| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0755/Э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 763
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
улсын яллагч П.Бямбасүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг,
шүүгдэгч Б.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 1809038150814 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажил хийдэг, ам бүл 5, ах, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 10 дугаар гудамжны 160 тоотод оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Б.Г,
Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж 167 тоот түр оршин суух гэртээ 13 нас 9 сар 17 хоногтой бага насны Ч.Ган-Эрдэнийг эхнэр Н.Энхзулын байгаа газрыг хэлсэнгүй хэмээн зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, зүүн ташаа, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, доод уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэв.
Эрүүгийн 1809038150814 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд гэдгийн тодорхойлох нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ч.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Гантулга ахынд унтаж байхад Гантулга ах намайг сэрээгээд “эгч чинь хаана байгаа юм бэ” гэхэд “найзуудтайгаа салхинд гарсан” гэж хэлсэн, “эгчийнхээ утас руу залга” гэхэд утас нь холбогдохгүй байсан, ... Гантулга ах ганц шил юм аваад дуугүй унтлаа гэж хэлээд
гаднаас Гантулга ах архи авчирсан архиа уугаад гэртээ суугаад байсан. Гантулга ах “чи яагаад эгчийгээ гадуур гараад явж байхад надад хэлээгүй юм” гээд миний нүүр руу гараараа алгадаад цохьсон, хоолой боогоод байсан, тэгэхээр нь би уйлаад гараад зугтах гэсэн чинь явуулаагүй, хэсэг гэрт нь байж байгаад нойл орчихоод ирнэ гэж хэлээд нууцаар гараад гүйгээд зугтаасан, урьд нь зодож байгаагүй, нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... манай хүү Ган-Эрдэнэ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед над руу утсаар залгаад “Гантулга ах намайг зодоод байна” гэхээр нь би очтол манай хүүхдийг цохиж зодсон байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10041 дугаартай дүгнэлт: "... Дүгнэлт:
Б.Г яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Говьсүмбэр аймагт ажлаар явжбайхад төрсөн эгч Энхцэцэгийн хүүхэд Ч.Ган-Эрдэнээс өөрийн эхнэр Энхзулыг асуухад дэлгүүр орсон гээд надтай яриулахгүй байсан, маргааш нь гэртээ ирэхэд манай хоёр хүүхэд Ган-Эрдэнэ нар байсан, тэгээд би Ган-Эрдэнээс “өөрийн эхнэр Энхзул хаана байгаа юм” гэж асуухад “мэдэхгүй” гэсэн, гэрээсээ гараад дэлгүүр ороод архи аваад буцаад гэртээ ирж архи ганцаараа уучихсан, удалгүй Ган-Эрдэнээс “эгч чинь хаашаа явсаныг хэлчих” гэхэд мэдэхгүй гээд байсан, би барьж байсан утсыг нь үзсэн чинь миний мэдэхгүй гар утасны дугаараас Энхзул руу мессэж бичсэн байсан, яагаад ахдаа үнэнээ хэлээгүй юм гээд Ган-Эрдэнийн нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа алгадсан, хоолойн хэсгээс нь барьж аваад түлхэж газарт унагаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 04 дүгээр тал/,
Б.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар тал/
Б.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
“Хаан Банк”-ны депозит дансны хуулга / хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ч.Ган-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ч.Ган-Эрдэнийн нас тоолсон тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 41 дүгээр тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ч.Ган-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэгийн “гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Яллагдагч Б.Г нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж 167 тоот түр оршин суух гэртээ 13 нас 9 сар 17 хоногтой бага насны Ч.Ган-Эрдэнийг “эхнэр Н.Энхзулын байгаа газрыг хэлсэнгүй” хэмээн зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, зүүн ташаа, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, доод уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ч.Ган-Эрдэнийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10041 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь бага насны хүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч түүнийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Ч.Ган-Эрдэнэ нь хэрэг болох хугацаанд 13 нас 9 сар 17 хоногтой болохыг тогтоосон төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гантулгын үйлдэл нь “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Гантулгыг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Гантулгад гомдол, санал нэхэмжлэх зүйл үгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бага насны хүүхэдтэй зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Гг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.
4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН