрөг яаж зарцуулах гэж байгаа би өөрөө барьцааг нь гаргах гэж байгаагаа бүгдийг хэлсэн. Цог Мандах гэдэг хөрөнгө оруулагчид 2.000.000 төгрөг шилжүүл гэхээр би шилжүүлээд 7.2 сая доллар бэлэн боллоо гэсэн, миний таньдаг хүн биш, нэхэмжлэгчийн өөрийнх нь санал болгосон хүн. Чи тэрүүнтэй уулзаад тэг гэж хэлдэг байсан. Би тэрийг зөвхөн гүйцэтгэж байсан. Хятад руу багаар явах зүйлийг би бүгдийг санхүүжүүлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би өөрөө зардал гаргаад ажиллаж байсан, тэр зардлыг бүгдийг биш ч гэсэн хагасыг нь шүүх гэхгүйгээр хэлэлцээд өгч, авч болно гэж хэлж байсан. Тэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байвал би өөрт байгаа 28 хувийн хувьцааг буцаагаад өгнө. Би найз нөхдөө татаж оролцуулаад ажил төрөл хөөцөлдөх нөгөө хэд маань цалингүй хэцүү байсан учраас нэхэмжлэгчтэй ирж уулзаад гэрт тохироод, энэ хүмүүст ингэж хувиа өгөөд, ингэж хамтран ажиллах юм гэдгийг гэр бүл , гэдэг хүнд 4, 4 хувийн хувьцаа, би өөрийнхөө дүүд 4 хувь ингээд 12 хувийг нэхэмжлэгч талтай харилцан ярилцаж байгаад гарын үсэг зураад өгсөн. Одоо надад 28 хувийн хувьцаа байгаа гэжээ.
5. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 106 дугаар 106.1-д зааснаар ******* ХХК-ий 40 хувийн хувьцааг нэхэмжлэгч ******* ХХК-ий захирал *******д шилжүүлэхийг ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д даалгаж,
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* ХХК-ний үүсгэн байгуулагч *******гээс надад холбогдуулан гаргасан 2017.04.03-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 40%-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг миний бие анхан шатны шүүх хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэх дараах үндэслэлүүд байна.
Үүнд:
1. Урьд нь энэ асуудлаар ******* ХХК-ний захирал *******гээс надад холбогдуулан гаргасан компанийн 40%-ийн хувийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00374 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл дахин энэ асуудлаар тус шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
******* ХХК-ний захирал *******гээс надад тус компанийн 40%-ийн хувьцааг шилжүүлсэн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-үүд нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл юм. Бид дээрх гэрээгээр хариу төлбөр төлөхөөр тохиролцоогүй атал *******гийн шүүхэд хандсан худал тайлбарт үндэслэн хариу төлбөр төлөх агуулга харагдаж байна хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ******* ХХК-ний 12%-ийг *******д мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлсэн үйлдэл хийсэн байх тул талуудын хооронд 2017 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-г хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, улмаар 2017 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар хэмээн ямар ч үндэслэл нотолгоогүй дүгнэсэн. Энэ 12%-ийн хувьцааг *******д мэдэгдэж, түүний гэрт нь ярилцаж зөвшилцөн гарын үсэг зурж өгсөн. Надад уг компанийн 28%-ийн хувьцаа л байгаа гэдгийг, хэзээ хэрхэн шилжүүлснийг ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай тайлбарласан. Надад баримт нотолгоо хүсэлт гаргаж өгөх талаар хангалттай тайлбарлаж өгөөгүй.
Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар ******* ХХК-ны нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны 139/ШШ2022/00279 тоот шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлоор хянав.
Нэхэмжлэгч ******* ХХК /түүнийг үүсгэн байгуулагч, төлөөлөгч *******/ шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ:
*******, ******* нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах гэсэн хоёр шаардлагыг гарган шүүхэд хандсан бол хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор мэтгэлцжээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүх талуудын гаргасан нотлох баримт, шүүх хуралдаан дээр явагдсан мэтгэлцээний байдлыг үндэслэн шийдвэр гаргасан байх бөгөөд шийдвэрийн гол үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дээр дурдсан хоёр гэрээг хүчингүй болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ******* ХХК-ны 40 хувийн хувьцааг нэхэмжлэгч ******* ХХК-ны захирал *******д шилжүүлэхийг *******д даалгаж шийдвэрлэжээ.
Шүүхийн энэхүү шийдвэрийг ******* эс зөвшөөрч давж заалджээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, маргааны үйл баримтад зөрчилтэй дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад баримтлах хэлний тухай зарчмыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ******* өөрт авсан 40 хувийн хувьцаанаас 12 хувийг нь бусдад гэрээ хийн шилжүүлсэн байх бөгөөд дөрөв, дөрвөөр нь , , нарын 3 хүнд шилжүүлжээ. Энэ байдлыг шүүх анхаарч дүгнэлт өгөлгүйгээр 40 хувийн хувьцааг бүгдийг *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд ******* нь өөрт 28 хувийн хувьцаа байгаа гэдгээ тайлбарлаж байсан ба давж заалдах шатны шүүхэд ч энэ үндэслэлээр гомдол гаргасан байна.
Хавтаст хэргийн 131-136 дугаар хуудсанд байгаа ******* ХХК-ны 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан дүрмээр бол уг компанийн хувьцааг эзэмшигч нь *******, ******* нар байсан нь тодорхой байна. Үүнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-ний дүрмийг шинэчлэн баталсан ба энд уг компанийн хувьцаа эзэмшигч нарыг *******, *******, , , нар болохыг тогтоосон эрх зүйн баримт бичиг хавтаст хэргийн 117, 121 дугаар хуудсанд авагджээ.
Энэхүү бичгийн нотлох баримтаас үзэхэд ******* компанийн 12 хувийн хувьцаа өөр этгээдэд эзэмшигдэж байгаа гэж үзэн үндэслэсэн байх бөгөөд энэ үйл явдлыг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч ******* компанийн дүрмээр баталгаажуулсан болох нь тэдгээрийн гарын үсэг зурсан байдлаас харагдаж байна.
******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа , , нарыг хариуцагчаар татсан байжээ. Гэтэл энэхүү шаардлагаас түүний өмгөөлөгч татгалзаж байгааг шүүхэд илэрхийлсэн хавтаст хэргийн 91 дүгээр талд ханз үсэг бүхий бичгийн баримт авагдсан байх бөгөөд Иргэний хэргийн шүүх уг баримтыг шүүх хуралдаан дээр судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл буюу хавтаст хэргийн 213 дүгээр талд байгаа “хятад бичиглэл бүхий баримт” гэж бичсэнээс харагдаж байна. Шүүх аливаа хянан шийдвэрлэх ажиллагаа хэлний зарчмыг заавал баримтлах ёстой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан заалтыг хэрэгжүүлэх ёстой. Энэ заалтыг зөрчсөн болон дээр дурдсан нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсан гэж үзэх үндэслэл болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дүгээр хэсгийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2022/00279 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР