Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 734

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Хохирогч: А.Батбаатар,

Шүүгдэгч: П.Э, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн П-Э холбогдох эрүүгийн 1803005330294 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “Red film"-д зураглаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17 дугаар гудамж 371б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овгогт П.Э,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч П.Э нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн оройн 23 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн зүүн урд уулзварын замд Тоёота приус-20 маркийн 67-72 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч А.Батбаатарыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Батбаатар мэдүүлэхдээ: “... 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр талбайн урд гарцан дээр дайруулсан. Тухайн автомашин хурдтай ирэхэд нь би хойшоо 1 алхам ухарсан. Тэгтэл автомашины жолооч талын хаалга, толиор мөргөж би 2 метр гарантай шидэгдсэн. Тэгээд цагдаа дуудаж хэмжилт хийлгэсэн. Тухайн өдрөө Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 6 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгааны нийт зардал 1.450.000 төгрөг болсон. Хагалгаанаас хойш 2 сар гэртээ эмчилгээ хийлгэсэн. П.Э нь намайг эмнэлэгт байх хугацаанд нэг ч удаа яриагүй, нэг ч эргээгүй. Тэгээд би эмчилгээний зардал, 2 сарын цалинг өгчих гэж хэлтэл “мөнгө байхгүй шүүхээрээ яв” гэж хэлсэн. Физик эмчилгээг би өөрөө хийлгэсэн. Ажилгүй байсан 2 сарын цалин 1.800.000 төгрөг болж байгаа. Даатгалаас 1.000.000 төгрөг орсон. Эмчээс кальц ав гэж жор өгсөн. Тэр нь 400.000 гаран мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг даатгалын компаниас нэхэмжилсан боловч шүүх хуралдааны дараа шийдвэрлэнэ гэсэн. Одоо 2 сарын цалин буюу 1.800.00 төгрөг, мөн 2019 оны 2 сард хөлний төмрөө авхуулна. Тэр нь 400.000 төгрөг болно. Миний хохирлыг барагдуулвал заавал ял тулгах шаардлага байхгүй...”гэв.

 

Талуудын хүсэлтээр 1803005330294 дугаартай хавтас хэргээс:

 

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар тал/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/

 

Хохирогч А.Батбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн оройн 23 цагийн орчим гэртээ харихаар Сүхбаатарын талбайн зүүн замаар гэрлэн дохиотой явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарцаар зам хөндлөн гарч явахад “Тоёота приус” маркийн 67-72 УБЗ улсын дугаартай автомашин баруун гар тийшээ эргэж орж ирж мөргөсөн. Хэргийн газрын үзлэгийн А болон Б цэгийг зөв тавьсан байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,

 

Иргэний хариуцагч Э.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...67-72 УБЗ дугаартай автомашиныг анх манай ах Э.Цолмонбаатар нь миний нэр дээр ББСБ-с лизингээр худалдаж авсан, гэрээний үүргээр бол би машины эзэмшигч юм аа. Ах Цолмонбаатар уг автомашиныг найз Эрдэнэбатдаа зээлээр зарчихсан. Машиныг Эрдэнэбат ах худалдаж авч байгаа тул тэоээо өөрөө хариуцна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг биелүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/

 

Гэрч Л.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Уг уулзварын урдаас хойшоо чиглэлтэй гэрэл дохионы баруун гар тийшээгээ эргэх нэмэгдэл гэрэл нь явган хүний явах үндсэн ногоон гэрэлтэй зэрэг асдаг. Энэ нь жолооч баруун гар тийш нэмэгдэл гэрлээр орохдоо үндсэн ногоон гэрлээр орж байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй байдаг ба явган зорчигч давуу эрхтэй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,

 

     Гэрч Б.Лосмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Би тухайн үед оройн 00 цаг өнгөрч байхад ажлаа тараад багын найз Эрдэнэбатаар гэр рүүгээ хүргүүлэхээр явсан, замдаа Сүхбаатарын талбайн уулзвараар баруун эргэсэн, уулзварт ойртож ирэх үед гэрлэн дохио улаан асаж байсан, миний санаж байггаагаар уулзварын хамгийн урд талд байхаа зогсож байгаад үндсэн ногоон буюу бүх чиглэлд машин явах ногоон гэрэл асах үед машин хөдлөөд уулзвараар ороод, баруун эргээд явж байтал гэнэт хүн гүйж гарч ирээд л машинд мөргүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №7773 дугаартай дүгнэлт "...Дүгнэлт:

              1. А.Батбаатарын биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

     5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...шинжээч эмч Т.Амартүвшин... " гэжээ /хх-ийн 55 дугаар тал/,

 

     “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №136 дугаартай дүгнэлт: “...Хариулт 3. Баруун гар талын урд хаалганы цонх хагарсан, баруун гар талын толь сууриараа хугарч скочидсон зэрэг эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн...” гэжээ /хх-ийн 63-64 дүгээр тал/,

 

     Мөрдөгчийн №156 дугаартай магадлагаа “... “Тоёота Пирус 20” маркийн 67-72 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, жолоодож явсан жолоож Пүрэвсүрэн овогтой Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Ариунаа овогтой Батбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ /хх-ийн 71-72 дугаар тал/,

 

     А.Батбаатарын өвчний түүх /хх-ийн 38-45 дугаар тал/,

 

               Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 106-107 дугаар тал/,  

 

              Шүүгдэгч П.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, бусад хувийн байдлын тодорхойлсон баримтууд /хх-ийн 89-96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

              Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:       

 

              Шүүгдэгч П.Э нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн оройн 23 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн зүүн урд уулзварын замд “Тоёота приус-20” маркийн 67-72 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч А.Батбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Батбаатарын мэдүүлэг, гэрч Б.Лосмаа, гэрч Л.Гансүх нарын мэдүүлэг, мөрдөгчийн №156 дугаартай магадлагаа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7773 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №136 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, А.Батбаатарын өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

              Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

              Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаар П.Э нь автомашин жолоодон явахдаа А.Батбаатарыг мөргөж гэмтээсэн үйлдлийг тус тус мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан газар, нөхцөл байдал нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдаж, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг шинжээчийн дүгнэлтээр, тухайн автомашинд гэмтэл учирсаныг тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

             

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

              Иймд шүүх шүүгдэгч Ч.Энх-Амарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

             

              Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

              Хохирогч А.Батбаатараас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “...жолооч хариуцлагын даатгалаас 1 сая төгрөг авсан. 2 сарын цалин 1.800.000 төгрөг, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэж илэрхийлсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан төлбөр болох 666.144 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэхээр байна.

Харин  хохирогч А.Батбаатараас сард тогтмол авдаг цалин хөлсний хэмжээг тодорхойлсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хэзээнээс хэдий хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тодорхойлсон лист олгосон баримтгүй, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлсөн эсэх зэрэг шаардлага хангахуйц баримт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болох П.Эаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

           

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 1182322 дугаартай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол  улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Тайж овогт П.Э Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Эад 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнбатад оногдуулсан 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгасугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Хохирогч А.Батбаатар нь цаашид гарах эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдсон эмчилгээ, дутуу авсан цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтууд бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу П.Эаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн П.Эын №1182322 дугаартай жолооний үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

 

           8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ДУЛАМСҮРЭН