Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1497

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Д.Мөнхтогоо,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг /ҮД:1898/,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1809 01776 0584 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, компьютер графикийн дизайнерч мэргэжилтэй, “O and U” ХХК-д цахилгааны монтаж, дохиолол холбооны ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 8 дугаар байрны 174 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Цэцэн сартуул овогт М.М /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 186 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Түмэн мээрэн овогт Б.Б /РД:/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. М.М нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Монгол телевиз” ХХК-ний ажлын байрнаас “Делл”

брендийн инсперион 15 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, иргэн Б.Мөнхтулгад 390,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. М.М нь 2018 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Апекс” нэртэй тоглоомын газраас төхөөрөмж түрээслэх нэрийдлээр 1,631,400 төгрөгийн үнэ бүхий тоглуулагчийг залилан авсан,

3. М.М, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүний плестейшн тоглоомыг нэг хоног түрээслээд өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын өгсөн: “... Тухайн үед би нэг охинтой үерхдэг байсан. Түүнийг Нямгэрэл гэдэг. Би түүнд хайртай байсан. Мөн тэр хүнтэй цаашид амьдрах бодолтой байсан. Түүнд мөнгөний “хэрэг боллоо, аль болох их хэмжээний мөнгө олоод өгөөч” гэж асуухаар нь миний хайртай охин гэж бодоод “Апекс” гэх газраас хоёр ширхэг плестейшн авсан. Авсан плестейшныг ломбарданд тавиад мөнгийг нь хайртай охиндоо өгсөн. Тухайн плестейшнийг авахын тул Монгол телевизийн нөүтбүүкийг авч ломбардад тавьсан. Гэтэл миний хайртай охин ахиад мөнгөний хэрэг гараад байна гээд шалсаар байгаад нөүтбүүк ломбарданд тавиад авсан мөнгийг авсан. Би тэр хүнд хайртай учир түүнд туслаж байна гэж боддог байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ажил хөдөлмөрөө хийнэ. Энэ хэргээс болоод эцэг, эх, хамаатан садандаа нэр хүндгүй болсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Мөөжиг манай гэр рүү залгасан. Бид тамхи татаж алхаад “Андууд” хүрсэн. Б.Билгүүн гэх хохирогч утас нь холбогдохгүй байсан гэх асуудал ярьдаг. Тухайн үед би М.Мын 99443450 гэх дугаараас залгасан байсан. Бөхийн өргөөний урд “Кола кибаб”-д уулзаад би бичиг баримтаа өгөөд авсан. Тоглоомоо аваад таксинд суусныхаа дараа М.М “би бичиг баримтаа өгсөн. Миний хаяг бичиг баримт дээр байгаа. Наад хүн чинь гэрт цагдаа дагуулаад хүрээд ирэх вий” гэж хэлэхэд М.М “миний цалин хоёр гурав хоногоос буучихна. Чи санаа зовох хэрэггүй. Бичиг баримтыг чинь аваад өгнө” гэж хэлсэн. Ломбарданд тавьсан мөнгийг нь хэргэлсэн нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

1. Хохирогч Б.Мөнхтулгын зөөврийн компьютерыг хулгайлсан гэмт хэргийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхтулгын өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай телевизэд шинээр дизайнераар ажилд орсон М.М гэх залуу ажиллаж байгаад 2018 оны 03 сарын 31-ний өдөр ажлын зөөврийн жижиг компьютерийг манай байгууллагад мэдэгдэлгүй авч явсан байсан. Маркетингийн ажилтан Х.Удвалаас асуухад М.М нь надад байгаа өгнө гэж хэлээд ажилдаа ирэхгүй сураггүй алга болсон асуудал болсон юм, одоо холбогдохоор авчирч өгнө гэж хэлээд алга болсон. Сүүлд холбоо барихад ломбарданд 350,000 төгрөгөөр тавьсан, ирээд аваад өгье гэж хэлсэн. Одоо хөдөө байгаа гэж хэлээд байгаа, манай байгууллагын зүгээс чатаар холбогдож байгаа. Байгууллагын нэр дээр байдаг, манай ажилтан Удвал ашиглаж байсан... М нь манайхаас хулгайлсан нөүтбүүкээ их дэлгүүрийн баруун талд байрлах ломбарданд 350,000 төгрөгөөр барьцаалсан байсан бөгөөд бид нар өөрсдөө хүүний хамтаар нийт 413,000 төгрөгийг төлж нөүтбүүкээ авсан...” гэх мэдүүлэг /хх.10,12/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тайлангаар уг хулгайлагдсан Делл инсперион 150 загварын зөөврийн компьютерыг 390,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганбатын өгсөн: “... Манай ломбарданд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр УП94010315 регистрийн дугаартай М.М гэдэг хүн өөрийн иргэний үнэмлэхээр Делл ай 5 загварын нөүтбүүкийг 7 хоногийн хугацаатай 350,000 төгрөгөөр барьцаалсан... Уг зээлийн хугацаа дуусаад Мын тэмдэглүүлсэн утас нь холбогдохгүй байсан. Тэгсэн чинь Монгол телевизийн ажилтан гээд нэг залуу, 2 эмэгтэй хүмүүс ирээд хулгайн нөүтбүүк, бид нар мөнгийг нь төлөөд авъя гэж хэлээд хүү, алдангитай нь нийлүүлээд 413,000 төгрөгийг төлөөд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарны 31-ний өдөр Монгол телевизэд ажиллаж байхдаа уг ажлын байрны 13 давхарт сууж байсан өрөөнд Делл брендийн инсперион загварын нөүтбүүкийг хүнд хэлэхгүй нууцаар явч явсан. Тэр өдрөө Их дэлгүүрийн зүүн талд байрлах ломбарданд 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэрнээс хойш ажилдаа очихгүй зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.28/,

2. Хохирогч Ж.Тулгын 2 ширхэг плестейшн тоглуулагчийг залилан авсан гэмт хэргийн талаар:

М.Маас эд зүйл хураан авч, хохирогч Ж.Тулгад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Тулгын өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний тавьсан зарын дагуу 88031096 гэсэн утаснаас нэг эрэгтэй хүн холбогдож 1 ширхэг плестейшн төхөөрөмжийг 2 ширхэг гартай, 1 ширхэг тоглоомын дисктэй хамт түрээслүүлчих гэж ярьсан. Тэгээд тэр төхөөрөмж түрээсэлж авахаар болсон ба тэр хүн өөрөө ярихдаа би өөрөө очих боломжгүй байна, найзыгаа явуулаад авахуулчихъя гэж хэлээд өдөр 16 цагийн үед манай тоглоомын газарт ирээд 1 ширхэг плестейшн төхөөрөмжийг 2 ширхэг гартай, 1 ширхэг тоглоомын дисктэй хамт түрээсийн төлбөр 35,000 төгрөгийг бэлнээр өгч Б.Одмарал /ХХ92052610/ гэх хүний жолоочийн үнэмлэхийг барьцаанд үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний төхөөрөмжийг авч ирэх ёстой байсан ба хугацаанд нь ирэхгүй болохоор нь би түүний 88031096 дугаарын утас руу залгаж ярихад өө би өнөөдөр өгч амжихгүй байна, өнөөдөр дахиад 1 өдөр сунгуулъя, тэгээд маргааш төхөөрөмжийг чинь өнөөдрийн сунгалтын мөнгөтэй хамт хүргэж өгнө гэж ярьсан. Тэгээд дараагийн 2, 3 дахь өдөр нь утсаар ярихдаа өө би дүүдээ өгөөд явуулчихсан, манай дүү аваачиж өгөх ёстой гээд л худлаа яриад одоог хүртэл төхөөрөмжийг өгөхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.43-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Сэргэлэнбаатарын өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байтал 85159660 гэсэн утаснаас нэг эрэгтэй хүн яриад 1 ширхэг плестейшн төхөөрөмжийг 1 ширхэг гартай, 1 ширхэг тоглоомын Сидиг өнөөдөр түрээсэлж авна гэсэн. Тэгэхээр нь би түрээсийн мөнгөө данс руу шилжүүлээд манай ажил дээр очоод төхөөрөмжөө ав гэж хэлээд надтай утсаар ярьсан залууд найз Ж.Тулгын дансны дугаарыг өгсөн. Тэр залуу манай найз Тулга руу түрээсийн мөнгөө шилжүүлчихээд манай ажил дээр ажиллаж байсан дүү Сүхбатыг байх үед нь очиж төхөөрөмжийг авч явсан байсан... Тэгээд холбоогүй болж түрээсийн мөнгөө ч өгөхгүй, төхөөрөмжөө өгөхгүй өдөр болгон над руу мессеж бичээд явж байгаад 03 сарын 31-ний өдөр манай найз Тулгын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэрнээс хойш өнөөдөр очно, маргааш очно, уучлаарай энэ тэр гээд өнөөдрийг хүртэл худлаа яриад яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын гэрчээр өгсөн: “... 2018 оны 03 сард Монгол телевизд дизайнераар ажиллаж байсан юм. Тэгээд ажиллаж байх үед буюу 2018 оны 03 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээс тоглоомын зар буюу 24 цагаар плестейшн 4 тоглоомыг өдрийн 35,000 төгрөгөөр түрээслүүлэх тухай зар мэдээлэл авсан юм. Тэгээд уг зарын дагуу утас руу би өөрийн дүү Мөнхцэнгэлийн нэр дээр бүртгэлтэй байх 85159660 гэсэн дугаарын утсаар ярьж байгаад өөрөө очиж 1 ширхэг плестейшн төхөөрөмжийг 2 ширхэг гар, 14 ширхэг тоглоомын дисктэй хамт авсан. Ингэж авахдаа 24 цагаар түрээсэлж авсан ба тэр тоглоомын түрээсийн газар нь бичиг баримт барьцаалж төхөөрөмжөө өгдөг юм байна лээ. Тухайн үед би баруун 4 замын тэндээс танихгүй хүний жолооны үнэмлэх олсон, тоглоомоо түрээслэхдээ уг жолооны үнэмлэхийг ашиглаж барьцаанд тавьсан. Тэгээд тэр тоглоомын газраас төхөөрөмжийг түрээсэлж авангуутаа хажуу талд нь байх “Банбан” нэртэй ломбарданд орж өөрийнхөө иргэний үнэмлэхээр 350,000 төгрөгний барьцаанд тавиад тэр чигээр нь хаячихсан. Тэгээд дахиад 2-3 хоногийн дараа дахин нөгөө газраас плестейшн 4 төхөөрөмж авч ломбарданд тавих санаа төрсөн юм. Тэгээд би өөрөө очиж дахин төхөөрөмж түрээсэлж авбал намайг мэдчих байх гэж болгоомжлоод би Монгол телевизэд ажиллаж байхдаа албаны шугамаар барьж байсан 88031096 гэсэн утаснаас нөгөө тоглоом түрээсийн газрын залуутай ярьж байгаад дахин 1 төхөөрөмж түрээсэлж авах болсон юм. Ингэж төхөөрөмж түрээслэн авахдаа түрээслээд байгаа залуугийн данс руу би өөрийнхөө данснаас 30,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би тэр залууд хэлэхдээ би өөрөө ажил ихтэй байгаа учир өөрийн биеэр очиж төхөөрөмжөө авч чадахгүй, найзыгаа явуулаад төхөөрөмжөө авахуулъя гэж тэр залууг зөвшөөрүүлсэн юм. Тэгээд би өөрийн найз Мэнд-Амар руу утсаар ярьж Мэнд-Амарыг гуйгаад түүний иргэний үнэмлэхээр уг тоглоомын газраас төхөөрөмж авахуулах болсон юм. Тэгээд Мэнд-Амараас төхөөрөмжийг авч өгөх болсон ба би 1 хоногийн дараа Мэнд-Амарын бичиг баримтыг чөлөөлж өгнө гэж худлаа хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэнд-Амарын өгсөн: “... 2018 оны 03 сарын сүүлээр намайг ажил дээр байхад 11-12 цагийн үед манай их сургуулийн ангийн найз М над руу 88031096 гэсэн утаснаас яриад найз нь гадуур ажилтай явж байна. Би Сансарын тунел дээр байх Алекс нэртэй тоглоомын газраас 1 плестейшн тоглуулагч түрээсэлж авах гээд мөнгийг нь өгчихсөн байгаа. Чи 15 цагаас өмнө өөрийнхөө бичиг баримтыг авч очоод тэр төхөөрөмжийг авчих, найз нь орой чамаас авъя гэхээр нь үгүй ээ найз нь бичиг баримтаа өгөхгүй, тэгээд ч одоо ажил ихтэй байна, тийшээ явах таксины мөнгө алга гэж хэлэхэд М таксины мөнгө болгож 10,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн юм. Тэгээд цайны цагаараа такси барьж Сансарын тунел орж Алекс нэртэй тоглоомын газарт очиж Мын хэлсэн төхөөрөмжийг авсан юм. Тэгээд би буцаад такси барьж ажил дээрээ очоод байж байтал оройхон М өөрөө манай ажил дээр ирээд төхөөрөмжийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.53/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тайлангаар 2 ширхэг плестейшн төхөөрөмжийг 3 ширхэг гар, 2 ширхэг дискний хамт нийт 1,631,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх.57-58/,

3. М.М, Б.Б нар нь бүлэглэн хохирогч Б.Билгүүний эзэмшлийн плестейшн тоглуулагчийг залилан авсан гэмт хэргийн талаар:

Б.Баас хохирлын мөнгө хураан авч, хохирогч Ө.Билгүүнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.87/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүний өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой миний цахим хаяг руу тоглоом түрээслэхээр Б гэдэг хүн хандсан ба бид 2 Хөдөө аж ахуйн яамны автобусны ар талын буудал дээр 21 цагийн үед уулзаад тэр залуугаас би бичиг баримтыг аваад өөрийн плестейшн тоглоомоо өгч явуулсан. Тэгээд уг залуу надад хэлэхдээ 1 хоног түрээслээд өгнө гэж хэлсэн ба энэ үйл явдалын дараа манай хүүхдийн бие өвдөөд эх нялхасын эмнэлэгт сэхээнд ороод хүүхдээ харж 20 гаран хоноод саяхан эмнэлэгээс гарсан ба тоглоом өгсөн Б гэх хүн рүү залгахад утас нь холбогдохгүй, утас нь холбогдож байгаа ч утсаа авахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.98/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай найз М намайг гэрээс дуудсан юм... Тэгээд бид 2 такси бариад Бөхийн өргөөний урд байрлах Кола кебаб нэртэй хоолны газрын урд очоод нөгөө хүнээс плейстешн-4 гэдэг тоглоом нэг хоногийн хугацаатай түрээсэлж авсан... М их дэлгүүрийн хажууд байрлах 24 цагаар ажилладаг ломбарданд очоод өөрөө ороод гараад ирсэн. Тэгсэн 300,000 төгрөгөнд тавьсан байсан. М бид 2 саунд хоносон...” гэх мэдүүлэг /хх.94/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тайлангаар 1 ширхэг плестейшн төхөөрөмжийг 640,140 төгрөгөөр, уг төхөөрөмжийн 2 ширхэг тоглоомыг нийт 102,000 төгрөгөөр, нийт 742,140 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх.104/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... Б бид хоёр их дэлгүүрийн цаад талд байрлах ломбардны газарт очиж төхөөрөмжийг Бын иргэний үнэмлэхний лавлагаагаар 300,000 төгрөгний барьцаанд тавьсан... Бид хоёр анх хоорондоо ярилцаж байгаад Билгүүний төхөөрөмжийг авч, барьцаанд тавьж 2 хүүхэнтэй уулзахаар болж энэ хэргийг хийсэн...” гэх мэдүүлэг /хх.113-114/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.122/,

М.Мын хувийн байдлын талаарх баримтууд /хх.126-132/,

Хохирол төлсөн тухай 3 хуудас шинээр гаргаж өгсөн баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1. М.М нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Монгол телевиз” ХХК-ний ажлын байрнаас “Делл” брендийн инсперион 15 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, иргэн Б.Мөнхтулгад 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхтулгын өгсөн: “... М гэх залуу ажиллаж байгаад 2018 оны 03 сарын 31-ний өдөр ажлын зөөврийн жижиг компьютерийг манай байгууллагад мэдэгдэлгүй авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.10,12/,

“Дамно” ХХК-ний хөрөнгиин үнэлгээний тайлан /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганбатын өгсөн: “... М гэдэг хүн өөрийн иргэний үнэмлэхээр Делл ай 5 загварын нөүтбүүкийг 7 хоногийн хугацаатай 350,000 төгрөгөөр барьцаалсан...” гэх мэдүүлэг /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... Делл брендийн инсперион загварын нөүтбүүкийг хүнд хэлэхгүй нууцаар явч явсан. Тэр өдрөө Их дэлгүүрийн зүүн талд байрлах ломбарданд 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэрнээс хойш ажилдаа очихгүй зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.28/,

2. М.М нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Апекс” нэртэй тоглоомын газраас түрээслэх нэрийдлээр 2 ширхэг плестейшн төхөөрөмжийг 3 ширхэг гар, 2 ширхэг дискний хамт залилан авч иргэн Ж.Тулгад 1,631,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

М.Маас эд зүйл хураан авч, хохирогч Ж.Тулгад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Тулгын өгсөн: “... плестейшн төхөөрөмжийг 2 ширхэг гартай, 1 ширхэг тоглоомын дисктэй хамт түрээсийн төлбөр 35,000 төгрөгийг бэлнээр өгч Б.Одмарал ХХ92052610 гэх хүний жолоочийн үнэмлэхийг барьцаанд үлдээгээд явсан... Тэгээд дараагийн 2, 3 дахь өдөр нь утсаар ярихдаа өө би дүүдээ өгөөд явуулчихсан, манай дүү аваачиж өгөх ёстой гээд л худлаа яриад одоог хүртэл төхөөрөмжийг өгөхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.43-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Сэргэлэнбаатарын өгсөн: “... Тэр залуу манай найз Тулга руу түрээсийн мөнгөө шилжүүлчихээд манай ажил дээр ажиллаж байсан дүү Сүхбатыг байх үед нь очиж төхөөрөмжийг авч явсан байсан... Тэрнээс хойш өнөөдөр очно, маргааш очно, уучлаарай энэ тэр гээд өнөөдрийг хүртэл худлаа яриад яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын гэрчээр өгсөн: “... плестейшн төхөөрөмжийг 2 ширхэг гар, 14 ширхэг тоглоомын дисктэй хамт авсан... Тэгээд тэр тоглоомын газраас төхөөрөмжийг түрээсэлж авангуутаа хажуу талд нь байх “Банбан” нэртэй ломбарданд орж өөрийнхөө иргэний үнэмлэхээр 350,000 төгрөгний барьцаанд тавиад тэр чигээр нь хаячихсан... дахин 1 төхөөрөмж түрээсэлж авах болсон... Мэнд-Амарыг гуйгаад түүний иргэний үнэмлэхээр уг тоглоомын газраас төхөөрөмж авахуулах болсон юм...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэнд-Амарын өгсөн: “... Алекс нэртэй тоглоомын газарт очиж Мын хэлсэн төхөөрөмжийг авсан юм...” гэх мэдүүлэг /хх.53/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.57-58/,

3. М.М, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүний плестейшн тоглоомыг нэг хоног түрээслээд өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 742,140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Баас хохирлын мөнгө хураан авч, хохирогч Б.Билгүүнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.87/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүний өгсөн: “... тэр залуугаас би бичиг баримтыг аваад өөрийн плестейшн тоглоомоо өгч явуулсан... тоглоом өгсөн Б гэх хүн рүү залгахад утас нь холбогдохгүй, утас нь холбогдож байгаа ч утсаа авахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.98/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн: “... Тэгээд бид 2 такси бариад Бөхийн өргөөний урд байрлах Кола кебаб нэртэй хоолны газрын урд очоод нөгөө хүнээс плейстешн-4 гэдэг тоглоом нэг хоногийн хугацаатай түрээсэлж авсан... М их дэлгүүрийн хажууд байрлах 24 цагаар ажилладаг ломбарданд очоод өөрөө ороод гараад ирсэн. Тэгсэн 300,000 төгрөгөнд тавьсан байсан. М бид 2 саунд хоносон...” гэх мэдүүлэг /хх.94/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.104/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... Б бид хоёр их дэлгүүрийн цаад талд байрлах ломбардны газарт очиж төхөөрөмжийг Бын иргэний үнэмлэхний лавлагаагаар 300,000 төгрөгний барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.113-114/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М, Б.Б нарын гэмт хэрэг үйдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд М.Мыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” болон “Хуурч бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь, Б.Быг “Хуурч бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

М.М, Б.Б нарын үйлдсэн эдгээр гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Мөнхтулгад 413,000 төгрөг, хохирогч Ж.Тулгад 774,000 төгрөг, хохирогч Б.Билгүүнд 342,140 төгрөг тус тус нөхөн төлсөн учир шүүгдэгч М.Мыг, хохирогч Б.Билгүүнд 400,000 төгрөг нөхөн төлсөн учир шүүгдэгч Б.Быг тус бүр энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          М.М нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” болон “Хуурч бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, Б.Б нь “Хуурч бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.М, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.Бд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          М.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон болно.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад М.Мын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, Б.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, М.Мд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг тус бүр нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж байна.

М.Мын 2018 ны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хүртэл сэжигтэнээр баривчлагдсан 2 хоног, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хоригдсон 8 хоног, нийт 10 хоногийг 80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд, Б.Бын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр торгох ялд тус тус тооцон эдлэх ялаас хасч, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэцэн сартуул овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Түмэнмээрэн овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Бд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Мд сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар, М.М цагдан хоригдсон 10 хоногийг 80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд, Б.Бын цагдан хоригдсон 8 хоногийг 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000 төгрөгөөр торгох ялд тус бүр тооцон эдлэх ялаас хассугай.

8. М.М, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарыг цагдан хорих ангиас тус тус сулласугай.

9. Шүүгдэгч М.М нь хохирогч Б.Мөнхтулгад 413,000 төгрөг, хохирогч Ж.Тулгад 774,000 төгрөг, хохирогч Б.Билгүүнд 342,140 төгрөг, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Билгүүнд 400,000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.М, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР