| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1444/Э |
| Дугаар | 1506 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Хохирогч Убушаева Эльвира Бевяевна,
Орчуулагч Ц.Насанбат,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох 1806 08036 1745 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1955 оны 07 дугаар сарын 23-ний өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны менежер ажилтай, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 62 тоотод оршин суух, “Онц тээвэрчин” тэмдгээр шагнагдсан, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Захирагч овогт Л.Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны гадна байрлах авто зогсоол дээр Оросын Холбооны Улсын иргэн Убушаева Эльвира Бевяевнаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бгийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Убушаева Эльвира Бевяевнагийн өгсөн: “... 10 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ хүүгийн найзын тээврийн хэрэгслээр ирсэн. Миний хүү утасдаад машинаа холдуул гэж байна гэж хэлсэн. Машинаа холдуулахын тулд асаах гэтэл машин эвдрээд аккумлятор нь суусан байсан. Миний бие 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тухайн газар албан ёсны гэрээгээр амьдарч байгаа. Амьдарсанаасаа хойш тээврийн хэрэгсэлээ тухайн газар байрлуулах болсон. Тээврийн хэрэгсэл байрлуулах болсоноос хойш 5-6 хоногийн дараа байрны холбооноос төлөөлөгч нар ирээд надад дээврийн засвар 100,000 төгрөг, зогсоолын 60,000 төгрөг, холбооны үйл ажиллагаанд 35,000 төгрөг танаас хүсч байна. Тэгж байж та зогсоолтой болно гэж хэлсэн. Нэг бус удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт орж ирээд агсам тавих маягаар хандаж байсан. Миний зүгээс албан ёсны гэрээгээ үзүүл, та бүхэн ямар учраас мөнгө нэхэж байна вэ гэх байдлаар хандсан. Түүнээс хойш миний тээврийн хэрэгсэлийг харахаараа бараг өдөр бүр таныг оруулахгүй, хууль бусаар байлгахгүй гэсэн байдлаар хандсан. Тэр өдөр энэ асуудлаас хойш ийм асуудал үүсээгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэлээ холдуул гэж хэлэхээр нь би шууд гарч ирсэн байсан. Гэтэл миний тээврийн хэрэгсэлийн аккумлятор суусан байсан. Тээврийн хэрэгслээ асаах гэж удсан. Учир нь аккумлятор залган байж асаасан. Тэр хооронд Л.Б халамцуу ирээд зандрангуй агсам тавих байдлаар цонх цохиод байсан. Биднийг орцны үүдэнд байсан 14-15 насны хүүхдүүд ирж салгасан. Тэр хүүхдүүдийг та нар юу юм, та нар энд амьдардаг юм уу? зайл гэж хэлсэн. Тухайн газар тээврийн хэрэгсэлээ тавьдаг гэх эмэгтэй ирээд юу болсон талаар ярилцаад учраа олсон.Түүний дараа нөхөр холбоос гаргаж ирээд тээврийн хэрэгсэлээ холдуулсан. Намайг түлхэхэд би толгойгоороо савж унасан. Би босч ирээд хэрүүл маргаан үүссэн. Би энэ хүнийг яаж цохисон эсэхийг санахгүй байна. Босоод ирэхэд амнаас цус гарсан байсан. Нэхэмжилсэн мөнгөн дүн нь 158,000 төгрөг, үүний 120,000 төгрөг нь томографын зураг авахуулсан, 30,000 төгрөг нь орчуулгын зардал, нийт 158.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс хойш дахин ийм асуудал битгий гаргаасай гэж хүсэж байна. Л.Бгийн хийсэн үйлдэл нь хууль бус, авто зогсоолын асуудлаар шаардлага тавих эрхгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Убушаева Эльвира Бевяевнагийн өгсөн: “... Батхүү гэгч намайг түлхэж унагаасан, тэгэхээр нь би босож ирээд тэр хүнтэй зууралдаж байхад тэр хүн миний уруулан тус газар 1 удаа цохисон...” гэх мэдүүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Баттулгын өгсөн: “... Б тэр эмэгтэйд хүний зогсоол дээр болохгүй та нар дандаа ингэж байдаг гээд зандрангуй хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи юу юм бэ? гээд нүүр лүү нь нулимж самардаад тэр хоёр хоорондоо хэрэлдэн Батхүү тэр эмэгтэйн цээжин хэсэгт нь 2 гараараа түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11907 дугаартай: “Эльвира Бевяевнагийн биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.16/,
Мөрдөн байцаалтын шатанд Л.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, би тэр эмэгтэйг түлхэхэд л гар хальтраад нүүр аманд нь хүрсэн байх гэж бодож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны гадна байрлах авто зогсоол дээр Оросын Холбооны Улсын иргэн Убушаева Эльвира Бевяевнаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Убушаева Эльвира Бевяевнагийн өгсөн: “... Б гэгч намайг түлхэж унагаасан, тэгэхээр нь би босож ирээд тэр хүнтэй зууралдаж байхад тэр хүн миний уруулан тус газар 1 удаа цохисон...” гэх мэдүүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Баттулгын өгсөн: “... Тэгтэл тэр эмэгтэй чи юу юм бэ? гээд нүүр лүү нь нулимж самардаад тэр хоёр хоорондоо хэрэлдэн Б тэр эмэгтэйн цээжин хэсэгт нь 2 гараараа түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11907 дугаартай дүгнэлт /хх.16/,
Мөрдөн байцаалтын шатанд Л.Бгийн яллагдагчаар өгсөн: “...би тэр эмэгтэйг түлхэхэд л гар хальтраад нүүр аманд нь хүрсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.28/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Убушаева Эльвира Бевяевнагийн өгсөн: “... Намайг түлхэхэд би толгойгоороо савж унасан. Би босч ирээд хэрүүл маргаан үүссэн. Би энэ хүнийг яаж цохисон эсэхийг санахгүй байна. Босоод ирэхэд амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Л.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Убушаева Эльвира Бевяевнагийн нэхэмжилсэн эмчид үзүүлсэн зардал 8,000 төгрөг, томографийн төлбөр 120,000 төгрөг, орчуулагчийн хөлс 30,000 төгрөг, нийт 158,000 төгрөгийг шүүгдэгч Л.Бгээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захирагч овогт Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Бд сануулсугай.
5. Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бгээс 158,000 төгрөг гаргуулж хохирогч Убушаева Эльвира Бевяевнад олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР