Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 748

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав,

улсын яллагч: Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч: Д.Ц (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн 1809000000863 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн: 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ Зүүнхараа суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй, "Сити Сетон" ХХК-нд орчуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 10 дугаар байрны 04 тоотод оршин суух, /Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 45 дугаар гудамж 514б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, Пунцаг овогт Д.Ц, /РД: М388С12872/,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Яллагдагч Д.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар байрны 04 тоотод эхнэр Б.Тунгалагбайгалийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Эрүүгийн 1809000000863 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ байж байхад манай эхнэр Тунгалагбайгаль орой 20:00 цагийн үед гэртээ ирсэн. Гэмтлийн эмнэлэгээс гарлаа гэж хэлээд 2 цаг гарны дараа ирсан болохоор би Тунгалагбайгальтай маргалдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Тунгалагбайгаль мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Намайг авчирч урдаа суулгаад би чамтай юм ярина гээд танай гэрийнхнийг би ална, танай эцэг чинь өөдгүй, эх чинь өөдгүй, танайхан дандаа миний амьдралд оролцдог, ахыгаа дууд, ээжийгээ дууд гээд байсан. Тэгж байгаад миний хоолойг боогоод нүүр рүү цохисон, толгой руу цохисон үснээс зулгаасан, газарт унагаагаад нүүр рүү өшиглөсөн, хөл рүү өшиглөсөн толгой руу дэвссэн, гэдэс рүү өшиглөсөн тэгээд байхаар нь би гарч зугтаагаад шатаар дээд давхар руу гүйсэн ба цагдаа дуудсан тэгсэн чинь араас гарч ирээд намайг алгадаад шатны уруу үсдээд чирсэн, гэрийн үүдэнд очоод үснээс зулгаагаад өшиглөөд байхаар нь би хашгирсан..." гэсэн мэдүүлэг,/хх-ийн 7-10 дугаар хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №11665 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

 

1. Б.Тунгалагбайгалийн биед тархи доргилт, баруун зүүн чамархай, баруун зүүн хацрын төвгөр болон шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, хүзүү, зүүн гуянд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 14-22 дугаар хуудас/, Д.Цын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар/, хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар байрны 04 тоотод эхнэр Б.Тунгалагбайгалийг “гэртээ эртхэн ирсэнгүй” гэж маргалдан улмаар бие махбодид нь хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас  зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн чамархай, баруун зүүн хацрын төвгөр болон шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, хүзүү, зүүн гуянд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Тунгалагбайгалийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11665 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

 

Шүүгдэгч нь өөрийн эхнэр Б.Тунгалагбайгалийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Цийн үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Тунгалагбайгаль шүүгдэгч Д.Ц нарыг гэр бүлийн харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон байна.

 

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Тунгалагбайгалаас “...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл үгүй тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 40/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, түүний зан харьцааны түвшин дутагдсан, нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Пунцаг овогт Д.Цг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэм буруутайд тооцсугай.           

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН